Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Дэмбэрэл: Улс төрийн тогтворгүй байдлын цаана эрх мэдлийн төлөөх хөөцөлдөөн гаарч байна

УИХын дарга асан Дамдины Дэмбэрэлтэй ярилцлаа.


Монголын ууган хүчин болох мАнын 100 жилийн ой тохиолоо. энэ хугацаанд МАНд алдаж, онож явсан үе ч бий. Ахмад улстөрчийн хувьд та ямар үнэлэлт дүгнэлттэй явдаг вэ?

-Бид дундад эртний үеийн нийгмийн харилцааг 1921 онд халсан. Хаант засгийг бүхэлд нь өөрчилж шинэ засаглалын тогтолцоог бий болгосон. Үүнийг зохион байгуулсан эзэн нь МАН юм. Энэ үйл хэрэг өнөөдрийг хүртэл 100 жил үргэлжилж байна. Урьдын 70 жилийн түүх бол мөн Монгол Улсын түүх, салгах арга байхгүй. Сүүлийн 30 жилийн тухайд гэвэл 1992 онд бид Үндсэн хуулиа баталсан.

Энэ ойг улстөржихгүйгээр ойлгож байгаа байх. Учир нь 1921 оноос хойш Монгол Улсыг удирдах асуудал Үндсэн хуулиараа намд ногдсон юм. Намын удирдлага чиглэлээр Засгийн газар, хурлууд ажиллаж байсан. Энэ 100 жил Монголын түүхэнд урьд өмнө нь байгаагүй их сонин цаг үе юм. Нам гэдэг улс төрийн байгууллага энэ улс орныг удирдаж байсан учраас тэр л дээ. 1990 онд дэлхийн социалист систем задарснаар намуудын удирдах байр суурь өөрчлөгдөж, тэр үеийн МАХН одоогийн МАН өөрийнхөө удирдлагын функцүүдийг төрийн байгууллагад шилжүүлж өгсөн. Энэ үйл явцаас хойш 30 жил болж байна. Төрийн байгууллагуудад нам удирдлагаа шилжүүлж өгсөн ч Үндсэн хуулийн дагуу парламентад чөлөөт сонгуулиар өрсөлдөх замаар улстөрийн удирдлагын үүргийг биелүүлэх боломжтой болсон. Одоо тийм боломжоор явж байна. 1990 оны нийгмийн шилжилтийн зааг дээр энэ нам бас нэг түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэр нь Үндсэн хуулийн хүрээнд энэ шилжилтийг зохион байгуулах боломжийг олгосон явдал. Дөрвөн жил ажилласны эцэст бид 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Үндсэн хуулийг баталсан. МАН ардчилсан гэх тодотголтой шинэ Үндсэн хуулийг батлахын тулд бусад нам, эвслүүдтэй хамтран ажиллах механизмыг бүрдүүлсэн. 30 жилийг ингэж эхлүүлсэн. Энэ мэтчилэн намынхаа ололт гэх олон зүйлийг ярьж болно. Гагцхүү одоо намуудад ямар бэрхшээл байгаа тухай, нийгэмд юу болоод байгаа талаар ярих нь зүйтэй.

Намуудад ямар бэрхшээл байна гэж. Тэр дундаа олонхын суудал авсан, хоёр ч удаагийн том ялалт байгуулаад байгаа МАНд бэрхшээл байна гэж үү?

-Мэдээж манай нам парламентад зонхилох суудлаа авчихсан, үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломж, эрх мэдэлтэй болчихсон учраас бэрхшээл бага байна. Энэ утгаараа манай намд зовлон алга. Харин энэ 30 жилийн хугацаан дахь бидний амьдралын явцаас олон бэрхшээлүүд урган гарч байна.

Тухайлбал?

-Нэгдүгээрт, ажилгүйдэл, ядуурал ихэссэн. 1990 онд өмч хувьчлал болж, иргэд ажилгүй болсноор эхнээсээ гахай чирж эхэлсэн. Энэ байдал нийтдээ 30 жил үргэлжилж байна, ажилгүй хүмүүс одоог хүртэл 100, 100 мянгаараа байсаар л байна. 70 жилийн дотор бүтээсэн улс орныхоо материал техникийн баазыг хувьчлал нэрээр хайр гамгүй сүйтгэсэн, нураасан.

Тэр хааш нь ч булзааруулж болшгүй том алдаа болсон л доо.

-Аж үйлдвэрийг нураана гэдэг хамгийн муухай үзэгдэл байдаг юм байна. Бүр ой гутмаар зүйл одоо харагдах боллоо. Тухайн үед гутлын үйлдвэр л гэхэд 3000-6000 мэргэшсэн ажилтантай байв. Тэр бүх хүн ажилгүй болсон, бүх үйлдвэрийн хүмүүсийг ажил мэргэжлээс нь салгасан. Зүй ёсондоо бид технологийн шинэчлэл хийж тэр их мэргэжсэн хүмүүсээ ажиллуулах ёстой байсан. Гэтэл тэд ажилгүй болсон учраас наймаанд гарсан. Үүнээс үүдэн нийгэм үйлдвэрлэгч бүтэц биш наймаа, жижиг худалдаа, үйлчилгээ болж тарсан. Хөдөө аж ахуйн чиглэлд л гэхэд өмч хувьчлал нэрийн дор малчдад малыг нь өгсөн. Яахав өнөөдөр малчид бидэнд мах, сүү нийлүүлж байна. Харамсалтай нь тэр бүтээгдэхүүнийг борлуулах, худалдаалах системийг бүгдийг нь давхраар нь устгасан. Бөөний болон жижиглэнгийн худалдаа үгүй болж, борлуулалтын сүлжээ ченжүүдийн гараар дамждаг болсон. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний өнөөгийн нийгмийн суурь бүтэц маань улс төрийн намууд бодлогоо явуулахад ноцтой бэрхшээл үүсгэж байна. Нийгмийн талаар манай намаас асар их арга хэмжээ авч байна. Ардчилсан нам ч засгийн эрхэнд байхдаа арга хэмжээ авсан. Намуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийт төдийлөн таашаахаа больсон. Ер нь энэ намууд хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэх нь ч байдаг. Угтаа энэ нь нам хэрэгтэй, хэрэггүйн асуудал биш л дээ. Угаасаа бид нийгмийн баазаа тийм болгочихсон хэрэг. 1921,1924 оны хувийн аж ахуйн хамгийн доройтсон хэвшил дээр бид ажиллаж байгаа. Энэ зөрчил нийгмийн амьдралд нөлөөлж байна.

Гэхдээ иргэд чадах ядахаараа жижиг, дунд үйлдвэрлэл эхлүүлж л байгаа шүү дээ. Төр дэмжээд өгвөл илүү ихийг хийж чадна л гэдэг?

-Жижиг, худалдаа үйлдвэр эрхлэгчид нийгэмд зөвхөн өөрийгөө тэтгэдэг. Хувийн сектортой болчихвол л хөгждөг юм, хувийн сектор л бүгдийг авч явна гэцгээсэн. Гэтэл тэдгээр нь өөрийгөө аргацаасан жижиг секторууд болчихсон. Хувийн секторуудаа хүчирхэг болгоогүй цагт асар их хөрөнгө оруулалт хийсэн ч босож ирэхгүй. Тэд татвар, даатгал төлөх боломж муу, төллөө ч багаханыг л төлнө. Малчид л гэхэд нийгмийн даатгал төлөхөд хэцүү, орлого нь хүрдэггүй. Тэгэхээр нийгмийн төсөв, төлөвлөгөөнд байх мөнгө их бага байж таарна. Тиймдээ ч бид уул уурхайг эргэлтэд оруулж байж амиа зогоож байна. Ийм учраас л намд нийгмийн суурь нэн тэргүүнд нөлөөлж байна гэж хэлээд байгаа хэрэг. Намд тохиолдож байгаа хоёр дахь бэрхшээл бол нийгмийн авлига, хээл хахуульд автсан байдал. Энэ аюул дунд намууд ч, төрийн байгууллага ч ажиллаж байгаа. Авлигад идэгдсэн нийгмийг удирдана гэдэг багагүй зовлон.

Намууд өөрсдөө авлигын эх үүсвэр болчихоод байгаа юм биш үү?

-Тийм. Намууд өөрөө авлигад идэгдчихсэн. Мөнгөний эрхшээл төрийн эрх хэмжээнээс давчихаад байна. Улс төрийн бодлогоос авлига давж байна. Авлигыг дарж байж эдийн засаг хөгжинө, улс төр тогтвортой байдалд хүрнэ. Намд тулгарч буй гурав дахь бэрхшээл нь нийгмийн баялгийн хуваарилалтад гарсан гажуудал. Манай нийгмийн баялгийн 80 хувь нь хүн амынхаа 20 хувьд нь ногдож байна. Үлдэж байгаа хүн амын 80 хувьд нийгмийн баялгийн 20-хон хувь ногдож байгаа. Энэ өөрөө том бэрхшээл. Нийгмийн баялгийн 20 хувь ногдож байгаа тэр хэсэг биднийг чирж авах ёстой гэсэн зах зээлийн харилцааны онолын тухай ярьдаг л даа. Тэд ч бид татвар төлж, шинэ өртөг бүтээж байгаа, бид л үйлдвэрлэгч, бид л чадаж байна гэж хэлдэг. Үнэн хэрэг дээрээ баялгийг хуримтлуулсан энэ 20 хувь татвар төлж байгаа нэрийн цаана нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа хүлээж чадаж байна уу.

Хангалттай хэмжээнд гэж хэлэхэд хэцүү байх аа.

-Эрдэнэт үйлдвэрийн тухайд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа. Сая л гэхэд нийт монголчуудын цахилгаан, дулааны зардал болох 650 тэрбум төгрөгийг Засгийн газарт, 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгүүдэд өгсөн. Эрдэнэт үйлдвэр 6000 ажилтантай. Сүүлийн дөрвөн жилд бид 1370-аад айлын орон сууцыг барьсан. Жилд 350-иас доошгүй ажилчдадаа орон сууц барьж өгч байна гэсэн үг. Дээрээс нь тэнд дээд сургуультай, боловсон хүчнээ өөрсдөө бэлддэг. Соёл, спортын цогцолбортой, соёл амралтын зуслантай. Жил бүр 40-60 тэрбум төгрөгийн 24 тусламжийг ажилчдадаа үзүүлдэг. Манай улс яг ийм 20 үйлдвэртэй бол яриад байгаа асуудлууд аяндаа шийдэгдэнэ. Манайд асар их орлоготой, баян гэгддэг хичнээн том компаниуд байдаг билээ. Тэр хүмүүсийг шударгаар баяжсан уу, шударга бусаар баяжсан уу гэдгийг ярихаа больё л доо. Гол нь тэдэнд ачаанаас үүрэлцэх нийгмийн хариуцлага гээч зүйл байхгүй болчихсон. Оюу толгой хэрхэн яаж ажиллаж байна. Улаанбаатар хотоос хэдэн хүн автобусаар зөөж аваачаад л ажиллуулчихдаг. Ажилчдыг суурьшуулах хот, тосгон тэнд алга. Энэ мэт заль гаргаж байгаа гадна, дотны компаниудыг бодлогын хувьд яах ёстой вэ гэдгийг бодож олох л хэрэгтэй.

Ачаа бүрийг төрийн нуруун дээр үүрүүлчихээр эрх барьж байгаа намын толгойны өвчин, том бэрхшээл болдог л доо. Гэсэн ч сонгуульд өөрчилнө гэж амладаг. Сонгуульд ялалт байгуулахын тулд амлахаас ч өөр аргагүй. Нийгэм өөрөө намуудыг ийм хүнд байдал руу оруулж байгаа учраас тэр. Амласан амлалтаа хууль болгож бодлого болгодог. Ингээд буруу механизм улам гаарах талтай байна. Цаашдаа манай нам энэ дутагдлуудыг засах хэрэгтэй.

Үнэхээр л тийм юм бол эрх баригчид яагаад ул суурьтай засаж, өөрчилж болохгүй байгаа юм бэ. Яавал өөрчлөгдөх юм бэ?

-Яалт ч үгүй нийгмийн тэр сууриудыг өөрчлөх хэрэгтэй. Нэг хэсэг нь жижиг, дунд үйлдвэр гэх нэрийн дор хувиа аргацаадаг, нөгөө хэсэг нь нийгмийн хариуцлага хүлээхгүйгээр татвар төлчихсөөн гээд л цээжээ дэлддэг явдлыг болиулах хэрэгтэй. Төр өөртөө ч энэ шаардлагыг тавих ёстой. Төрийн байгууллагуудад ч нийгмийн хариуцлагын асуудал тулгарч байгаа, тэр хариуцлагыг тогтоох хэрэгтэй. Төр төсөвтөө шаардлагатай зардлуудыг тусгаж өгсөн байх ёстой. Төрд 10 жил ажилласан хүн орон сууцтай болох ёстой биз дээ. Бид хуучин энэ ажлыг хийж байсан л даа. Гааль, татвар, цагдаагаас эхлээд орон сууцтай болгох ажлуудыг эхлүүлж байсан юм. Дээрээс нь төрийн нуруунаас хувийн секторт бүх зүйл шилжсэн юм бол нийгмийн хариуцлага хүлээх асуудал ч хамт шилжих ёстой.

Түүнчлэн бид хамтын том аж ахуйгаа тарааж хаях биш, технологио шинэчилж хувьцаат компаниуд болох ёстой байж. Энэ мэтчилэн алдсан алдаануудаа засмаар байна. Хөрөнгө оруулалтын асуудлыг ч бид зөв шийдмээр байна. Ерөөсөө үйлдвэрүүдээ барь л даа. Засгийн газраас нийгмийн хөгжил, төлөвлөлтийн яам байгуулъя гэж яриад байгааг би дэмжиж байгаа. Бид төлөвлөгөөнөөс татгалзсан нь маш том алдаа болсон. Төлөвлөгөөтэйгөөр зах зээлд шилжих ёстой байсан ч төлөвлөгөө хэрэггүй юмаа гэж бүх зүйлээ устгачихсан. Харин 30 жилийн дараа л төлөвлөгөөтэй байхгүй бол болохгүй юм байна төлөвлөлт, хөгжлийн газар байгуулъя гээд ярьж эхэлж байна. Одоо цаг алдалгүй байгуулаад, шууд үйлдвэрүүдээ барих хэрэгтэй. Ингэж чадвал аяндаа ажилгүй залуус ажилтай болно. Монголд аж үйлдвэрийн IV хувьсгалаа хийе л дээ. Нэг сая 500 мянган хүнтэй байх үедээ бид бүх үйлдвэрүүдээ барьж чадсан. Одоо бидэнд хоёр дахин их залуусын арми байна. Хөрөнгөө төвлөрүүл, аж үйлдвэржүүлэх хувьсгалынхаа 10 жилийг зарла л даа.

Халамжийн орон болсон нь бидний өөрсдийн эдийн засгаа баллаж унагасны уршиг. Халамжийн байдлаас гарахын тулд мөн л дээр хэлсэнчлэн хувийн секторууд, том компаниуд, төрийн байгууллага албан хаагчдынхаа нийгмийн хариуцлагын асуудлыг авч үзэх хэрэгтэй юм. Төр өөр дээрээ хэт их ачаалал авчихаад зовлонд уначихаад байна. Манай нам гэлтгүй бүх нам л үүнээс гарах тухай амласаар энэ л механизм эргүүлэгтээ 30 жил ажиллаж байна. Энэ эргүүлгээс гарахад тун ойрхон байна даа. Сүүлд дурдах манай намын хамгийн том бэрхшээл бол улс төрийн тогтолцоо бүхэлдээ хэврэг байна. Хэврэгээр тогтохгүй нэлээд түвэгтэй байдалд байна.

Улс төрийн тогтолцоо хэврэг байхад юу нөлөөлж байна вэ. Хэт их эрх ашгийн төлөөх тэмцэл үү?

-Улс төрийн тогтворгүй байдал нийгмийн тогтворгүй байдалтай холбоотой. Иргэд ядуу байна, цаашдаа ч ядуурах төлөв ажиглагдаж байна. Энэ нь нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох үндэс нь болж байна. Тиймээс эдийн засгийн сууриа, бодлогоо сайжруулъя. Гадны бодлогыг авч хэрэгжүүлэхдээ өөрийн нөхцөлд тохируулъя. Ер нь өөрийн нөхцөлд тохируулаагүй шууд тулгасан юм бүхэн Монголын түүхэнд балагтай байсан шүү дээ.

Таны хэлээд байгаа энэ өөрчлөлт, шинэчлэлтийг хийх боловсон хүчин МАНд бий юү?

-Боловсон хүчин бидэнд бий. Бүр тэгж яривал төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг мэддэг зах зээлийн эдийн засгийн 30 жилийн амьдралыг туулсан эдийн засгийн мэдлэгтэнгүүд Монголд л байгаа. Капиталист орнуудын эдийн засагчид зөвхөн өөрийн улсынхаа хөгжсөн эдийн засгийг л ярьж байгаа. Тиймдээ ч тэд төрийн оролцоог багасгах нь зөв гэж л хэлнэ. Харин бид төрийн оролцоог багасгахдаа тооцоо, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй юм. Хэт төрийн оролцоог багасгачихвал өнөөх үйлдвэр босохгүй шүү дээ.

Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгууль угтсан улс төр хэдийнэ эхэлчихлээ. Өнөөх л хар технологи үргэлжилсээр байгаа нь юутай холбоотой юм бэ?

-Бид ямар нэгэн үзэл суртал байхгүй гэдэг ч энэ байсаар байгаа. Капиталист намын үзэл суртлаа бүх сувгаар тараадаг нийгэмд л бид байж байна. Бид үүнийг мэдэж ажиллах хэрэгтэй. Дээр цухас дурдаад орхичихлоо. Нийгмийн тогтворгүй байдал улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа. Хамгийн аюултай зүйл бол улс төрийн тогтворгүй байдал. Манай Засгийн газрын дундаж нас 2010-аад онд 1.6 жил байсан одоо 1.2 жил болсон. Улс төр тогтворгүй байгаа нөхцөлд нийгэм тогтворжино гэж байхгүй. Улс төрийн тогтворгүй байдлын цаана эрх мэдлийн төлөөх хөөцөлдөөн гаарч байна. Эрх мэдлийн төлөө шунадаг нь ёс зүйд нийцэхгүй. Монголд өмч олж авахын төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй байдалд орж. Эрх мэдлийн төлөө ичиж зовохгүй дайрцгаадаг болж. Энэ бүхний эцэст ард түмэн, төр л хохирдог. Энэ байдлаас гарахын тулд манай нам томоохон бодлого явуулах байх. Одоо хугацаа дөхчихсөн Ерөнхийлөгчийн сонгуулиа урьдын адил явуулж таарна. Амладгаараа амлана. Хар технологиуд ч явахыг байг гэхгүй. Учир нь тэр эргүүлгэндээ байж л байгаа шүү дээ. Бид чөлөөт ардчилсан сонгууль л гээд байдаг тэрний цаана худал хоосон амлалт, хар технологи, албан тушаалын төлөө шунагсад, өмч хөрөнгө олж авах гэсэн цүнх барин хатирагчид бий. Ийм бохир бодлоготойгоор сонгууль явагдаж байна. Цэвэр бодлогоор сонгууль явуулна гэдэг тэр хүмүүс шударгаар өрсөлдөх явдал юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Сонгуулийн тухай хуулиудад өөрчлөлт оруулсан шүү дээ. Гэсэн ч үр дүнгээ өгөхгүй гэж үү?

-Уг нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө бат найдвартайгаар салбарын дагаж гарах хуульд хийх ёстой юм. Тэр жаахан дутагдалтай болчихов уу даа. Хуулийн цоорхойг далимдуулж маргаан үүсч байгаа. Одоо хэн нь дэвших вэ гэдэг дээрээ маргалдсаар л байна. Манай намын тухайд ийм зовлон байхгүй. Бид тодорхой хүнээ дэвшүүлнэ, түүнийхээ төлөө ажиллана. Ерөнхийлөгчийн суудлыг манай нам авмаар байна. Яагаад гэвэл чиний энэ албан тушаалын хөөцөлдөөн, улстөржилтийг яах ёстой юм бэ гэх асуултад хариулахын тулд. Энэ бүхнийг нэг намын гар луу төвлөрүүлэх хэрэгтэй.

Хэт нэг гарт төвлөрөх нь эрсдэлтэй биш үү?

-Мэдээж сөрөг хүчин байлгүй яахав. Авлигыг ялах, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, улмаар нийгмийн тогтвортой байдлыг тогтоох нь нэгдсэн нэг хүчирхэг бодлоготой байж, манлайлах чадвартай, ёс зүйтэй Ерөнхийлөгчтэй байгаа цагт хийхэд хэцүү зүйл биш. Мөн Намуудын хуулийг шинэчлээд авлигаас нь салгах хэрэгтэй юм.

Эрдэнэт үйлдвэрт Засгийн газар онцгой дэглэм тогтоосон. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэр дээр үүсээд буй асуудал тус үйлдвэрийн 49 хувиас урган гарч, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар онцгой дэглэм тогтоосон. Үндсэндээ удаа дараагийн Засгийн газрууд зорилгодоо хүрч байгаа юм уу гэж ойлгогдож байгаа. Чиний энэ мөнгө чамд байж байжээ, харин чи энэ мөнгөө арай өөр аргаар олжээ гэдгээ тогтоогоод, тохиролцох сүүлчийн шатанд яваа. Үүнийгээ дуусгаад, Эрдэнэтийн асуудлаа Засгийн газар шийднэ биз. Би хуучин ТУЗ-д нь байсан. Бид нэлээд чанга бодлого явуулж байсан. Засгийн газар аваад гайгүй явуулсан болов уу.

Эрх баригчид онцгой дэглэм нэрийн дор сонгуулийн зардлаа Эрдэнэт үйлдвэрээс гаргалаа гэх шүүмжлэл гарсан. Ийм байх боломжтой юу?

-Үгүй байх аа. Сонгуулийн хуулиар боломжгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуульд л гэхэд төр чамгүй хөрөнгө гаргахаар болсон. Өөр газраас санхүүжилт авах байдлыг хаахын тулд УИХ, СЕХ-оос тэр мөнгийг гаргаж байна гэж үзэж байгаа. Хэрэв тийм зүйл болвол энэ нь сонгуулийн авлига болно. Сонгуулийг авлигаар, муу аргаар явуулж үр дүнд хүрнэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшдэг хүн байхгүй байх. Тийм хүн нэр дэвшвэл битгий гараасай гэж залбирахаас өөр аргагүй юм болно. Мөнгө төгрөгтэй холбогдож байгаа яриа гарсан бол худлаа. Яахав би санхүүг нь барьж, шалгаж үзэж байгаа биш. Гэхдээ тийм зүйл гараагүй. Миний л мэдэж харж байгаагаар. Учир нь Эрдэнэт одоо их хүнд байдалд орсон. Бүх хөрөнгийг нь Сангийн яам коронавирусийн асуудалд зарцуулахаар татаж байгаа. Зарим нийгмийн асуудал, хөрөнгө оруулалтаа зогсоож, хумьж байж улсын хэмжээний нийгмийн асуудалд зориулж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *