Categories
мэдээ цаг-үе

Д.Энхболд: Нийгмийг зодож эрүүлжүүлдэггүй, хайрлаж энэрч зөөлрүүлдэг

“Паанан”, “Соёо” зэрэг туужуудаараа нэгэн үеийн уншигчдыг байлдан дагуулсан МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболдтой уулзаж хөөрөлдлөө.

-Та нэг л нам гүм суугаад байх шиг. Энд тэнд болж байгаа хурал цуглаан уулзалт үдэшлэг, номын нээлт зэрэгт харагдахгүй юм?

-Хэрэндээ яваад л байгаа шүү дээ. Н.Банзрагч гуайн “Зам” романы нээлтэд очсон. П.Батхуягийн номын баярт очсон. Номын үзэсгэлэн худалдаанд оролцсон, Өгий нуурын хөвөөнөө болсон яруу найргийн наадам үзсэн. Гэхдээ залуудаа их нийтэч байсан хүн нас ахиад ирэхээр зожиг болдог бололтой юм. Хэтрүүлсний гор байх л даа. Залуудаа жаахан зожигдуу байсан бол өнөөдөр гүймхий болчихсон дэгдэж байж мэдэх л юм.

-Нас ахиад намба суух нь тэр үү?

-Үгүй юм байна. Хүн нас ахиад намба суудаг бол надад тийм өм алга. Улам л хөнгөрөөд хүнээс өрсөөд ярьж ч байх шиг, хүүхэд шиг зан гаргаад ч байх шиг эвгүй гэдгийг нь мэдсээр л хэрнээ ийм нэг зангаа засаж залруулж чадахгүй юм. Үүндээ их шаналдаг. Үг гэдэг тархи сэтгэлд хэдий чинээ олон эргэж хөрвөнөв төдий чинээ амт шимттэй болдог гэдгийг уг нь ойлгоод байх шиг байгаа юм, харин яг тухайн мөчид тэр үнэт эрдэнийг тархи сэтгэлдээ тэгж олон эргүүлж хоргоож чадалгүй чинагш алддаг миний гол дутагдал.

-Үгүй байх аа, та харин ч их өмчилдөг юм шиг санагддаг шүү. Аль хавар л өгүүллэгийн чинь номын сураг гараад байсан өнөө болтол уншигчдын гар дээр очсонгүй.

-Бэл дутаад гаргаж чадахгүй байна л даа.

-Ивээн тэтгэгч олдохгүй байгаа юм уу?

-Үгүй ээ тэр утгаар биш. Ном хэвлүүлчих дайны хөрөнгө мөнгийг хэдэн дүү нар маань ч эвлүүлж дэвлүүлээд гаргаад өгчихнө л дөө. Миний өөрийн сэтгэлийн бэл дутаад болохгүй байна. Өгүүллэгүүд маань яг дангаараа ном болж гарах бойжилт нь дутуу юм шиг санагдаад л.

-Цөөдөж байна гэсэн үг үү?

– Тооны хувьд ч боломжийн л доо. Би өмнө нь яг ингэж төрөлжүүлж гаргаж үзээгүй юм. Хэд хэдэн өгүүллэг нэг туужтай тэгнээд гаргачихдаг байж л дээ. Гэтэл дан өгүүллэг гаргана гэдэг чинь огт өөр юм байна. Одоо ер нь болж байгаа байх гэсэн шүү юм бодоод хэд хоног дарж байгаад үзэхээр исэлт нь дутуу оргиод хэвлүүлж чадахгүй удчихлаа.

-Та чинь өгүүллэгүүдээ арай тав арван жилээр хорьж шийтгэх гээгүй биз дээ?

-Арай тэгж удахгүй байх аа.

-Ер нь таныг утга зохиол руу юу хөтөлсөн гэж боддог вэ. Ижий ааваасаа өвлөсөн удам байна уу, уран зохиолын багш уу, нутаг усны өнгө үзэмж үү?

-Шунал. Би ер нь хэмжээ хязгаараа мэдэхгүй шуналтай хүн шиг байгаа юм. Хэрэв би уурхайчин болсон бол Тавантолгойг ч юм уу, Оюутолгойг гав ганцаараа хүрздээд Хятад руу хил давуулаад чулуудчих дайны шуналтан байсан байх. Бурхан түүнийг мэдээд үгийн эрэлд явуулчихсан бололтой юм билээ. Тэгээд магадгүй хэзээ ч олж чадахгүй үгээ энд л байж магадгүй гэж эрж бэдэрч явах одонд оногдчихсон бололтой. (инээв)

-Гэхдээ таны аав тань сэтгүүлч байхаа?

-Үгүй ээ, аав минь малын эмч. Харин идэвхтэн бичигч. Дээр үеийн төвийн хэдэн сонинд найруулал, тэмдэглэл, нийтлэл, сурвалжлага их бичдэг байсан. Харамсалтай нь бид тэр хайчилбаруудыг нь ариглаж чадаагүй ухаан дутсан даа.

-Та ер нь хэдийнээс бичиж эхэлсэн юм бэ?

-Нэгдүгээр ангид ороод л, А, Б гээд бичээд эхэлсэн л дээ.

-Цаашлуулаад л…

-Аравтай байсан юм уу, арван нэгтэй байсан юм уу “Говийн мэдээ” сонинд анхны мэдээ минь гарч шагналд нь гурван төгрөг далан зургаан мөнгө авсан юм. Түүнийхээ хоёр төгрөгөөр ангийнхаа Шинэхүү, Батантулга, Батжаргал, Зоригт дөрвийг дагуулан сумын дэлгүүрээс молоко авч хувааж сороод л юм бичихийн амтанд орсон л доо. Яг үнэндээ молокогоор тасрахгүй байх санаа л буйллаад ийш нь хөтөлчихсөн байх. “Говийн мэдээ” сониныхоо буянаар олон шинэ танилтай болж заримтай нь нэлээн зузаан нөхөрлөсөн л дөө. Тереска, шпрот гээд л тэр үедээ л тансаг идээтэй нөхөрлөсөн.

-Яваандаа шүлэг яруу найраг руу орсон байлгүй. Таныг Б.Лхагвасүрэн гуай шүлгээр жирэмслээд туужаар төрлөө гэж хэлсэн гэдэг байхаа.

-Дөрөвдүгээр ангид байхдаа анхныхаа шүлгийг бичсэн.

“Үй түмэн тэмээтэй Өндөр өндөр байшинтай

Өмнөговь сайхан аймаг” гээд л авч өгсөн, гэм нь хэвлэгдээгүй ээ. Говийн мэдээгээс маань миний дүү мэдээгээ л сайн бич гэсэн хариу ирсэн. Зургадугаар ангид орсон цагаасаа ах нарын захиаг харин хангалттай бичсэн. Нөгөө алдарт “Сэсээр улсаас гаралтай

Сэмжин цагаан цаастыг” чинь харин ч нэг үйлдвэрлэсэн дээ. Найм, ес, аравдугаар ангийн охидуудаар чинь өрхний оосор даялуулаад л авч өгнө шүү дээ. Миний бичсэн тэр захидлууд хэн хэнд очдогийг ч мэддэг байсан. Учир нь захидал бүр дурлан шатагч түүнээс дурлалт хонгор түүндээ дурсгаж бичсэн захидлын дугаар ноймор төд гээд дуусдаг байсан л даа.

-Хоёр гурван жилийн дараа өөрөө өөрийнхөө захиаг бичсэн биз?

-Загасчны морь усгүй гэдэг ёстой үнэн үг. Захидалчин хүн өөртөө хоосон төрдөг юм байна лээ.

-Та Эрка эгчээс айдаг юм байна.

-Яаж байна?

-Захидал бичиж байснаа ярихгүй л байгаа биз дээ.

-Бодит үнэн л тэр.

-Эрка эгч Говь-Алтайнх байхаа?

-Тийм. Говь-Алтайн Тонхил сумынх. Тоомойн Очирхүү гуайн нутаг. Нэг багийнхан.

-Чардаг найрагчийн нутгийнх юм байна шүү дээ.

-Тийм.

-За тэгээд оюутан болоод л онгодоор халгиж гарав уу?

-Яг ч бас тэгээгүй ээ. Есдүгээр анги төгссөн зунаа Сүрэнжав найрагчийн барааг нь харах нь байтугай бараг найзалсан. Тэднийх манайх хоёр Толгойтын баруун салаа гэдэг зусланд гарсан юм. Нэг удаа их олон найрагч тэднийд очсон юмдаг. Лав л Явуу гуай харагдсан, бас нэг сахалтай хүн байсан аягүй бол Цэдэндорж гуай байсан байх. Тэд байшинд шүлэг уншилцаад би байшингийнх нь ард чихээ наачихаад сонсож сонсож тэр шөнөө л хорь гаруй шүлэг биччихсэн юм. Ш.Сүрэнжав гуай хүн голдоггүй нэг сайхан дутагдалтай. Ойн цоорхой руу гудас сугавчлаад намайг дагуулаад явна л даа. Тэнд очоод надад шүлгээ уншиж өгнө. Ямар болж вэ гэж асууна. Би гэж дотроо том горьдлого тээчихсэн амьтан өнөөх олон шүлгээ дотуур халаасандаа хийчихсэн хэнгэнэтэл санаа алдаад л суухаас Сүрэнжав гуайд юугаа зөвлөх вэ дээ. Зусангаа тэгж яваад зуслан буухын босгон дээр үзүүлчихлээ. “Би монгол хүн” энэ тэр гэсэн шүлгүүд л байсан юм. Тэгсэн найрагч маань амьд хүн талийгаач хоёр ямар ялгаатай вэ гэж асууж байна. Талийгаач амьсгалахгүй гэлээ. Яг зөв. Чиний энэ шүлгүүдэд амьсгаа алга. Үг бол байна. Даанч амьсгалахгүй байна. Одоо ойлгов уу гэсэн юм. Би ч ерөнхийд нь ойлгосон. Тэгээд оюутан болсон хойноо хичээлийн хоёрдугаар байранд оюутнууд шүлэг зохиол уншдаг утга зохиолын нэгдэл байдаг гэж сонссон ч амьсгаагүй шүлгээсээ ичээд очиж чадалгүй явсаар гуравдугаар курсэд орсон хойноо зориглож очсон л доо. Нөгөө талд арван жилийн ангийнхан маань утга зохиолд их элэгтэй хүүхдүүд байсан. М.Цэдэндорж гуайн эхнэр Лхагважав багш уран зохиол заадаг байсан нь ч нөлөөлсөн байх. Ц.Цэнгэл, М.Гантулга хоёр маань Эрхүүгээс амралтаараа ирэхдээ уншиж байсан номуудаа авчирч өгнө. Куприн, Чехов, Нагибин, Рожденственский, Рэтхүү, Евтушенко, Айтматов, Гамзатов, Есенин, Фет, Распутин нар ирнэ шүү дээ. Тэгээд л гучин мянгатаа бариад тэдэнтэй нойр хоолгүй зууралдчихна. Дээр нь манай ихэнх хичээл орос хэл дээр явна. Анхныхаа лекцээс

“Кристаллография это наука” гэсэн гуравхан үгтэй гарч байсан хүн чинь хагас жилийн дараа юутай ч лекцээ алдалгүй тэмдэглэдэг болсон. Энэ нь нөгөө номуудтай зууралдсаны л ач. Ц.Цэнгэл маань өнөөдөр орчуулсаар л яваа. Хоёр нөхрийн минь нөлөө надад ингэж туссан. Тэр үед наяад оныхон маань ид бойжиж байсан үе л дээ. Утга зохиолын нэгдэл дээр уншигддаг бүтээлүүдийг ёстой нэг онгичдог байсан л даа. Тэгээд л үеийнхэнтэйгээ тачигналдаад л зохиолчдын өргөөний их хаалгаар орж явчихсан.

-Тэр хаалгаар бараг загнаж байгаад орчихсон гэдэг байх аа?

-Тийм ч юм болоогүй ээ. Нэг гомдсон хүүхэд яваад байхгүй юу. Тууж биччихсэн байдаг. Уг нь томчууд ам амандаа боломжийн болж гэлцээд байдаг хэвлэж өгдөггүй. Тэд маань намайг л хайрлаж өрөвдсөндөө тэгдэг байж л дээ. Гэтэл үзэл сурталд таарахгүй юм хийчихсэн яваагаа өнөөх нь ойлгодоггүй. Тэсэлгүй их хурал дээр гомдлоо хэлээд тавьчихгүй хаачихав дээ. Тэр маань ч аз шүргэхэд оносон л доо. Цаг зөөлөрсний л ач. Анхны тэр номыг минь “Соёмбо” хэвлэлийн газар хэвлэж өгсөн л дөө.

-Таныг утга зохиолд хөтөлж оруулсан багш чинь яг хэн юм бэ?

-Ш.Сүрэнжав гуай, Б.Лхагвасүрэн ах хоёрыг нэг үе их дагадаг байсан. Гэхдээ ухаан мөхөстөөд шавь нь болж чадаагүй юм. Хадаг барьж шавь ордог ёс мэдэхгүй зүүлэгтэхгүй юу.

-Онгод гэж яг юу юм бол та энэ талаар боддог уу?

-Бодох нь боддог юм аа. Даанч бодол богинодоод тэр онгод хаанаас хөвөрч ирдгийн учрыг сайн олдоггүй юм. Ер нь бол эрчим байх аа.

-Магадгүй шүү?

-Од гаригс харагдаад байна гэдэг чинь ямар нэг эрчим бидэн рүү ирж байна гэсэн үг мөн биз. Хүний матери руу хийсэн эхний алхмыг энэ эрчим л өгсөн гэж би бодоод байдаг юм. Хүн гэдэг идеал, матери хоёрын цогц шүү дээ. Гэтэл энэ хоёрыгоо салангид авч үзсээр хоёр зуугаад жил болж одоо хэтэрхий эмпирик гэх үү ер нь л материаллаг болчихоод байна л даа. Үүнийг би алдаа л гэж ойлгодог. Дахин сэргэлтийн урлагийг би идеаллаг зүйлсийг материаллаг болгосон алдааны эх гэж боддог. Бид үндсэндээ далан жил материалист философийг цорын ганц үнэн гэж итгэж явсан. 90 онд энэ маань нурангуут үүссэн орон зай руу нь юу чихэж орох гэж зүтгэж байгааг одоо энэ олон лекцчингүүдээс харж байна л даа. Гэхдээ энэ хөөс олон жил наслахгүй. Нүүдэлчдийн олон мянган жил тээж ирсэн жинхэнэ идеал цухалзаж эхэлж байна. Социализмын хүнд жилүүдэд энэ холбоог зохиолчид таслалгүй үргэлжлүүлж ирсэн юм болов уу гэж боддог. Түүнийгээ л онгод гэж нэрлэсэн байх гэж таадаг. Тархи сэтгэлээс ундарч байгаа их эрчмийг гар гүйцэж бичиж чаддаггүй үе байдаг шүү дээ. Хэн түүнийг бидэнд тийм их хурдтай яриад байна. Амьдрал уу. Тийм ч байж болно, бас нөгөө ерэн есөн тэнгэр ч байж болно шүү дээ. За тэгээд тийшээгээ их тэмүүлэхээрээ хадуураад тэнээд явчихдаг юм. Ингэсгээд зогсох уу.

-Та ер нь ахмад үеийнхнийхээ талаар юу гэж боддог вэ?

-Юу бодохов дээ. Тэд чинь биднийг бодохоос өмнө хийдгээ хийчихсэн улс. Тэгэхээр хүндлэх гэдэг ухагдахуун л үлдэж байгаа биз дээ.

-Тэгвэл өөрийнхөө үеийнхний талаар?

-Хайрладаг. Ялангуяа өндөр Баярсайхан,Соргодгийн Жаргалсайхан, Д.Норов, Л.Мягмарсүрэн, Ц.Чимиддорж, Ч.Мягмарсүрэн, Бя.Энхтуяа, С.Батмөнх Ц.Түмэнбаяр, Дан.Нямаа, Д.Төрбат, Д.Галбаатар за тэгээд танай сонины том дарга Б.Цэнддоо нарыг хайрлахгүй байж болно гэж үү. Цэнддоо, Долгорын Батжаргал бид хэд нэгдлээсээ тараад явж байхдаа шүлэг унших хүсэлдээ халуураад их дэлгүүрт очоод шүлэг уншиж явлаа шүү дээ.

-Үргэлжилсэн үг бичих залуу хүн харагдана уу танд?

-Бүжинлхам гэж охин бий.

-Та итгэлтэй байна уу?

-Итгэдэг.

-Та АНУ-д байхдаа тэндхийн утга зохиолыг хэр зэрэг уншсан бэ?

-Маш бага. Бараг үгүйтэй адил.

-Яагаад, хэл дутсан уу?

-Монгол утга зохиол гэдэг өмчтэйдөө эрдээд гэх үү дээ. Нөгөөтэйгүүр нөлөөнд нь автчих байх гэж айсан.

-Та чинь ирэнгүүтээ л телевизийн олон ангит киноны зохиол биччихлээ шүү дээ. Ажилсаг байна шүү.

-С.Эрдэнэ сайдыг дэмжих болов уу гэж горьдоод Америкт байхдаа санал тавьсан чинь маш сайхан урам өгч дэмжсэн л дээ. Урлаг, утга зохиол их ойлгодог, тэр дундаа кино урлагийг дэндүү сайн ойлгодог хүн юм билээ. Түүнд нь зоригжоод ер нь харья гэж бодож явсан болохоор бушуухан хүрээд ирсэн. Үзэгчид маань ч гололгүй сайн үзсэн гэсэн судалгаа гарсан байна билээ. Энэ киног үзэгчдэд хүргэснийхээ дараа нийгэм маань ямархуу түвшний хатигжилттай байгааг маш сайн ойлгож авсан.

-Дахиад кино бичих үү?

-Д.Төрмөнх “Кино зовлонтой урлаг, мөнгөнөөс уяатай нохой л гэсэн үг” гэж хэлсэн нь их үнэн санагдсан. Мөнгө олдвол бичмээр санагдаад л сэтгэл загатнуулаад яваа хэд хэдэн сэдэв байгаа. Бичигдчихсэн бэлэн зохиол ч байгаа л даа.

-Би ч бас “Хоймор өнжих нар” киног анги алгасалгүй үзсэн л дээ. Ний нуугүй хэлэхэд хэтэрхий цагаан юм шиг санагдсан.

-Бид багаар бодоход дөчин жил нам төрийн магтуу хийсэн. Сайн ч хийсэн. Бараг хамгийн сайн хийсэн ажил маань үзэл суртал байсан байх. Гэтэл сүүлийн хорин таван жил нөгөө цагаан тоосгоноосоо хариугаа авч байгаа юм шиг л хар багс бариад дайрчихлаа. Яг үнэндээ өнөөдөр нийгэм маань юу нь мэдэгдэхгүй шингэн дунд шүдээ хавиран хөлбөрч байна. Ямар ч юмыг нүцгэлчихээд хараад суух нь наанадаж хэлэхэд гунигтай. Тэгээд түүнийгээ өдөр бүр хэдэн арван сонин, телевиз, радиогоор занчиж суух ер нь ямар байхав. Хамгийн номхон ямааг ч хэд ороолгоход л эргээд мөргөнө. Бид нийгмээ тийм л болгож байна. Өнөөгийн үзэгчид кино театрт ороод нэг бол нүүрээ хэтрүүлж будсан марзганал, үгүй бол зовиуртай зодоон цохион аллага таллага үзэж байна. Бидний хамгийн үзэл сурталжаагүй нийгэм гэж боддог Америкт энэ талаар цэгцтэй бодлого байдаг юм билээ. Нийгмийг зодож эрүүлжүүлдэггүй, хайрлаж энэрч зөөлрүүлдэг. Би ч ийм л хүслээр энэ зохиолыг бичсэн. Дахиад ч байгаа. Ер нь ямар ч хэлийн зохиолч хүчирхийлэл сурталчилдаггүй.

-Яагаад?

-Зохиолч учраас.

-Та ер нь хэний зохиолыг унших дуртай вэ?

-Эрдэнэ баавай, П.Лувсанцэрэн, С.Дашдооров, Б.Галсансүх, Т.Бум-Эрдэнэ.

-Гадаадынхнаас?

-Чехов, Хэмингуэй, Фолкнэр, Шолохов.

-Достоевскийг уншдаггүй гэж үү?

-Унших нь уншинаа. Гэхдээ би адуу, тэр тэмээ шиг санагдаад байдаг юм. Өөр төрлийнхөн гэх үү дээ.

-Өө нэг юм мартах шахлаа таны ном Герман хэл рүү орчуулагдаж байгаа гэж фэйсээс уншлаа хэдийд гарах бол?

-Ренатэ Баувэ гэдэг монголч эрдэмтэн Герман хэл рүү хөрвүүлсэн юм. Ном маань гүйцэтгэлээрээ гуравт яваа гэсэн. Япон зохиолч, Латин Америкийн зохиолч хоёрын ард яваа юм билээ. Ирэх хавар гарчих байх аа.

Л.БАТЦЭНГЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *