Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбаатар: Хүн бие болоод сэтгэл санааны өөрчлөлтүүдээ мэдэрч сурах хэрэгтэй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.


-Хавар дархлаа сулардаг, ядардаг гэж бие махбод талаас ярьдаг байсан бол одоо сэтгэл зүйг их онцолдог болж. Хаврын хямрал, хаварших, хаврын стресс, хаврын синдром, хаврын сэтгэл зүй гээд олон нэршил бий. Энэ бүхний шинжлэх ухааны албан ёсны тодорхойлолт нь юу вэ?

-Бие махбодын дархлаа хавар сулардаг. Зун, намар нь хамаг шим тэжээлээ нөөцөлчихөөд өвлийн хахир хүйтэн урт саруудыг тэр нөөцөөрөө л давдаг. Хаврын улирал ирэхэд тэр нөөц нь ерөнхийдөө шавхагдсан байдаг, бие махбодын хувьд. Бие махбод сульдахад сэтгэл зүй дагаж сульддаг. Бодисын солилцоо, нөөцийн хувь ч тэр. Нөгөө талаар хүнд өвчин тусах босго гэж байдаг. Тэр босго нь намар, өвөлдөө нэлээд сайн байснаа хавар нь буугаад ирдэг. Энгийнээр хэлбэл тухайн хүн их эмзэг болчихдог. Бие махбодын хувьд өвчлөмтгий болж, сэтгэл зүйн хувьд сэтгэл санаа нь хямарчих гээд байдаг. Бүр цаашилбал хаврын синдром гэдэг шиг сэтгэцийн архаг, нууц далд байсан өвчнүүд хурцдах тал руугаа ордог. Наад зах нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилтэд өртөнө.

-Монголчууд нийгэм маань хүнд байна, амьдрахад хэцүү болоод байна гэж нийтээрээ, бүгдээрээ ярих тусмаа тэрэндээ живээд байх шиг байна?

-Яг үнэн. Вертерийн хам шинж гэж байдаг юм. Өнгөрсөн зууны 30-аад оны үед Нью-Йоркт Вертер гэж залуу гүүрэн дээрээс нисч амиа хорложээ. Тэгтэл тэр хэргийг Америкийн бүх сонин сэтгүүл нийтэлсэн чинь шуугиан тарьсан. Тэр тухай нийтэлсэн сонин, сэтгүүлийн борлуулалт тодорхой хувиар нэмэгдсэн. Харамсалтай нь Нью-Йоркт Вертерийн насны, тухайн түвшний залуучууд гүүрэн дээрээс нисч амиа хорлох нь нэмэгдсэн байгаа юм. Манайд ч яг ийм хэрэг ойр ойрхон гарахад хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээлж нийтэд хүргэсэн нь магадгүй араасаа тийм үйлдлүүдийг дагуулах эрсдэлтэй байгаа байхгүй юу. Тийм болохоор манай сэтгүүлчид болж өгвөл үеийн үед эерэг нийтлэл, мэдээлэл ард түмэндээ түгээж баймаар байна. Нийгмийг эрүүлжүүлэх хамгийн том салбаруудын нэг нь яах аргагүй сэтгүүлчид байдаг.

Сүүлийн 28, 29 жилийн завхралын үр дүнд буюу МАНАН-гийнхны хийсэн гавьяагаар Монгол замбараагүй, бараг бардаак гэж хэлэхээр болчихсон л доо. Ард түмнийг хаячихсан. Ард түмэн чадлынхаа хэрээр явж бие махбод, сэтгэл зүйн хувьд чадах ядахаараа тэмцэж явж байгаа дүр зураг их байна.

-Монголчууд уг нь мэнд мэдэх ёсноос эхлүүлээд л амнаасаа буруу зөрүү үг, хар бараан өгүүлбэр унагахгүйг хичээдэг. Гэтэл одоо хоёр хүн уулзвал өвчин хуучаа ярихаас эхлүүлээд хамаг болохгүй бүтэхгүй байгаагаа ам уралдан ярьдаг болсон. Хар бараан зүйлийг яриад байвал түүнийгээ улам дэвэргэж, живнэ. Эсрэгээр нь өөдрөг, гэгээн юм яривал өөдөлнө гэдгийг мартаад байна уу даа?

-Монголын ард түмэн бэлгэдлийн ард түмэн шүү дээ. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Уламжлалаа сэргээе гэдэг нь маш чухал. Монголын сэтгэл зүйн тусгаар тогтнол, дархлааны үндсэн суурь бол манай уламжлал байсан. Эерэг бэлгэдлийн сэтгэл зүй байсан. Болсон ч, болоогүй ч эерэг сайхан юм ярих нь бодлын хүчээр нь дамжаад амьдралд нь нөлөөлж байдаг. Энэ нь томруунаар ард түмний амьдралд ч нөлөөлж байдаг.

Гэтэл нийгэмшилтэй холбоотой, нийгмийг дагаж ирж байгаа сөрөг болгонтой холбоотой, наад зах нь мэдээлэл, хоол хүнс, сэтгэл зүйн аюулгүй байдал зэрэг нь сэтгэл зүйн хүчирхийлэл болж явагдаад байна. Энэ болгон нийгмийг сүйтгэж байгаа. Сүйрүүлж байгаа гэж хэлж болохоор. Магадгүй гадны юм уу, эсвэл өөр ямар нэг нөлөөллийн механизм явж байдаг. Тэр нөлөөлж байгаа нөхөд хэзээ ч монголчуудыг бодохгүй. Монголын ард түмний ирээдүйг тоохгүй. Хөлсний бичээчид гэдэг бол тодорхой хэмжээний хэдэн халтар төгрөг аваад түүндээ сэтгэл нь ханаад явдаг. Тэр бол бас л өөрийгөө хуурч яваа нэг хэлбэр шүү дээ. Яг үнэндээ тэр бичээч эргээд тэр хорондоо идэгдэж байгаа. Муу юм бичиж байгаа хүнд тэр нь шууд утгаараа нөлөөлж байдаг. Наад зах нь сэтгэл зүй нь муухай, сөрөг болно. Тэр хүний хажууд гэр бүл, үр хүүхэд, аав ээж нь байна. Бүгдэд нь энэ сөрөг зүйл нь нялзана. Сэтгэл зүй, сэтгэцийн асуудал гэдэг бол өөрөө халдвартай. ДОХ-оос дутахгүй, тарваган тахлаас дутахааргүй халдвартай.

-Урьд нь мэр сэр хүмүүс л хавар болохоор сэтгэл хөдлөөд догдлоод байна гэдэг байсан бол одоо нийгмээрээ нэг тийм догдлолтой болж, цахим орчинд учир утгагүй, эх захгүй, тогтворгүй мэдээлэл оруулж өөрсдийгөө илэрхийлэх болжээ. Хаврын яг энэ үед хүн сэтгэлээ хэрхэн жолоодож явах ёстой вэ?

-Уг нь бол хаврын догдлол гэдэг бол өвс ногоо ургаж дэлбээлдэг, хайрын сэтгэлээ бие биедээ илэрхийлдэг, гар гараасаа хөтлөлцөөд алхдаг тийм цаг үе байсан юм. Гэхдээ тэр нь байгаа л даа. Гэтэл тэрнээсээ илүү хар нь илүү давамгайлаад байна уу даа гэсэн мэдрэмж төрдөг юм. Тэгэхээр үүнд дахиад л хэвлэл мэдээллийнхнийг хэлье. Та бүхэн дандаа эерэг, болж л өгвөл худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг “Монголын амьдрал сайхан байна” гэж сошиал, сонин, телевиз, радиогоороо яриад байвал одооны энэ өөрчлөлт хийх гэж байгаа залуучуудын амнаас эерэг зүйл улам их гарч эхэлнэ. Монгол Улс гэрэлт ирээдүйнхээ босгон дээр ирж байна. Тиймээс бүгдээрээ, багаараа л ажиллах ёстой. Монголчуудаараа, гурван сая хэдэн зуун мянгуулаа хамтарч ажиллах ёстой.

-Хүн сэтгэл зүйн дархлаатай байхын тулд өглөө босохдоо, орой унтахдаа юуг дадуулбал зөв бэ?

-Хүүхдээсээ эхлэх хэрэгтэй. Гэдсэнд байгаа хүүхдээсээ эхлэх хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд олдонгуут л насыг нь тоолж эхэлдэг. Жирэмсэн эхчүүдийг яаж хүндэтгэж хайрлаж хамгаалдаг билээ. Тэр болгон чинь монголчууд бидний үнэт зүйл. Хэдэн мянган жилийн өмнөөс бий болж уламжлагдаж ирсэн заншил. Гэв гэнэт бий болоод гараад ирээгүй. Хэдэн мянган жилийг туулахдаа шигшигдэж уламжлагдаж ирсэн ёс заншил. Цаана нь асар том, амьдралын, ахуйн, дасан зохицохуйн, байгалийн шалгарлыг давахуйн ухаан явж байдаг. Тийм болохоор Монгол цөөн хүн амтай ч гэсэн өнөө хүртэл яваад л ирсэн. Аав, ээж болгон залуу хүн болгон “Би ирээдүйд үр хүүхдээ яаж мундаг сэтгэл зүйн дархлаатай болгох вэ” гэдгийг бодох хэрэгтэй. Манай төвд эцэг эх-хүүхдийн асуудалтай хүмүүс их ирнэ л дээ. Аав, ээжүүд нь хүүхдээ авчраад “Манай хүү, охин даалгавар хийхгүй байна, залхуу байна, арчаагүй байна, PC тоглож байна, бидний өөдөөс хэрэлдэж байна” гэдэг. Гэтэл энэ бүх асуудлын үндэс нь эцэг эх нь өөрсдөө байж байдаг. Хүүхдэд багаас нь эцэг эх болох чадварыг суулгах хэрэгтэй. Зөв, сайн эцэг эх байх. Амьтан бол чадаад байна. Хүн амьтнаас долоон дор болчихсон л явж байна шүү дээ. ЕБС-иудад Эрүүл мэндийн хичээл дахиж орж эхлэх гэж байна. Тэрэн дундаа сэтгэл зүй, сэтгэцийн эмгэгтэй холбоотой сэдвүүд орохоор болж байгаа нь баярлууштай.

-Ид ажиллаж хөдөлмөрлөж байгаа насны хүмүүс хаврын улиралд өөрт нь ямар шинж илэрвэл “Би ер нь буруу болоод байна” гэж бодох вэ?

-Сэтгэл санаа тогтворгүй болж гэгэлзээд ирвэл, амархан гомдож, уурлаж уйлах гээд байвал, нойр нь тогтворгүй болж, толгой нь өвдөөд эхэлбэл, амархан сульдаж ядраад, гар хөл нь хөлрөөд ирвэл, бие нь сульдаад байвал, бүр цаашилбал зүрх нь үе үе хатгуулаад, шилэн хүзүү нь хөшөөд, ойр ойрхон шээс нь хүрээд, өтгөн нь хатаад байвал, хүмүүстэй яримааргүй ганцаараа байхыг хүсээд байвал, магадгүй архи уух хэмжээ нь нэмэгдээд ирвэл бодох л асуудал үүсчээ, стресс байна шүү гэж бодоорой. Амьдралын чанар нь эдгээрийн нийлбэрээрээ өмнөхөөсөө муудаад ирвэл “Болохоо байж байна шүү” гэж үзнэ.

-Гадны оронд сэтгэл зүйн асуудал үүсэхэд шууд сэтгэлзүйч дээр очдог. Манайд бол эмэгтэйчүүд нь найзаа дуудаж авчраад шар айраг уунгаа хамаг юмаа ярьж тайвширдаг бол эрчүүд нь чимээ сураггүй архи уугаад алга болох замаар тулгарсан асуудлаа шийдэх гэж үздэг?

-Тийм хандлага байгаа. Би сэтгэл засал, сэтгэл зүйгээр ажиллаад 17 жил болж байна. Харин сэтгэл засалчаар ажиллаад 11 жил болж байгаа. 11 жилийн өмнө байсан сэтгэл засалчид хандах хандлагыг өнөөдрийнхтэй харьцуулбал нэлээд хувиар өөрчлөгдсөн. Хуучин бол магадгүй 90-95 хувь нь энэ мэргэжлийг ойлгодоггүй байсан бол өнөөдөр харьцангуй багаар бодоход 30-40 хувь нь хүлээн зөвшөөрчихсөн. Илүү нээлттэй, чөлөөтэй ирдэг болчихсон байна. Гэр бүлээрээ ирж байна. Байгууллагууд ч байгууллага дээрээ сэтгэл зүйч ажиллуулдаг болж байна.

-Таны дээр дурдсан шинж тэмдэг хэрвээ илэрч байгаа бол шууд сэтгэл зүйч рүү гүйх хүн маш ховор. Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрвэл өөрийнхөө хэмжээнд ямар арга хэмжээ авбал болох вэ?

-Энэ бол үнэхээр чухал асуудал. Хүний эрүүл мэнд гэдэг хамгийн чухал байдаг. Харамсалтай нь хүн мөнгөний төлөө ч гэдэг юм уу, өөр ямар нэгэн хуурамч үнэт зүйл, улс төр, карьерийн төлөө явсаар байгаад эцэст нь хүнд өвчнөөр өөд болчихож л байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хуурамч үнэт зүйл чухал уу, эсвэл тодорхой хэмжээнд эрүүл байж байгаад ар гэрийнхэнтэйгээ нэг хэсэг аз жаргалтай амьдарчих нь чухал уу. Тийм учраас хүн нэг номерт, амьдралыхаа утга учрыг мэддэг, үнэт зүйлээ зөв тодорхойлж чаддаг байх хэрэгтэй. Нэгдүгээрт, эрүүл мэнд чухал учир өөрийгөө эрүүл байлгахад бүх талаар анхаарах боломж нь байна. Энгийн жишээ гэхэд, элдэв аминдэмүүд байна. Фитнесс, бассейн, ууланд алхалт, бүжгийн клуб, йог, бясалгалын төвүүд их нээгдэж байна. Тийм болохоор өөртөө ямар ч байсан тодорхой цаг гаргаад долоо хоногт багаар бодоход хоёроос гурван удаа, нэг удаад цаг гарны хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй. Тэгж байж л харьцангуй урт удаан, аз жаргалтай амьдарна шүү дээ. Тэгэхгүй бол цус харвалт, зүрхний шигдээс, даралт, таргалалт залуужиж байна. Эрчүүдийн эмзэг сэдэв болох бэлгийн сулрал ч залуужсан. Гучин хэдэн настай махлаг залуус бэлгийн сулралын улмаас эхнэртэйгээ асуудал үүсч, дараа дараагийн асуудлууд нь гарч ирэх жишээний. Тийм болохоор хүн өөрийгөө бүхий л талаар эрүүл байлгах арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

-Тэгэхээр хүмүүс энэ хаврын цагт амнаасаа унагаж байгаа “Ядраад байна, нойр хүрээд байна, хэцүү байна” гэдэг үгсээ багасгаад гэгээн юм ярих хэрэгтэй байна?

-Гоё сайн сайхныг хар. Нар хар. Сайхан дулаарч байна. Удахгүй бороо орно. Ногоо ургана гэж ярь. Хүний хамгийн том чадваруудын нэг нь өөрийнхөө бие махбод, сэтгэл санааны өөрчлөлтүүдийг мэдэрч сурах хэрэгтэй байдаг. Ямар ч мэдрэмжгүй, ажлын мал шиг зүтгэсээр байгаад нэг өдөр ойчоод өгдөг байхгүй юу. Гэтэл “За би жаахан ядарч байна шүү. Нэг дугхийгээд авъя” гээд унтаад босоход бие, сэтгэл нь сэргэчихэж байвал болж байна. Тэгэхгүй унтсан ч нойр нь ханахгүй байвал “За даа, би ч болохоо байж байгаа юм байна шүү” гэж ойлго. Бие махбод чинь маш их ухаантай. Дохиогоо байнга өгч байдаг. Хүн тэрийг нь өөрөө сонсдоггүй болохоороо л оройтуулчихдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *