Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институцийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.
-Нүүрсний үнийн уналт үргэлжилсээр байна. “Эрдэнэс Таван толгой”-гоос бусад ньборлуулалтаа бараг зогсоосон. Үүнд гадаад зах зээлээс өөр нөлөөлөл бий юу, жишээ нь биднээс шалтгаалах гэм…?
-Нүүрсний зах зээл уналтын хувьд доод цэгтээ хүрчихлээ л дээ. Үүнээс доошлох боломж байхгүй. Ихэнх уурхай зогсонги байдалд орсонд биднээс шалтгаалах, шалтгаалахгүй аль аль талын нөлөө байна. Нэгдүгээрт Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт бага байгаа учраас үнэ нь унасан. Биднээс нөлөөлсөн шалтгаан ч бий. Нүүрсний өрсөлдөх чадвар гэж алга. Өртөг зардал өндөр, тээврийн систем нь гажуудалтай. Зөвхөн авто тээврээр тээдэг. Авто тээвэр нь шороон замаар явдаг. Байгальд сөрөг нөлөөтэй. Үүнээс болж нүүрсний тээвэр зогсонги байдалд орчихлоо. Хятадын зах зээл дээр Австралиас гаднаЗүүн өмнөд Азийн орнууд болох Филлипин, Индонези, Вьетнам далайгаар нүүрс нийлүүлдэг. Далайн тээвэр авто тээврээс олон дахин хямд өртөгтэй учраас тэдэнтэй өрсөлдөхөд хэцүү. Гэхдээ ямар зүйл хоёр талтай. Бидэнд далайд гарцгүй, үнэтэй тээврийн системтэй зэрэг муу тал байгаа ч Хятадтай асар өргөн уудам нутгаар хил залгаагэсэн давуу тал бий. Ялангуяа Хятадын хойд нутгуудад нүүрсээ экспортолж борлуулах бололцоотой. Коксжих нүүрс авдаг Хятадын төмөрлөгийн үйлдвэрүүдийн тодорхой хэсэг нь хойд талдаа бий. Тэгэхээр бидэнтэй ойр зах зээлд эрэлт хэрэгцээ байгаа гэсэн үг. Зөвхөн энэ хэсгээ хангаад явахад болохгүй юмгүй. Ер нь манай нүүрсийг урд хөршийнхөн урагшаа,далайн эрэгхавийн үйлдвэрүүд рүүгээ зөөж хэрэглэдэг л дээ. Хятад бол нүүрсээ нийлүүлдэг гол зах зээл маань. Энэ зах зээлийн өрсөлдөөнд улсаа гол тоглогч болгох тал дээр төрийн бодлогоор анхаарсан зүйл алга. Наад захын жишээ гэхэд төмөр замгүй учраас л нүүрсний зах зээл дээр өрсөлдөж чадахгүй байна гэж өчнөөн жил ярьсан хэрнээ өнөөдрийг хүртэл төмөр замаа шийдээгүй байна.
-Таван толгойн хэлэлцээрт оролцсон “Шинхуа” мөнгөө гаргаад төмөр зам бариад өгье гэж дуугарсан. Манайд бол боломжийн санал шиг санагдсан?
-Улстөрчид Таван толгойг улстөржүүлээд алийг нь алдуулж байна л даа. Миний ойлгож байгаагаар хоёр тал болчихоод үзээд байх шиг байна. Аль алинд нь харууштай, үзүүштэй, бодмоор зүйл байгаа юм. Миний хувьд яг бодит амьдрал дээр энэ асуудлыг яавал дээр вэ гэдэг дээр мэргэжлийн хүний хувьд саналаа хэлье. Нэг хэсэг нь Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” хоёртой хамтраад Таван толгой дээр ажиллая гэж байна.
Амьдралд нэлээд бодитой буухаар боломжийн хувилбар. Гэтэл нөгөө тал нь Хятадын компанид өгөх шаардлагагүй, монголчууд чадна гэж байгаа. Яг олборлолт, ашиглалтын хувьд, техник, технологийн тухайд гэж яривал боломжтой. Монголчууд дангаараа олборлож чадна. “Шинхуа”-тай хамтардгийн учир нь нүүрсний борлуулалт байгаа юм. Дангаараа олборлочихоод нүүрсээ хэнд борлуулах вэ гэхээр асуудал хүндэрдэг.Цаашид дангаараа олборлож, борлуулаад явна гэвэл нэг бол авахгүй, эсвэл үнээ буулга гэсэн хэцүү байдал үргэлжилнэ. Өнөөдөр тийм байгаа шүү дээ. Бодит байдал ийм учраас хэсэг улснь “Шинхуа”-тай хамтрахаас аргагүй гээд байгаа юм.Нүүрсийг олборлох тийм хэцүү биш. Тэр дундаа Таван толгой шиг уул геологийн нөхцөл нь сайхан тогтоцтой орд дээр захын уулын инженер хүн ажиллах боломжтой. Нүүрсээ яаж борлуулах вэ гэдэгасуудал нүүрсний олборлолт, экспортын асуудлын 50 хувь нь. Энэ 50 хувь дээр хүссэн ч эс хүссэн ч гол зах зээл болсон Хятадын том компанитай хамтрахаас аргагүй.
-“Сумитомо” ямар хэрэгтэй юм гэх улс ч байна?
-“Сумитомо” их хэрэгтэй. Эхний ээлжинд Хятадын зах зээл дээр гарч нүүрсээ борлуулах асуудал чухал байгаа. Цаашдаа дэлхийн зах зээл дээр, гуравдагч орон руу нүүрсээ экспортолж таарна. Солонгос, Японы зах зээлд гарахад“Сумитомо”-гийн оролцоо зайлшгүй хэрэгтэй. Ийм шалтгаанаар хамтаръя гээд байгаа юм. Ашиг орлого хуваах гэдэгтээ бус, нүүрсээ гадагшаа гаргахын тулд хүссэн хүсээгүй эдэнтэй холбогдохгүй, хамтрахгүй бол ажил явахгүй гэдгийг бодит байдал харуулж байна.“Чинхуа”-тай хамтардаг “МАК” компанийн нүүрснийэкспортхүртэл явахгүй байна шүү дээ.
-“Шинхуа”-тай хамтарснаар бидэнд яг ямар давуу тал үүсэх вэ?
-“Шинхуа”-гийн хувьд өөрийн гэсэн төмөр замтай гэсэн том давуу тал бий. Хятаддаа нүүрс олборлолтоор номер нэг компани. Дэлхийд гэж яригдана. “Шинхуа”-г Монголд ирж алт, жоншин дээр ажилладаг, майханд шахуу амьдраад явдаг Хятадын жижиг компаниуд шиг төсөөлөх аргагүй. “Шинхуа” бол дэлхийд танигдсан, олон улсын хэмжээнд нэр хүндтэй, компанийн засаглалаараа дээгүүрт ордог том компани. Ийм том компанитай хамтрах нь аль ч талаас нь бодсон зөв шийдэл. Монголын уул уурхайн салбар 90 гаруй жил болж байгаа ч сүүлийн 20 жилийн дотор л олон улсын жишиг рүү ойртлоо. Аюулгүй ажиллагаа, ил тод байдал, орчин үеийн техник технологи энэ хугацаанд л гарч ирсэн. Уул уурхайн салбартаа гадны хөрөнгө оруулалтыг татсан учраас ийм дэвшил гарсан хэрэг. Дэлхийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татсан нь онцгой нөлөө үзүүлсэн. “Оюу толгой” компани менежмэнт, зохион байгуулалт, хөдөлмөрийн сахилга бат гээд бүх зүйлээрээ үлгэр болж байна. Том компани том төсөл хэрэгжүүлээд эхлэхээр туслан гүйцэтгэх үйл ажиллагаа гэж том өгөөж гарч ирдэг. Оюу толгой төсөлд гэхэд л Монголын өчнөөн компани оролцож, санхүүжилт авч ажиллаж байна. Өчнөөн мянган хүн ажлын байртай болж байна. Ийм өгөөжцаашдаа Таван толгой төсөл дээр ч гарч ирнэ. Хамгийн гол нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компаниудтай хамтарч, энэ төслийг дэлхийн стандартаар хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Ер нь Таван толгойг Монголд ашигтай төсөл байлгахын тулд яах ёстой гэж та боддог вэ. Мэргэжлийн хүний хувьд санал болгохоор тодорхой шийдлүүд бий байх?
-Техник технологийн хувьд хэлэх санал бий. Таван толгойн орд дээр тасралтгүй циклийн ажиллагаагаар явдаг том экскаватор авчирч ажиллуулаасай гэж боддог. Монголоор бол олон шанагат экскаватор л даа. Герман нүүрсээр тэргүүлж байх үедээ ийм техникийг олноор нь ашигладаг байсан юм. Мундаг гэдэг нь нотлогдсон эд. Таван толгой шиг тэгш тал газарт ямар ч асуудалгүй ажиллана.
-Ийм экскаватор ажиллуулбал одоо ажиллаж байгаадизелиэр ажилладаг техникүүд халагдаж таарна. Таны яриад байгаа техник юугаар ажиллах вэ?
-Цахилгаанаар ажиллана. Зардал эрс багасна гэсэн үг. Таван толгойг хамгийн бага зардлаар үр ашигтай ажиллуулах боломж. Гэхдээ ингэхийн тулдтэнд эрчим хүчний эх үүсвэр байх ёстой. Таван толгойн цахилгаан станц гэж өчнөөн ярьдаг хэрнээбодитой ажил хийгдэлгүй өдий хүрлээ. Хамгийн түрүүнд цахилгаан станц барих хэрэгтэй. Нүүрс нь хаяандаа, дэргэд нь шахуу Оюу толгой гэж бэлэн зах зээл, эрэлт нь байна. Оюу толгой жилдээ сая КВт/цаг эрчим хүч хэрэглэдэг. Хятадаас авч байгаа энэ эрчим хүчийг өөрсдөө үйлдвэрлээд борлуулах боломж бидэнд бий.
-Таван толгойн нүүрсний талаас илүү хувь нь эрчим хүчнийх гэдэг байх аа. Одоо бол ямар ч үнэгүй эд байна?
-Жаран хувь нь эрчим хүчнийх гэдэг. Жаран хувийг нь эзэлж байгаа эрчим хүчний нүүрсээ ингээд овоолоод л байх уу гэдгээ бодох цаг ирсэн. Нүүрсийг удаан хугацаанд овоолоод байвал шатдаг. Өөрийн шаталт гэж явагддаг юм. Хэнд ч хэрэггүй нүүрс болно гэсэн үг. Коксжих нүүрсээ экспортолно гэхээс илүү эрчим хүчний нүүрсээ яаж мөнгө болгохоо бодох ёстой. Цахилгаан станцтай болчихвол Таван толгойн эрчим хүчний нүүрс мөнгө болж эхэлнэ. Эрчим хүчний эх үүсвэртэй болбол олон шанагат экскаватор ажиллуулахбололцоо гарч ирнэ. Олон шанагат экскаватортой болчихвол нүүрс зөөдөг тээврийн систем нь тасралтгүй ажиллах ёстой.
-Таны яриад байгаа экскаватор тасралтгүй ажилладаг техник үү?
-Тэгнэ. Дээд талд нь хөрс хуулалтын ажил явагдана. Доод талд нь шууд олборлолт хийгдэнэ. Тэгээд эцсийн шатандаа конвероор дамжиж вагонд ачигдана. Герман, Польш нүүрсний уурхай ихтэй. Тэнд дандаа ийм экскаватор ашигладаг. Олон машин хөлхөхгүй, тоос шороо гэсэн ойлголт байхгүй. Бүхэл бүтэн нүүрсний том үйлдвэрлэл явагддаг гээд ойлгочихож болно. Техникийн ийм шинэчлэл хийхээр их хэмжээний нүүрс тасралтгүй тээвэрлэх хэрэг гарч таарна. Ингээд бодохоор төмөр замын тээвэр гарцаагүй хэрэгтэй болчихож байгаа юм. Төр нарийн царигийн төмөр зам барих ёстой гэсэн шийдвэр гаргачихсан. Одоо ажлаа явуулмаар байна. Төмөр зам барих байгууллагаа цаг алдахгүй сонгох хэрэгтэй. Хятадуудаар хийлгэхгүй, Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам хийнэ гэж маргаж цаг авах шаардлагагүй. Цаг алдалгүй аль нэгээр нь хийлгэмээр байгаа юм. Төмөр замтай болчихвол жилд Таван толгойгоос 30-50 сая тонн нүүрс гаргах боломжтой. Төмөр зам, олон шанагат экскаватор гэсэн хослолыг хийж чадвалмонгол нүүрсний өөрийн өртөг эрс буурна. Өрсөлдөх чадвар маань тэр хэрээр дээшилнэ гэсэн үг.
-Нүүрсний салбарынхан дэлхийн зах зээл дээр өрсөлдөгчидтэйгөө цэвэр дүрмээр тоглож байгаа ганц нь“Энержи ресурс” гэж ярьдаг. “Сумитомо”, “Шинхуа”, “Энержи ресурс” бол хамгийн зөв хослол гэсэн байр суурьтай та санал нэгдэх үү?
-“Энержи ресурс”-ыг муу хэлэх аргагүй. Хувийн хэвшлийн уурхайнууд төрийн өмчтэй компаниудаас хавьгүй илүү гэдэг нь тодорхой. Маш олон зүйлээр илүү. Өртөгзардал хэмнэж байгаагаас эхлээд маневр, мэдрэмж, хурд гээд бүх л талаараа төрийн өмчийн компанийг дагуулахгүй. Төрийн өмчийн компанид нэг том зовлон бий. Манайх шиг аж ахуй, эдийн засаг руугаа улс төр нь хутгалддаг оронд ийм компани ашигтай ажиллахад хэцүү. Компанийн захирал нь гэхэд л эрх барьсан аль нэг нам нь сонгож томилдог учраас тогтворгүй. Нэг нөхөр томилогдоод ажилдаа зүгшрээд явж байтал дараагийн сонгууль болж солигддог. Байнгын халаа сэлгээтэй, энэний хүн, тэрний хүн гэж хөлөө жийлцсэн нөхцөлд хамт олон яаж бүрдэх вэ дээ. Менежмэнт нь сайн байх аргагүй. Хувийн компани менежмэнтийг нь аваад явбал ядаж л улс төрийн оролцоо багасна. Таван толгойн орд дээр хоёр уурхай ажиллаад нэлээд хэдэн жил болчихлоо. “Энержи ресурс” компанийн уурхай цахилгаан станц, баяжуулах үйлдвэрээ барьчихсан. Засмал замаа тавьчихсан. Ажилчдын орон сууц, сургууль гээд нийгмийн дэд бүтцээ ч хангалттай хэмжээнд шийдсэн. Гэтэл дэргэд нь ажилладаг “Эрдэнэс Таван толгой”-дбаяжуулах үйлдвэр, засмал зам аль аль нь байхгүй. Ялгааг нь ингээд харчихаж болно. Тийм учраас Таван толгойн менежмэнтийг хувийн хэвшилд шилжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Төрийнхөөр байлгана гэж зүтгэвэл улс төр огт оролцохгүй бүтэц, зохион байгуулалтыг хийж өгөх хэрэгтэй.
– УИХ Таван толгойн асуудлыг шийдэхгүйгээр сонгууль хүргэчихвэл яах бол, нүүрсний зах зээлд учрах эрсдлийг нь та юу гэж харж байна?
-Нүүрсний салбарт экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын ажил нам зогсоно. Манай бусад компаниудын нүүрсийг авахыг хориглож мэдэх эрсдэл байгаа. Учир нь “Шинхуа” энэ хэмжээний нөлөө үзүүлж чадахаар том компани. Тэгэхээр нүүрсний гол зах зээл болсон улсынхаа том компанитай ингэж харьцана гэдэг зөв биш. Маш том алдаа хийж байгаа хэрэг л дээ. Бусад хөрөнгө оруулагчдад“Монгол найдваргүй, Рио, Шинхуа хоёрыг хавьтуулахгүй байгаа улстай мань яаж харилцах вэ” гэсэн буруу дохио өгчихөж байгаа юм.
Ц.Баасансүрэн