Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батсайхан: Ам.долларын ханш өссөн шалтгаан нь сэтгэлгээнээс болоод байна

Төрийн
банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхантай ярилцлаа.

-Орон сууцны
зээлийн урьдчилгаа арван хувь байх нь хэр бодитой шийдвэр вэ?

-Боломжгүй зүйл
байхгүй. Гэхдээ боломж ба шийдвэрийн үр дагавар гэж бий. Өмнө нь боломжийг нь
бүрдүүлээд 70 хувийг нь зээлж байсан. Тэр утгаараа тухайн зээлдэгчийн нэг сард
төлөх ачаалал харьцангуй бага байсан л даа. Арван хувь гэдэг маань ерэн хувиар
зээл авна гэсэн үг. Сарын төлбөр нэмэгдэж, тухайн сард ногдох хэмжээ өндөрсөөд
ирнэ. Хугацааны хязгаараасаа хамаараад
зээлийн өр орлогын хэмжээ хангагдахгүй
байх магадлал өснө. Урт хугацаандаа өрийн дарамт өснө. Тухайн хүндээ зээлийн багцын ачааллыг
нэмэгдүүлнэ. Уг нь олон хүнд зээл олгох тусмаа сайн. Арван хувийн
урьдчилгаагаар орон сууцны зээл олговол зээл олгох хүний тоо харьцангуй цөөрөх
магадлалтай. Таван хүн тутамд нэг зээлдэгчийн тоо хомсодно гэсэн үг.

-Долларын
хадгаламжийн хэмжээ өсч, төгрөгийнх буурч байгаа гэсэн. Энэ хэр бодитой тооцоо
вэ?

-Ер нь бол
дотоодын эх үүсвэр хомсдож байгаа. Эдийн засгийн ДНБ саарсантай холбоотой л
доо. Энэ оны эхний хагас жилд ДНБ гурван хувиар өссөн. Тэгэхээр энэ хэрээр
хуримтлалын хэмжээ буурна гэсэн үг. Үүнийг дагаад хадгаламжийн хэмжээ буурах
хандлага ажиглагдаж байгаа. Төгрөгийн хадгаламж буураад долларын хадгаламж
өсөөд байгаа. Долларжих хандлага өндөр байна гэсэн үг. Монголын хувьд хаана ч
байхгүй онцлогтой. Сэтгэлгээнээс их хамааралтай эдийн засаг. Хүмүүсийн
хандлагын өөрчлөлтөөс эдийн засаг нь хамаараад байдаг. Долларын хадгаламж өсөөд
байгаа нь ийм учиртай. Түүнээс биш долларын хэрэгцээ тэр хэмжээгээр өссөн хэрэг
огт биш. Оны эхний хагас жилд гадаад худалдааны тэнцэл эерэг байгаа. Импорт
буурсан, экспорт өссөн. Уг нь онолын хувьд экспорт нь өсөөд, импорт нь буурч
байгаа нөхцөлд долларын ханш сулрах ёстой. Гэтэл сулрахгүй байгаа нэг шалтгаан
нь ам.долларын хадгаламж өсч байгаатай холбоотой. Эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн
харьцаагаараа зохицуулагддаг долларын үнэ маань буурах нөхцөл байдал үүсчихээд байхад
буурахгүй байна гэдэг сэтгэлгээ нөлөөлсөн хэрэг л дээ.

-Зээлийн чанаргүйдэл
банкуудын толгой өвтгөсөн асуудал. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Нийслэлийн хэмжээнд
чанаргүй зээлийн нийт багцад эзлэх хувь хэмжээ 6.9 хувь болоод өсчихсөн. Мэдээж
хамгийн эхний том нөлөөлөл бол уул уурхайн зогсонги байдал. Мөн барилгын салбарын
борлуулалтаас хамаарч байгаа. Барилгын салбарын хувьд эрэлтээс нийлүүлэлт нь давчихсан.
Үүнээс болоод орон сууц борлогдохгүй байх
хандлага ажиглагдаад эхэлчихлээ. Өөр нэг онцлох зүйл гэвэл эдийн засаг зогсолтын
байдал руу орчихлоо. Түрүүн хэлсэнчлэн сэтгэлгээтэй холбоотой зүйл ч байгаа. Эдийн засаг маань буурчихаагүй. Бага ч гэсэн өсч
байгаа. Гадаад худалдааны баланс эерэг нөхцөлд өнөөдрийн түвшинд гацалт үүсэх учиргүй
л дээ. Сэтгэлгээ талаас нь тайлбарлавал цаашид яах бол гэдэг байдлаар худалдан авалтан
дээр зогсолт үүсчихээд байгаа юм. Хандлагыг хараад байна гэсэн үг. Үүнийгээ дагаад
бизнесүүдийн дунд өр авлагын хэмжээ нэмэгдчихсэн. Энэ нь эргээд зээл төлөх чадварт
нөлөөлж байгаа. Ялангуяа уул уурхай, барилгын зээл өндөртэй банкнууд дээр эрсдэлийн
түвшин өндөр байна.

-Эдийн засаг хоёр,
гурван жилдээ сэргэхгүй гэж байгаа энэ үед зээлийн багцад сөрөг нөлөө гарах нь ойлгомжтой.
Ер нь ийм үед банкууд яах ёстой вэ?

-Банкууд зээл олгохдоо
тодорхой тооцоо судалгаа, ирээдүйн урсгалын төсөөллийг хардаг. Онолын хувьд бизнес
эрхлэгчдийн орлого гучин хувиар буурахад банкны зээл төлөх чадварт нөлөөлөхгүй байхаар
зохицуулалттай явж байгаа. Гэхдээ 30 хувь гэдэг бол хатуу тоо биш. Тодорхой хүчин
зүйлийн нөлөөлөл байна. Бизнесийн зогсолтын нөлөөллөөс болж зээл төлж чадахгүй байдалд
орох тохиолдол гарч байгаа. Энэ мэт нөхцөл байдал үүсчихсэнийг үгүйсгэхгүй. Үүнээс
гарахын тулд банкууд харилцагчтайгаа илүү ойр ажиллах ёстой. Зээлийн эрсдэл гэдэг
бол ганцхан банкны эрсдэл биш. Харилцагчийн өөрийнх нь эрсдэл. Тийм учраас харилцагчтайгаа
ойр, эргэх холбоотой ажиллах ёстой.

-Уул уурхай гэхэд
ойрын жилүүддээ сэргэхгүй гэж байгаа. Тэгэхээр уул уурхайн салбарт түлхүү зээл олгосон
банкуудын хувьд дампуурах эрсдэл өндөр байна гэж ойлгож болох уу?

-Банкуудын хувьд өөрийнх
нь менежмэнт. Хэрэглэгдэхүүн олон байгаа. Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд
харилцагчдадаа авч хэрэгжүүлдэг арга хэмжээ хангалттай бий. Тэр арга хэрэгслээ цаг
алдалгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж
харилцагчаа, өөрсдийгөө ч эрсдэлээс хамгаална. Эрсдэлээс гарах арга замаа харилцагчтайгаа
нүүр тулж яриад хэрэгжүүлээд явбал тийм хүндрэлтэй асуудал одоогоор тохиогоогүй
байна.

-Юанийн ханш шинжээчдийн
таамгаар суларлаа гэхэд манайд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Эдийн засгийн нөхцөл
байдал хурдан хугацаанд саарч байгаа үзэгдэл ганцхан Монголд болж байгаа үзэгдэл
биш л дээ. Дэлхийн нэлээд хэдэн орон, ялангуяа Хятадад бий болчихсон. Үүнээс үүдэлтэй
сулрал манайд мэдээж сөрөг нөлөө үзүүлнэ. Гэхдээ манайх нийт импортынхоо 90 гаруй
хувийг зөвхөн Хятадтай хийж байгаа. Гадаад худалдааны тэнцлийн хувьд юанийн ханш
сулрах нь эерэг үр дагавар авчрах магадлал өндөр. Эсрэгээрээ эдийн засгийн нөхцөл
байдал иргэдийн санхүүгийн боловсролд эерэг нөлөө үзүүлж байгаа. Хэрэггүй зүйлээ
худалдаж авдгаа больж байна. Тэгэхээр импорт автоматаар буураад эхэлчихэж байна
гэсэн үг.

-Юанийн ханш суларвал
манайхаас худалдаж авдаг эрсдэлийн хэмжээ буурна гэсэн болгоомжлол бас бий…?

-Хэмжээ буурахаас
гадна үнэ буурч байгаа асуудал бий. Зэсийн үнэ 18 орчим хувиар буурсан. Нүүрсний
үнэ 21 хувиар уруудчихсан. Энэ байдал эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх том хүчин
зүйл болоод байна л даа.

-Ам.долларын ханшин
дээр ямар төсөөлөл байна?

-Ер нь манай эдийн
засаг их жижигхэн. Тийм учраас том өөрчлөлтөөс хамаарах хамаарал нь их өндөр. Оюутолгой,
Тавантолгой хэрэгжээд явчихвал манай эдийн засаг дороо сэргээд ирнэ. Эдийн засаг
сэргэхийнхээ хэрээр экспортоо нэмээд явчихвал долларын ханш буурна. Өнгөрсөн хоёр,
гурван жилийн хугацаанд бид экспортыг орлох чиглэлийн бүтээгдэхүүнээ дэмжчихлээ.
Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон болж байна. Гаднаас авч хэрэглэдэг байсан зүйлсээ дотооддоо
хэрэглэдэг болсон. Муу сайн хэлэгдээд байгаа Чингис бондын үр өгөөж нь эргээд экспортыг
нэмэгдүүлэх хөшүүрэг болсон. Нөлөөллөө үзүүлж эхэлж байна л даа. Хамгийн сайн үр
дагавар нь импорт буурсан үзүүлэлт. Импортоор
авдаг байснаа дотооддоо хийдэг болчихсон. Цаашлаад экспортлох боломж гарч ирсэн. Экспортлох боломж нэмэгдэхийн хэрээр
дотогшоо урсах гадаад валютын урсгал нэмэгдэх юм. Энэ хэрээр төгрөгийн ханшийг чангаруулахад
эерэг нөлөө үзүүлэх юм.

-Төгрөгийн хадгаламжийн
хүүнээсээ татвар төлөх хуульд банкуудад ямар нөлөө үзүүлэх бол?

-Банкууд зээлийн
хүү өндөр байна гэж ярьдаг даа. Үүний цаана хадгаламжийн хүү өндөр байгаа юм.
Олон улсын түвшинд хадгаламжийн жилийн хамгийн өндөр хүү гурван хувьтай байгаа.
Гэтэл манайд бараг хорин хувь хүрээд байгаа. Зээлийн хүү олон улсад есөн
хувьтай байхад манайх бас л хорин хувьтай байна. Тэгэхээр хадгаламжийн хүү өндөр
байгаатай холбоотойгоор нийт санхүүгийн секторын 90 хувь нь банкин дээр ирчихэж
байгаа юм. Хадгаламжийн хүүгээр орлого олж байгаа бол түүнээс нь татвар авна гэдэг
хууль хэрэгжээд эхэлсэн нь ийм учиртай. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр хадгаламж эзэмшиж
байгаа хүмүүс өөр хөрөнгө оруулалт руу мөнгөө байршуулах ч юм уу, хадгаламжийн хүүгээ
өсгөхийг шаардах гэх мэт хандлагууд гарах байх.

-Банкны салбарт
энэ л асуудал болоод байгаа даа гэсэн шалтгаан байна биз?

-Миний бодлоор банкны
сектор харьцангуй сайн хөгжиж байгаа. Саяхан даа, Азийн банкны холбооны гучдугаар
чуулган гэж Монголд болсон. Азийн банкирууд Монголд ирж Монголын банкны үйл ажиллагаатай
танилцаад явсан. Тэд Монголын банкны системийн хөгжлийг дэлхийн хэмжээнд хүрчээ
гэж дүгнэсэн. Энэ бол том үнэлгээ. Банкны системийн хөгжил дэлхийн түвшинд хүрсэн
юм бол эрх зүйн орчин нь бас тэр хэмжээнд хүрэх ёстой. Эрх зүйн орчин хоцроод яваад
байх талтай. Банкны холбоо энэ тал дээр санаачилга гаргаж ажиллаж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *