Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.БАЯРСАЙХАН: Дэлхийн улс орнууд эрүүл хүнийг өвчлүүлэхгүй байх тал дээр илүү анхаарч эхэлсэн

“Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn вэб сайт “Шинэ долоо хоногийн зочин” булангийнхаа ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй Д.Баярсайхантай онлайнаар холбогдон ярилцлаа.

-Энэ хавар жаахан тарчигхан болж, одоо л зуны эхтэй золгож сэргээд байна. Швейцарьт цаг агаар таатай сайхан байна уу?

-Монголын минь хавар салхитай, шуургатай, цас бороотой өвөрмөц болдог шүү. Хэдий тийм ч манайхан хөхүүрийн ам наашиллаа гэж сайхан амлаж байгаль дэлхийтэйгээ зохицож амьдраад сурсан ард түмэн л дээ. Швейцарьт энэ жилийн хувьд жаахан бороошсон, сэрүүн хавар болж байна даа.

-Та Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаад нэлээд удаж байна. Одоо ямар алба хашиж байгаа вэ?

Би 1999 оноос хойш энэ байгууллагад ажиллаж байгаа. Бүсийн төвдөө олон жил ажилласан, яг одоо бол төв штабдаа эрүүл мэндийн системийн удирдлага, санхүүжилтийн газарт эдийн засагчаар ажиллаж байна.

-Эрүүл мэндийн салбарын санхүүгийн асуудлыг шийддэг гэж ойлгож болох уу?

-Болно болно, гэхдээ бодлого талаас үнэлгээ өгөх, зөвлөх, дэмжлэг үзүүлэх гэх мэт. Шийдвэрийг бол улс орнууд л гаргана шүү дээ. Ер нь aль ч улс оронд эрүүл мэндийн системийн нэг чухал хүчин зүйлд санхүүжилт ордог. Эрүүл мэндийн үйлчилгээг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх юм, орлогоо яаж бүрдүүлэх вэ, ямар эрүүл мэндийн байгууллага тэр үйлчилгээг үзүүлэх, ямар аргаар тэдэнд санхүүжилт хийх үү гээд өргөн хүрээнд яригддаг. Сүүлийн жилүүдэд манай байгууллага энэ асуудалд их ач холбогдол өгч, олон улсын банк, санхүү, хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Шинэлэг мэдээллээс дуулгахад, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн нэг зорилт болох бүх насны хүн амын аж амьдралыг сайжруулах, эрүүл амьдралыг хангахад чиглэгдсэн ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, албан татвар, хураамжаас бүрдсэн орлогыг эрүүл мэндийн санхүүжилтэд түлхүү ашиглахыг дэмжиж байгаа. Үүний дагуу улсын төсөв, даатгалын сангийн зарцуулалтыг оновчтой болгох, эрүүл мэндийн цогц үйлчилгээг баталгаатай авч чадаж байна уу, үйлчилгээг авах явцад санхүүгийн хүндрэлтэй тулгарч тэрнээсээ болж ядууралд орж байна уу гэдгээр нь дүгнэх тохиролцоог олон түвшинд хийж байна. Ерөнхийдөө эдгээр асуудлууд ирэх намар болох НҮБ-ын чуулганаар хэлэлцэгдэж, 2017 оноос хэрэгжээд эхлэх болов уу гэж найдаж байна.

-Ер нь танай байгууллагаас наашаа чиглүүлж буй гол төсөл, хөтөлбөр юу байна вэ?

-Манай байгууллага бүсийн зургаан төвтэй. Тэр төвүүдэд хамаарах төлөөлөгчийн газраар дамжиж үйл ажиллагаагаа явуулдаг юм. Монгол улс Номхон далайн баруун эргийн бүсэд ордог. Энэ бүсийн төв нь Филиппиний Манила хотод байрладаг. Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 1962 онд элссэнээс хойш олон талаар үр өгөөжтэй хамтран ажилласан. Сүүлийн жилүүдэд энэ хамтын ажиллагаа ямар нэг төсөл боловсруулж хэрэгжүүлэхээс илүүтэйгээр бодлого, стратегийн шинж чанартай болж ирж байгаа.

-ДОХ, SARS, шувууны ханиад, эбола, зика вирус гэх мэт олон улсыг хамарсан өвчин гарч, түргэн авахуулдаг. Эдгээр өвчний дэгдэлтийн үед авах арга хэмжээний тал дээр шинэ юм юу хийж байгаа вэ?

-Манай байгууллагаас 2007 онд Олон улсын эрүүл мэндийн дүрэм боловсруулж бүх гишүүн орноор дэмжүүлсэн. Улмаар халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх, онцгой байдалд бэлэн байх, тохиолдол гарсан үед цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авах, буцаад хэвийн байдалд орoх чадамжийг бүрдүүлэхэд анxаарч байгаа. Тухайлбал, эбола, зика вирусийн өвчлөл, тархалтыг SARS-ын хэмжээнд хүргэлгүй хяналтад оруулж чадсан гэхэд болно. Гэхдээ энэ хангалттай биш л дээ. Байгууллагa дотроо онцгой байдaл хариуцсан шинэ бүтцийг бий болголоо. Шинэлэг зүйл гэвэл хоёр асуудлыг дурдаж болж байна. Нэгд, нийтийн эрүүл мэндийн асуудалд ач холбогдол өгч санхүүжилтэд нь төрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг тод томруун болгож чадлаа. Жишээ нь, SARS тохиолдол гарахын өмнө Хятадын эрүүл мэндийн бодлого өөр байв. Тухайн өвчний дэгдэлтийн үед хүмүүс шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авахад саадтай байсан. Тэр хэрээр өвчин хурдан тархсан. Энэ байдлыг Хятадын Засгийн газар даруй өөрчилж эрүүл мэндийн салбартаа хийх санхүүжилтээ дэс дараатай нэмэгдүүлсэн. Хөдөө тосгоны 800 сая гаруй иргэнээ бүгдийг нь эрүүл мэндийн даатгалд төсвийн хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулж чадсан. Ийм жишээг дурдаж болж байна. Хоёрт гэвэл, эрүүл мэндэд хамаатай онцгой байдлын асуудлыг байгалийн гамшиг, орчны нөлөөтэй химийн, цөмийн, хүнс тэжээлийн холбогдолтой бүх тохиолдолтой хамруулж шийдэх бодлогo гаргаж дэмжлэг авлаа.

-Улс орнууд хүнээ эрүүл байлгахын төлөө яаж ажиллаж байна вэ?

Хоёр л арга зам бий. Нэгд хүнээ өвчлүүлэхгүй байх, хоёрт өвчилсөн хүнийг эмчилж эдгэрүүлэх. Энэ хоёрын тэнцвэртэй бодлогоор л хүн амаа эрүүл байлгах боломжтой. Саяхныг хүртэл улс орнууд өвчин, эмгэгт илүү анхаарал хандуулж ирсэн, одоо бол эрүүл хүнийг өвчлүүлэхгүй байх тал дээр илүү анхаарч эхэлсэн гэхэд болно. Хүн эрүүл байхын үнэ цэн нь гэр бүл, нийгэмдээ ямар ихийг нийтээр мэддэг болж байна гэх үү дээ.

-Манайд сая улаан бурхан дэгдэж, бараг улсын хэмжээний асуудал болсон. Ялангуяа хүүхдүүдэд халгаатай байлаа. Үүнд танайхаас ямар дэмжлэг үзүүлсэн бэ?

-Манай улсын эрүүл мэндийн бодлогын хэрэгжилт, эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагын үйл ажиллагаа ямар байгааг харууллаа гэж бодож байгаа.Энэ бол сургамж. Цаашид ийм тохиолдол гарахад хүн ам, салбар хэр бэлэн байна, өвчнийг цаг алдалгүй зөв оношлох чадамж ямар байна, яаж сайжруулах шаардлагатайг дүгнэсэн асуудлууд хөндөгдөж яригдах болов уу. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчийн газар Эрүүл мэндийн яаман дотор байрладаг учраас шуурхай мэдээлэл авч удирдамж, зөвлөмж, тусламжaaр хангаж хамтарч ажилласан.

Эмч нарт хамаатай хууль нэлээд шүүмжлэл дагуулсныг анзаарсан байх. Та ямар байр сууринаас хандаж байгаа вэ?

-Яг үнэнийг хэлэхэд надад энэ талаар мэдээлэл хомс байна. Монголд байгаа хүмүүс хүртэл сүүлд мэдээлэл авсан байна лээ. Уг нь хуулийн төслийг боловсруулах шатандаа санал авч, шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсийн хэлэлцүүлэг хийх нь зөв. Тэгвэл амьдралд нийцтэй болно шүү дээ. Эрүүгийн хуульд эмчийн алдаа, хариуцлагатай холбоотой заалт оруулахдаа эмч нарыг сургаж бэлдэж байгаа орчин, ажиллаж байгаа нөхцөл, цалин хангамжийн асуудлыг давхар тооцох шаардлагатай л даа. Гол нь эмчийг шүүж, шийтгэж айлгах замаар хариуцлагыг сайжруулах биш юм. Харин чанартай эмч бэлддэг орчин, эмч болсны дараа ажил, мэргэжлээрээ өсөх, мэргэших, улам сайн ажиллах хөшүүргийг бий болгож түүнийг дагасан цалин, хангамж, урамшуулал, бас хариуцлага нь нэмэгддэг цогц орчин хэрэгтэй байх.

-Манай эрүүл мэндийн салбарынхан одоо ерөнхийдөө ямар асуудалд илүү анхаарч, юунд санаа зовж, хэрхэхийн төлөө хөөцөлдөх ёстой вэ?

-Эрүүл мэндийн салбарыг дан ганц эмч, эмнэлэг гэж харж болохгүй. Харин хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах бүхэл бүтэн цогц систем гэж ойлгох шаардлагатай. Асуудлыг ингэж томоор харсан өөрчлөлт, шинэчлэлт манайд хэрэгтэй болов уу.

-Нэг үеийг бодвол эмнэлэг хангалттай болчихсон. Харин урьдчилан сэргийлэх тал дээр анхаардаггүй, хаячихсан шиг ажиглагддаг?

-Эмнэлэг олныг барьснаар хүн амын эрүүл мэндийг сайжруулах боломжгүй л дээ. Хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ манайд шинэ зүйл биш. Хүүхдэд вакцин хийхээс эхлээд хэрэгжиж байдаг. Харин эрүүл мэндэд нөлөөлж байгаа гаднын орчинг сайжруулах, хүмүүсийн зан үйл, амьдралын эрүүл хэв маягийг дэмжиж хэвшүүлэх тал дээр илүү анхаармаар байгаа юм.

Манайд эмчлэх боломжгүй 30 гаруй төрлийн өвчин байна гэдэг судалгаа гарч байсан?

-Энэ бол харьцангуй л асуудал. Үүнд голдуу хүнд шатанд орсон архаг өвчин орж байгаа. Хүнийг ийм хэмжээнд хүргэхгүй байхад л эрүүл мэндийн бодлого чиглэгдэх учиртай. Хамгийн энгийнээр хэлэхэд архи, тамхины хэрэглэгээг багасгах, зөв хооллож идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдралын хэв маягийг бий болгочихвол хүнд өвчнөөр өвчлөх, эрт нас барах магадлал буурна. Энэ бол батлагдсан зүйл.

-Ер нь хүмүүс бидний эрүүл сайхан аж төрөх хэтийн ирээдүй ямар болно гэж эрдэмтэд үзэж байна вэ. Магадгүй хүн гэдэг амьтан өвдөж зовохгүй болчихвол гайхамшигтай юм?

-Хүний өвчин, эмгэг бол анагаахын болоод бусад шинжлэх ухааны нэг том сэдэв. Хүний амьдралд тохиолдож болох өвчлөлүүд, гарч болзошгүй шинэ өвчний аюулыг судалж, яаж сэргийлж, эмчилж, эдгэрүүлж, эрүүл мэндийг сэргээж хөгжүүлэх, хүнийг урт удаан наслуулах арга замыг анагаахын шинжлэх ухаан судалсаар байна. Ийм нээлтүүд асар хурдацтай хийгдэж байна. Тэгээд ч шинжлэх ухаанд за одоо боллоо, оргилд нь хүрлээ гэсэн хязгаар байдаггүй учраас бид бүгдээрээ гайхамшгийг хүсэн хүлээх боломжтой цаг үед амьдарч байна.

-Ходоодoнд ороод ажилладаг робот бүтээлээ. Судсаар ороод цус цэвэрлэх робот бүтээх боломжтой юу?

-Одоогоос 20, 30 жилийн өмнө хэний ч санаанд буумгүй байсан олон зүйлс өнөөдөр бидний амьдралд орж ирээд хэрэглээ болоод явж байна. Анагаахын шинжлэх ухаан, оношилгоо, эмчилгээний арга, технологид шинэ нээлтүүд гарсаар л байна. Иймд боломжгүй гэж хэлэх аргагүй. Бусад шинжлэх ухаантай харьцуулахад анагаахын шинжлэх ухаанд гарсан шинэ нээлт, ололт тэр дороо хэрэглээнд ордог онцлогтой.

-Хиймэл оюун ухаан хөгжинө гэж яриад байгаа. Тэгвэл хиймэл хараа, хиймэл сонсгол зэргийг яаж хөгжүүлж бий болгохвэ?

-Хэдийгээр миний мэргэжил, мэдлэгээс хол ч гэсэн би бодлоо хэлье. Шинжлэх ухааны хөгжлийн хурдацаар харвал хүний эд эрхтэнг, магадгүй хүний мэдрэхүй, мэдрэмжийг хүртэл орлуулах боломж гарч болох юм. Гэхдээ энэ бүгд хүний жам ёсны амьдрал, сайн сайхны төлөө л зориулагдах ёстой. Түүнээс хүнийг алсаас удирдан юу ч хийхээс буцахгүй робот болгож хувиргадаг ч юм уу, эсвэл нэг иймэрхүү хүний нийгмийн хөгжлийн эсрэг, амьдралын утга учрыг алдагдуулсан зүйлд шинжлэх ухааны нээлт ашиглагдаж эхэлбэл дэлхий ертөнц сүйрэх байлгүй дээ. Гэхдээ ийм зүйл хэзээ ч болохгүй, зөвхөн зөгнөлт киноноос л харж болох байх.

Өөдрөг, цовоо цойлгон байх нь эрүүл явахын нэг үндэс биз?

и 50 гарч явна. Цаашид мэргэжлээрээ идэвхтэй ажиллах 15-20 жилийн хугацаа байна гэж хардаг. Манай нөхцөлд энэ сонин сонсогдож магадгүй юм. Яагаад гэвэл монголчууд 50, 60 хүрээд эмээ, өвөө нэр зүүгээд түүнийгээ дагаад амьдралын хэв маяг нь идэвхгүй болчихдог. Сэтгэл зүй, хүрээлж байгаа орчин, залуусын хандлага хүртэл хүмүүсийг ийм байдалд оруулж улмаар гадуурхах маягтай харагддаг. Энэ бол Монголд илүү ихээр ажиглагдаж байгаа зүйл, үүнтэй би санал нийлдэггүй. Хүний биеийн физиологи, хөгжлөөр авч үзвэл 50-60 нас бол элдүүр нь ханасан сур шиг, хийгүй, элдэв ашиг сонирхлын зөрчлөөс хол, ид юм хийж бүтээдэг нас. Өнөөдөр олон оронд тэтгэврийн насыг 65 болгож байна. Тэтгэврийн мөнгө хэмнэх гээд тэгж байгаа юм биш. Хүний мэдлэг, туршлагыг ашиглах гэж тэгж байгаа юм. Жишээ нь, Манилад манай газрын дарга эмэгтэй 58 насандаа хурим хийж байлаа, мөн Женевт манай газрын захирал бас л 50 гарч гэр бүлтэй болж, хоёр хүүхэдтэй болон аз жаргалтай амьдарч байна. Үүнд хэн ч гайхдаггүй, ердийн зүйл гэж хүлээж авдаг.Ийм жишээг өөр газар ч харж болно.Монгол маань бас ийм болох нь зөв юм. Өөрийгөө хөгширлөө гэж хэт эрт бодон идэвхгүй байдалд орж дотоод сэтгэлийн гал цогоо унтрааж болохгүй гэж зөвлөмөөр байна. Хүний сэтгэл санаа ямар байна, юу бодно, яг л тийм байна.Өөдрөг сэтгэлээр амьдрах нь хүн эрүүл байх нэг гол үндэс гэдгийг мартаж болохгүй ээ.

-Та өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж, манай томоохон эмнэлгүүдийн асуудлыг шийдэж байсан. Тэр үеийн нөхцөл байдлыг өнөөдрийнхтэй харьцуулшгүй болов уу?

-Тийм ээ, Д.Бямбасүрэн гуайн Засгийн газарт Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан. Тэр үеийг өнөөдөртэй зүйрлэхийн аргагүй. Эдийн засгийн шилжилтийн хамгийн хүнд жилүүд байлаа. Улсын төсөв алдагдалтай, түлш, шатахуун, эмийн нөөц долоохон хоногоор яригдаж байсан, тийм үе. Эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн машин, сэлбэг хангамж байхгүй, хажуугаар нь ЗХУ-ын тусламжаар баригдаж байсан эмнэлгүүд зогсож, дутуу барилга тоногдож үрэгдэхдээ хүрч байв. Эмч нарын цалин нэр төдий зүйл болж, зарим газар 2-3 сараар цалин тавих мөнгөгүйсууж байлаа. Тэр үед эмч нар түүхэндээ анх удаа ажил хаяж эсэргүүцлээ илэрхийлж билээ.

-Тэр бүхнийг яаж шийдэж байв?

-Бид ойлголцож л тэр хүнд үеийг давсан гэж боддог. Гэхдээ үүнд бодитой нөлөөлсөн нэг арга хэмжээ бол иргэний эрүүл мэндийн даатгал байсан. Мөн эрүүл мэндийн асуудлаар донор орнуудын хуралдааныг зохион байгуулж яаралтай зарим асуудлаа шийдэж, Гэмтэл, согогийн шинэ эмнэлэг, Дорноговь, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн цогцолборыг Оросын барилгын ангиар бариулж авсан шүү. Бас БНСУ-ын Самсунг корпорацитай хамтарч нэг удаагийн зүү тариурын хамтарсан үйлдвэрийг ашиглалтад оруулж байсан. Бидний тэр үед хийсэн ажил бусад оронд үлгэр жишээ болон яригддаг байлаа. Энэ бол тухайн цаг үед ажиллаж байсан бүх хүмүүсийн хичээл зүтгэл, хөдөлмөр юм даа.

-Уг нь та цахилгаан холбооны инженер эдийн засагч мэргэжилтэй. Яаж эрүүл мэндийн салбартай холбогдож, бүр тархи нь болсон гол газар ажиллах болов оо?

Би эдийн засагч мэргэжлээрээ голдуу ажилласан даа.Эрүүл мэндийн салбартай санаандгүй холбогдсон. Энэ салбарын хүн болоход тусалж, дэмжсэн хүмүүс бол тэр үед Эрүүл мэндийн дэд сайд, сүүлд Төв аймгийн засаг дарга болсон С.Гончигагсан, академич П.Нямдаваа, Эрүүл мэндийн тэргүүн дэд сайд Г.Дашзэвэг гуай нар байгаа юм.Харин дараа нь АНУ-ын Бостоны их сургуульд эрүүл мэндийн шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалаад энэ салбарт эргэлт буцалтгүй орсон. Сүүлд Эрүүл мэндийн сайд байсан С.Сонин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 3 сарын хугацаатай ажиллахыг дэмжиж зөвшөөрсөн.Тэнд ажил авахад бүсийн захирал, Япон улсын иргэн Ш.Оми доктор надад нэг сургамжтай зүйл хэлсэн юм. “Заа, та манай бүсийн төвд ажиллахаар ирж байгаа анхны монгол хүн, 3 сар бага хугацаа биш шүү, хийх ажил хүлээж байгаа. Энд өрсөлдөөн дээр суурилсан капиталист зарчим үйлчилнэ шүү гэсэн. Тэгээд яахав, Монгол гэдэг нэрээ бусдын дор оруулахгүй юмсан гэж гурван сарын дотор хийх ёстой ажлаа сайн хийж, ажлын сул орон тоон дээр өрсөлдөж жинхэлсэн. Сүүлд 2009 онд Японд анагаахын шинжлэх ухааны доктор цол хамгаалсан.

-Таны аав Ё.Доржсүрэн Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд байсан. Та аавынхаа тухай ном эмхэтгэж гаргасан байдаг. Гар бичмэл, цуглуулгуудыг нь их нямбай хадгалжээ гэж харагдсан шүү?

-Гар бичмэл, цуглуулга сэлтийг нь ном болгож 70 насны ойгоор нь аавдаа зориулж хэвлүүлсэн юм. Аав маань бичгийн соёл өндөртэй, их нямбай хүн байлаа. Аав шиг гоё бичдэг хүнтэй би одоо хэр таарч байсангүй. Аавынхаа бүх юмыг нь яг л тэр байгаагаар нь хадгалж ирсэн. Монголын соёл, урлагийн сонин түүх тэр номонд бий. Аавыг сайн мэдэх хүний нэг бол Н.Жанцанноров гуай л даа. Надад өмнөх үг бичиж өгсөн.

-Та яаж аав шигээ ийм мундаг хүн болох вэ гэж бодож байлаа хэмээн бичсэн байсан?

-Тийм ээ, хүүхэд насны мөрөөдлөөр яаж аав шигээ эрдэм мэдлэгтэй хүн болох вэ гэж боддог байлаа. Амьдрал дандаа тийм дардан сайхан байдаггүй. Бид багадаа ээжээс өнчирч үлдсэн. Тэгээд аав минь ажил, ар гэр гээд явчихна. Би айлын том хүүгийн хувьд ар гэрийн ачаанаас үүрэхийг үүрнэ, тэгж л өссөн. Бусдаас тэгж ялгараад байсан юм бидэнд байдаггүй. Соёлын салбарт аавын үлдээсэн ул мөр их бий. Миний мэдэхийн хувьсгалын музей, улсын циркийг барьж байгуулах ажлыг хариуцаж, даргаар нь ажиллаж байсан. Ардынxaa урлаг, соёлоо дээдэлдэг, ардын язгуур урлагийн анхны их наадмыг санаачлан зохион байгуулж байсан. Тэр үед ардын урлаг, соёлыг бараг хоцрогдсонд тооцож, ийм чиглэлийн ажил хийхэд үндсэрхэг үзэлтэй холбож, мушгих маягтай байсан. Энэ бүгдийг тэр өндөр түвшинд гаргаж ажиллана гэдэг амаргүй байж гэж хожим харсан. Тэр хатуу цагт ажлаасаа буусан хүн дахиж гарч ирж байсан түүх ховор байдаг юм билээ. Аав маань 1964-1968 онд Соёлын яамны орлогч сайд хийж байгаад манайд айлчлан тоглож байсан Чехословакийн жүжигчид автын осолд орсноос болж намаасаа арга хэмжээ авахуулан ажлаасаа бууж байсан. Гэсэн ч сүүлд 1979-1984 онд дахин Соёлын яaмны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайдаар томилогдон ажиллаж байсныг би аавынхаа ажил мэргэжил, мэдлэгтэй нь холбон үздэг.

-Ус нутгаа дагадаггүй монгол гэж бараг үгүй юм?

-Манайхан бүгд Булган нутгийн хүмүүс. Булганы Хангал сумын улс. Өвөө, эмээгээ дагаад зуны амралтаар Булган их явна, хонь мал хариулна, хурдны морь унах гэж үзнэ, гэхдээ үсэргээнээс хэтрээгүй ээ.Голдуу Орхон, Могод хавиар зусна, Жаргалантын зуслангаар бид бас очно, oлон сайхан дурсамж бий дээ.

-Таны бага нас цирктэй их холбоотой байх?

-Цирктэй бидний бага нас их холбоотой. Шинэ програм, тоглолт бүрийг үзээд нэг мэдэхэд бараг бүгдийг ах, эгч шигээ таньдаг болчихсон байх жишээтэй. Алиалагч Сандаг, Цэдэнбал буюу Цээеэ, Батсүх, Латиф, илбэчин Цэнд-Аюуш, хүү Алтанхуяг, амьтан сургагч Саруултөгс, Амгалан, шидэх банзны Жаргалсайхан, агаарын гимнастикийн Ягаанцэцэг, акробат, жонглёрын Төмөрбаатар, Бүжидмаа, Норжмаа, Ариунболд, Дэмчигсүрэн, Батболд, Сүхбаатар, хүч тамирын Дамдин аварга, Хишигдаваа, Жанчивдорж, Болдбаатар, Эрдэнэсайхан, уран нугаралтын Норовсамбуу, Эрдэнэцэцэг, Наранцэцэг, Оюунчимэг, Эрдэнэтуяа, олсон дээр тоглогч Сувдаа гээд маш олон хүнийг нэрлэж болно. Уран сайхны удирдагчаар Т.Цэнд-Аюуш, дараа нь Намхай гуай болсон санаж байна. Хөгжим дээр Дагва-Oсор, зураачаар Эрдэнэбулган гуай ажилладаг байв. Ер нь авьяас чадалтай, их сайхан бас хөгжилтэй хамт олон байсан санагддаг шүү. Жишээ нь зохион байгуулагч нь Дорж гэдэг нэг ах байдаг байлаа, үсээ богино засдаг, тэр нь босчихдог байсан учраас үеийнхэн нь зараа гэx хочоор мэдэх жишээтэй. Тэр үед циркийн жүжигчид бие биенийгээ явуулж, хөгжилддөг байсан байгаа юм. Нэг удаа аав тэдэнтэй хамт явахдаа гадаад дууны пянз сонирхож байгаад түүний гадна үлдээгүйг саяхан аавыг дурсахдаа нэг хүн хэлж байсан. Ийм маягаар aав маань хамт олондоо ойр, дотор нь байж чаддаг, тэр хэрээр тэдэндээ санаа тавьдаг, маш энгийн хүн байсан даа. Аав санаачлан циркийн зуслан гээд Шарга морьтод газар авч зуслантай болсноор хамтдаа зусланд гарна. Алтан үеийн жүжигчдийг тэнд харах завшаан таарч байлаа. Манайд арслан сургаж тоглуулдаг байсан Цэрэндорж гуай, ардын жүжигчин Нацаг гуай, алиа Содном гуай гээд л.

-Та гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Эхнэр маань эдийн засагч мэргэжилтэй, Д.Янжмаа гэдэг. Сангийн яаманд ажиллаж байгаад хамт гадагшаа явсан. Охин Ундрам, хүү Анар нар Филиппинд сургууль төгсөөд АНУ-д бас сурсан. Охин маань мастер цолoo хамгаалаад одоо энд олон улсын нэг байгууллагад ажиллаж байна. Хүү маань сургуулиа төгсөөд Швейцарьт ирж ажиллаж байгаад тэр чиглэлээрээ Монголдоо очиж ажиллана гээд явсан. Ямар ч гэсэн өөрийн зардлаар улсдаа хоёр хүнийг сургаж бэлдэн иргэний үүргээ биелүүлсэн шүү.

-Нутагтаа хэзээ ирэх вэ?

Монголдоо очих хүсэл бий, хэзээ ч очиж болно. Эх орон гэдэг хүнд ямар чухал, эх орноо хайрлах, хөгжүүлэх бодол, сэтгэл гадаадад жинхэнэ утгаар ажиллаж, амьдарч үзсэн хүнд арай л илүү нь олон юмaндээр харагддаг. Нэг яриа байдаг даа, гадаадад амьдардаг айлын хүүхэд зун амралтаараа очоод гудамжинд явж байтал урд нь алхаж явсан хүн ууж байсан ундааны саваа хаячихаар нь ахаа та саваа унагачихлаа гээд аваад өгсөн гэдэг. Яг үүн шиг зун амралтаар очихдоо зүлгэн дээгүүр туучаад гарч байгаа хүн, машины цонхоор хогоо чулуудаж байгаа хүн, голын усанд машинаа оруулаад угааж байгаа хүн, гудманд, орцонд хогоо ил задгай, ууттай нь хаячихдаг, хээр салхинд гараад байгаль дэлхийтэйгээ зохисгүй байдлаар харьцаж, бохирдуулж байгаахүмүүсийг хараад сэтгэл өвддөг, хэлж ойлгуулж, бас үлгэр үзүүлэхийг хичээдэг.

Ц.БАЯРЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *