Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Жо Байден, В.Путин нарын хэлэлцээнд Ойрхи Дорнодын асуудал том байр суурийг эзлэх болов уу


Гадаад бодлогын эксперт, судлаачпрофессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


ОХУын төрийн тэргүүн Владимир Путин, АНУын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 16-нд Швейцарийн Женев хотод товлогдоо. Энэ уулзалтаар юу яригдах бол, хоёр орны харилцаанд эерэг үр дүн бий болж чадах уу?

-ОХУ, АНУ-ын харилцаа доод түвшиндээ хүртэл муудаж хурцадсан байдалтай байгаа. Хоёр орны харилцаа 2014 оноос хойш жил дараалан уруудсан. Шалтгаан нь ОХУ Крымын хойгийг өөртөө хавсарган нэгтгэж, Дорнод Украин-Донбассын мөргөлдөөнд шууд бусаар татагдан оролцлоо гэсэн ял АНУ, Өрнөдийн зүгээс Орост тулгасан. Энэ хэрээрээ Оросын эсрэг хийрхэл АНУ төдийгүй өрнөд ертөнцөд дэгдэж энэ нь яван явсаар АНУ-ын гурван ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Гурван төрийн тэргүүн дамжсан их хямрал үргэлжиллээ. Хурцадмал ийм нөхцөл байдлыг “Шинэ Хүйтэн дайн” гэж нэрлэж байна. “Хоёрдугаар Хүйтэн дайн” ч гэж нэрлэх нь байна. “Хүйтэн дайн”-ы ийм хурц үед хоёр улсын удирдагч уулзах гэж байгаа нь дэлхий дахины улс төрийн өрсөлдөөн, сөргөлдөөнийг намжаахад нааштай алхам эхлүүлэх байх гэсэн горьдлого дэлхий нийтийн дунд байна. Тэр дундаа энэ хоёр гүрэнтэй хоёулантай нь найрсаг сайхан харилцаатай Монгол Улсын хувьд ч хүлээлттэй байна гэсэн үг.

Чамлахааргүй хугацаа өнгөрчихөөд байхадХүйтэн дайн”-ы тийм нөхцөл байдал намжихгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ухаандаа АНУ-д болоод Өрнөдөд ОХУ-ыг шүүмжилдгээр бол Украины дотоод хэрэгт оролцож, Донбассын тогтворгүй байдлыг өдөөж, Крымыг нэгтгэн авсныг нь огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дэлхийн II дайны дараа тогтсон газар нутгийн хөдөлшгүй, халдашгүй дархан байдлыг эвдсэн хэмээн тэд ОХУ-ыг шүүмжилж, тэр алдаагаа засахаас хоёр талын харилцаа сайжрах эхлэл тавигдана гэж АНУ, Өрнөд Европт үзэж байна. Харин ОХУ хэзээ ч буруугаа хүлээж, харилцаагаа тийм эхлэлээр сайжруулъя гэж эргэхгүй. ОХУ өөрийн үндэснийхээ эрх ашиг дээр хатуу зогсоно, үүн дээр буулт хийнэ гэж байхгүй. Тэс хөндлөн ийм байр суурьтай байгаагаас Орос ба Өрнөдийн харилцаа доод түвшиндээ хүртэл уначихаад байна. Мөн өнөөдөр даян дэлхийд ОХУ, АНУ-ын хоёр талын харилцаанаас ч илүү ноцтой олон асуудал тулгараад байна. Хүн төрөлхтнийг сандаргасан ковид гэх цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засаг-нийгэм зогсонги байдалд орсон. Үүн дээр нэрмээс болгож их гүрнүүд толхилцох нь дэлхий дахины байдлыг улам л дордуулах аюултай бус уу.

-“Хүйтэн дайнбусад улс орнуудын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулаач?

-“Шинэ хүйтэн дайн”-д БНХАУ татагдан орсон. БНХАУ-АНУ-ын харилцаа тун хүнд байна. БНХАУ-Японы харилцаа ч тэр, Орос-Японы харилцаа ч тэр тааруухан байна. Ороос-Европын харилцаа ч сайнгүй байна. Энэ олон таагүй харилцааг зөөлрүүлэхэд луужин болох нь Орос-Америкийн харилцаа юм л даа.

АНУ, ОхУын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар дорвитой үр дүн гарч чадах болов уу?

-Хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн уулзалтаар ийм тийм үр дүн гарна, тийм дэвшилд хүрнэ гэж хэлэх бололцоо үнэндээ алга. Миний ойлгосноор бол эдүгээ аль ч салбарт Орос-Америкийн ямарваа түвшний яриа хэлэлцээ явагдаагүй. Зэвсэглэлийн ч, бүс нутгийн мөргөлдөөний ч, хоёр талын худалдаа-эдийн засгийн ч, хүмүүнлэгчийн ч гээд аль ч салбарыг авч үзэхэд Орос-Америкийн харилцаа зогссон байдалтай, хэзээ эргэж сэргэх нь ч тун бүрхэг байна. Гэхдээ хүн төрөлхтөн энэ “Шинэ хүйтэн дайн” гэдэг ч юм уу, Орос-Америк, Орос-Өрнөдийн харилцааны зөрчлөөс залхчихсан байна. Том гүрнүүд учраа олж, найрсаг харилцаатай байж, хамтын ажиллагаагаа эрүүл саруулаар эхлүүлж, зөв явуулж байж дэлхий дахин тогтвортой байх ёстой. Адаглаад бүс нутгийн мөргөлдөөний голомтууд ч гэсэн дэлхийн бодлого тодорхойлдог дэлхийн том гүрнүүдийн харилцааны дунд зүгшрэх ёстой. Тэр утгаараа ОХУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг дэлхий нийтээрээ тэсэн ядан хүлээж, басхүү онц ач холбогдол өгөх нь ойлгомжтой юм. Улс төрийн онц ач холбогдол өгч байгаа болохоос өөр тодорхой салбарт тийм ийм дэвшил гарчихна, зэвсэглэлийг тэгээд хорогдуулчихна, дайны аюулыг урьдчилан сэргийлчихнэ гэж хэн ч зориглож ярихгүй байна.

АНУын ерөнхийлөгч Жо Байдены хувьд төрийн тэргүүнээр сонгогдоод тийм ч урт хугацааг өнгөрүүлээгүй байгаа. Гэсэн ч ОХУтай яаравчлан уулзаж байгаа нь харилцаагаа өөр түвшинд гаргахыг ихээхэн зорьж байна уу гэж харагдахаар байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод хагас жил болчихсон. Энэ нь тийм ч чамлахаар хугацаа биш. Гол нь Жо Байден Ерөнхийлөгч болоод хамгийн эхний хоёр талын өндөр дээд хэмжээний уулзалтаа БНХАУ-тай хийсэн. Энэ юу харуулав гэхлээр ноён Жо Байден Хятадтай харилцаагаа цааш нь хэрхэн авч явах вэ гэдэг дээр ОХУ-тай харилцаанаас ч илүүтэй тархиа гашилгаж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Аляскад ширүүхэн явагдсан Америк-Хятадын “2+2” форматын уулзалтыг би хэлж байна. Харин одоо Орос, Америк хоёр гүрний төрийн тэргүүнүүд анх удаа шууд халз тулж уулзахаар боллоо. ОХУ-АНУ-ын харилцаа нэн хүнд байгаа нөхцөлд хоёр орны аль нэгэнд нь энэ уулзалтыг хийхгүйгээр гуравдагч улс, болж өгвөл төвийг сахисан бүс нутаг, улсад хийе гэж тохироод Швейцарийн Женевийг сонгож авсан.

Нэг зүйлийг онцлоход, хэд хоногийн өмнө нэлээн ширүүссэн Израиль-Палестины мөргөлдөөн хүн төрөлхтөнд айдас түгшүүр төрүүллээ. Энэ мөргөлдөөн зогсохгүй бол юу болох вэ, яах вэ гэсэн асуулт тавигдсан. Үүнд АНУ, ОХУ төдийгүй дэлхийн гүрнүүд оролцож, тал бүрээс нь уриалан дуудсанаар Израиль зарим талаар буулт хийж энэ мөргөлдөөнийг түр зогсоолоо. Ойрхи Дорнодын энэхүү мөргөлдөөнийг зогсоох асуудлаар АНУ тун идэвхтэй ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен одоо хүртэл Ойрхи Дорнодын орнуудаар явж байна. Тэр ч утгаараа хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн уулзалт Ойрхи Дорнодод мөргөлдөөний гал бүрэн намжаагүй үетэй давхцаж таарах нь байна. Тиймдээ ч Ойрхи Дорнодын асуудал хэлэлцээний сэдэвт томхон байр суурь эзлэх нь гэж ойлгож байна. Сирид хоёр гүрэн халз тулгарч тулалдахад тун ойртсон, Сирид явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг АНУ, түүний холбоотнууд хүлээн зөвшөөрөхгүй, Ирантай АНУ ямар харилцаа хөгжүүлэх нь нэн бүрхэг, Орос ба хуучин Зөвлөлтийн БНУ-ын өвөр хоорондын харилцаа, Армен-Азербайжаны зөрчил, Орос-Украины зөрчил, шинээр үүсээд буй Беларусь-Прибалтикийн харилцааны хурцдал гээд хэлэлцээнд хөндөх асуудал хангалттай хуримтлагдсан болов уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *