Categories
мэдээ улс-төр

Д.Ганбат: Ажлаа хийхгүй цалин авч, Төрийн ордонд тоо бөглөөд явж болохгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.

-Хууль зүйн байнгын хороо сүүлийн хэд хоног олны анхаарлын төвд байна. Хуульч гишүүд нь Эрүүгийн хуулийг эсэргүүцэн байнгын хорооноос гарахаа мэдэгдсэн. Таны хувьд чуулганы хуралдаан дээр байр сууриа хатуухан илэрхийлж байгаа харагдсан. Өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Миний хувьд өнгөрөгч баасан гаригт тойрогтоо ажиллахаар явсан хойгуур тиймэрхүү зүйл болсон байна лээ. Тэдний хувьд өөрөө өөрсдийгөө л хуульч гээд байгаа болохоос бусад гишүүдийг хуульч биш гэж хэн хэлээд байгаа юм. Энэ Их хурал, Байнгын хороонд хуульч гишүүд хангалттай байна. УИХ-д байгаа 76 гишүүн чинь бүгд хууль тогтоогчид байхгүй юу. Тэд үнэхээр хуульч гишүүд юм бол ингэж байхаар хуулиа батлаад л явах хэрэгтэй болохоос энд тэнд овлигогүйтэж явах шаардлагагүй. Эрүүгийн хууль 2002 онд батлагдсан. Тухайн үедээ энэ хууль цаг үеэ олсон зөв хууль байсан байж болно. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрчихлөө. Энэ хугацаанд 10 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Одоо хэлэлцэгдээд явж байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль цаг үедээ тохирсон, өнөөдөр зайлшгүй шаардлагатай байгаа. Өмнөх хуулиас хамаагүй илүү хууль байхгүй юу. Бидний хийх ёстой ажил хууль тогтоох. Өөрсдийгөө хуульч гэж яриад байгаа ч тэдний ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Тэд хуулиа уншаагүй байж ингэж ярьж болохгүй. Эрүүгийн хуулийн ажлын хэсэгт эдгээр гишүүдийг бүлгээс нь оруулсан. Цаана нь ажлын хэсэгт орох хүсэлтэй олон гишүүд байсан. З.Баянсэлэнгэ гишүүн гэхэд Эрүүгийн хуулийн ажлын хэсэгт орж ажилламаар байсан ч бүлгээс хүнээ томилсон гэдгийг хэлсэн шүү дээ. Эх оронч гэдэг нэрээр эх орноо хорлодог, хуульч нэрээр хуулиа балладаг тийм жишиг рүү явж байна. Үүнийг нь хэлж засахгүй бол өнөө л овлигогүй зангаараа шоудаж асуудалд хандаж болохгүй. Сүүлийн хоёр сар ажлын хэсэг маш ачаалалтай ажилласан. Тэд өөрсдөө орж гараад л явж байсан шүү дээ. Байнгын хороо, Их хурал дээр би цөөнх боллоо гээд үгээ хэлээд явж л байсан. Одоогийн энэ үйлдэл нь тодрох гэсэн, худлаа эх оронч царайлсан хэлбэр. Энэ хуулийг нийгэм нь шаардаж байна. Тэдний хувьд өөрөө өөрсдийгөө би хуульч гэж цоллоод байгаа болохоос бүгд хуульч шүү. Тэдэнтэй адилхан диплом нь байна уу, байна. Үндсэн хууль батлалцаад хууль батлаад 20-30 жил болсон Д.Лүндээжанцан, Л.Болд, Р.Гончигдорж тэргүүтэй гишүүдийн хажууд О.Баасанхүү эд нар ингэж овлигогүйтэх нь инээд хүрмээр зүйл л дээ.

-Одоо яах ёстой вэ?

-Энэ гишүүдийг сонгосон тойрог, бүлэг, намаас нь хуулиа батал аа гээд явуулсан байгаа. Бидний гол ажил хууль батлах. Тэр тусмаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль бол маш чухал хууль юм. Хууль зүйн байнгын хороонд орж, энэ хуулийн ажлын хэсэгт орчихоод ингээд яваад байж болохгүй ээ. Их хурлын гишүүд нь ажлаа хийхгүй бол энэ улс орон чинь юу болох юм бэ. Тэгсэн хэрнээ цалингаа хасуулахгүй бүтнээр нь авна. Ийм үлгэр дуурайллыг ард түмэндээ үзүүлж болохгүй л дээ. Чуулганы хуралдаан дээр хатуу үг хэлсэн байж болно. Гэхдээ Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд зохих шаардлагаа тавина. Иргэдийн саналыг авч, намын жагсаалтаар орж ирсэн байж болох ч өргөсөн тангарагтаа үнэнч байж сайн ажиллах хэрэгтэй. Ажлаа хийхгүй байгаагаа ард түмэндээ гайхуулж байгаа юм шиг асуудалд хандаж болохгүй. Ажлаа хийхгүй цалин авч, Төрийн ордонд тоо бөглөөд явж болохгүй.

-Байнгын хорооноос гарахаа мэдэгдсэн гишүүдтэй уулзаж үзэв үү. Байнгын хорооны ирц бүрэлдэхгүй хэцүүхэн байх шиг байсан?

-Хууль зүйн байнгын хорооноос гаръя гэж байгаа бол гарч болно. УИХ-аас гаръя гэж байгаа бол гарч болно. Чаддаг юм бол гараач дээ. Тэр хүний эрхийн асуудал. “Би ажил хийхгүй” гээд байхад нь дарж байгаад ажил хийлгэх хэрэггүй биз дээ. Бид ийм л нийгэмд амьдарч байна. Ажилд садаа бололгүйгээр бусдад зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Худлаа эх оронч царайлаад улс орныг хорлох ямар шаардлага байнаа. Ц.Нямдорж гишүүнийг бол ойлгож байна. Түүний хувьд 2002 онд уг хуулийг батлахад гар бие оролцон ажлын хэсгийг нь ахалж батлуулж байсан. Тэгэхээр энэ хууль бол Ц.Нямдорж гишүүний хүүхэд гэсэн үг. Тухайн үедээ энэ хууль үүргээ гүйцэтгэсэн. Хууль боловсруулахад би ганцаараа ажиллаад байгаа юм биш. Ажлын хэсэг, Хууль зүйн яам, шүүх прокурорын бүх байгууллагууд нь орж саналаа хэлээд хоёр жил ажилласан. Бусад орнуудын жишиг хуулиудтай жишсэн. Хууль зүйн байнгын хороо О.Баасанхүү, Ж.Батзандан гэдэг хоёрхон гишүүнтэй биш. Цаана нь 10 гаруй гишүүн бий. Ирц хангалттай бүрдэж байгаа. Өглөө ирцэд бүртгэгдсэн бол хурал орхиж гарсан ч гэсэн тэр нь татгалзсанаар гардаг.

-Ц.Нямдорж гишүүн өөрийнхөө баталсан хуулийг хамгаалж байна. Бусад гишүүдийн хувьд Эрүүгийн хууль дээр сонирхлын зөрчил байгаа болоод эсэргүүцээд байгаа юм болов уу?

-Энэ хууль дээр Их хурлаас байгуулсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт бүлгээс гишүүдээ сонгож оруулсан. Чуулган дээр цөөнх болж үгээ хэлээд явсан байж логикгүй орон гаран юм яриад явах юм. Мэдэн будлиад байгаа юм уу, зориуд мэдэн будлиад байгаа юм уу. Үүнийг нь хүмүүс харж байна. Үргэлж аливаа юмыг буруутгах муулах өнцгөөс хандаад байж болохгүй. Бүх хуулиуд хууль хэлэлцэх дэгийн дагуу явж байгаа. Юу гэж эдний яриад байгаа шиг юм болохов дээ. УИХ дээр үг хэлүүлэх үгүйг хурал удирдаж байгаа УИХ-ын дарга мэддэг болохоос би мэддэггүй. Гишүүдийг үг хэлж байхад би хэзээ ч үгийг нь тасдан дундуур нь орж үг хэлдэггүй. Гадна талд Монгол Улсыг “Hotel Mongolia” гэж байна. Монгол Улсыг шоронжсон улс гэж байна. Манай улс шоронжсон хэвээр цаашаа явах юм уу. Ямар ашиг сонирхол байгаа болоод ингээд байгаа юм бүү мэд. Өөрсдийнхөө өчүүхэн жижиг нэр хүндийг дээшлүүлэх гэсэн популизм хийж байгааг нь хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нөхдүүдийн хэлсэн нь үнэн юм шиг ойлголт төрчих гээд байна.

-Та чуулганы хуралдааны үеэр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх асуудлын дарааллаас хассан байна гэж байсан. Ямар шалтгаанаар хассан юм бол?

-Уг нь наадмаас өмнө батлагдах ёстой. УИХ дээр 133 хууль байна. Гэтэл гуравхан хууль батлагдлаа гээд Ардын намынхан шүүмжилж байсан. Би гэхэд хоёр хуулийн ажлын хэсгээ ахлан бүх зүйлийг нь бэлэн болгоод бусад хуулиудаа батлаад явж байна. Хууль зүйн байнгын хорооны зогссон ажлууд бүгд явж байгаа. Урин дулааны цагт хууль батлагдаад явбал хууль хүлээж байгаа хүмүүс нь хүртэл ажил, амьдрал ахуйгаа цэгцлээд явчихна. Хуульч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа нөхдүүд амьдралын нарийн ширийнийг ойлгох ёстой. Тэгэхгүйгээр шоу хийж, өөрсдийнхөө рейтингийг ямар нэгэн байдлаар өсгөж л байвал болоо гэсэн үзлээр асуудалд хандаж болохгүй.

УИХ-ын даргын зөвлөл гэж байдаг. Баасан гариг бүр долоо долоо хоногоор хэлэлцэх асуудлуудаа баталдаг. Ингэсний дараа дараагийн долоо хоногтоо хэлэлцэх асуудлаа заавал хэлэлцэх ёстой байдаг юм. Гэтэл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиа хэлэлцэх асуудлын дарааллаас яасан юм бүү мэд авчихсан байна. Дур мэдэн ингэж хасах ёсгүй. Ингэж үзэмжээрээ асуудалд хандаж болохгүй. Эрүүгийн хууль дээр нам эвслийн бүлгүүд хангалттай завсарлага авлаа.

-Танай нутгаар улс төржилт хэр байна. Ардын намынхан улс төрийн сонгуулийн аянаа зарлачихлаа?

-Би сүүлийн үед амралтын өдрүүдээр Баянхонгор аймагт очиж тойргоороо явж байна. Иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал бодлыг нь сонсож байгаа. Хуулийн төсөл, бодлогод тусгах юм юу байна гэдэг саналыг авч байна. Төвийн аймгуудаар гантай байгаа гэсэн ч Баянхонгор аймагт зуншлага сайхан байнаа. Хүмүүсийн сэтгэл санаа байгаль цаг уураа дагаад сайхан л байна лээ. Бүх намууд хамтраад ажил хийх гэж байгааг ойлгож байна. Улс төр тогтвортой байгаасай гэж хэлж байсан шүү. Засгийн газар тайлангаа тавьж иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байгааг хэлэх ёстой. Манай тойргийн иргэд тэтгэврийн насыг нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Хууль зүйн байнгын хороо тааруу ажиллаж байна гэдгийг байнгын хорооноос гарах хүсэлтээ өгсөн гишүүд илэрхийлж байсан. Хаврын чуулганы хугацаанд ямар хуулиуд дээр ажилласан юм. Үнэхээр тийм чамлалттай байгаа юм уу?

-Хууль зүйн байнгын хороо сүүлийн нэг жил маш ачаалалтай ажиллаж байгаа. Гацаанд орсон байсан Галын аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Шүүхийн болон прокуроруудын хуулийг баталж гаргасан. Манай байнгын хороо боломжийн ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *