Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн үеэр Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Д. Бат-Очиртой эх барих, халдвар судлал, хоол зүй зэрэг сэдвээр ярилцлаа.
-Юуны өмнө гавьяат цол хүртсэнд тань баяр хүргэе. Та “Энэрэл” дээд сургуульд багшлангаа эх барих, халдвар судлал, хоол зүйн чиглэлээр хичээл заадаг юм байна. Эх барихын эмч болсон үеэ дурсаач?
-Шагнал авна гэдэг чинь улам их үүрэг, хариуцлага, итгэл хүлээх юм байна. Шагнал авахын өмнө улсдаа тэдэн жил ажиллаж, тийм тийм юм хийж дээ гэж бодож байсан бол яг зарлиг унших үед “Үгүй би ер нь яг юу хийчихээд шагнал аваад байгаа хүн бэ” гэж боддогдог л юм билээ. Анагаахын дээдийг төгсөх жил хөдөө явах гээд бэлтгэлээ хангаж байсан юм. Гэтэл сайдын тушаал гэнэт гарч, Улаанбаатар хотын намын хорооны мэдэлд очсон гэх үү дээ. Тушаал гарсан өдөртөө л гуравдугаар төрөх эмнэлгийн эмчээр томилогдож байлаа. Сургуулиа гайгүй төгссөн болохоор тэр байх. Тухайн үед сайд дээр орж “Би хотод биш, хөдөө ажилламаар байна” гэж хэлсэн ч миний үг ямар нэмэр болохов. “Тэрийг бид мэднэ ээ” л гэсэн. Би анагаахын сургуулийн эмчилгээний ангийг дүүргэсэн хүн л дээ. Одоо бодоход тухайн үед “Новости Монголии” сонинд эх барихын талаар материал орчуулж бэлдүүлэх зэргээр оюутнуудыг бэлдэж байсан юм билээ.
-Эх барих эмчээр хэчнээн жил ажилласан бэ?
-1979 оны долдугаар сарын 1-ний бямба гаригт ажилдаа орж байсан юм. Эх барихын эмчээр найман жил ажиллаад мэргэжилтэн, даргаар ажиллах болсон. Тэгээд Амгалан амаржих газраасаа гавьяаны амралтдаа гарсан түүхтэй. Завсар зайд нь Чингэлтэйн эмнэлгийн даргын ажлыг хашсаныг эс тооцвол эх барих чиглэлээр насаараа ажилласан хүн байгаа юм.
–Хагалгааг голдуу эрэгтэй эмч нар хийдэг байсан гэж сонссон, хэр бодитой яриа бол?
–Ер нь бол тийм. Эх барихын эмч нарын хувьд хүүхнүүд нь уран ухаантай бол эрэгтэйчүүд нь гар сайтай байдаг гэх мэт яриа бий. Гэхдээ нарийн ур чадвар шаардсан хэсэгт эмэгтэй эмч нар ч ордог байсан. Маш сайн эмэгтэй эмч цөөнгүй байлаа. Гуравдугаар амаржих газар маань 55 жилийн түүхтэй. 1966 оны наймдугаар сард ашиглалтад орж 1998 онд татан буугдсан. Учир нь тухайн үед Монгол Улсад төрөлт буурсан гэж үзсэн юм билээ. Үүний дараа би Чингэлтэй дүүргийн эмнэлэгийн даргаар томилогдсон юм. Намайг ажиллах үед мэдээгүйжүүлгийн эмч цөөхөн байлаа. Тиймээс би тэр чиглэлээр мэргэших хүсэлтээ эмнэлгийн удирдлагадаа тавьсан. Түүний дагуу анестезиологи буюу мэдээгүйжүүлгийн эмчээр суралцан төгссөн дөө. Тэр үед төрөх дундын мэдээгүйжүүлгийн эмчийн жижүүрийн бригад гэж байлаа. Одооны Йонсей эмнэлэг, хуучны эмэгтэйчүүдийн эмнэлэгт л дээ. Тэнд жижүүр хийж хонодог хэдхэн эмч л байсан. Ээлжилж дуудна. Үндсэндээ эх барих, наркозны эмч буюу одоогийн хэллэгээр бол мэдээгүйжүүлгийн эмчээр хавсарч ажиллах болсон гэсэн үг.
-Тухайн үед нэг эх барих эмчид хичнээн хүн ноогддог байсан бэ?
-Хоногт 20 гаруй эх төрнө. Нэлээд ачаалалтай байсан шүү.
-Мэргэжлээр ажиллах явцад ямар хүндрэл бэрхшээл гарч байв?
-Бишгүй л хүндрэл гарна. Анх төгсөөд очиход сепсис буюу үжил их тохиолдоно. Одоо бодоход аймшигтай үе байсан.
-Эх барих, эмэгтэйчүүдээр ажиллаж байсан хүн хоол зүйч, халдвар судлаач болсон нь анхаарал татаж байна. Өөр чиглэлийг сонгож мэргэшсэн түүхээ сонирхуулаач?
-Ер нь эмч хүн гэдэг чинь сайн яривал хоол зүйч шүү дээ. Миний хувьд 40-өөд жил хоолны цэс дээр гарын үсэг зурлаа. Тэр чинь хоол зүйчийн нэг л хэлбэр. 10 хэдэн жил эмнэлгүүдийн гал тогоонуудтай зууралдан ажиллаж байна. Хоол зүйч бол эмч хүн хийгээд байдаг мэргэжил биш л дээ. ШУТИС-ийн нийтийн хоолны ангийг төгссөн хүмүүс хоолны технологич хийдэг. Гэхдээ эмч нар мэргэжлээ ахиулж зэрэг дэвээ хамгаална гэдэгт хоол зүй, халдвар судлал гэх мэт сэдвүүд зайлшгүй багтдаг. Ариутгалыг яаж шийдэх ёстой юм, мэс заслын гар угаалт ямар байх, Ковидын үеийн гар угаалтгээд эмч нар ямар нэг байдлаар халдвар судлаач байх шаардлагатай. Хоол ямар байх, юу уух зэргийг шим тэжээл судлаачид хэлэх ёстой.Уг нь эмнэлэг бүрт хоол зүйч байх ёстой. Өнөөдөр гэхэд хувийн сургууль, эмнэлэг байлаа гэхэд бүгд гал тогоотой. Бүгд дур дураараа хоол хийдэг. Тэдэнд цэсээ батлуул гэсэн шаардлага тавихаар “Та юугаа мэдддэг юм” гэж уцаарлах жишээний. Хувийн аж ахуйн нэгжүүдийн гал тогооноос хоолны цэс шаардах учиртай. Урьд нь эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хоолны цэсийг баталдаг байсан бол одоохоол зүйч баталдаг болсон. Тухайлбал, гурилтай хоолны калори нь хэд, яг хэдэн грамм, ямар орцтой байх зэргийг хоол зүйч л шийдэх учиртай. Энэ үйл ажиллагаанд хамтрах хүмүүс нь мэдээж халдвар судлаачид.
-Анагаахын суургуулиудад хоол зүйн чиглэлийн анги бий юу?
-Байхгүй. Шим тэжээл судлаачийг ганцхан ШУТИС-д л бэлдэж байна. Уг нь өнөө цагт маш их хэрэгтэй мэргэжил. Давс, чихрийн тунг ямар хэмжээгээр яаж хэрэглэх вэ гэдгийг хоол зүйчид л хэлэх ёстой. Сүүлийн үед чихрийн шижин бүх өвчний үүр болох нь холгүй байна шүү дээ. Гол шалтгаан нь мэдээж буруу хооллолт.
-Монголчуудын хооллолт замбараагаа алдсанаас болж өвчлөл ихэссэн гэдэг. Буруу хооллолтын гол шалтгаан нь юу вэ?
-Орчин үед хоол үйлдвэрлэл үнэхээр үсрэнгүй хөгжжээ. Ямар ч хоол амтлаг, өнгөлөг, хэлбэр галбир сайтай болсон байна. Гэвччихэр, давсны тун ямар байгааг мэдэхийн аргагүй. Манайд урьд ньхоолны газрын элдэв сүлжээ байсангүй. Одоо бол сүлжээ хоолны газар хаа сайгүй болсон. Тийм газруудаар хүүхдүүд их үйлчлүүлж байна. Гэтэл тэр хоол нь монгол хүний физиологид хэр нийцтэй вэ гэдгийг хэлчих хүн алга.
-Ер нь мэргэжлийн үүднээс зөв хоололт гэж яг юу вэ?
-Зөв хооллох гэдэг нь өөрийн бие махбодь, эрүүл мэнддээ тохируулсан зохистой хооллолтыг л хэлнэ. Миний эрүүл мэндийн байдал ямар билээ, түүндээ тохируулаад би ер нь юу идвэл зохих, юуг идэж болохгүй вэ, идэх юмныхаа талаар би ямар мэдлэгтэй байх ёстой билээ гэсэн гурван асуултад хүн бүр хариулж байх нь зохилтой. Тэгээд хоол ундандаа өөрөө санаа тавьж, “Миний идэх болох юм бол энэ, харин энэ бол биш” гэх зохицуулалтыг хийчихдэг болох ёстой.
-Бүх өвчний, тэр дундаа хорт хавдрын үндсэн шалтгаан нь хоол тэжээл гэдэг болжээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Бүх өвчин зөвхөн хоол тэжээлээс үүдэлтэй гэж үзэх нь мэдээж өрөөсгөл. Янз бүрийн шалтгаан байж болно. Гэхдээ магадгүй хооллолт нь тэр шалтаг шалтгааныг өдөөсөн, сэдээсэн байхыг үгүйсгэх аргагүй. Саяхантелевизээр “Малын вакцинтай мах идэж байна” гэх мэдээлэл хүн бүрийг цочирдууллаа. Бид чинь ямар малын мах иддэгээ, тэр маханд ямар вакцин буйг мэдэхгүй дээрээ тулжээ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд манай иргэд зохистой хоол гэдэг талаар ямар нэг байдлаар ойлголттой болчихож. Захын хүүхэд л юуг идэх, юуг идэхгүй нь зүйтэй вэ гэдэг тал дээр зохих мэддэгтэй болсон тал анзаарагдаж байгаа. Гэхдээ сургалтын системд зохистой хооллолтын хичээлийг тусгах зайлшгүй шаардлага бий.
-Яг монгол хүнд таарсан зохистой хоолны судалгаа гэж байдаг уу?
-Монгол хүнд хонь гаргачихвал тэр чинь шинэ, зохистой хоол. Өглөө саасан сүүг хөөрүүлээд маргааш өрмийг нь авлаа, тэр чинь шинэ өрөм. Үүнийг шинэ, зохистой хоол гэж ойлгодог. Шинэ хоол гэхээр бас асуудалтай л даа. Шинэ материалаар тэр калорилаг хэмжээ бүхий орцыг зохицуулаад хийнгүүтээ яг цаг үед нь тав тухтай орчинд идэхийг л зөв зохистой хоололт гэнэ.
Д.Цэрэндолгор