УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүх оролцож, санал солилцжэж. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ярихдаа “Шинэ Засгийн газар байгуулагдах гэж байгаатай холбогдуулан АН-ын бүлгээс гаргаж байгаа саналуудаараа санал солилцлоо. АН үндсэн гурван асуудлаар санал тавьсан гэж хэлж болно. Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлаар, хоёрдугаарт, улс төрийн орчин болон хууль хяналтын байгууллагыг шинэчлэх, шударга ёсны асуудлаар, гуравдугаарт, Засгийн газрын бүтцийн талаар баримтлах зарчмын талаар санал солилцлоо. Манай гишүүд өөрийнхөө саналыг хэллээ. Нэр дэвшигч бас өөрийнхөө саналыг ярилаа. Хамгийн гол зарчим бол Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, Монголын нийгэмд шударга ёс тогтоох асуудлаар санал нэгдсэн гэж ойлгож болно.
Нэр дэвшигчид өгөх саналаа бид маргааш албан ёсоор хүргүүлэхээр боллоо. АН чуулганы хуралдааны үеэр гаргах байр сууриа тодорхой байдлаар илэрхийлэх ёстой. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ. Гэхдээ асуудал тодорхой байх хэрэгтэй. Сүүлийн үед дан болон давхар дээлний тухай олон асуудал яригдаж байгаа. Нэр дэвшигч өөрөө УИХ-ын бодлогод шууд оролцохгүй, УИХ-ын гишүүн биш. Тийм учраас ерөнхий чиг үүргийн яамдад УИХ-ын гишүүн сайдаар давхар ажиллахыг зөвшөөрөх ёстой. УИХ-ын бодлого Засгийн газарт тусахад ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар Ерөнхий сайдад дэм болох ёстой. Өнгөрсөн жилүүдэд одоогийн эрх баригч нам давхар дээлийг эсэргүүцэж байсан ч УИХ, Засгийн газрын бодлого уялдах ёстой. Тиймээс давхар дээлтэй сайд томилохыг эсэргүүцэхгүй гэдгээ хэлсэн. Мөн Засгийн газар үлдсэн хугацаанд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зөв бүтэцтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж Аж үйлдвэрийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Соёл, спортын яамыг тусад нь байгуулах нь зүйтэй гэдгээ Ерөнхий сайдад нэр дэвшигчид хэлсэн” гэв.
“Харин хүүхдийн мөнгө, багш нарын цалинтай холбоотойгоор төсвийн боломжоо эргэж харъя гэдэг дээр санал нэгдсэн”, “Дэд сайдгүй ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэж АН-ын бүлгийн дарга сэтгүүчлдийн асуултанд хариулахдаа онцоллоо.