Categories
мэдээ спорт

Д.Дагвадорж: Нэг тогооноос хооллож байсан хүмүүс миний нэр төрд халдаж байгаад харамсаж байна

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд үүсээд байгаа асуудал, болж өнгөрсөн үйл явдлуудын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт чөлөөт бөхийн дасгалжуулагчид болоод тамирчдын төлөөлөл нэгдэн Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах “Түр хороо” байгуулснаа мэдэгдэж, тус холбоог тэргүүлж буй их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг дүрэм зөрчиж ерөнхийлөгч болсон, холбоог удирдах хугацаанд ёс зүйн болон санхүүгийн алдаа дутагдал гаргаж байсан гэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм.

Харин өнөөдөр тус мэдэгдэлтэй холбоотойгоор Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, дэд ерөнхийлөгч Б.Болд, Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр, мөн тус холбооны хуулийн зөвлөн санхүүгийн ажилтнууд оролцосон хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө.

МЧБХ-ноос чөлөөт бөхийн тамирчид болоод дасгалжуулагчдын хүргүүлсэн шаардлагад дараахь дөрвөн асуудалд тайлбар өгнө гэлээ.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх: -Тамирчид визний асуудлаас болж тэмцээндээ оролцож чадалгүй, сэтгэл санааны хохирол амссан асуудлаар Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийг удахгүй хуралдуулахаар болсон. Нэгдүгээрт, тус тэмцээнийг зохион байгуулагч Катарын бөхийн холбооноос тэмцээнд оролцох гадаадын тамирчдыг хилээр визгүй, төлбөргүй оруулах тухай албан бичиг ирсэн. Түүнчлэн тэмцээнд оролцох журмын дагуу Монголын баг тамирчдын тоо болон тамирчдын нэрний мэдүүлгийг явуулсны үндсэн дээр Катарын хилээр орох зөвшөөрлийн хуудас ирсэн. Зөвшөөрлийн хуудас болохоос виз биш шүү. Үүнийг дахин онцлон хэлье. Ямар нэгэн виз авна гэсэн зүйл байгаагүй. Зөвхөн мэдүүлэг өгсөн. Мэдүүлгийн дагуу хуудас ирдэг. Энэ дагуу цаашаа орох хэрэгтэй. Тамирчин бүр дээр ирсэн энэ хуудсыг гадаад паспортын хамт хил дээр шалгуулаад цаашаа орно. Дараагийн асуудал бол мэдүүлгийн хуудсан дээр бид эрэгтэй баг дээр 23, эмэгтэй баг дээр 14 хүний нэртэй мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг явуулахад процедурын алдаанууд гарсан. Оффисын аппаратын зүгээс бичиг бүрдүүлэлтийн тал дээр хянаагүй, нягтлаагүйгээс алдаа гарсан. Хариуцлага тооцох хэмжээнд асуудал ярина. Хариуцлагаа хүлээнэ. Ахин хэлье. Хил дээр ямар нэгэн виз олгоогүй шүү. Овог, нэр, төрсөн он сар энэ тэр гээд юм юу ч байхгүй шүү. Энэ асуудалтай холбоотойгоор тодорхой хариуцлага хүлээнэ. Гэхдээ тамирчид хил нэвтэрч чадаагүй нь Катарын талын зохион байгуулалтын асуудалтай холбоотой гэсэн юм. Нэмж хэлэхэд, тамирчдыг саатуулагдаж байх үед холбооны зүгээс ямар ч арга хэмжээ аваагүй гэж яриад байгаа. Тийм асуудал байхгүй. Харин яаралтай шуурхай арга хэмжээ авахад гүн туслалцаа үзүүлсэн Кувейт дэх ЭСЯ-ны Алимаа, Эмират айрланс компанийн Номуулан, Содзул, Бээжин дэх Элчин сайд Ц.Сүхбаатар, ГХЯ-ны Консулын газрын дарга Н.Батаа, холбооны Удирдах зөвлөлийн гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье”

Хурлын үеэр Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд: -МЧБХ-нд Ассашёрюү Д.Дагвадорж ирснээс хойш их зүйл өөрчлөгдсөн. Томоохон хэмжээний спорт цогцолбор барьсан. Энэ цогцолбор барих мөнгөний 90 хувийг харамчаараа дуудуулж байгаа Д.Дагвадорж аварга гаргасан. Үүний үр дүнд бид 2012 онд олон жил тасраад байсан олимпийн медалийг авчирч чадсан. Ер нь бол спортын амжилтыг зөвхөн тамирчин болон дасгалжуулагчийн ажил гэж харж болохгүй. Үүний цаана бүхэл бүтэн баг ажилладаг. Түр хорооныхны тавьж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч холбоо маш сайн ажиллаж байгаа, холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж алдаа дутагдал гаргаагүй, санхүүгийн тайлан зөрчилгүй гэсэн тайлбар өгч байна.

МЧБХ-ны Еөнхийлөгч Д.Дагвадорж: -“Түр хорооноос тавьсан 16 асуулга бүхий шаардлагатай тодорхой танилцаагүй, өчигдөр харсан. Намайг бялдууч, хоёр нүүртэй, засрашгүй этгээд гэж доромжилсон байна. Энэ бол шаардлага биш шүү, багш нар аа. Энэ хүний нэр хүнд, холбооны үйл ажиллагааг гутаасан доромж шүү. Визний асуудал дээр холбоо хариуцлагаа тооцно. Би хэр баргийн юмыг хэлүүлээд явдаг. Нэг тогоонд явсан хүмүүс намайг гутаан доромжилж байгаад сэтгэл эмзэг байгаа. Энэ асуудлаар хуулийн байгууллагаар явах уу, яах уу гэдгээ зөвлөнө. Би тамирчдыг ганц ч удаа айлгаж дарамтлаагүй. Шигшээгийн хүмүүсийн утсыг ч мэдэхгүй. Спортын төв ордноор шагнал гардуулахдаа өвөл нэг очсон. Сагсны супер лигийн үеэр финалын тэмцээний үеэр нэг очсон. Тэрнээс биш байнга очоод дарамтлаад байх ёс зүйгүй. Яагаад шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гээд байдаг юм. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон Удирдах зөвлөлийн эрхэм зорилго бол амжилт гаргах, төрийн дуулалаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан цагт холбооны ерөнхийлөгчийн үүднээс би шаардлага тавих үүрэгтэй. Цаашид ч шаардлага тавина” гэлээ.

Мөн чөлөөт бөхийн холбооны нягтлан бодогч: -“Чөлөөт бөхийн холбооны хөрөнгө оруулалт болон бусад санхүүгийн тайланд зөрчил байхгүй” гэв.

Харин Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-г шинэчлэн зохион байгуулах “Түр хороо”-ны гишүүд энэ хэвлэлийн хурлын дараа Бидний шаардлагад нийцсэн хариултыг өгч чадсангүй. Одоо бид дараагийн шатны арга хэмжээндээ орно, энэ бол хуулийн байгууллагууд болоод Дэлхийн бөхийн холбоонд хандах явдал юм гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *