Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: Би дарамтлуулаад байх хүн биш

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очиртой ярилцлаа.


-Та Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Гэсэн ч таны оронд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо. Ажлын хэсгийн ахлагчаас болих ямар шалтгаан танд гарсан юм бэ. Ажлын хэсгийн дүгнэлтийг маш олон хүн хүлээж байгаа л даа…

-Эдийн засгийн байнгын хорооны шугамаар эдийн засгийн олон улсын хэд хэдэн форумд 10 гаруй хоног яваад ирлээ. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, манай орны эдийн засгийн нөхцөл сайжирч байгаа. Тиймээс хөрөнгө оруулалт хийх боломж нээгдсэн шүү, бид хариуцлагатай байна, дунд хугацаандаа эдийн засгаа тэлээд аваад явна гэдгийг тайлбарлаж, ярьж, хэлэлцэж байгаад ирсэн. Монгол Улс урт хугацааны бага хүүтэй хөнгөлөлттэй зээл авч байгаа, Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг эс тооцвол бараг манай улсад орж байгаа хөрөнгө оруулалт алга. ОУВС-гийн хөтөлбөрийн шугамаар орж ирж байгаа хөрөнгө оруулалтууд Монголбанкин дээр валютын ханшийг барих, эдийн засгийг тогтворжуулах үүднээс орж ирж байна. Тэр утгаараа хөрөнгө оруулалт манай улсад зайлшгүй шаардлагатай. Цаашид Оюу толгойг шалгах ажлын хэсэг ажилладгаараа ажиллана. Ажлын хэсгийн дүгнэлт Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар ороод явна.

-Таныг дарамт, шахалтаас болоод ажлын хэсгийн ахлагчаас татгалзсан гэдэг зүйл яригдаад байна. Хаанаа ямар дарамт, шахалт ирээд байгаа юм бэ?

-Намайг дарамталсан зүйл байхгүй. Одоо болон өмнө ч гэсэн зарим хүмүүс шиг би шийдвэр гаргах түвшинд ажиллаагүй. Би сайд хийж, Оюу толгойн гэрээ хийхэд нь оролцож байсан биш. Эдийн засгийн байнгын хорооны дарга л хийж байгаа болохоос өмнө нь ямар нэгэн дарга, сайд хийж байсангүй. Жирийн гишүүн, бизнес эрхэлж байснаас төрд ажиллаж байгаагүй болохоор хүмүүсийн барьцаанд орж янз бүрийн асуудалд хутгалдаж байгаагүй. Тиймээс намайг дарамталж чадахгүй. Намайг дарамтлаад байх шалтгаан ч байхгүй. Би дарамтлуулаад байх хүн биш.

-Таныг гишүүн болохоосоо өмнө Оюу толгой компанитай бизнесийн харилцаатай байсан гээд байгаа. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүсч байна гээд ажлын хэсгийг болиулсан юм биш үү?

-Тийм зүйл байхгүй. Оюу толгойг шалгах ажлын хэсгийг өдөр бүр удирдлагаар хангах зайлшгүй шаардлагатай. Шалгалтууд явагдаж байгаа учраас нүсэр их ажилтай байгаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчилна. Би уг айлчлалд явах бодолтой байгаа юм. Ойрын хэд хоногт нэлээд хэдэн газар томилолттой байгаа тул ажлын хэсгийн ажил цалгардах гээд байна л даа. Тиймээс ажлын шаардлагаар би ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлөгдсөн.

-Та олон улсын эдийн засгийн форумд оролцоод ирсэн гэсэн. Гадныхан Монголыг ямар нүдээр харж байна вэ. Монголд хөрөнгө оруулах итгэл байна уу?

-Монгол Улсад итгэх итгэл амаргүй байна. Монголд хөрөнгө оруулсан компаниудын үйл ажиллагааг ажиглаж байна лээ. Хоёрдугаарт, Монгол Улсын төрийн тогтвортой байдлыг харж байх шиг байсан. Түүнчлэн төр нь бодлогоор бизнесийг хэр дэмжих вэ гэдгийг анхааралтай харж байгаа юм билээ. Одоохондоо манайд хөрөнгө оруулахад амаргүй байгаа ч уул уурхайд хөрөнгө оруулъя гэсэн хүмүүс байна. Бид томоохон компаниудын төлөөлөлтэй уулзсан. Манайх ярьж, тохирсон зүйлсээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид сайхан зүйл ярьж, итгэл төрүүлчихээд яваад өгч болохгүй. Тиймээс яам толгойлж байгаа сайд нараасаа эхлээд амласан зүйлсээ хэрэгжүүлэх цаг болсон. Олон улсын хөрөнгийн бирж дээр том төслүүдээр хөрөнгө босгоход тусалъя, тэр чиглэлд “Goldman Sachs” банк, “Deutsche Bank”-аас эхлээд олон газрууд ярьж байна. Хонгконгийн хөрөнгийн бирж дээр монголчууд хөрөнгө босгох боломж нээлттэй.

-МАН олонх болсны дараа Засгийн газраа байгуулж, Засгийн газар Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөө нь ердөө том төслүүдээ хөдөлгөх гол үүрэгтэй байсан л даа. Гэсэн ч хоёр жилийн хугацаа өнгөрчихөөд байхад том төслүүд хөдлөх нь бүү хэл, сураг ч алга. Том төслүүдээ хөдөлгөх болоогүй юм уу?

-Засгийн газрын гишүүд маш сайн ажиллах хэрэгтэй. Томоохон төслүүдээ хөдөлгөх нь зүйтэй. Тухайлбал, Таван толгойг Хятад, Япон, Орост тэдэн хувийг нь өгнө гэдэг юмуу, тэднийг хулхидсан гэдэг яриагаа орхи. Улс төрийн шийдвэр гаргахад үнэхээр хүнд байгаа. Таван толгойг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахад үйлчилгээ, туслалцаа үзүүлэх банкуудтай Д.Сумъяабазар сайдыг ярьсан байх гэж бодож байна. Үүнийг яаравчлах цаг болсон. Том ордуудыг олон улсын зах зээлд гаргаж зөвхөн 10 хувийг нь авахад гаднаас хөрөнгө оруулагч хайх, хэн нэгнийг нь оруулж ирнэ, нөгөөхийг нь оруулахгүй тухай ярих шаардлагагүй болно. Тэгснээр бид өөрсдөө мөнгөө босгож, тэр мөнгөөрөө эдийн засаг болон дэд бүтэц, уул уурхайг хөгжүүлэх, нийгмийн асуудлаа шийдэх боломжтой юм. Тиймээс энэ чиглэлд яаралтай ажиллах ёстой. 1072 хувьцааг амилуулж, дотоодын зах зээлдээ хүртэл бага багаар гаргаж эхлэх цаг хугацаа болсон. Томоохон төслүүдийг хөдөлгөх бэлтгэл ажлууд хангагдаж байх шиг байна. Наана нь ярилцах, тохиролцох, хөрөнгө олох гээд амаргүй ажлууд үлдсэн. Засгийн газрыг шахаж байгаа. Засгийн газар зовлон, бэрхшээл тоочоод байхаасаа илүү төслүүдээ хурдан явуулъя гэдэг үүднээс асуудалд хандах учиртай.

-Төмөр зам, ТЭЦ 5, Гацуурт гээд төслүүд хөдлөх нь үү. Энэ түгжээг бид яаж мултлах ёстой юм бэ?

-ТЭЦ 5 гэдэг ч юм уу, ТЭЦ 3, 4-ийн өргөтгөлөөс эхлээд хийх ёстой. 65 суудалтай намын бүлэг дээрээ ярьж байгаад улс төрийн шийдвэрээ гаргаад цаашаа явах нь зүйтэй л дээ. 65-ын бүлэг гэдэг чинь бараг Их хурал гэсэн үг. Засгийн газар бүлэг дээр ярьж, ийм гарц шийдэл байна уу, ингэвэл болох уу гэдэг гаргалгаагаа танилцуулах нь зөв. Том төслүүдээ яаралтай хөдөлгөхгүй бол сонгуулийн хугацааны тал нь өнгөрөх гэж байна. Ядаж энэ зуны бүтээн байгуулалтын цаг хугацааг ашиглах ёстой юм.

-Засгийн газар хүүхдийн мөнгийг 80 хувь, Ерөнхийлөгч 100 хувь олгох боломжтой гээд хоёр асуудлаа нэгтгэн Их хурлаар хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хүүхдийн мөнгийг хэдэн хувьд нь олгох боломжтой гэж үзэж байна вэ?

-Засгийн газар 80 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно гэж байгаа ч Ерөнхийлөгчийн хэлснээр 100 хувьд нь олгох шийдвэр гарсан ч хүүхдийн мөнгө авахгүйгээр амьдрал ахуйгаа аваад явчихдаг хэсэг байдаг. Тиймээс хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт нь өгөх ёстой байх. Хүүхдийн мөнгө гэдэг чинь Монгол Улсын хүн амыг өсгөх, төрөлтийг нэмэгдүүлэхэд эх, хүүхдэд урамшуулал болон очих, хүнд амьдралтай зорилтот бүлгийнхэнд амьдрах эх үүсвэр нь болдог. Тэр утгаараа заавал 100 хувь хүүхдийн мөнгийг олгоно гэхээсээ илүү зорилтот бүлэгт олгох нь зүйтэй гэж боддог. Хүүхдийн мөнгөө авъя гэсэн санал гаргаж байгаа хүмүүст хүүхдийн мөнгийг олгох нь зөв л дөө.

Бид ОУВС-гийн өмнө үүрэг хүлээж 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно гэж байснаа хэлэлцээрт орж 80 хувь болгосон. Саяхан хэлэлцээрт орж 80 хувь болгочихоод маргааш нь 100 хувь болгоно гээд гүйгээд байвал санхүүжилт өгч байгаа донор улс, банкууд үүнийг нь ойлгохгүй. Энэ нь эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байгаа үед буруу алхам болно.

-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад жил гаруйн хугацааг өнгөрүүлж байна. Ямар ч байсан эдийн засаг сэргэж байна гээд ярьдаг. Гадныхан Монгол Улсыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэдэг утгаар нь хандаж байна уу, өмнөх найдваргүй, хуулиа байн байн өөрчилдөг гэсэн сөрөг талаас нь харж байна уу?

-Гадныхан мэдээж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэдэг утгаар нь Монгол Улсад хандаж байгаа. Энэ хүрээнд эдийн засгаа сахилга баттай болгож байна гэдгээр нь харж байгаа. ОУВС-гийн хөтөлбөр 2019 онд дуусна. Өнөөдөр энэ бүхнийг ярих арай эрт байна. Хүн бүрийн ам уралдан яриад байгаа эдийн засгийн өсөлтийг 3-4 жилийн хугацаанд тогтвортой авч явж чадвал бид хожно. Толгой тархи нь сайн байхад хөл гарыг нь эмчлээд явах боломж бүрдэнэ. Багш, эмч нарын цалин, ахмадын тэтгэврийг нэмээд явна. Жил гаруйн өмнө Монгол Улс дампуурлаа зарлах гэж байна гэж ярьж байсан хүмүүс өнөөдөр бүх зүйл сайн сайхан болсон мэт ярьж болохгүй л дээ. Эдийн засаг сайжирч байгаа нь үнэн хэдий ч энэ боломжоо хадгалж байж өөр зүйлсд анхаарал хандуулах цаг ирнэ. 2019 оны төсөвт энэ оныг бодоход хөрөнгө оруулалт харьцангуй том байна гэж ойлгох хэрэгтэй. Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэх, хүндрэлтэй байгаа хөрөнгө оруулалтуудыг шийдээд явах боломж бүрдэнэ.

-Ардчилсан намын бүлгийн зүгээс арай өөр зүйл яриад байгаа. Эдийн засгийн бодит өсөлт иргэдийн амьдралд хүрэхгүй байна гэсэн. Төсвийн алдагдал улам нэмэгдэж байна гээд…

-Монголын эдийн засгийг сэргээх чиглэлийн арга хэмжээнүүдийг бид авч байна. Зээлийн хүү буурч, зээл авах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Импорт, экспортын бараа материалын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг сайжирч байна гэж ярьж байна л даа. Иргэд болон бизнесийнхний ахуй орчин сайжирч байвал хэн нь сайд дарга, аль нам засаглах нь огт хамаагүй. Иргэд, аж ахуйн нэгж, банк санхүүгийн салбарт эерэгээр тусах асуудлуудыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Иргэд, бизнесийнхэнд улстөржих огт сонин биш. Тэдний орлого нэмэгдэх нь л чухал. Ажлын байр нэмэгдэж, ажилгүй хүмүүсийн тоо буурч байна. Олон үзүүлэлт хагас жилийн хугацаанд эерэг гарлаа. Монголын эдийн засаг жижигхэн тул замбараатай болчихвол сэвхийтэл босоод ирнэ. 2018 онд эдийн засгийн өсөлт дор хаяж найман хувьтай байх юм байна гэж бодож байгаа. Нааштай гарсан эдийн засгийн жаахан өсөлтөө тамын тогоондоо татаад унагаж болохгүй. Эдийн засгаар улс төр хийж болохгүй шүү гэдгийг дахин хэлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *