Санхүү, эдийн засгийн дээд сургууль Мэдээллийн системийн менежмент мэргэжлээр НАЙМ дахь элсэлтээ авч байгаа. Монголд шинэ гэгдэж байгаа ч, хамгийн их эрэлттэй мэргэжлийн тоонд багтсан Мэдээллийн системийн менежмент мэргэжлийн талаар Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа.
–Монголд хамгийн их эрэлттэй 20 мэргэжлийн тоонд Мэдээллийн системийн менежмент орсон байна. Мэдээллийн системийн менежментийн хөтөлбөр гэж чухам юуг хэлээд байна вэ. Танай сургууль анхлан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байх аа?
-Хүн мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Мэдээлэл нь үнэн, цаг хугацаандаа тохирсон, хянагдсан, баталгаажсан байх ёстой. Байгууллага бүрт, шат болгонд ийм мэдээлэл хэрэгтэй. Энэ мэдээллийг системчилж, програмчилахыг л мэдээллийн систем гээд байгаа юм. Үүнийг боловсруулдаг хүнийг Мэдээллийн системийн ажилтан гэдэг. Мэдээллийн системийн менежмент бол байгууллагыг удирдах менежмент, мэдээллийн технологийн программ хангамж гэсэн хоёр мэргэжлийн хослол. Байгууллагад зөв мэдээлэл дутаад ирэхээр хардлага, үл ойлголцол, шударга бус байдал бий болдог. Улс орны хэмжээнд ч мэдээллийн систем хэрэгтэй. Засгийн газар цахимаар мэдээлэл авдаг, хуралддаг болсон нь үүний эхлэл. Уламжлалаас дүгнэхэд Чингис хаан мэдээллийн системийг маш сайн хэрэгжүүлдэг байж. Тагнуул, туршуул байдлаар ард түмнийхээ санаа бодлыг тагнаж, мэддэг, түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг байсан түүх бий. Од эрхсийг шинждэг, амьтны араншин ажигладаг, өвс ургамлын гарц, жил жилийн давтамжийг харж байж шийдвэрээ гаргадаг нь өөрөө мэдээллийн системийн менежмент шүү дээ.
–Мэргэжил болсон нь Монголд шинэ гэж үү?
-Энэ хөтөлбөр Монголд шинэ, хүн бүр ойлгохгүй байгаа нь үнэн. Гэхдээ амжилттай ажиллаж байгаа компаниуд энэ мэргэжлийн чухлыг мэддэг болж, мэдээллийн системийн менежментийн эрэлд хатаж байна. Байгууллага хурдан, зөв шийдвэр гаргахын тулд мэдээллийн системийн менежментийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Тэгэхгүй бол өрсөлдөөнд ялагдах эрин үе эхэлчихлээ.
–Мэдээлийн системийн менежментийн эрэлд хатаж байна гэлээ. Тэгэхээр энэ мэргэжлээр цөөн хүн төгссөн гэж үү?
-МУИС-д энэ хөтөлбөр хэрэгжиж байгаад нэг хэсэг хаагдаад дахин сэргэсэн. Манай сургууль энэ хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж байна. Жилд цөөн хүн төгсдөг. Тэднээсээ заримыг нь сургуулийнхаа Мэдээллийн системийн албанд ажилд авдаг. Үлдсэн төгсөгчдийг маань компаниуд булаацалдаад авчих юм. Анх энэ хөтөлбөрийг эхлүүлж байхад байгууллагууд ийм мэргэжил хэрэгтэй л гэдэг байснаас нарийн ойлгодоггүй байсан. Хүн эрүүл байхын тулд бүх мэдрэхүй нь зөв мэдээлэл авдагтай адил байгууллага бүр зөв, амжилттай ажиллахын тулд зөв мэдээллийн системтэй байх ёстойг монголчууд ойлгож эхэлж байна. Компаниуд эдийн засгийн хүндрэлээс болж дампуурлаа гэх юм. Гэтэл эрүүл саруул, зөв мэдээлэлтэй байгууллага хямралыг давж гардаг шүү дээ. Манай сургууль энэ мэргэжлээр жилд арав гаруй оюутан төгсгөдөг. Тэд маань сурч байхдаа ажлын байртай, байгууллагынхаа хамгийн чухал үүрэгтэй хүн болчихсон байдаг. Олон ажилтантай, томорч байгаа компаниуд мэдээллээ системчилж, програмчлах шаардлагатай болсныг ойлгодог болсон.
–Байгууллагынхаа хамгийн чухал үүрэгтэй хүн болдог гэлээ. Тэгэхээр мэдээллийн системийн менежмент удирдах албан тушаалтан болох уу. Эсвэл программ бэлтгэдэг хүн болох юм уу?
-Хүүхдүүд мэргэжлээ сонгохдоо өнгөрсөн эсвэл одоог хараад байна. Ирээдүйгээ тодорхойлох гэж байгаа учраас арав, хорин жилийн цаадахыг харах шаардлагатай. Хуульч, эдийн засагч болно гэвэл өнгөрсөн, одоогийн асуудал. Харин байгууллага урт хугацаанд оршин тогтнохын тулд мэдээллийн системтэй байхаас өөр аргагүй. Тэгэхээр энэ мэргэжлээр сурч байгаа хүн олон ажилтан, цөөнгүй салбартай том компанийн ерөнхий удирдлагын шийдвэр гаргадаг ерөнхий захирлын баруун гар болно. Зүүн гар биш үү. Шийдвэр гарахад нь гол нөлөө үзүүлэх мэдээллийг системчилж байгаа учраас баруун гарынх нь хүн болно. Байгууллагын хөгжлийг тодорхойлдог хамгийн гол зохион бүтээгч болно гэсэн үг.
–Ажлын байрыг нь тодорхойлвол?
-Бүр тодорхой яривал мэдээллийн системийн менежер, мэдээллийн системийн төслийн менежер, системийн шинжээч, программ зохиогч, өгөгдлийн сангийн зохион байгуулагч, вэб дизайнер, мэдээллийн систеийн багш зэргээр хөрвөж ажиллах боломжтой.
–Төгсөөд гадаадад хөрвөж ажиллах боломж бий юү?
-Байлгүй яах вэ. Энэ мэргэжлээрээ олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Тэр утгаараа дэлхийн хаана ч үнэлэгдэх боловсон хүчин болно. Дэлхий даяар нэг системд байна шүү дээ. Аль ч улсын бизнеснийн байгуулага нэг зарчмаар ажилладаг. Гол нь гадаад хэлний чадвар өндөр байх учиртай. Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд арван жилийн дараа дэлхий ямар байхыг харж сонголт хийгээрэй гэж зөвлөмөөр байна.
–Монголд шинэ хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Багшлах боловсон хүчнээ хэрхэн бэлтгэсэн бэ?
-Шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд багш нар ч шинэ байсан нь үнэн. Анхны мэдэгдэхүүнтэй, мэдээллийн системийг автоматжуулах чадвартай хүмүүс дээрээ тулгуурласан. Мөн зөвлөх компаниудыг өөртөө татсан. Европын холбооны их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж тэнд зааж байгаа хичээлийг багш нар маань харж, ном сурах бичгийг нь ашиглан зааж эхэлсэн. Манай сургууль 1991 онд шинэ мэргэжилтнүүд эхлэхдээ л гадны сурах бичиг аваад уншиж, зааж эхэлсэн нь хамгийн зөв алхам байсан. Мэргэжилтэн бэлтгэгдэж ирэхийг хүлээнэ гэвэл маш их хугацаа алддаг.
–Шинэ технологи, хичээлд хэрэглэх техник хангалттай юу?
-Үүнд бид хамаг хүчээ зориулж байна. Монголд өөр хаана ч байхгүй өндөр үзүүлэлт бүхий техник, технологийн орчинд сургалт явуулж байгаа. Үүнийгээ зөвхөн Монголд биш ойролцоох улсууддаа хуваалцахыг зорьж байна. Тиймээс ОХУ-ын улсууд, Алтайн монголчууддаа танилцуулах аялал хийх гэж байгаа. Зайны сургалт явуулахад мэдээллийн систем хамгийн их шаардагддаг. Бид мэдээллийн систем дээр үндэслэн холимог сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүний шийдэл нь мэдээллийн систем шүү дээ. Ер нь мэдээллийн систем хэрэг болохгүй газар алга. Тайванийн их сургуулиудын хурал дээр очиход Ховд аймгийн малчдын арьсны өвчнийг Тайванаас хэрхэн эмчилснийг танилцуулж байна. Төслийнхөн Ховд, Хөвсгөл аймагт очоод гар утсаараа малчдын зургийг аваад Тайванийн Анагаахын их сургууль руу дамжуулж. Их сургуулиас зургийг нь дэлхий даяар цацчихаж. Дэлхийн эмч нар саналаа ирүүлсний үндсэн дээр оношилж, эмчилгээ зааж өгч байна. Үүнд ерөөсөө л 15 минут шаардагдах юм. Үүнийг бодож олж, зохион байгуулалт хийх нь мэдээллийн системийн менежмент шүү дээ.
–Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд үүнийг сайн тайлбарлахгүй бол ач холбогдлыг нь төдийлөн анзаардаггүй болов уу. Танай сургуулиас элсэгчдэд зөвлөгөө өгдөг үү?
-Манай сургууль тавдугаар сарын 9-нд Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Тэр үеэр ирээд асуугаад, зөвлөгөө аваач гэж хэлмээр байна. Мэргэжлээ сонгохдоо би тав, арван жилийн дараа олон хүнд хэрэгтэй байхыг бодож, одоо маш сайн асууж зөвлөх хэрэгтэй. Өнөөдөр, өчигдрөөр битгий шийдвэр гаргаасай.
–Энэ мэргэжлээр элсэгчдэд өндөр шаардлага тавих уу?
-Математик сэтгэлгээ чухал. Дээр нь англи хэлний мэдлэг хэрэгтэй. Хамгийн чухал нь хүсэл сонирхол. Мэдээллийн системийн менежментийн системээр цөөн оюутан элсүүлдэг. Эмч хүнийг оношилж эмчилдэг бол мэдээллийн системийн менежмент байгууллагаа оношилж эмчилдэг байх учиртай. Байгууллагад хамгийн чухал мэргэжилтэн нь болох учраас хүсэл сонирхол нэн тэргүүнд байх учиртай.
Б.ЦЭЦЭГ