Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр зохион байгуулсан жагсаалынхаа шаардлагыг хурал даргалагч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулан өглөө. Мөн Ерөнхий сайдад ч энэхүү шаардлагаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдлээ.
УИХ дах АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Эрх баригчид албан тушаалын төлөөх тэмцэлдээ ард иргэдийг хөлдөө чирч бухимдуулах үйлдэл хэрээс хэтэрлээ. Мөн улс орныг дарангуйлал руу аажмаар хөтлөх санаархал газар авч байгааг АН эрс эсэргүүцэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга болон Засгийн газарт өнөөдөр шаардлага хүргүүлж байна. Энэхүү шаардлагадаа Засгийн газрыг огцруулах шаардлагатай байгааг хэдэн зүйлээр онцолж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудлаар хариуцлага тооцохгүй байгаа явдал, сүүлийн үед олон сая ам.долларын авлига авсан сайд нарын тухай яригдаж байгаа ч ямар ч хариу өгөхгүй байгаа явдал, төрийн албаны байгууллагуудаас авлига илэрсэн байхад үүнтэй холбогдуулан хариуцлага тооцохгүй байгаа асуудал, Үндсэн хуулийн цэцтэй хуйвалдаж нөхөн сонгуулийг цуцалсан асуудал, шатахуун, мах гэх мэт стратегийн бүтээгдэхүүнүүдийн үнэ өсөж байгаа нь Засгийн газрыг огцруулах үндэслэл болж байна гэдгийг жагсаалд оролцогчид хэлсэн” гэлээ.