Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: Манай бүлгийн гишүүд намынхаа байр сууринаас ухарч, МАН-тай нийлж бүлэг байгуулахгүй

ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэхийг  дэмжив
АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд  Ерөнхий сайд Н.Алтанхуягийн мэдээллийг сонссон байна. АН-ын  Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт  хуралдаж, ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлэхээр болсныг Ерөнхий сайд  танилцуулж, бүлгийн гишүүд дэмжжээ. Энэ долоо хоногт Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болсон байна.
Түүнчлэн Эдийн засгийг идэвхжүүлэх төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар Ерөнхий сайдын мэдээллийг мөн сонсчээ.
Үүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тухай тогтоолын төслийг  өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг УИХ-ын даргад өргөн барьсан. Улс орны эдийн засагт үүссэн хүндрэлээс  шуурхай гарч, эдийн засгийг тогтворжуулах хүрээнд эрчимтэй  ажиллаж байгаа энэ үед Ардын намын бүлгээс 10 хоногийн  шаардлагыг Засгийн газарт хүргүүлж,  салбарын сайдыг огцруулах тухай асуудал хөнддөг нь хариуцлагагүй үйлдэл хэмээн бүлгийн гишүүд үзлээ. Эдийн засгийг сайжруулахад аль аль талын дэмжлэг хэрэгтэй байгаа энэ үед сөрөг хүчний зүгээс  огцруулах, эсэргүүцэх, үгүйсгэхээс өөр ажил хийхгүй  болсон. Тиймээс эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн нөхцөл байдлын талаар Ардчилсан намын бүлэг  бодит дүгнэлтийг хийх цаг нь болсон. Энэ хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал уг сурвалж болоод эдийн засгийн тэлэлтийн үед бизнесийн болон эрхзүйн хувьд бэлэн байсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Түүнчлэн сүүлийн зургаан жилд төсвийн хөрөнгө оруулалт  бодлоготой явж ирсэн эсэхийг дүгнэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн байна.
Мөн Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах таван үндэслэлд орсон нөхцлүүдийг нийтэд бодит байдлаар нь авч үзэх шаардлагатай. Тухайлбал,б ондын мөнгө өр мөн, эсэх болон өнгөрсөн хугацаанд халамжийн бодлогоор зарагдсан 1,4 их наяд төгрөг эргэн төлөгдөх нөхцөлтэй байсан өр мөн үү гэдэгт дүгнэлт хийж, бондын мөнгөнөөс юугаараа ялгаатай болохыг  дүгнэх нь зүйтэй.
Мөн хөдөө аж ахуйн салбарт өнгөрсөн 20 жилд явуулсан бодлого сүүлийн  хоёр жилийн бодлогоос ямар ялгаатай болох, үүнээс гадна өнгөрсөн 12 жилийн хугацаанд хоёр хөрштэйгээ харьцсан хамтын ажиллагаа ямар төвшинд байсан зэргийг  гаргаж тавих  шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад ингэж хариулсан юм.
-Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хэн нэгнийг  огцруулах асуудлыг хэлэлцэхгүй гэсэн үг үү?
– Ямар үед хариуцлага тооцож, бүтцийн өөрчлөлт хийх  эсэх талаараа байр сууриа илэрхийлсэн. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд энэ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах ёстой болохоос үймүүлэх шаардлага байхгүй.
-Ардчилсан намын зарим гишүүд Ардын намынхантай нийлж, албан бус бүлэг байгуулах тухай яригдаж байна. Танай бүлэг  ийм мэдээлэл авсан уу?
-Манай бүлгийн гишүүд намынхаа байр сууринаас ухарч,  Ардын намынхантай нийлж бүлэг байгуулах тухай мэдээлэл ирээгүй.
-ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийн нэрийг дэвшүүлсэнд татгалзсанаа мэдэгдсэн байна. Энэ тухай мэдээлэл танай бүлэгт ирсэн үү?
-Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайд ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хуулийн дагуу зөвшилцсөн гэж мэдээлсэн. Ардчилсан нам өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийднэ.