Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Хамтарсан Засгийн газар байгуулахгүй. Ардчилсан нам хийсэн ажлынхаа үр дүнг үзэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Си Жиньпин манай оронд айлчлаад буцлаа. Айлчлалын хүрээнд тодорхой гэрээнүүдэд гарын үсэг зурагджээ. Энэ удаагийн айлчлалын талаар ямар бодолтой байгаа вэ?

-Энэ айлчлал дээд хэмжээнийх байсан гэдэг утгаараа үнэхээр л дээд хэмжээний айлчлал боллоо. БНХАУ, Монгол Улс хоёр олон жилийн түүхтэй, тал талдаа улс төр, эдийн засаг, хөршийн харилцааны тал дээр өөрийн гэсэн бодлоготой. Тиймээс уг харилцааны үргэлжлэл болж чадлаа. Гэхдээ энэ бүгдийг шинэ шатанд гаргасан өндөр хэмжээний айлчлал болсон. Өмнө нь Хятадын дарга нар манай оронд айлчилж байсан. Си Жиньпин даргын хувьд монголчууд түүнийг мэддэг. БНХАУ-ын дэд дарга байхдаа 2008 онд Монгол Улсад айлчилсан. Си Жиньпин даргын хэлж буй үгнээс нь анзаарахад монголчуудад итгэл үнэмшилтэй, элгэмсэг хандаж байгааг мэдэрч болно. 

Уг айлчлалын өөр нэг чухал  зүйл нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой боллоо гэж бодож байгаа. Улаанбаатараас дэлхийн болон Азийн түвшинд гадаад бодлогын талаар баримтлах зарчмаа зарлан мэдээллээ гэж бодож байна. Энэ бол маш чухал.

-Үүнийгээ жаахан дэлгэрүүлэн ярихгүй юу?

-БНХАУ гадна тийшээ хэзээ ч түрэмгийлэл хийдэггүй уламжлалт түүхтэй. Бид бүс нутгийн түвшинд ойр зэргэлдээ орнуудыг түнш гэж үздэг. Тэр утгаараа л бид хандах болно. Зөвхөн Монгол гэлтгүй бусад орнуудтай хамтран хөгжих бодлоготой байдаг. Цаашид хамтран ажиллах, сайн хөршийн түншийн байдлаар харилцана гэдгээ хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн. Энэ бол Улаанбаатараас дэлхий нийтэд хандаж хэллээ гэж ойлгоод байгаа. Тэр дундаа Азийн хөрш орнуудын талаарх бодлогоо ний нуугүй ярьчихсан болов уу. Бидний хувьд БНХАУ ямар байгааг мэдэж байж бодлогоо явуулах ёстой. Улаанбаатарын индэр дээрээс хэлсэн зүйлсийг нь бодоод үзэхээр цаашид бид бодлогодоо анхаарч ажиллаж болох юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Монгол орныг хөгжихөд туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Сургалт, боловсон хүчний бэлтгэлжилт, эдийн зас­гийн хамтын ажиллагааг дэлгэрэнгүй авч үзлээ. Манай орны хувьд далайд гарцгүй тул эдийн засгийн бэрхшээлүүд тулгардаг. Ганцхан төмөр замын асуудал нь нэлээд боогдмол байлаа. Үүний тарифыг хөнгөлж гадаад далайд гарахад боломж олгох тухай олон жил бидний зүгээс тавьсан асуудлыг шууд шийдвэрлэсэн. Энэ нь манай орны тээврийн хөгжилд саад болж байсан зүйлсийг цэгцэлчихлээ. Манай хоёр орон хөрш ч гэсэн бие биедээ найрсаг хандаж ирсэн сайн хөршийн харилцаатай явсаар ирсэн. БНХАУ, ОХУ-тай манай улс ямар нэг асуудал байдаггүй гэдэгт би итгэдэг. Хятадтай ямар нэгэн байдлаар асуудалгүй тул бие биенээ дэмжих байдлаар иж бүрэн стратегийн түвшинд харилцаагаа хөгжүүлье гэдэг дээр тохирлоо. Монгол, Хятадын харилцаа бие биенийхээ хөгжил, тусгаар тогтнолд оролцохгүй гэдгээрээ цаашид явна гэдэгт би итгэж байгаа. Монгол Улсын гадаад бодлогын үндэс бол олон тулгуурт гадаад бодлого. Хоёр хөршөөс гадна бусад гадны орнуудтай нөхөрсөг харилцаатай. Тиймээс энэ удаагийн айлчлал ямар нэгэн эргэлзээ төрүүлэх ёсгүй. Нийгмийн дотоод хэрэгт оролцохгүй, та нарын сонгосон замыг хүндэтгэнэ гэж ч зарлалаа. 

Би УИХ-ын дарга болсны дараа БНХАУ-д айлчлахад Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дарга У Бан Го-той уулзахад “Танай орны тусгаар тогтнолыг хүндэтгэнэ. Газар нутгийн чинь бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Танай дотоод хэрэгт оролцохгүй. Танай сонгосон замыг хүндэтгэж байна” гэж хэлж байсан тэр бодлого хэвээрээ байна. Тиймээс уламжлалт харилцаа улам бэхжиж байна гэсэн үг. 

-Саяын айлчлалаар манай оронд хөнгөлөлттэй зээл олгох, боловсон хүчин бэлтгэх, далайд гарах боломжийг нээж өглөө. Харин бид Хятад ямар боломжийг олгов. Тэдний өгсөн зүйлсийн хариуд бид ямар хариу барьсан бол?

-Би энэхүү айлчлалыг сайнаар төсөөлж байна. Айлчлалын үеэр хийгдсэн бүх гэрээ хэлэлцээрийг бүгдийг нь харж амжаагүй л явна. Хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгийг нь сонсож, хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авч байна. Салбар яамдын хүрээнд гэрээ хэлэлцээр хийгдсэн байна лээ. Гэрээ хэлцлийн дүнд аль орон хожих вэ гэдэг зүйлийг хүмүүс бодож байж магадгүй. Гэхдээ аль аль нь хожоотой байх байлгүй дээ. Үүн дээр анхаарах хэрэгтэй зүйлс бий. Манай оронд багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг ярьцгааж байна. Энэ бүгдийг монголчууд зөв ашиглаж чадвал бидэнд ашигтай. Буруу ашиглавал бидэнд хохиролтой. Хийгдсэн гэрээ хэлцлүүдийг бид ажил хэрэг болгож чадах эсэхээс их зүйл шалтгаална. 

Си Жиньпин даргын хэлсэн зүйлс бол том хүрээний асуудал. Манай орны эдийн засгийн аюулгүй байдал нь тодорхойгүй бөгөөд нарийн зүйл байдаг. Тэр түвшиндээ бодож, авч байгаа зүйлээ өөрсдийн төлөх чадамжийн хэмжээнд, хийсэн ажлынхаа үр дүнгээр төлчих боломжтой эсэхийг тооцож явах хэрэгтэй. Түүнээс биш нэг хоёр жилийн дотор эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулчихаад ганц хоёр жилийн дотор эргэлт гаргахын тулд ихээхэн хэмжээний мөнгө аваад зарцуулна гэдэг үүднээс Засгийн газар хандсан бол буруу гэдгийг хэлье. Холын хараатайгаар энэ гэрээ хэлцлүүд хийгдэж чадсан бол, тэгж чадахын бол харилцан ашигтай байх юм. 

-Удахгүй хойд хөршийн төрийн тэргүүн В.Путин манай оронд айлчилна. ОХУ Украины асуудлаас болоод Европын орнуудаас тусгаарлагдмал байдалтай байна. Энэ үед хийгдэж буй уг айлчлалын үр дүн ямар байх бол?

-ОХУ бол яах аргагүй том гүрэн. Орос Европ, Ази аль аль талдаа бодлогоо явуулна. Европын зүгээс шахалт үзүүлэх болсноос Ази тэр дундаа Монголд хандах болж байгаа болов уу гэсэн бодол хүмүүст төрж болох юм. Тийм байж болно. Европын холбооны зүгээс хориг арга хэмжээ аваад эхэлбэл зөвхөн Орос гэлтгүй ямар ч орон өөр улстай харилцаа тогтоох улс төрийн бодлого байлгүй яахав. Орос Европын холбооны хориг арга хэмжээнээс болоод Монголд олон зүйлийг амлаж, хийнэ гэж бодохгүй байна. ОХУ Монгол орон хоёр эртний уламжлалт харилцаатай. Тиймээс Орост бүтээгдэхүүн гаргахад гаалийн татвар өндөр байдаг. Гаалийн татварыг бид буулгах талаар нэлээд ярьдаг ч дорвитой үр дүн гарахгүй байгаа. Хөрш орондоо хэрхэн ханддаг талаар Си Жиньпин дарга харуулах шиг боллоо. Айлчлалын үеэр Орос руу гаргаж буй барааны гаалийн татварыг бууруулах талаар эргэн харах болов уу гэсэн хүлээлттэй байна. Нөгөө талаар эрс тэс уур амьсгалтай оронд таарах зүйлсийг манай улс багагүй хэмжээгээр үйлдвэрлэдэг. Хивс, ноосон хувцас хэрэглэл, ноолууран бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах хүсэлтэй байдаг. Харамсалтай нь сайн бүтээгдэхүүнээ бид гаргаж чаддаггүй. Оросын ард түмний хэрэглэчихээр зүйлсийг энэ орны зах зээлд гаргахад боломж нээгдэх болов уу гэж хараад байгаа. 

Улс төрийн хувьд бидэнд ямар нэгэн асуудал байхгүй. Тиймээс хуучны ах дүүгийн найрамдалт харилцааг идэвхжүүлэх байх. ОХУ-ын талаас төмөр замын тал дээр харилцан тохиролцож ирсэн хэлэлцээрүүд бий. Тэр үргэлжлэх болов уу. Нефть, хийн хоолойг Монголын нутгаар дамжуулвал хамаагүй дөт байх тул энэ асуудал яригдах байх гэж бодож байна. Харин хэрхэн хүлээж авахыг нь таах аргагүй. Монгол Оросын харилцааг амьдрал дээр сайжруулчихъя, харилцан визгүй зорчих манай талын саналыг хүлээгээд авах боломж нээгдэх боломжтой. 

-Хятадын дарга айлчлахдаа өөрсдийн нутгаар нүүрсээ өөр оронд нийлүүлэх боломжийг нээж өглөө. Тэгэхээр нарийн царигтай төмөр зам тавигдах боломж хангалттай бүрдчихлээ…

-Манай үе үеийн Засгийн газруудад таагдашгүй нэг зүйл байдаг. Тэр нь бодлогын хувьд шийдсэн мөртлөө тодорхой асуудлуудыг шийдэж болдоггүй зүйл Засгийн газарт байгаад байдаг юм. Хятадын Засгийн газрын 300 сая долларын зээл тусламжийг өмнөх парламент аваад ашиглачих байтал хоёр гурав дахиж Их хурлаар оруулж ирсэн. Эгийн голын усан цахилгаан станц барихад оруулна гээд нэг болохоор бусад салбаруудад хуваарилъя гээд унасан. Сүүлд нь парламент дээр Засгийн газрыг бараг тулгаж байж “Та нар боль л доо. Зээл тусламжаар өгчихсөн мөнгийг хуваарилаад өгчихье” гэж байхав дээ. Засгийн газар дээрээ шийдчих юмыг чинь тэгж чаддаггүй. Сайдууд нь дотроо хагаралдаад байдаг юм уу, ямар нэгэн сайдын мөнгөн дээр ажиллах эрх ашиг хөндөгдөөд байсан тул болдоггүй байсан юм уу бүү мэд. Ерөнхий сайд нь “Боль. Ийм ийм хөгжлийн зүйлд орууллаа” гээд оруулаад ирэхгүй удсан. Сүүлдээ бид шахаж байж 50 тэрбумыг нь төмөр зам, 50 тэрбумыг босоо тэнхлэгийн зам гэх мэтээр хуваарилсан. Амлаад хэлээд өгчихсөн зүйлийг дөрөв таван жил сунжруулдаг. 

Төмөр замын царигийн асуудлыг 2010 онд аль хэдийнэ ярилцлаад шийдээд өгсөн. Засгийн газар харин маргасаар байсан. Тэр нь ч өнөөдрийг хүртэл явж байна. Чойбалсангаар дамжин Сибирь хүрэх төмөр замыг өргөн царигтай байж болно, бусад замуудыг тухайн үед нь оруулж ирээд асуудлаа шийдээд явчихъя гэсэн. Гэтэл бодлого тодорхойлох гэж тав зургаан жил болчихож байгаа юм. Царигийн маргаан бол шал дэмий маргаан шүү дээ. Гашуунсухайтаас Тавантолгой хүрэх зам нь нарийн царигтай л байна биз. Нарийн царигтай төмөр замаа тавина гэж Засгийн газар хоёр гурван жилийн өмнө шийдэх боломж байсан. Ийм байдлаар манай Засгийн газар дээр асуудал их сонин дүр төрхтэй байсаар байдаг. Энэ бол сонирхлын зөрчлүүдийн мөргөлдөөнөөс болоод байна уу гэж боддог. Хаанахын хэний хөрөнгө оруулалт орох вэ гэдэг дээр манай Засгийн газрын гишүүдийн явцуу сонирхлын үүднээс мөргөлддөг. Төмөр замын бодлогын хүрээнд асуудлаа оруулаад шийдэх боломж нь одоо ч нээлттэй байгаа. 

-Сүүлийн үед Их хурлын дарга З.Энхболдыг Ерөнхий сайд болж, МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын дарга болсноор МАНАН-гийн Засгийн газар байгуулагдана гэх боллоо?

-Засгийн газар байгуулагдаад хоёр жил боллоо. Үлдэж байгаа хугацаа хэр билээ. Тиймээс манайхан Засгийн газарт шунаж орохгүй. Улс төрийн бодлогын талаасаа ч тийм ач холбогдол өгөөд байхаар зүйл биш. Эдийн засгийн үр дүнгийн хувьд сөрөг хүчин эдийн засгаа сайжруулах талын шаардлагаа тавиад ажиллана. МАН, АН үлдсэн хугацаанд хамтарч Засаг барина гэж би бодохгүй байна. Ардчилсан намынхан МАХН, Шударга ёс эвсэлтэйгээ хамтран төрөө үргэлжлүүлэн барина биз. Бидний тавьсан шүүмжлэл, шаардлагыг АН-ынхан авч байгаа бол бидэнтэй хамтран ажиллаж байгаагаас ялгаагүй. Харин хүлээж авахгүй бол хамтарсан ч ач холбогдолгүй. Хамтарсан Засгийн газар байгуулна гэж байхгүй ээ. Ардчилсан нам нэгэнт хийж эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэх хэрэгтэй. Эхнээсээ бидний үгийг авалгүй бодлогын зүйл дээр хэтэрхий өөрсдийнхөөрөө хандаж ирсэн. Үүний үр дүн нь тун тааруу гарч магадгүй. Гэхдээ ажил эцсийн үр дүнгээр л хэмжигддэг. Одоо ямар вэ гэдгээ ард түмэндээ харуулна биз. 

-Танай намын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах ёстой гэдгийг намын генсек мэдэгдсэн. Одоо заавал ээлжит бус чуулган орох шаардлагатай юу?

-Хоёр орны төрийн тэргүүний айлчлалд улс төрчид төдийгүй манай орны иргэд хүртэл маш чухал ач холбогдол өгч байгаа. Түүнчлэн төрийн бодлогын түвшинд аваад үзвэл хоёр хөрштэй харилцах харилцаанд анхаарал тавих шаардлагатай. Манай орны хөгжлийн ирээдүйд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг шийдэх хэмжээний айлчлалын үеэр ээлжит бус чуулган хуралдуул гэдэг шаардлагаа төдий л их тавихгүй байгаа. Энэ нь ч зөв. Харин айлчлалын дараа ажлын чиг тодорхой болоод ирэхээр болох байх. Харин Засгийн газрын ажиллагааны талаар ярих зүйл бий. Өмнөх парламентын үед их мөнгөтэй болсон нь үнэн. 6-7 их наядын төсөвтэй, асар их хөрөнгө оруулалттай, Оюутолгой эхний ээлжээ ашиглалтад оруулчихсан мөнгөлөг байлаа. Бид арай л их мөнгөөр гараа угаачихав уу даа. Баян хүн хөрөнгөө хамаагүй зарвал ядуурдагтай адил улс ч гэсэн ялгаагүй. Валютын ханш өсч, төгрөгийн ханш унангуут мөнгө нь ховх сорогдож иргэдийн амьдрал ахуй мууддаг. Аж ахуй нэгжүүд нь унаад ирэнгүүт өнөө баян цатгалан байдал алга болж байна. Манайхан зөв бодлого баримтлав уу, яагаад ийм сайхан боломжийг бид алдав. Мөн гаднаас бондоор мөнгө зээлээд авчихсан үед үр дүн хэр байна гээд асуудал бий. Энэ мэтчилэн Засгийн газрын үйл ажиллагааг заавал хэлэлцэх шаардлагатай. Эдгээрийг ээлжит бус чуулганаар яриад байх зүйл биш. Ээлжит чуулган дээрээ нухацтай ярилцаж, хандах нь чухал. 

-Эдийн засгийг идэвхжүүлэх ЭЗЭН 100 хөтөлбөрийн талаар та ямар бодолтой яваа вэ?

-Засгийн газраас 100 хоногийн хугацаанд эдийн засгийг сайжруулах талаар ажиллаж улсын эдийн засаг, нэг салбарын ажлыг сайжруулна гэж байхгүй л дээ. “ЭЗЭН 100” хөтөлбөрийн үр дүнд 120 гаруй сум ойгоо тэмдэглэж өнгөрөх шив. Үнэхээр л эдийн засгаа сэргээе гэж байсан юм бол тэр олон сумын ойг тэмдэглүүлэх шаардлага байсан ч юм уу. Аймгуудын Засаг дарга нарыг нь ханцуй шамлан ажилдаа оруулах байсан юм. Даанч тэгсэнгүй. 

Мэдээж энэ зуны турш Засгийн газар их, бага хэмжээгээр ажилласан болохоор үр дүн байгаа л байх. Түүнээс 100 хоногт эдийн засгийг сэргээнэ гэж байхгүй. Засгийн газрын зүгээс “ЭЗЭН 100” хөтөлбөр гэж зарлангуут түүнд нь хөөрцөглөж, итгэл үнэмшил болгож манайхан ярих юм. Энэ хугацаанд явцын ажлын үр дүн л гарна. Ингэж байхаар хоёр, гурав дахь 100 хоногийн аяныг зарлавал яасан юм. Харин 300 хоног ажилласны дараа ямар үр дүн гарав гэдгийг харах боломжтой. Валютын ханш нэмэгдэж, төгрөгийн ханш энэ хэмжээндээ тогтох байдал ажиглагдаж байна. Монголбанк интервенци хийж байгаа ч гэсэн валютын нөөц дуусахаар яах вэ гэдэг асуудал тулгарна. Өмнө нь бодлогын хүүг бууруулсан байснаа одоо буцаагаад нэмж эхэллээ. 

-Валют орж ирэх найдвар байна уу?

-Хятадын хөрөнгө оруулалтад л ихээхэн найдвар тавьж байх шиг байна. Тэр нь 100 хоногийн ажлын үр дүнд нөлөөлөхгүй биз дээ. Харин цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой. Тиймээс би л хувьдаа 100 хоногоос үр дүн хүлээхгүй байгаа. “100 хоногийн дотор гайхалтай үр дүнд хүрнэ гэж байхгүй” гэдгийг анхнаас нь л хэллээ. Энэ яахав ээ хүмүүсийн анхаарлыг л хэсэг татах гэсэн зүйл байсан юм. Монголчууд түрхэн зуур хүний анхаарал хандах зүйлд ихээхэн ач холбогдол өгч хошуурах юм даа. 

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *