Categories
мэдээ цаг-үе

Д.Доржпагма: Уран зургийн галерейд сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргаж байлаа

Боловсролын салбарт 40 шахам жил ажилласан ахмад багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Доржпагматай ярилцсанаа хүргэе.


-Та бол эх хэлнийхээ дархлааг манаж хөдөөдөө суугаа ахмад багш нарын нэг. Багшийн мэргэжлийг яагаад сонгох болов гэдгээс яриагаа эхлэх үү?

-Багшийн мэргэжлийг сонгох болсон минь миний бага ангийн багштай холбоотой. Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид ороход Лувсандоржийн Жавзмаа гэдэг давхраатай алаг нүдтэй залуухан багш инээмсэглэн угтаж авсан юм. Дугуй хээтэй хүрэн ягаан тэрлэг өмсөж, нарийхан индүүдсэн ногоон дурдан бүсийг цэмбийтэл бүсэлж дөлгөөхөн багшийн минь хичээлээ зааж байгаа нь одоо ч надад тодхон санагддаг юм. Дунд ангийн багш Бямбажавын Гэсэр гэж хатуу чанд шаардлагатай зарчимч хүн байсан. Багш маань маш олон төрлийн чээж бичиг, найруулан бичлэг,зохион бичлэг бичүүлж,дүрмийн алдааг тохиолдол бүрээр нь тайлбарлан, давтан бичүүлж, утга найруулгын алдааг дор бүр нь нь засуулдаг,сурагчдын дэвтрийг солилцуулан өөрсдөөр нь засуулж, зөв зассан сурагчдыг урамшуулдаг байсан нь намайг эх хэлтэй багш болоход их нөлөөлсөн гэж би боддог доо. Багш маань ганцхан удаа наймдугаар анги дааж төгсгөчихөөд хичээлийн эрхлэгч, захирал болоод дэвшчихсэн. Намайг мэргэжлийг минь өвлөсөн ганц шавь минь чи сайн багш болох ёстой гэдэг байсан. Ховдын багшийн дээд сургуульд суралцаж байхад Монгол Улсын гавьяат багш, утга зохиолын нэртэй шүүмжлэгч Д.Галбаатар, утга судлалын доктор Д.Бадамдорж, зохиолч эрдэмтэн Р.Батаахүү, тууль судлаач Б.Катуу, гадаад хэл, утга зохиолын багш А.Одгэрэл зэрэг Монголын сор болсон сайн эрдэмтэн багш нар хичээл заадаг байв. Одоо бүгд эрдэмтэн докторууд болсон.

-Тухайн үеийн сургалтын онцлогийн тухай юу хэлэх вэ?

-Тэр үеийн сурах бичиг тогтвортой, олон хувилбаргүй. Онолд тулгуурласан академик сургалт байсан ч хүүхэд бүрийг тэгш сургадаг.Сурлагын хоцрогдол нөхөх давтлага хийж, хичээлээ гүйцэд ойлгоход нь тусалдаг, шаардлага хангахгүй бол анги улируулдаг байв. Багш нар хичээлээ ахуй амьдралтай нь холбож заахыг хичээдэг, хичээлээс гадуур түлээ хөрөөдөх, ногоо хураах, зуны амралтаар өвс хадлан бэлтгэх, хонь хяргах, ямаа саах,цагаан идээ боловсруулах, хонь мал хариулах, хөвгүүд нь даага сургах зэрэг олон ажил хөдөлмөрийн чадвар эзэмшдэг байсан. Сурлагаас гадна хүмүүжил төлөвшилд их анхаардаг байв. Тэр үеийн багш нар хүүхдэд их ойр, гэр орноор очиж, эцэг эхтэй нь холбоотой, хүүхдээ нарийн судалж гурвалсан холбоотой ажилладаг байв. Тухайн үеийн Монголын шилдэг багш нарын болон Зөвлөлтийн новатор багш нарын арга туршлагаас суралцаж эзэмшихэд их анхаардаг.

-Таны багшийн гараа хаанаас эхлэв. Анхны хичээл, анхны шавь нар гээд эргээд бодоход сонин сайхан байх.

-Би багшийн ажлын гараагаа Төмөрбулаг найман жилийн сургуулиас эхэлсэн. Хичээлдээ нэлээд сайн бэлтгэсэн, хичээл яаж зааснаа, аль ангид орсноо ч санахгүй юм. Заах зохиолоо уншиж, шүлэг яруу найргийг цээжилж , өөрөө үлгэрлэхийг хичээж байсан санагдана. Одоо шавь нар маань олон сайхан мэргэжил эзэмшиж, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа. Багш хүн ажлаа хийж байхдаа л илүү жаргалтай. Хамгийн гэгээлэг хүмүүстэй, тэдний сурах мэдэхийн баясалд умбахаас өөр ямар жаргал байх вэ дээ. Бид эх орныхоо ирээдүйг бэлтгэж байгаа учраас үнэхээр хариуцлагатай мэргэжил. Өөрийн төрөлх Тариалан сумандаа ажиллаж байхад нэг хөгтэй явдал тохиолдсон юм. Байрны хүүхдүүд гэр рүүгээ их оргоно.Тэр болгонд мориор, мотоциклоор араас нь явна.Нэг удаа миний даасан 6а ангийн сурагч Д.Баттулга оргож, би авахаар очлоо. Түүний аав Дашзэвэг гуай надад ингэж хэллээ. Би чамд хүүгээ хүргээд л өгсөн. Хэдэн толгой бүрэн бүтэн байлгах нь миний үүрэг, хэдэн хүүхдээ бүрэн бүтэн байлгах нь чиний үүрэг гэж эгэл жирийн малчин хүн намайг өөрийн ажилдаа эзэн байхад сургаж байж билээ. Сургуулийн зүгээс багш нартай хатуу шаардлага тавьж, сурагч нэг бүрийг амжилттай сургах хариуцлага ногдуулж, хичээлийн бэлтгэл шалгах, хичээлд нь сууж зөвлөгөө өгөх, залуу багш нарыг ахмад багш нар нь дагуулан сургаж халамжлан хүмүүжүүлж ажлын үзүүлэлтийг нарийн тооцдог, эцэг эх, багш, сурагчдын гурвалсан холбоотой ажиллаж, улирал бүрийн дүнг эцэг эхийнх нь албан газарт хүргүүлдэг байлаа.

-Шавь нараас тань сэтгэлд үргэлж холбоотой хүн хэн байна. Мөн олонд нэр алдраа цуурайтуулсан нь хэн байна?

-Даасан ангийн сурагчид, уралдаан олимпиадад бэлтгэсэн шавь нар, уран бичлэгийн дугуйлангийн шавь нар маань холбоотой байдаг. Монголын үндэсний телевизэд сэтгүүлч редактор Б.Мөнхзул, хараа зүйч А.Буянхишиг, хүний их эмч Д.Хандмаа, “Ургамлын далай” компанийн захирал Ц.Түмэнбаяр гээд олон сайхан шавь нар бий.

-Та бол Идэрийн эх хэлний олимпиадын эрдэнийн титэмт аварга багш. Таныг түрүүлэхэд зохиолч, найрагчид, эрдэмтэн докторууд их л баярлаж билээ. Аргагүй нэг буурь зааж, аварга гэдгээ харууллаа гээд л, тэр тухайгаа дурсахгүй юу?

-Би 2013 онд Эх хэлний боловсрол соёлыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Завхан аймгийн Идэр сумын ахмад багш Лутын Лхагважавын нэрэмжит эх хэлний олимпиадын аварга болж, “Багш дор мөргөмү” эрдэнийн тэмдэг, өргөмжлөл, 2 сая төгрөгөөр, мөн манай сургуулийн баг тэргүүн байр эзэлж, цом 1 сая төгрөгөөр шагнуулсандаа үнэхээр их баяртай байдаг. Би өмнө нь ийм өндөр үнэлэмжтэй, 100 сая төгрөгийн шагналын сантай, аймаг бүрээс зорин ирсэн 40 баг оролцсон, ийм олон оюунлаг хүмүүс нэг дор цуглуулсан оюуны наадмыг үзэж сонсож байсангүй. Гагцхүү тэнд л үзэж, мэлмий баясаж, сэтгэл татагдсан юм. Ардын уран зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Т.Галсан, Ц.Бавуудорж, Х.Чилаавжав, доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, Ө.Оюунхүү нарын олон зохиолч эрдэмтэд очиж, шүлэг яруу найргаа уншиж, бид бүхэнтэй ярилцаж, хүүхэд залуучуудад үлгэр болж байсан. Энэ үед “Яруу сэтгэе” яруу найргийн уралдааныг сурагчдын дунд зохиож, хожмоо яруу найрагч болох олон хүүхдүүдийг урамшуулж авьяасыг нээж байлаа. Зохиолч яруу найрагчдын яруу шүлэг, яриаг сонсоод хүүхдүүд маань энэ зохиолчид шиг болно гэж хөөрөн дэвэрч байсан байх гэж бодно. Энэ олон түмнийг урин дуудсан эгэлхэн хүн Лхагважав багш маань шавьтай хүн гэж ийм л байдаг. Би сайхан шавийнхаа буянаар эх хэлдээ ээлтэй олон багш, сэргэлэн олон хүүхдүүдийг цуглуулахад, тэднийгээ урамшуулан баясгаад сууж байна. Шавийн эрдэмт багшаас гэдэг дээ. Миний сургаж хүмүүжүүлсэн шавь нарын минь л нэг энэ Төрбаяр байгаа гэсэн шиг шандаст хоймор баярлаж, яриа хөөрөө хийж сууна. “Шинэ Ази” группийн захирал Төрбаяртай хамт олонд нь баярлаж байгаагаа илэрхийлье! Энэ наадмын 1-3 дугаар байр эзэлсэн багш нарыг шинэ жилдээ урин оролцуулсанд маш их баярлалаа. Энэ наадмын амжилт өгөөжөөр Хөвсгөл аймгийн Эх хэлний түшиц сургууль болгож, бодлогоор дэмжсэн. Энэхүү олимпиадын өмнө бид “Эх хэл бидний бахархал” үндэсний бичиг үсгийн наадмыг аймаг даяар өргөн тэмдэглэж эхэлсэн.

-Таны багшлах ур чадвар, өөрийн гэх дэг сургуулийг сонирхмоор байна. Хөвсгөлийн Доржпагма гэдгээрээ та нэршиж алдаршсан хүн. Монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлээр сурагчдын олон талт авьяасыг нээж хөгжүүлсэн байдлаараа өөрийн аргатай болсон гэж боддог?

-2001 онд сурагчдыг бичлэгийн олон тиг хэлбэрт сургах зорилгоор “Унаган бичгээ урлаг болгоно. Уран Занабазарын авьяасыг өвлөнө” уриатайгаар аймагтаа “Бичиг-урлаг” нэртэй уран бичлэгийн анхны дугуйланг хичээллүүлж, 2002 онд 8б ангийн сурагч Ж.Нацагдорж хичээнгүй бичиг болон “Далийн цэцэг ягаарсан дархад нутгийн үзэмж” угалзан эвхмэл сийлбэрээр улсад түрүүлж 2003 онд Монгол бичгийн нийгэмлэгийн шагнал хүртсэнээр уг уралдаанд шавь бэлтгэж, өөрөө ч дагаж хөгжсөн сайхан үе эхэлсэн юм.2005 онд Б.Алимаа, 2007 онд Д.Отгонбаяр, 2011онд Ж.Баянжаргал, 2012 онд Д.Дуламсүрэн нарын 20 гаруй сурагчид улсын уралдаанд амжилттай оролцож улсын зардлаар МУИС, МУБИС, ХИДС-д суралцаж төгсөөд бүгд мэргэжлийн дагуу багшилдаг. “Монголын сайхан бичигтэн” Д.Дуламсүрэн Монголын хүүхдийн ордонд уран бичлэгийн багш хийдэг. Дугуйлан бямба гаригт 2-4 цаг ордог. “Монголын сайхан бичигтэн” уралдаан, үндэсний бичиг үсгийн баярт зориулан сургууль, аймагтаа сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргадаг байв. Сурагчид маань хичээнгүй гүйлгэн тиг, монгол бичгийн үсэг тоогоор янз бүрийн амьтан ургамал зурж, тэдний сэтгэлгээ тэлж байгаад их л баяртай байж билээ. Энэ бүтээлүүд эргээд дүү нарынх нь хичээлийн үзүүлэн таниулах болж тэдэн шиг зурж бичих хүсэл тэмүүллийг төрүүлдэг байлаа. 2004 онд би “Монгол төрийн бичгийн 800 жилийн ой”-д төлөөлөгчөөр оролцохдоо уран зургийн галерейд сурагчдынхаа бүтээлээр үзэсгэлэн гаргаж байсан. 2003 онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний бичиг үсгийн баяр” тэмдэглэх болсноос хойш сургууль дээрээ тэмдэглэж багш, ажилчдын дунд хичээнгүй бичлэг, уран бичлэг, түргэн уншлагын тэмцээн явуулдаг байв. 2013 онд манай сургуулийн хамт олон Хөвсгөл аймгийн хэмжээнд “Үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг угтаж “Эх хэл бидний бахархал” сэдэвт өдөрлөг явуулж МУГБагш Батсуурийн нэрэмжит монгол хэл, бичгийн олимпиад, Миний нэрэмжит “Бичиг урлаг” уран бичлэг, хичээнгүй бичлэгийн уралдаан, мэргэжлийн багш нарын дунд “Монгол бичгийн хичээлийг заахад тулгамдаж буй асуудал” сэдвээр онол практикийн бага хурал хийв. Аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Боловсролын газрын дарга Н.Баатар-Очир, сургуулиудын захирал, ахмад багш нар, мөн аймгийн төвийн найман сургууль, хөдөөгийн гурван сургуулийн 36 багш, 693 сурагч нийт 729 хүн оролцож байлаа.

-Та залуу багш нартаа хандаж юу хэлэх вэ. Багш нарын ур чадвар муудлаа л гэх юм. Үүнд ямар бодолтой байдаг. Мөн багшийн үнэлэмж өнөөдөр манайд ямар түвшинд байна вэ?

-Ажлын сайнаар амьдрал өөдөлдөг учраас ажилдаа сэтгэлээ зориулж, ажил амьдралаа зохицуулж ажиллабал зүгээр юм.Сургуульдаа хайртай, шавь нартай ээлтэй, хамт олонтойгоо эвтэй,бие биеэсээ суралцаж, нэгнээ хурцалж, урамшуулдаг байх хэрэгтэй. Залуу багш нар ахмад үеэ үгүйсгэж болохгүй.Ахмад багш нар залуустаа ажлын туршлагаасаа хуваалцах, тэднээс харилцан суралцдаг бол сайн. Багшийн үнэлэмж тааруу гэдэгтэй санал нийлнэ.

Монгол хэл, бичиг бол миний эрхэмлэн дээдэлж явдаг амьдралын минь салшгүй нэг хэсэг билээ. Монгол хэл, бичгээ зааж сургаж өвлүүлэн эзэмшүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломж олдсонд талархаж явдаг. Ийм учраас сурагч байхаас минь өдий хүртэл зааж сургаж хүмүүжүүлсэн багш нартаа үнэхээр их баярлаж явдаг. Та нар минь надад туслаагүй байсан бол одоогийн би байхгүй байсан. Миний амжилтын нууц бол зүрх сэтгэлд минь хоногштол хичээлээ зааж чадсан эрдэмтэн багш нарын минь гавьяа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *