“Өдрийн сонин”-ы 2017.06.06-ны Мягмар гаригийн №126(5693) дугаараас авч нийтлэв.
Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.
-Нийслэлийн АН-ын даргаар сонгогдсоноос хойш анхны ярилцлагыг авч байна. намын даргаар томилогдсоноос хойшхи хугацаанд ямар ажлыг хийв. Ерөнхийлөгчийн сонгуульд ямар бэлтгэлтэйгээр оролцох гэж байна вэ?
-Нийслэлийн намын даргын ажлыг аваад хоёр сарын хугацаа болж байна. Энэ хугацаанд дүүргийн намын удирдлагуудтайгаа энэ ондоо хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, 2020 он хүртэлх намын барих стратеги бодлогыг тодорхойлоод явж байна. Намын дэргэдэх ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын гэх мэт байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэн цэгцэлсэн гэж хэлж болно. Яг энэ үед Ерөнхийлөгчийн сонгууль эхлэх гэж байна. Х.Баттулга маань намын нийт гишүүдийн олонхийн саналыг авч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон. Манай Ардчилсан нам үе үеийн сонгуульд оролцож, ялж ялагдаж ирсэн арвин туршлагатай. Ерөнхийлөгчийн сонгуульд сүүлийн найман жил ялалт байгуулсан туршлага бидэнд байна. Одоо Нийслэлийн АН сонгуульд оролцох бэлтгэлээ бүрэн хангаад явж байна.
-Ан дотоод сонгуулиараа бүтцийн нэлээн их өөрчлөлт хийсэн. Яг энэ үетэй давхцаад сонгууль болох гэж байгаа учраас дотоод зохион байгуулалтаа танай нам цэгцэлж амжсан уу?
-АН намынхаа сонгуульт албан тушаалтаныг сонгохдоо бүх гишүүдээсээ асуудаг болж байгаа нь эргээд дарга нарын хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм. Дүүрэг, үүрийн дарга нарын хувьд шинэчлэгдсэн хүмүүс бий. Гэхдээ дандаа хуучин ажиллаж байсан, нам дотроо олон жил болсон, сонгуулийн туршлагатай хүмүүс. Тийм болохоор санаа зоволтгүй гэж хэлье.
-Ерөнхийлөгчийн сонгуульд та хотын намын даргын хувьд эргээд ямар нэгэн хариуцлага хүлээх үү?
-Намын дүрмийн дагуу би Нийслэлийн 2020 оны сонгуулийн хариуцлагыг хүлээнэ. УИХ-ын 2020 оны сонгуулийн хариуцлагыг төв намын дарга хүлээнэ. Дүүргийн Иргэдийн хурлын сонгуулийг дүүргийн намын дарга нар хүлээнэ гэх мэтчилэнгээр тус тус тодорхой заасан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх шатны намын байгууллагууд хичээл зүтгэл гаргаж ажиллана. Сонгуулийн дараагаар Үндэсний бодлогын хорооны хурлаар сайн, муу ажилласан гэдэг үнэлгээг өгөх ёстой. Хариуцлага огт хүлээхгүй гэсэн үг биш юм.
-Та НИТХ-ын даргаар ажиллаж байсан. Одоо та НИТХ-ын төлөөлөгчдийн нэг. Хотын бодлого залгамж халаа, хэр уялдаа холбоотой үргэлжилж байна вэ?
-Хүмүүс хэдийнэ харьцуулаад эхэлчихсэн байна лээ. Өнгөрсөн 2012-2016 онд хийж байсан ажлуудыг одоогийн хотын удирдлагуудын хийж буй ажилтай харьцуулж байна. Нэгэнт жилийн хугацаа өнгөрсөн учраас ямар бүтээн байгуулалт хийгдэж байна, ямар зам засав, ногоон байгууламж тохижилтын ажил хэр хийгдэж байна вэ гэдгийг харж, хүлээж байна. Гэтэл одоо хотод яг ямар ажил хийгдэж байгаа нь тодорхойгүй байна. Төлөөлөгчийн хувьд би хуралд сууж байхад хот ийм чиглэл бодлого барьж ажиллана, өмнөх удирдлагуудын барьж байсан ажлынх нь үүнийг нь үргэлжлүүлнэ гэх зэрэг бодлогын уялдаа холбоо илт дутагдаж байгаа нь харагддаг. Ер нь хийх юмаа мэддэггүй хүнд хоёр зовлон байдаг. Нэг нь өмнөхөө их шүүмжилдэг. Байнга шүүмжлээд байхаар хүмүүс бас уйдчихна шүү дээ. Хоёрдугаарт баахан зовлон тоочоод эхэлдэг. Хотын өмнөх удирдлагуудыг шүүмжилсэн нь одоо болтол тасраагүй байх шиг байна. Одоо тэгсэн баахан зовлон тоочиж, ажил хийхгүй цаг хугацаа аваад л байна.
-Саяхан хот төсвийн тодотголоо баталсан. Тухайн үед өмнөх хотын удирдлагууд үр дүнгүй хөрөнгө мөнгө зарцуулж байсан тухай яригдсан?
-2017 оны хотын төсөв 2016 оны төсвөөс 88.5 тэрбум төгрөгөөр илүү байна. Хөрөнгө оруулалтын зардал нь урьд нь 116.3 тэрбум төгрөг байсан бол 162 тэрбум төгрөгөөр батлагдсан. Энэ нь 40 хувиар илүү гэсэн үг. Гэтэл өмнөх удирдлагууд маш их төсөвтэй байсан, бид нар төсөв мөнгөгүй хэцүү байгаа тухай зовлон тоочоод байгаа шүү дээ. Тэгэхээр юу дутаж байна вэ гэвэл сэтгэл дутаж байна. Бид 2015 онд гэхэд хотын төсвийн хажуугаар хувийн аж ахуйн нэгжүүдийг шахаж шаардсаар 45 тэрбум төгрөгийн тохижилтыг хийлгэж байлаа. Цэцэг тарилаа гээд биднийг шүүмжилж байсан, одоо цэцэг тарихаа больсон. Харин хотын тохижилт гээд уулнаас баахан мод буулгаж авчраад тарьчихаж байна. Хотын төсөвт аудитын шалгалт явуулахад 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн гэгдээд байгаа. Аудитын газрын дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн албан дүгнэлтээр хот зөрчилгүй гэдгийг гаргасан. Харин зарим дүүргүүд санхүүгийн бичилтээ буруу зөв биччихсэн гэх мэтээр албан бичиг хөтлөлтийн алдааг шамшигдуулсан юм шиг ойлголтоор яриад байж болохгүй л дээ. Үнэндээ байгаа онохгүй худлаа үнэн шүүмжлээд яахав дээ.
-Концессээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд шүүмжлэлтэй хандаж байгаа?
-Концессыг цааш үргэлжүүлэх үү үгүй юу гэдэг дээр сая маргаж байсан. Хотод хувийн хэвшлийн түншлэл байх хэрэгтэй. Концессыг батлахдаа төсөвт дарамт учруулахгүйгээр хийж байсан. Хотын төсөв 400, 500 тэрбум төгрөг байхад 20-30 тэрбум төгрөгөөс хэтрэлгүйгээр концессыг хийж байсан. Бодлогын хэмжээнд концессыг явуулах нь зүйтэй. Аль ч улсад хийгддэг. Нийслэлээс хийгдэж байсан, иргэдэд хүлээлт үүсгэсэн амин чухал олон ажил тодорхойгүй болчихлоо л доо. Ахмадын орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг тодорхойгүй болсон. Орлого багатай иргэдийн хэрэгцээнд нийцсэн түрээсийн орон сууцны асуудлыг ярьж байсан. Хүмүүсийн хүлээж байсан энэ зүйл бүдгэрчихлээ. Багш, эмч нарын үйл ажиллагааг нь индексээр үнэлж урамшууллын системийг бий болгосон. Багш, эмч нарт хүртээмжтэй энэ дэмжлэгийг таслан зогсоочихлоо. Нийслэлийн 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барина гээд 30 гаруй газрын асуудлыг шийдээд бэлэн болгосон байсан. Энэ ажил хаана явж байгаа нь мэдэгдэхгүй болчихлоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр нэлээн ажил хийгдсэн. Дахин төлөвлөлтийг гурван фронтоор явуулъя гэж төлөвлөж байсан. Айлуудын газрын орон сууцаар солих, дараагийнх нь айлууд газраараа нийлж тодорхой хөрөнгө босгон амьдрах орчноо сайжруулах. Есөн ч газар дээр айлууд нь нэгдчихсэн төсөл нь бэлэн болчихсон байсан. Гурав дахь нь сайн хашаа хөтөлбөр байсан. Дахин төлөвлөлтийг цааш үргэлжлүүлэн явуулах уу гэж асуухад зөв төлөвлөлттэй гэсэн нэршлээр явуулна гэсэн.
Ямар ч нэртэй байсан хамаа алга, ажил урагшаа явах ёстой. Гэтэл нэр солиод зовлон тоочоод суугаад байж болохгүй. Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгчийн санаачлагаар хууль гаргаж баталсан шилэн дансыг байхгүй болгочихлоо.
-Шилэн дансыг байхгүй болгоогүй, хэвийн хөтлөөд явуулж байгаа гэдэг тайлбарыг өгч байгаа л даа?
-Хэн нэгэн дарга нь шилэн данс явж байгаа гэж хэлээд байгаа бол, намайг худлаа ярьсан эсэхийг хүмүүс хаягаар нь орж хараад шалгачих. Нэг дүүргийн Засаг даргын Иргэдийн хурлаас тодорхой хэмжээний зардал гаргалаа гэхэд үүнийгээ ил тайлагначихад сэтгүүлч та нараас эхлээд олон хүн шууд харчих боломжтой байсан. Энэ талаар шилэн Цогоо гээд байсан нөхөр өнөөдөр дуугарч байна уу.
-Хогны уутанд хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулсан гэсэн шүүмжлэл байгаа. Энэ үнэхээр үр дүнтэй байсан гэж үү?
-2012 онд хотын гудамжаар хог хийсдэг байсан. Хог гэдэг цуглуулах, тээвэрлэх, булшлах гэсэн гурван үндсэн шатлалтай явагддаг.
Манайхан хогоо цуглуулж чаддаггүй, шууд асгадаг байсан. Нийслэлээ хоггүй байлгахын тулд айл өрх, аж ахуйн нэгжээс гарч буй хогийг уутанд хийж цуглуулдаг соёл хэвшилд сургаж чадсан. Бусад улс оронд ч ийм туршлага байдаг.
-Цахим газар өмчлөл одоо явагдаж байгаа юу?
-Цахим газар өмчлөлийг цааш үргэлжлүүлэх эсэхийг одоо яриад л байна. 2012 онд биднийг ажил хүлээж авахад газрын мафийг таслан зогсоогоорой гэдгийг иргэд захиж хэлж байсан. 2016 онд тэр яриа байхгүй болсон. Сургуулийн хүүхдийн талбай, орон сууцнуудын дундах ахмадуудын нарладаг хүүхдийн талбай гаргахын тулд зөрчилтэй 200 гаруй газрыг нийтийн талбай болгож байсан. Үнэндээ өмнө нь газар хувьчлал бараг явагдаагүй. Гэр хорооллын иргэд л газраа өмчилж авснаас өөр хийгдсэн ажил байгаагүй. Хотын газар бол хэмжээтэй. Өргөдлийн хэмжээгээр танил талаараа өгч байдгийг таслан зогсоохын тулд иргэддээ хүртээмжтэй болгохын тулд ил тод шударга явуулахын тулд газар өмчлөлийг цахимаар өгье гэж шийдвэрлэсэн. Улс орны шилдэг 10 арга хэмжээний нэгд Монголын цахим газар өмчлөл нэгдүгээрт явж байсан. Мөн газрын дуудлага худалдааг жинхэнэ ёсоор нь зохион байгуулсан. Засгийн газрын ордны хажуу талын алга дарам хэвлэх үйлдвэрийн газар гэхэд 24 тэрбум төгрөг хүрсэн. Тэгэхээр ордон тойроод хичнээн газар өгсөн байгаа билээ. Нэг нь ч дуудлага худалдаагаар аваагүй. Хэрэв дуудлага худалдаагаар зарсан бол ямар их хэмжээний мөнгө улсын төсөвт орох байсныг бод доо. Хотын даргын гарын үсэг зурдаг захирамж ямар үнэ өртөгтэй байсан нь үүнээс харагдаж байгаа биз.
-Одоогийн хотын удирдлагууд ажлаа аваад жилийн хугацаа болж байгаа. Тэгэхээр үнэлэлт дүгнэлт өгөх хугацаа арай болоогүй гэж харах нь бий?
-Хотын даргын ажлыг аваад Э.Бат-Үүл “Өмнөх удирдлагууд хотод хоноцын сэтгэлээр хандаж байсан юм байна” гэдэг ганц үгийг хэлж байсан. Тэр хүн одооных шиг учир зүггүй шүүмжлэх гэж хэлээгүй. Арга ядаад л хэлсэн. Бид шууд ажилдаа орсон. Долдугаар сард ажил хүлээн авчихаад нийтийн тээврийн талаарх авах зарим арга хэмжээ гэсэн тогтоолыг наймдугаар сард гаргаж байсан. Ингээд нэгдүгээр эгнээгээр явах, дугаарын хязгаарлалтыг явуулах арга хэмжээг сарын дотор л хийсэн. Есдүгээр сард зөрчилтэй 160 гаруй барилгын үйл ажиллагааг таслан зогсоож байсан. Газрын шударга биш олголтыг зогсоох ажлыг эхлүүлсэн. Цаг хугацаатай өрсөлдөж томоохон шийдвэрүүдийг Засаг даргыг 100 хоногт хийж байсан. Гэтэл одоогийн Засаг даргын 100 хоногт “Та юу хийв” гэж асуухад Асемыг зохион байгууллаа гэж хариулж байна лээ. Асемын зохион байгуулалтыг хоёр жилийн өмнөөс хийж ирсэн шүү дээ.
-Өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө орон нутгийн сонгуулийг удирдаж байсан хүмүүс 60 тэрбум төгрөгийн хандивыг албан тушаал наймаалцаж босгосон талаарх бичлэг олон нийтэд цацагдсан. Та бүхэн сонгуулийн зардлаа хэрхэн босгож байсан юм бэ?
-Бичлэгийг нь сонсоход ахлах мэргэжилтэнгүүдээс эхлээд албан тушаалыг зарчихсан байсан биз дээ. Чухам тэр нь юу болсон талаархыг хуулийн байгууллагаас шалгах ёстой байх. Нийслэлийн сонгуульд АН хуулийн дагуу сонгуулийн зардлыг босгож оролцсон. Төсвөөс юм уу төрийн үйл ажиллагаанаас зарцуулсан зүйл огт байхгүй.
-Сонгуулийн өмнө “хөгжмөө” захиалсан хүмүүс одоо албан тушаалд очиж байгаа байдал ажиглагдаж байна уу, үгүй юу?
-Би нэг зүйлд харамсч байна. Бид тухайн үед хэлтэс, газрын дарга нарын хувьд тодорхой хэмжээгээр сольж тавьж байсан ч бүгдийг нь солиогүй. Гэтэл одоо АН-тай хамт ажиллаж л байсан бол мэргэжилтэнгүүдийг хүртэл халж байна. Энэ нь буруу жишиг юм. Төрийн ой санамж алдагдана. Тухайн хүнийг халж хохирол учруулж байгаагийн ард төрийн ой санамжийг арчиж буй нь эмгэнэл. Магадгүй оронд нь ажилд хүн авахдаа нөгөө 60 тэрбум төгрөгийн хүмүүсээсээ авч ч байгаа юм бил үү. Үүнийг шалгах ёстой.
-Долоон төрлийн татвар нэмэгдэж байгаа. Иргэдэд хэрхэн тусах вэ?
-Манай улсын эдийн засаг бүр хасах руугаа орчихоогүй, өсөлт нь удааширчихсан яваа. Эдийн засгийн хүндрэлийг татвар нэмж давдаггүй юм. Татвараа нэмнэ гэдэг нь татварынхаа баазыг устгаж байгаа хэрэг. Орж ирэх татвараа алсдаа багасгана. Төр нь зардлаа хэмнэж байж эдийн засгийн хүндрэлийг давдаг. Гэтэл төр нь зардлаа нэмчихлээ. Төр өөрөө данхайж, иргэдээсээ авах татвараа нэмчихээр эдийн засгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлнэ.