Categories
мэдээ нийгэм

Д.Балдорж: Баянзүрхчүүд өрхийн жишиг эмнэлэгтэй боллоо

-ТЭРБЭЭР ХЭРЭГЦЭЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ӨЧИГДӨР ГАРДУУЛАН ӨГСӨН ЮМ-

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Балдорж тус дүүргийн XVIII хорооны өрхийн эмнэлэгт өөрийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Хамгийн сүүлийн үеийн зүрхний бичлэгийн, анхан шатны шинжилгээний аппарат болон иж бүрэн компьютерийг тэрбээр хүлээлгэн өгсөн юм. Солонгос улсад үйлдвэрлэсэн анхан шатны шинжилгээний аппарат нь В, С вирус, эмэгтэйчүүд, үрэвсэл, сахар, бамбай булчирхай, хлостериний хэмжээг тогтоох зургаан төрлийн шинжилгээ, оношилгоог хийдэг байна. Тус өрхийн эмнэлэг ийнхүү хэрэгцээт тоног төхөөрөмжтэй болсноор тус хорооны иргэд хоёрдугаар шатлалын эмнэлэгт үзүүлдэг зарим үйлчилгээг өрхийн эмнэлгээсээ авах боломж бүрдэж байгаагаараа онцлог аж.“Энх сугар” өрхийн эмнэлэг нь 11 мянга гаруй иргэнд анхны тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Үндсэндээ таван эмч ажилладаг бөгөөд нэг эмчид 2600-2800 орчим иргэн хуваарилагддаг аж. Хүн хүчний хувьд бүрэн дүүрэн ажиллаж байгаа боловч энгийн үед нэг эмч өдөрт 30-40 хүн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Тус өрхийн эмнэлэг дээрх тоног төхөөрөмжтэй болсноор иргэд зарим шинжилгээ үйлчилгээг өрхийнхөө эмнэлгээс авах, хоёрдугаар шатлалын эмнэлгийн дугаар, ачааллыг бууруулах давуу талтай. Мөн цагийн хуваарилалт хийж, дээрх зургаан төрлийн шинжилгээг авснаараа иргэдэдээ хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болно гэдгийг их эмч Т.Шэржмядаг хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Балдорж Баянзүрх дүүргийн XVIII хороонд иж бүрэн ком­пьютерийг мөн гардуулан өглөө. Мөн Сар шинийн баяр болж байгаатай хол­богдуулан хорооныхоо өндөр настнуудад гарын бэлэг гардуулав. Тэрбээр “Миний хувьд Баянзүрх дүүргийн ИТХ-д XVIII хорооноос сонгогдсон төлөөлөгч. Тиймээс амлалтдаа хүрч өрхийн эмнэлэгтээ шаардлагатай тоног, төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авч, гардууллаа. Өрхийн эмнэлгийн хувьд эдгээр тоног төхөөрөмжтэй болсноороо нийслэлийн 152 хорооны өрхийн эмнэлгээс жишиг эмнэлэг болно гэдэгт итгэлтэй байна. Бусад өрхийн эмнэлэг ч цаашдаа ийм тоног төхөөрөмжтэй болоосой гэж хүсч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *