Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Цахилгаан станцуудын хувьцааг худалдаж авсан иргэд ашиг хүртэх нь гарцаагүй

“Новел фанд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.


-Хөрөнгийн зах зээл дээр тоглож, хувьцаа худалдаж авах хүсэлтэй хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд ямар зөвлөгөө өгмөөр байна, хөрөнгийн зах зээлийн давуу тал нь юу вэ?

-Санхүүгийн онолоор бол аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах хамгийн зөв хэлбэр нь хувьцаа. Хэн хэндээ ашигтай. Хэн нэг хүн шинээр зохиох ч шаардлагагүй. Санхүүгийн 400 жилийн түүхэнд Америк, Франц, Итали, Их Британи хөгжүүлээд ирчихсэн. Сүүлийн зуун жил Азид тэр дундаа Тайланд, Солонгос зэрэг улсад эрчимтэй хөгжсөн. Хувьцааг санхүүгийн хамгийн зөв хөрөнгө оруулалтын хэлбэр гэдгийг эдгээр улс түүхээрээ баталчихсан. Хөрөнгө оруулагчдад ашигтай, аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн дарамт болохгүй гэх мэт давуу тал бий. Товчхондоо бизнесээ хөгжүүлээд хөгжсөнийх нь дараа жил бүр ногдол ашгаа авдаг модель.

-Хувьцаа худалдаж авахыг сонирхогчид хамгийн түрүүнд аль компанийн хувьцааг авбал ашгаа өгөх бол гэж асуух байх. Таны хувьд аль компанийн хувьцааг худалдаж ав гэж зөвлөх вэ?

-Өнөөдрийн тухайд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани гэвэл 250 орчим бий. Ний нуугүй хэлэхэд ихэнхийнх нь хувьцааг худалдаж авах хэрэггүй. Хөрөнгийн биржийн захирал байсан хүний хувьд иргэдэд ингэж зөвлөмөөр байна. Заримынх нь хаана ажиллаж байгааг Хөрөнгийн биржийнхэн, Санхүүгийн зохицуулах хороо нь хүртэл мэдэхгүй байх жишээний. Шинэ зарчмаар өрсөлдье, шинэ давуу тал бий болгоё гэсэн компаниуд бий. “АПУ”, “Сүү”, “Говь” гэсэн гурван компанийг сүүлийн хоёр жил ажиглалаа. Эдний зах зээл дээр явуулж буй үйл хөдлөл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг анзаарахаар банкны зээлийн санхүүжилтээс салаад үе шаттайгаар хөрөнгийн зах зээлийн хувьцааны санхүүжилт рүү шилжье гэж зорьж байх шиг байна. Энэ компаниудын тухайд ягаан, цэнхэр тасалбарын үед хувьчлагдсан улсын үйлдвэрийн газрууд байсан. “Сүү” гэхэд Монголын хамгийн ууган үйлдвэр. АПУ ч ялгаагүй, ууган үйлдвэрүүдийн нэг. “Говь” ч мөн адил. Монгол дэлхийн ноолуурын 40 хувийг дангаараа бэлтгэдэг суурь баазан дээр боссон. Сүүлийн 25 жилийнх нь дүр зургийг харвал жижиг хувьцаа эзэмшигчдээсээ хувьцааг нь худалдаж авч, хяналтаа бүрдүүлэх процесс өрнөсөн. Үүнийг буруутгах аргагүй. “АПУ”-гийн Батсайхан гэдэг хүн төдийгөөс өдий хүртэл хувьцаагаа цуглуулаад одоо 93 хувийн эзэмшилтэй болчихсон. “Сүү” компанийн хувьд “Макс”-ын Ганбаатар гэж хүн бий. 90 гаруй хувийг нь авчихсан. Энэ хүмүүс ямартай ч компанидаа хяналтаа тогтоосон.

-Санхүүгийн зах зээл банк гэсэн ганцхан хөлөн дээр зогсох эрсдэлтэй, хөрөнгийн зах зээлээ давхар хөгжүүлэх ёстой гэдэг ч өнөөг хүртэл олигтой ахиц гарахгүй байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ямар эрсдэл харагдаж байна?

-Хэдийгээр хувьцаат компани гэсэн нэртэй ч санхүүгийнх нь балансыг аваад үзэхээр том, жижиг гэлтгүй банкинд маш их хэмжээний зээлтэй байдаг. Тэгэхээр асар олон компани санхүүгийн зардалдаа өчнөөн тэрбум төгрөгийг жил бүр төлдөг гэсэн үг. Сүүлийн 25 жил явсан санхүүгийн систем маань эцэстээ тулчихаад байгаа. Явах замгүй болчихсон гэж хэлж болно. “АПУ”, “Сүү”, “Говь” хүртэл банкнаас 25 хувийн хүүтэй зээл авч байна. Олсон орлогынх нь ихэнх хувь банкны хүүнд явчихаад байна гэсэн үг. Харахад ерээд хувийг нь нэг хүн эзэмшиж байгаа мэт боловч бодитоор харвал банкны боол маягийн болчихсон нь нууц биш. Том компаниуд ашиг орлого олоод тодорхой хэсгийг нь банкны хүүнд өгч үлдсэнийг нь өөрсдөдөө ашиг гэж үлдээдэг. Гэвч зах зээлд шинэ өрсөлдөөнүүд бий болж байна. Гадны зарим компани орж ирээд эхэлчихлээ. Хямд эх үүсвэртэй, эсвэл томоохон хөрөнгө оруулалттай эдгээд компанитай өрсөлдөхийн тулд манай компаниуд хүссэн хүсээгүй зардлаа бууруулах ёстой. Саяхан гэхэд л хэрэглэгчид “E mart”-ын бараа хямдхан гэж хошуурлаа, Монголын супермаркетууд харилцагчаа алдаад эхэллээ гэж байна. Зөв шүү дээ. Хэн ч хэрэгцээтэй бараагаа хамгийн хямдаар авахыг хүснэ. “Миний дэлгүүр”, “Оргил”, “Номин” гурав “E mart”-тай өрсөлдөхийн тулд зардлаа бууруулах ёстой. Барааныхаа үнийг бууруулах учиртай. Бүх байгууллагын тухайд бараа, бүтээгдэхүүнийх нь үнэд шингэсэн байгаа нэг том зардал бол зээлийн хүү. Яг нарийндаа зээлийн хүүгийн дарамтыг харилцагч, хэрэглэгчид үүрдэг. Нэг супермаркетын эзэн банкнаас зээл авлаа гэхэд худалдах бараа, бүтээгдэхүүндээ банкны 25 хувийн хүүг шингээхээс аргагүй. Зээлийн өндөр хүүгийн дарамтыг иргэд төлж байгаа гэдэг нь ийм учиртай. Манай супермаркетууд “E mart”-тай өрсөлдөхийн тулд хүссэн хүсээгүй санхүүгийнхээ зардлыг бууруулах ёстой. Тэгж байж барааны үнэ буурна. Яг үүнтэй адил процесс өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр том компаниудад ч гарна. “АПУ”, “Сүү”, “Говь” ч ялгаагүй үнээ буулгахаас аргагүй байдалтай нүүр тулна.

-Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүй бол компаниуд өрсөлдөөнд шахагдаад эхлэх нь ээ?

-Тэгнэ. Энэ систем эцэстээ тулчихсан. Цаашдаа банк, аж ахуйн нэгжийн аль аль нь явж чадахгүй. Аж ахуйн нэгжүүд 25 хувийн хүүтэй зээлийг 25 жил төллөө. Төрийн халамж ихтэй, эдийн засгийн өсөлт өндөр өнгөрсөн жилүүдэд хүмүүс бараа бүтээгдэхүүний үнэтэйг нь мэдрэлгүйгээр авчихдаг байсан. Харин одоо төрийн халамж гэж байхгүй, төсөв алдагдалтай, эдийн засаг хүнд байгаа. Ийм үед иргэд хүртэл худалдан авалт хийхдээ ухаалаг сонголт хийх болсон. Илүү хямдыг нь сонгож байна. Компаниудын хувьд ч ялгаагүй, санхүүгийн зардлаа буулгах шаардлагатай болсон. Санхүүгийн зардлыг нь бууруулах боломжийг нээж өгөх цорын ганц салбар бол ерөөсөө л хөрөнгийн зах зээл. Төр сүүлийн 25 жилд банкны секторыг бодлогын төвшинд дэмжиж ирлээ. Татвараас нь чөлөөллөө, өрсөлдөөнийг нь хязгаарлаж өглөө, гадаад, дотоодын өрсөлдөгч орж ирэхээс хамгааллаа. Хөрөнгийн зах зээлийг өндийлгөөд ирвэл ач тусыг нь Хөрөнгийн бирж, брокерын компани биш аж ахуйн нэгж хүртэнэ. Аж ахуйн нэгжийн л зардал буурна гэсэн үг. Зардал нь буурахаар өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ. Өрсөлдөх чадвар нэмэгдэхийн хэрээр илүү их үйлдвэрлэл явуулна, ажилчдынхаа тоог өсгөнө. Товчхондоо улсаараа хөгжих боломж нээгдэнэ. Мөн иргэд, аж ахуйн нэгжид ирэх үнийн дарамт буурна.

-Ерөнхий сайд Засгийн газрын анхны хуралдаанаар Таван толгойн 1072 хувьцааг эдийн засгийн утгаар нь цэгцлэх даалгавар өглөө. Эдийн засгийн утгаар цэгцлэх гэдгийг та яаж харж байна?

-Эдийн засгийн утгаар цэгцлэх гэдгийг Таван толгойн үйлдвэрээ явуулах, төмөр замаа барих, төслөө хөдөлгөх гэж ойлгож байгаа. Төмөр замгүйгээр орд гэдэг хоосон юм л гэсэн үг. Тийм ч учраас би жилийн өмнө 1072 хувьцаа гэж байхгүй гэсэн утгатай зүйл хэлж байсан. Мөн иргэд нь хувьцаагаа зүгээр зардаггүй, ногдол ашгийг нь авдаг байх ёстой. Хувьцаа гэдэг сар бүр өгдөг байсан 21 мянган төгрөгтэй адил зүйл биш. Урт хугацаанд хөрөнгө оруулаад жил бүр ногдол ашгаа хүртэж байх ёстой зүйл. Таван толгойн хувьцааны ашгийг хүртэхийн тулд хамгийн түрүүнд төслөө хөдөлгөж, төмөр зам, үйлдвэрээ барьж, нүүрсээ их хэмжээгээр экспортлож эхлэх хэрэгтэй. Тэр цагт бид Таван толгойн хувьцааны мөнгө гэж ганц удаа 300 мянган төгрөг авах биш, жил болгон 300 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломжтой. Аляска, Африкийн загварууд бүгд тийм. Баялаг ихтэй улс зарим орддоо суурилсан сан байгуулж, хувьцаа гаргаж, иргэддээ хувь эзэмшүүлдэг. Тэндээ хөрөнгө татаж ашиг олсон тохиолдолд иргэддээ ногдол ашгийг нь өгдөг. Иргэд нь жил бүр ногдол ашиг аваад явдаг. Манайд ч ийм боломж бий. Баялаг нь байна, зөв менежмэнт хийхэд л сэргээд ирнэ. Төсөл нь зөв явбал нэг удаа 300 мянга биш магадгүй жилд гурван сая төгрөгийн ногдол ашиг авах боломжтой. Уул уурхайн сайд саяхан ярилцлага өгөхдөө “Бид яг хуулиар нь явна. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд Хөрөнгийн биржээр дамжуулж арилжаа хийнэ” гэсэн байна лээ. Маш зөв байр суурь. Таван толгой төсөл зөв хөдөлбөл нэгж хувьцааны жинхэнэ үнэ тогтоно. Одоо яриад байгаа мөнгө бол зүгээр л дээшээ харж суугаад биччихсэн тоо төдий шүү дээ.

-Хувьцаа худалдаж авахдаа өссөн үзүүлэлтийг нь хараад сонголтоо хийчихвэл хэр эрсдэлтэй бол, ер нь хувьцааг нь худалдаж авах компаниа сонгохдоо юуг анхаарвал зүгээр вэ?

-Тоон үзүүлэлтээр нь авч үзэхэд бас их эрсдэлтэй. Зарим хувьцаа маш цөөн тоогоор зарагдсан хэрнээ үзүүлэлтийг нь харахаар 30, 40 хувь өсчихсөн байдаг. Үүнд хууртаж болохгүй. Ядаж арав, хорин сая, сардаа зуун сая, магадгүй улиралдаа 200, 300 сая төгрөгийн арилжаа хийгддэг хувьцааг харах ёстой. Байхгүй байснаа гэнэт л 200 сая төгрөгийн арилжаа хийгээд, ханш нь 50 хувь өссөн бол эргэлзээтэй. Зэс, нүүрс зэрэг экспортын салбарын гол бүтээгдэхүүний үнэ буурсан энэ үед уул уурхайн компанийн хувьцаа худалдаж авбал эрсдэлтэй. Ямар ч үед бараа нь зарагддаг салбар бол хүнс. Тийм учраас “АПУ”, “Сүү” гэх мэт хүнсний компаниудын хувьцаа өсөлттэй яваад байгаа хэрэг. Хагас жилийнх нь тайлангууд гарсан байна лээ. Өнгөрсөн оны мөн үеэс эхлээд дандаа 50-100 хувийн өсөлттэй гарсан харагдсан. Хямралын нэг сайн тал нь аж ахуйн нэгжүүд зардлаа багасгаж чадсан. Эрүүлжиж байна гэсэн үг.

-Ер нь ямар компаниудын хувьцааг худалдаж авбал ойрын ирээдүйд болон алсдаа ашигтай бол. Жишээ нь та аль компанийн хувьцаанаас ямархуу ашиг олов?

-Зургаан сарын өмнө “Сүү” компанийн хувьцааг 100 мянган төгрөгөөр авч байсан. Хагас жилийн хугацаанд 150 мянган төгрөг хүрч 50 хувийн өгөөжтэй байх жишээний. АПУ-гийн хувьцааг 3400 хавьцаа төгрөгөөр худалдаж авч байсан. Өнөөдөр 4100 болж өссөн. “Говь”-ийн хувьцаа урт хугацаандаа өснө. Учир нь дэлхийн ноолуурын 40 хувь нь Монголоос гардаг. Өвөлдөө өндөр хэмд хүрч хүйтэрдэг учраас дулаан хадгалах чадвараараа монгол ноолууртай зэрэгцэхээр чанартай ноолуур дэлхийд байхгүй. Технологи муу учраас сайн боловсруулж чадахгүй асуудал бий. “Говь” урт хугацааны бодлого гаргасан байна лээ. 2021 он гэхэд ноолууран пальтогоор дэлхийд тэргүүлнэ гэж байгаа. Хөрөнгө оруулалтаа нэмнэ, технологи, дизайнаа сайжруулна гэсэн үг. Энэ онд хувьчлагдах төрийн өмчит зарим компаниудын жагсаалт гарсан. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гурван цахилгаан станц, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц, дээр нь Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг нүүрсний уурхай, “Монгол шуудан” зэрэг компаниуд тэр жагсаалтад бий. Эдгээр хувьчлалын андоррайтераар нь хэн шалгарах, хувьчлал нь хэзээ явагдах зэрэг мэдээлэл тодорхойгүй байж байгаад гэнэтхэн нэг өдөр зарлаад гурван хоногийн дотор захиалгаа өгөөрэй гээд хаачих эрсдэлтэй. Сая наадмын өмнөхөн гэхэд Багануур хувьчлагдсан. Харамсалтай нь хэн ч мэдээгүй. Хөрөнгийн биржийн вэб сайтан дээр нэг өдөр тавьсан болоод асуудлыг шийдсэн. Багануур хувьцаат компанийн хувьцааг гурван хоногийн дотор зарна шүү, сонирхсон хүн брокертоо хандаарай гэчихэж байгаа юм. Наадмын өмнө болохоор хүмүүс анзаараагүй л дээ. Хүмүүсээс захиалга ирээгүй гээд нэг компани авчих жишээний. Гэхдээ энэ бол нэгэнт өнгөрсөн асуудал. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц энэ онд хувьчлагдах ёстой. Магадгүй андоррайтер нь сонгогдсон байх. Гэнэт нэг өдөр зарлаад хэн ч мэдээгүй байхад нэг компани авчих эрсдэлтэй. Тийм учраас энэ чигийн мэдээллийг анхаарч цахилгаан станцуудын хувьчлалд оролцох хэрэгтэй. Ашгаа өгнө. Учир нь цахилгааны хэрэглээ буурах ямар ч боломжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *