Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чойжамц: Нийгэм нийтээрээ шүүмжлэхийн дон тусчихжээ

Ардчилсан хүчний холбооны дэргэдэх “Хөгжил” клуб цуврал лекц зохион байгуулах болжээ. Өнгөрсөн мягмар гаригийн зочноор Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц уригдаж “Уламжлал, зан заншил ба ёс зүй” сэдвээр лекц тавьсан юм. Энэхүү лекцийг хүргэж байна.

ГЭРЛИЙН ЧИЙДЭН ШИГ БАЙГААЧ ЭЭ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА

-Уламжлалт зан заншил дотор ялгаж салгах олон зүйл бий. Монголчууд хүүхдийн сэвлэг үргээх, бэр гуйхаас эхлээд олон сайхан уламжлалыг өнөөдөр ч авч явсаар ирсэн. Бидний ариун ёс чухам хэрэгтэй байж уу, үгүй юу гэдгийг залуу үеийнхэн судалж, амьдрал ахуйтай зөв холбох нь чухал. Судлахдаа өөр хүний нүдээр, өөр хүний зааж сургаснаар бус өөрийнхөө толгойгоор судлах хэрэгтэй. Манайхан гадаадын нэг хүн ирээд тийм байдаг гээд хэлчихвэл түүнийг яг тоть шиг даган дуурайдаг улс. Би монголчуудыг арга ядахдаа “Гэрлийн чийдэн шиг байгаач ээ” гэж уриалж байна. Дандаа цахилгааны утас шиг битгий дамжуулагч байгаач ээ гэж хэлмээр байна. Өөрөө гэрэл болж, өөрийнхөөрөө байна гэдэг бол хамгийн том алхам. Гадны орнуудыг хэт даган дуурайх нь өөрсдийнхөө уламжлалыг үгүй хийж, нийгмээ боомилж байгаа явдал. Дөрвөн уулын дундах Улаанбаатар хот хэзээ ийм байлаа. Өнгөрсөн зуунд техник, технологи хөгжиж, бидний ахуй амьдрал ч тэр хэрээр сайхан болсон. Гэхдээ хэт техникжсэн орнууд хүртэл сүүлийн үед хүнээ орхигдуулснаа ойлгож анхаарал тавих болсон. Учир нь хүнээ дээдэлж байгаа нь гээд жендэрийн тухай хууль, хүүхдийн тухай хууль зэргийг дагаж мөрдөөд эхлэхээр байгалийн зохицол зөрчигдөөд ирж байгаа юм. Нэг ёсондоо ямар ч жаргал гэх юмгүй болж байгаа юм.Хуулийн дагуу эхнэр, нөхөр ийм, тийм хариуцлага хүлээх ёстой гээд заачихсан байдаг учраас зарим нь хүнтэй суухгүй хөгширч, үр хүүхэд нь хүүхдийн эрхийн тухай хууль яриад аав, ээжийгээ шоронд хийх тохиолдол энүүхэнд болчихсон. Өнөө хайраар өсгөж, хүмүүжүүлж байсан хүүхдийг хуулиар өсгөөд ирэхээр эцэг, эхчүүд хайр бус хуулиа урьтал болгоод явчихна. Ингээд хүүхэд нь эцэг, эхдээ жаргал өгөхөө байгаад, хуулинд боомилогдоод ирэхээр одоо үеийн хүмүүс ганц нэг хүүхэд гаргадаг болчихсон байх жишээтэй. Харин өнөө жендэр энэ тэргүй орнуудын гэр бүл олон хүүхэдтэй, аз жаргалтай харагддаг. Манайх бусад орны олон улсын конвенц, хууль дүрмийг яг таг хуулбарласнаараа уламжлалт зан заншлаа улам үгүй хийж, үгүйсгэхээс гадна бодит амьдралаас хэт их холдчихож байгаа хэрэг. Авахыг нь аваад, хаяхыг нь хаях хэрэгтэй. Миний энэ бодол зуун хувь зөв байх алба үгүй л дээ. Гэхдээ дээр дурдсан жишээ бол наад захын асуудал. Харин тэрний оронд эмэгтэйчүүдийн гэх тодотголтой байгууллагуудыг тэр сүржин нэртэй конвенц зэрэг нэрээр нь бус бодит хөрсөнд буулгаж яавал хүн амаа ойрын хугацаанд 10, 20 сая болгох вэ гэсэн бодлого явуулах зүйтэй болов уу.

НИЙГЭМ НИЙТЭЭРЭЭ ШҮҮМЖЛЭЛИЙН ДОН ТУСЧИХЖЭЭ

-Би зурагт радиогоор улс оронд өрнөж буй мэдээ мэдээллийг байнга үздэг. Гарч байгаа мэдээллийг үзэхэд дэндүү хийсвэр. Нэг удаа ч манай Гандан дээр ирээд бидэнтэй уулзаагүй байж шашин ийм, тийм гэж муулна. Эсвэл Төрийн ордонд сууж байгаа эрхмүүдийг энэ нь тэгж идэж уудаг гэж муулна. Хааяа Төрийн ордонд орохоор УИХ, Засгийн газрын гишүүд гэх хүмүүс нь бүгдээрээ л зав зайгүй. Дундуур нь уулзах гэж зүдэргээтэй. Гэтэл тэднийг юу ч хийхгүй ард түмний татварын мөнгө идээд л сууж байна гээд шүүмжилдэг. Тэр дунд иддэг ч хүн бий, иддэггүй ч хүн байгаа л байх. Бид хараагүй шүү дээ. Ерөөсөө өнөөдрийн нийгэм нийтээрээ шүүмжлэлийн дон тусчихсан. Улс орноо сайхан хөгжүүлэх тухай нэг нийтлэл гарахад л зарчмын хувьд тийм ийм байна гээд санаа нэмэхгүй хэрнээ “Тэнд нэг цэг алдчихсан байна”, “Тэр үгийг тэгээд буруу биччихэж. Үгээ зөв бичихгүй байж энэ яаж эх орноо хөгжүүлдэг юм” гэж ирээд л баахан муулж харагддаг. Тэр өгүүллийн гэрэл гэгээтэй доторх агуулгыг уншихгүй байж газар дор ортол муулна. Энэ хүмүүс сэтгэн бодох чадваргүй байна. Ялангуяа сүүлийн үед хүн болгон интернэт гэж шуурах болж. Би саяхан Намсрай гэж эрдэмтэн цөмийн физикийн тухай чухал судалгаа хийж төрийн дээд одон шагнал авсан гэхээр нь интернэт орж мэдээлэл авахаар хайж үзлээ. Цөмийн физик гээд хүнээр заалгаад интернэтээс хайтал “Намсрай шагнал гардлаа” гэхээс биш яг ямар учиртай ололт, шинжлэх ухаан болох талаар ямар ч мэдээлэл гарч ирсэнгүй. Харин Орос, Америкийн сайтууд руу нэвтрэхэд маш сайхан дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирж байх юм. Манайх зөвхөн шагнал авсан тухайгаас хэтрэхгүй. Тэгэхээр нь зүгээр зодоон гээд хайгаад үзэнгүүт бөөн юм гарч ирж байна. Нохой зодоон, охидын зодоон гээд тасрахгүй юм. Энэ чинь гайхамшиг юм уу. Бид чинь ард түмнийхээ толгойд юу хийгээд байна аа. Би ойлгохгүй байж болно л доо. Интернэт гэж агуу ертөнц юм гэнэ лээ. За тэр фэйсбүүк, твиттер нь хүн загнасан, доромжилсон бүр завхарсан юм байдаг юм билээ. Тэнд ямар ч ёс зүй алга. Балай ажил биш үү. Хэрвээ интернэтийг ашиглахаар бол хэрэгтэй мэдээлэл түгээдэг, ард түмнийхээ тархийг бодит утгаараа хэрэгтэй, сайн сайхан мэдээллээр цэнэглэдэг болговол дээр шүү дээ. Ард түмэн зүгээр л хэн нэгнийг муулах, шүүмжлэхээс өөр хийх ажилгүй байгаа юм биш үү. Надад нэг 90 нас шүргэж яваа хөгшин хэлсэн. Тэр хүн “Өнөөдөр хүмүүс мэдэхгүйгээ мэдэхгүй. Мэдэхгүй учраас хамаагүй ярьдаг. Тэр хүн мэдэх юмсан гэж санадаггүй. Энэ мэдсэн байж магадгүй гэж асуудаг ч үгүй гурван мэдэхгүйтэй болжээ” гэж хэлсэн. Үнэхээр тэгж харагддаг. Тэгсэн хэрнээ нийгэм сайн сайхан зүйл хийж бүтээж буй бусдыгаа муулдаг. Төр засаг, хууль дүрмээ хүртэл шүүмжилнэ. Эцсийн эцэст хуулиа өөрчиллөө гэхэд дахиад муулахгүй байж чадах уу. Ерөөсөө харсан, үзсэн бүхнээ муулна. Би нэг жишээ дурдъя л даа. Нэг айлд очоод ном уншлаа. Зурагтаар УИХ-ын гишүүн ярилцлага өгч байна. Тэгсэн өнөөх айлын эхнэр “Энэ балай чинь өчнөөн мөнгө идэж уусан. Өмч хувьчлалаар ганц завшсан хүн дээ” гэж байна. Нэг загвар өмсөгч охины тухай мэдээлэл гарсан чинь “Өө энэ мисс чинь баячуудтай явж байгаад хоёр ч орон сууцтай болчихсон шүү дээ” гэлээ. Гэтэл олны танил гэхээргүй нэг эмэгтэй гартал би ч дотроо “За энэ хүнийг сайн танихгүй юм чинь юм хэлэхгүй байлгүй” гэж дотроо бараг залбирч суутал “Дарвайсан шар гуйлгачин чинь юу гээд байгаа юм” гэж байна. Ерөөсөө бид бусдын өөг л хараад байхаас биш өөрсдийгөө харахаа байчихсан, ёс зүйгээ уландаа гишгэчихсэн юм биш биз дээ. Тэгэхээр нэн түрүүнд өөрийнхөө өөг харж суръя.

ӨРӨӨЛИЙГ ШҮТЭЖ ӨӨРИЙНХИЙГӨӨ ҮГҮЙСГЭХИЙН ХӨНӨӨЛ

-Монголчуудын бас нэг сул тал нь гадагшаа л сайхан амьдрал байна гэж давж харах. Монголд бүх юм бүтэхгүй, болохгүй байна гэж шүүмжилдэг. Намайг гадны орнуудаар явж байхад таарсан монголчууд бүгд л нутаг буцах юмсан гэсэн битүүхэн хүсэлтэй байсан. Тэгээд юугаа хийгээд байдаг юм хариач гэхээр “Ичээд байна” гэдэг. Яагаад гэж асуухад “Анх энд ирэхдээ андуурсан байна лээ. Хамаг гэр орноо зараад ирчихсэн. Ирээд ажил хийгээд гоё болоод нутаг буцна гэж бодож байтал ирээд нэмсэн юм алга. Одоо очвол Баянхошуунд л хашаа авах мөнгө байна. Дахиад жаахан ажиллаж байгаад ядаж орон сууцны мөнгөтэй болоод явахаас” гэж ярьсан. Гэтэл хүүхдүүд нь барууны орны амьдралыг кино мэтээс хараад их сайхан, тэдэн шиг далайн эрэг дээр очоод наранд биеэ шараад хэвтэнэ гэж боддог. Гэвч тэр жигдэрчихсэн нийгэмд гадны цагаач очоод жаргалтай амьдарна гэж хэзээ ч байхгүй. Жинхэнэ эндүүрэл. Бүх зүйл нь үнэлэгдээд мөнгө болчихсон газар шүү дээ. Америкийн тэр өндөр барилгыг барихад Есүс нэг ч тоосго зөөж өгөөгүй. Японы шил толь болсон барилгыг барихад Будда нэг ч шавар зуурч өгөөгүй нь ойлгомжтой. Өөрсдөө л ард түмэн нь хийсэн. Харин засаг төр нь зөв бодлого явуулсан. “Чи өөрөө өөрийнхөө аврал шүү” гэсэн бурхан багшийн үг хүртэл байдаг. Тиймээс өөрсдөө хүн дуурайж, бэлэн хоол хүлээж, буруугаа хүнд тохохын оронд хөдөлмөрлөж сур. Монгол нэг үеэ бодоход сайхан хөгжиж, эрх чөлөө гэдэг зүйл жинхэнэ утгаараа хэрэгжиж байна шүү дээ. Адаглаад харийн нутагт байгаа хүн жинхэнээсээ агсам тавьж чадахгүй шүү дээ. Шууд өнөөх, цагдаа сэргийлэх нь ирээд бариад явчихна. Тува, Өвөрмонголчууд хүртэл ингэж ярьж байна. Харин манайд наад захын Өвгөнтийн хөндийд эрх чөлөө үнэртэж байна. Эрх чөлөөтэй оронд амьдарч байгаадаа бид талархах хэрэгтэй.

ӨӨРИЙНХӨӨРӨӨ АМЬДАРНА ГЭДЭГ БУСДЫГ ХӨНӨӨХИЙН

НЭР БИШ

-Ёс зүйтэй байна гэдэг ганцхан хууль, дүрэм биш юм. Үүнийг ярихын өмнө бид наад зах нь ирээдүйн хүүхдийнхээ хүмүүжлээс эхлэх нь зүйтэй. Орчин үед эцэг, эхчүүд хоёр, гуравхан настай хүүхдэдээ гар утас гээч юм өгөөд хүүхэлдэйн кино тавьж өгсөн болоод орхичихно. Өнөөх нь гар утсыг нь авангуут бархирна. Гэтэл хүүхэд яг энэ насан дээрээ жаран чавганцын ажил хийгээд хөл, гарных нь булчин шөрмөс чангарч байх учиртай шүү дээ. Хүүхэд нь цэцэрлэгээс орж ирээд ээжийнхээ нүүр рүү шал хийтэл алгадаад авч байна. Хариуд нь ээж “Эвий эвий миний хүү чанга гартай шүү” гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Ухааны цар суугаагүй байхад нь ээжийгээ цохиж болохгүй гэж ойлгуулахын оронд ингэж хэлж байгаа нь хүүхдэд дахиад чанга цохиж ээжээсээ урам авах суурийг тавьж өгч байна. Ингэж өөрийгөө зодуулж сургаж байгаа юм. “Хуц” гээд өөдөөс нь хэлэхээр “Хошууг нь хараа хөөрхөн гэдэг нь” гээд өөрийгөө загнуулж сургаж байгаа юм. Эсвэл сургуулийн насны хүүхдээ хүмүүжүүлж байгаа хэлбэр нь болдоггүй. Хүүхдэдээ “Миний хүү хичээлээ сайн хийгээрэй” гэхийн оронд “Дарвайсан хулгайч чинь саяхан авч өгсөн пүүз урчихаж, хичээлээ хийгээч” гэх жишээтэй. Эсвэл зөнд нь орхичихно. Чөлөөт сэтгэлгээтэй оюун ухаан хөгжүүлнэ гэхээс биш зоргоор нь хаяна гэсэн үг биш шүү дээ. Хүүхдээ тааруухан сураад ирэхээр “Мартын-8-нд багшдаа өгөөд дүнгээ засуул” гээдбэлэг авч өгөөд явуулчихна. Тэгэхээр хүүхэд яаж сурах юм бэ. Монголын хүүхдүүд бүх зүйлийг болдог юм байна гэсэн бодолтой өсдөг. Америкт аав, ээж нь замын хөдөлгөөний зөрчил гаргаад орой гэрт нь торгуулийн хуудас ирэхэд бөөн юм болно. Эцэг, эх нь хүүхдийнхээ хажууд их гэмшиж зайлшгүй төлөх ёстой тооцоо гэж хүлээж авдаг. Гэтэл манайд хүндайрч алчихаад дарга хамаатан садан руугаа утас цохиж “Ах аа аргалаарай. Хэдэн төгрөг өгөөд шүүхэд шилжихээс өмнө чимээгүй болгоод өгөөч” гээд хүүхдийнхээ хажууд ярихаар хүүхэд мэдээж болохгүй зүйл үгүй гэж ойлгох нь тодорхой шүү дээ. За тэгээд болоогүй хүүхдээ Оксфорд, Харвардын их сургуульд сургахгүй бол Монголд ямар ч боловсрол алга гэж хүүхдүүдийнхээ хажууд ярьцгаадаг. Хүүхдээ эвддэг. Хүн болгон тэнд сурах албагүй шүү дээ. Монголд сургууль төгсөөд сайхан амьдарч байгаа өчнөөн хүмүүс байна. За тэгээд хүүхдүүд нь жаахан том болохоороо өрөөндөө хаалгаа хаагаад компьютер ширтээд суучихна. Хаалттай өрөөнд юу ч үздэг юм бүү мэд. Ингээд насанд хүрэхээсээ өмнө элдэв муу муухай зүйлийг үзээд харчихсан хүүхэд ирээдүйд гэр бүл зохионо гэдэг тун ч хэцүү дээ. Хүүхдүүд нь том болохоороо “Би өөрийнхөөрөө амьдарна” гэдэг том толгой гарч ирдэг. Өөрийнхөөрөө амьдарна гээд дураараа дургиж, аав, ээжийгээ гомдоож, зарим нь хүнээ байдаг. Өөрийнхөөрөө амьдарна гэдэг бусдыг хөнөөхийн нэр биш. Уян хатан амьдрахыг хэлнэ шүү дээ.

ХҮН БОЛГОН ШҮҮМЖЛЭХ ДОН ТУССАН НИЙГМЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ АНГИД АВЧ ЯВАХ ВЭ?

-Ёс зүй гурван янзаар илэрдэг. Бие, хэл, сэтгэлийг нь хар. Бие, хэл хоёр нь сэтгэлийн толь. Биеийг хар, яаж өөрчлөгдөж байна, хэлийг нь судлаад үз дараа нь гэр оронд очоод хэлбэржилтийг нь хар. Хүн гэдэг бол бие, хэл, сэтгэл гурвын илэрхийлэл учраас эндээс эх орны аюулгүй байдал, тусгаар тогтнол хэрхэн бөх байгааг ч харж болно. Хүн болгон хүнийг муу хэлэхээсээ өмнө бодож үз. Өөрийгөө ганцхан хором дүгнээд үз. Магадгүй машин бариад зам дээр явж байтал урдуур чинь өөр машин дайрахад “Яадаг новш вэ” гэхийн оронд “Аав, ээжийнх нь бие нь өвдсөн юм болов уу” гэдэг ч юм уу их л яаралтай ажил гарч дээ хөөрхий гэж бодоод үз. Тэр агшинд л тайвширчихна. Урьтаж уурлахаасаа өмнө учир шалтгааныг нь заавал бодож, ухаж бай. Чиний бодож буй бодол, үйлийн үр өөрт чинь ирдэг. Чи сайхан зүйл бодож, сайн зүйл хийж явбал жаргал ирнэ. Диваажин чинь өөрийн үйлдсэн үйлийн үр дүн.

Тэмдэглэсэн

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *