Олон улс судлалын дээд сургуулийн захирал, философийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэвтэй ярилцлаа.
-Дэлхий нийтээрээ философийн ухааныг хүний нийгмийн оюуны соёлын нэгэн чухал хэсэг гэж үздэг. Ер нь хүн төрөлхтөн философийг ямар шаардлагаар, хэзээнээс судалж эхэлсэн юм бэ?
-Философийн ухаан бол хүний оюуны соёлын чухал хэсэг.
Хүмүүсийн амьдралд ихээхэн хэрэгтэй зүйл гэж үздэг. Тийм ч учраас соёлт хүн төрөлхтний боловсролын тогтолцоонд заавал философийн ухааныг багтааж, заавал судалж байдаг.
Ер нь хүмүүсийн амьдрал ахуй сайжраад, анхдагч хэрэгцээгээ түвэггүй хангаад ирэхтэйгээ зэрэг урлаг, утга зохиол, философи, шинжлэх ухаанаар оролдож, сонирхож, тэдгээрийг бүтээлцээд эхэлдэг.
Амьдралын анхдагч хэрэгцээ хангалтгүй, өлсөж, өвдөж зовоод, гачигдаад ирэхээрээ шашин шүтлэг, бишрэл, бөө удгануудыг эрж хайгаад эхэлдэг. Харин хүн амьдралдаа зовох, гачигдах дутагдах юмгүй болоод ирэхээрээ эргээд ертөнцийн тухай, амьдралын утга учрын тухай теологи (шашны онол), философи, моралийн тухай бясалгаж эхэлдэг юм.
Монголчуудад ч ийм зүйл тохиолдож байсан, одоо ч тохиолдож байгаа. Бусад соёлт үндэстнүүдийн адил монголчууд философи (гүн ухаан)-ийн үүднээс аливаа зүйлийг лавтайяа 2,000 гаруй жилийн өмнөөс бодож сэтгэж ирсэн байдаг.
-1500 он хүртэл Монголд буддын философи хүчтэй ноёрхож байсан. Түүнээс хойш ямар философийн урсгалууд гарсан юм бэ?
-Энэ тухай би “Монголын философийн товч түүх” номдоо авч үзсэн байгаа.
Энэ ном Орос, Япон хэл дээр, мөн Өмнөд Монголд “Гадаадын монголч эрдэмтдийн бүтээлийн чуулган” гэдэг 50 боть номын 14 дүгээр боть болж уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн.
Харин Монголын ламайзмын философи бол нэлээд хожуу үеийн үзэгдэл юм. Юань гүрэн байгуулагдаж, шарын шашныг албан ёсны шашнаа болгосон.
Шашин гэдэг дотроо үзэл сурталтай байдаг. Шарын шашны үзэл суртал нь буддын философид суурилдаг. Үүнийг лам нар эрхэлдэг.
Монгол 1260-аад онд Сажава буюу Сажийн урсгалыг нь хүлээж авсан. Ингээд буддын философи Монголд эрчимтэй дэлгэрээд 1500 оны дунд үеэс Төвөдийн Гэлэгваагийн шарын шашныг хүлээж авсан.
Энэ шарын шашны буддист философи Монголд 1500-гаад оны дунд үеэс 1930-аад оны дунд үе хүртэл ноёрхож байлаа. Энэ үе 1937 онд олон зуун лам нарыг буудсанаар дууссан билээ. Гэхдээ монголчуудын тархинд шарын шашны үзэл санаа нь одоо хүртэл байдаг.
Жаргал, зовлонгийн асуудал нь буддын философийн дотор чухал байр суурь эзэлдэг л дээ.
Өөрөөр хэлбэл, буддын философи, түүний дотор байгаа ламайзмын шашны философи бол энэ ертөнцийн амьдрал бүхэлдээ зовлон гэж үздэг. Тэгэхээр шарын шашин бол энэ зовлонгоос хүнийг ангижруулах философитой юм.
-1990 оноос хойш Монголд философийн хөгжил хэрхэн явагдаж байна вэ?
-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монголын философийн шинэ үе эхэлсэн. Энэ шинэ үеийн онцлог бол олон ургалч үзэл санаа. Янз бүрийн философийн үзэл санааг хөгжүүлж болно.
Энэ үеэс Монголын философийн хэрэглээ муудсанаас биш философийн ухаан үргэлжлээд хөгжиж байгаа. 1990 оноос хойш Их, дээд болон дунд сургуулийн ахлах ангид философийг нэг их дэлгэрэнгүй үзэхээ больчихсон.
Түүнээс болоод философи гэх мэргэжлийн талаарх нийгмийн ойлголт их суларчээ. Аливаа мэргэжил нийгмийн амьдралд хэрэг болж, мэргэжил эзэмшсэн хүмүүс тэр мэргэжлээрээ ажилладаг.
Өдгөө Их, дээд сургуулийн бакалаврын зэргийн сургалтад ерөнхий философи заадаг. Монгол Улсын их сургуульд философийн анги бий. Тэнд жилдээ хориод хүүхэд сурдаг.
Төгсөөд янз бүрийн ажилд очдог л доо. Монголд Шинжлэх Ухааны академид Философийн хүрээлэнд гуч орчим хүн ажилладаг.
1990 оноос өмнө Монголд Марксист философийн урсгал ноёрхож байсан бөгөөд үзэл суртлын их үүрэгтэй байсан. Тэр үеийн философичдод ажлын байр олон байсан л даа.
-Бусад орнууд философийн хэрэглээ, хөгжилдөө ихээхэн анхаардаг. Гэтэл манай Их, дээд сургуульд философийн хичээл гурван кредитээр л орж байна. Ер нь философийг мэргэжилтэй нь холбож эзэмшүүлэх нь зүйтэй гэдэг шүү дээ?
-Америкт прагматик, Англид эмпирик, Францад рационал, Германд спекулятив, Энэтхэгт спиртуалист, Хятадад моралист философи илүү их ноёрхож байсан юм.
Гэхдээ бид философийн хэрэглээг бий болгох тал дээр анхаарч чадахгүй л байна. Анхааралтай харвал Улсын Их Хурлын Чуулган дээр үг хэлж байгаа гишүүд хуулийн философи гэж их ярьдаг.
Гэхдээ энэ нь чухам философийг ойлгоод байгаа юм биш л дээ. Философийн зөв хэрэглээгээ олж тодруулж чадахгүй байна. Гэхдээ яваандаа болох байх л даа.
Одоо бол манайд барууны философи дэлгэрч байгаа. Философийн мэргэжлийн ангид дэлхийн философийн бүх урсгалуудыг үздэг. Ер нь ямар ч салбарын онолын асуудлууд философийн үүднээс тайлбарлагддаг.
Манайд тэр систем нь тасарчихаад байна. Сэтгүүлчийн мэргэжил дээр гэхэд сэтгүүл зүйн философийн маш олон асуудлуудыг гаргаж, ярьж, судлах хэрэгтэй байна шүү дээ.
Даанч чадахгүй мартагдаад өнгөрч байна.
-Бид ямар философиор явбал аз жаргалтай, амар амгалан амьдрах вэ?
-Хүний аз жаргал гэдэг их түвэгтэй асуудал. Үүнийг энгийн үгээр “Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов” гэвэл илүү их ойлгоно байх.
Хүн өөрийн жаргал зовлонг өөрсдийнхөөрөө л ойлгодог. Хоол хувцас бүх зүйл нь бэлэн байгаа ч гэсэн энэ бүхэн хүн болгонд жаргал болдоггүй.
Зарим хүмүүс аз жаргалтай болгох зүйлээ эрж хайдаг шүү дээ. Гэхдээ “эрх чөлөө гэдэг бол аз жаргалын зайлшгүй чухал нөхцөл”. Энэ утгаараа залуу үе маань эрх чөлөөтэй, хийе бүтээе гэснээ хэрэгжүүлж чадах сайхан нийгэмд амьдарч байна.
Тэр эрх чөлөөний үндсэн дээр хүний эрхийг хүлээн зөвшөөрдөг нийгэмд бид амьдарч байна шүү дээ.
1990 оноос өмнө хүний эрхийг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Зарим хүн бол хүний эрхэнд амьдрах дуртай.
Тэрнийг хий, энийг ид гэхийг хийгээд үүнийгээ жаргал гэж боддог хүмүүс байна. Тийм хүмүүст одоогийн нийгэм бол таалагдахгүй.
Одоогийн нийгэм бол хийх юмаа өөрөө олоод, өөрөө бүтээгээд, өөрөө хариуцлагаа хүлээ гэдэг нийгэм. Тэгэхээр зарим хүнд энэ нь зовлон юм шиг санагдаж магадгүй.
-Коронавирусийн цар тахал гарснаар хүн төрөлхтөн томоохон сорилттой тулгарч байна гэж та ярилцлагынхаа өмнө хэлсэн. Ер нь эртний монголчууд ийм тахал өвчин гарахад хэрхэн сэргийлдэг байсан юм бол?
-Ийм тахал хүн төрөлхтний түүхэнд олон тохиолдож байсан. Бидний бие организм чинь өөрийгөө авч явах эсэргүүцлийн системтэй шүү дээ. Тэр системээ тордож байх нь зүйтэй. Мөн өөдрөг сэтгэлтэй байх хэрэгтэй.
Монголчууд бусад улсыг бодоход өөр амьдралтай үндэстэн. Тэр нь тэдний нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг уламжлалт аж ахуй иргэншлийн онцлогт нь байдаг юм.
Тэрнээс харин “тэнгэр заяат” гэх мэт иррационал сэтгэлгээ, мистик ухаан санаанд байдаг юм биш ээ.
Одоо л бид хотжоод энэ өвчний үед аюултай нөхцөл байдалд орж байна. Түүнээс биш уулын аманд тархаад нутаглачихдаг байсан. Тарж байрладаг учраас тахал гарсан ч үндэстнийг хамарч чадахгүй.
Харин одоо Улаанбаатар хотод хүн амын тал нь байна. Тэгэхээр эрсдэл өндөртэй л дөө.
-Танаас зовлон гэж чухам юу болох тухай асуумаар байна. Цар тахлын энэ хүнд хэцүү үе бидний хувьд зовлон мөн үү?
-Зовлон жаргал бол философийн янз бүрийн урсгалд судлагддаг асуудал. Гэхдээ хүний амьдралыг бүхэлд нь зовлон гэж үздэггүй. Харин шарын шашин буюу буддын философи бол зовлон гэж үздэг.
Тийм учраас бид одоогийн амьдралыг зовлон жаргал гэж ярихад нэлээн харьцангуй асуудал болж байна.
Ер нь зовлон гэдэг бол харьцангуй зүйл. Хайртай охин нь тоохгүй бол зовно шүү дээ. Гэхдээ энэ бол угтаа зовлон биш.
Хүнд хүчир ажил хийгээд ядрах нь биеийн зовлон биз. Гэхдээ энэ бол туулаад л гарах зүйл. Зовлон гэдэг бол гүн утгаараа эрх чөлөөгүй хүнийг л хэлнэ.
Мөнгө дутаж болно. Гэхдээ хүний амьдралд олж болох хамгийн амархан зүйл бол мөнгө. Олоход хамгийн хэцүү зүйл бол хүний эрх, эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээ.
Чөлөөт сэтгэлгээ маань төр засаг, эрх мэдлээс хамаардаг шүү дээ.
-Нүүдэлчид хот сууринд амьдраад эхлэхээр жаргал, зовлонгийн цензур өөрчлөгдөх байх?
-Амьдралын хэв маяг өөрчлөгдөөд эхлэхээр хүний хүсэл тэмүүлэл өөрчлөгддөг.
Нүүдэлчдийн амьдралын хэв маягт сайн, муу талууд бий. Бид суурин соёл иргэншлийн үед олсон шинжлэх ухаан технологийн ололтыг нүүдлийн соёл иргэншилдээ нэвтрүүлж л амьдарч байна шүү дээ. Энд нэг их зовоод байх юм байхгүй.
Хүн гэдэг өөрийнхөө жаргалыг өөрөө л сонгох эрхтэй. Асуудал тэнд л байгаа.
Хүн сонголтоо өөрөө хийгээд гарах хариуцлагаа хуулийн хүрээнд үүрнэ гэдэг зүйл л бий.
1990 оноос өмнө хөдөө орон нутагт телевиз үзэж болдоггүй байсан бол одоо болно. Тэр үед технологи байсан. Сансрын хөлөг хөөргөж байсан.
Яагаад болохгүй байсан юм бэ гэвэл Англи, Америк гээд гаднын сувгийг чөлөөтэй хүлээгээд авчих болохоор үзэл суртлын зорилгоор хориглодог байсан.
1990 оны дараахан монгол хүмүүс Англи, Америк гээд барууны оронд очоод хүний төлөө нийгэм гэдэг чинь капиталист нийгэм юм байна шүү дээ гэж ярьж байсан. Яагаад гэхээр тэнд бүх зүйлийг хүний төлөө хийж байна. Хүнд зориулж бизнесээ хийж байгаа шүү дээ.
Дээхнэ үед би америкчуудад хэлмэрч хийгээд Оросын УАЗ-469 машинаар хөдөө явлаа л даа.
Тэгсэн нэг америк нь “Энэ УАЗ-469 сайн машин юм. Гэхдээ энд нэг дутагдал байна” гэв.
Ямар дутагдал байна вэ гэхэд “Энэ машиныг хийхдээ оросууд хүн сууж явна гэж бодож хийгээгүй байна” гэсэн. Тэр машинд аудио, видео, агааржуулалт, хөргөгч халаагч гээд хүн тааваараа зорчин явах хангамж байхгүй байлаа.
Түүнийг нь хүн сууж явна гэж бодолгүй хийсэн байна гэсэн юм даг.
С.ЛХАМСҮРЭН