Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Д.Ангар: 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой

Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.


-Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө боловсруулж баталлаа. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляци өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн хөөрөгдөл гарахаас урьдчилан сэргий-лэхийг Ерөнхий сайд хэлж байсан.Энэ талаарх таны байр суурь ямар байна вэ?

-Монголбанкаар дамжуулж эдийн засаг руу 10 их наяд төгрөг оруулахыг 110 хувь дэмжиж байгаа. Өнөөдрийн хувьд эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай байгаа. Хуучин эдийн засаг сэхээний байдалтай байна гэж ярьдаг байсан бол өнөөдөр бүр үхлүүт байдалтай байна. Үхлүүт байдалд орсны нэг том шалтгаан нь сүүлийн гурван жил Монголбанкнаас хэт хатуу мөнгөний бодлого явуулж, эдийн засагт байсан бүх мөнгийг Төв банкны үнэт цаасаар өөр лүүгээ татсан. Төв банкны үнэт цаас дээр найман их наяд төгрөг байгаа. Мөнгө гэдэг зүйл чинь эдийн засаг дотроо эргэлдэж байж эдийн засаг тэжээгдэнэ.

Гэтэл Монголбанк Төв банкны үнэт цаас буюу иргэн, ААН-ийн гар дээр байсан мөнгийг банкны системээр дамжуулаад өөр лүүгээ татаад авчихаар эдийн засаг бэлэн мөнгөгүй болчихож байгаа юм. Эдийн засаг дээрээ эргэлдэж байх ёстой найман их наяд төгрөгийг төр нь өөр лүүгээ татаад авчихаар эдийн засагт нь газар тариалангийн талбайгаар жишиж яривал бороо орохгүй гурван жил болсон гэсэн үг. Үр дүнд нь эдийн засаг “борцлогдсон”. Ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуурсан. Эдийн засаг дахь цусны эргэлт буюу мөнгөний эргэлтийг нь хав дарснаар эдийн засаг “хатангиршсан”. Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын хөтөлбөр зарлах болсон шалтгаанаа хэлэхдээ эдийн засаг хүнд байна. Энэ чигээрээ байвал ойрын хугацаанд эрүүл мэндээ ч санхүүжүүлж чадахгүй байдалд хүрэхээр байна гэсэн.

Улс орны нэн тэргүүнд санхүүжүүлэх ёстой салбарууд байдаг. Үүний эхэнд байх эрүүл мэндийн салбараа санхүүжүүлж чадахгүй байдалд орсон байна гэдэг улс орны эдийн засаг маш хүнд байдалд орсон гэсэн үг. Ямартаа ч Монгол төр сүүлийн гурван жил буруу бодлого явуулснаа хүлээн зөвшөөрлөө, олоод харчихлаа. Үнэндээ огт олж харахгүй байсан юм. Төв банкны үнэт цаас гаргаад эдийн засгаасаа мөнгийг нь татаад байсан. Түүнийгээ инфляциа онилж байна, нам дор байлгах бодлогоо хэрэгжүүлж байна гээд байдаг. Инфляциа барьсан нь зөв. Гэтэл нөгөө талд нь эдийн засагт эргэлт байхгүй болчихоор ААН-үүд нь дампуураад эхэлсэн. Төрийн бодлого гэдэг нэг муйхар зорилго тавьчихаад дөргүй бух шиг зүтгээд байж болохгүй. Нийт эдийн засаг, ААН, иргэдээ харах ёстой. Зөвхөн инфляциа онилоод эдийн засаг дээр байсан бүх мөнгийг өөр лүүгээ татчихаар инфляци буух нь мэдээж ойлгомжтой. Хүмүүс мөнгөгүй юм чинь юугаа худалдаж авах вэ. ААН-үүд мөнгөгүй болохоор яаж үйл ажиллагаагаа явуулах вэ. ААН-үүд дампуураад ажилгүйдэл бий болоод эхлэхээр хожуу ч гэсэн Монголын төр алдаагаа олж харлаа. Одоо эдийн засгаасаа мөнгө татах биш,эдийн засаг руугаа мөнгө оруулъя гэсэн шинэ бодлогоо зарлалаа. Зөв. Ингэхээс өөр аргагүй.

-Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэхээр эдийн засаг сэргэх үү?

-Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юм аа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Төр өөрөө эхлээд эдийн засгийг мөнгөгүй болгосон. Эдийн засгаасаа маш их мөнгө татсан. ААН, иргэдээ хүнд байдалд оруулсан. Энэ алдаагаа засах шийдэл гаргаж байгаа нь зөв. Мөнгөгүй эдийн засаг бол өдөр ирэх тусам нэг компани дампуураад, ажлын байр алга болж байдаг. Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ядуурал нэмэгдэнэ. Монголын төрийн мөнгөний бодлого ажилгүйдлийг бий болгоод, цаашаа ядуурлыг бий болгодог байж болохгүй биз дээ.

-Энэ цогц төлөвлөгөөгөөр Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл өгөхөөр туссан байна лээ.Ямар ААН-үүд энэ зээлийг авах эрх үүсэх юм бол?

-Хөтөлбөрийг нь дэлгэрэнгүй хараагүй байна. Ямартаа ч Ерөнхий сайд, Сангийн сайдын хэлсэн үгнээс харахад ААН-үүдэд гурван хувийн хүүтэй зээл өгнө гэж ойлгосон. Энэ зөв. Гэхдээ нэг асуудал байна. Энэ процессыг ил тод, хүртээмжтэй болгох ёстой. Тэгэхгүй бол бидэнд ЖДҮХС гээд гашуун туршлага бий. Эзнээ олсон зээл олгогдоогүй, УИХ-ын гишүүд хуваагаад авчихсан. Энэ хөтөлбөр ч гэсэн ил тод байдал хүртээмжийг нь бий болгохгүй бол өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй. Гурван хувийн хүүтэй мөнгө Монголд байтугай дэлхийн хэмжээнд бага хүүтэй мөнгөнд орно. Мэдээж ААН-үүд энэ зээлийг авахыг зорихоос өөр аргагүй. Эхнээсээ ямар компанид, ямар шалгуураар зээл өгснөө ил тод болгох хэрэгтэй. Сүрхий нэртэй хөтөлбөр зарладаг, түүнийг нь хэдхэн улстөрчдийн компани хуваагаад авчихвал нийтдээ ашиггүй.

-Ерөнхий сайд Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгаа гэсэн. 10 их наядын зургаан их наяд төгрөгийг мөнгөний нийлүүлэлт хийх байдлаар бүрдүүлнэ гэж салбарын сайд хэлсэн. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэхээр мөнгө хэвлэж тараах болж байна уу?

-Мэдээж мөнгө хэвлэнэ. Засгийн газарт мөнгө байхгүй. ААН-үүдэд мөнгө өгөх байтугай, төсөв нь дөрөв, таван тэрбумын алдагдалтай болчихсон. Засгийн газар өөрөө хүнд байдалд байна. Удахгүй төрийн албан хаагчийн цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй. Засгийн газарт 10 их наяд төгрөг байхгүй. Мөнгөний бодлогоор санхүүжүүлнэ гэдэг цаад утгаараа мөнгө хэвлэх л зүйл. Эхлээд мөнгө хэвлэхгүйгээр Төвбанк үнэт цаасныхаа хүүг буулгах хэрэгтэй. Найман их наяд төгрөгийнхөө ядаж 50 хувийг нь зах зээл рүү нийлүүлэх ёстой. Үр дүнг нь харж байгаад мөнгө хэвлэх тухай ярьж болно. Арилжааны банкуудаас найман их наяд төгрөгөө Төв банк бүхэл бүтэн зургаан хувийн хүү төлж авч байна. Тэгээд буцаагаад эдийн засаг руу мөнгө гаргана гэдэг ойлгомжгүй асуудал. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө Монголбанк Төв банкны үнэт цаасны хүүг буулгах ёстой. Болж өгвөл тэглэх хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг руугаа мөнгө орууллаа ч тэр мөнгө нь аж ахуйн нэгжүүд дээрээ очихгүй буцаад л ТБҮЦ-руу очно. Үүнийг хүүгийн арбитраж гэдэг юм. Бүр ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрөх юм. Үнэт цаасны хүүгээ бууруулсан нь ковидын үед улс орнуудын бүгдийнх нь хийсэн алхам. Зарим нь үнэт цаасны хүүгээ тэглэсэн бол зарим нь 80-90 хувь бууруулсан.Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төр нь эдийн засгаасаа мөнгө авахгүй. Мөнгө нь зах зээлийн зарчмаараа эргэлд гэх боломжийг өгч байгаа юм. Манайх баруун гараараа мөнгө тараагаад, зүүн гараараа татна гэж байж болохгүй биз дээ.

-Ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрнө гэж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-Хүүгийн арбитраж гэж зүйл бий. Тодорхой жишээгээр тайлбарлая. Хөтөлбөрийн хүрээнд компаниуд гурван хувийн хүүтэй зээл авна. Тэр компанид хоёр сонголт үүснэ. Эрсдэл хүлээж бизнесээ эхлүүлэх үү, эсвэл ямар ч эрсдэлгүйгээр тэр мөнгөө аль нэг банкинд 3.5-5.5 хувийн хүүтэйгээр хадгалуулах уу гэж. Банкууд тэр мөнгийг ямар ч асуудалгүй авна. Учир нь банкуудад ямар ч эрсдэл байхгүй. Тэд цааш нь дамжуулаад Монголбанкинд зургаан хувийн хүүтэйгээр өгчихнө. Монголбанк эдийн засагт байгаа ямар ч мөнгийг зургаан хувийн хүүтэйгээр авна. Ингээд эцсийн үр дүнд нь улс хохироод дуусна. Дунд нь цөөхөн хэдэн хүн хэдэн зуун тэрбумаар нь арбитражийн ашиг хийнэ.

-Бүх санхүүжилтээ ямар нэгэн сангаар дамжуулахгүй зөвхөн арилжааны банкуудаар дамжуулахаа Засгийн газар илэрхийлсэн. Тэгсэн ч хүүгийн арбитраж гэх зүйл яригдах уу?

-Банкаар дамжсан ч бай, үгүй ч бай ямар нэг байдлаар хүүгийн арбитраж үүснэ. Яагаад гэхээр төр өөрөө баруун гараараа гурван хувийн хүүтэй мөнгө авчихаад зүүн гараараа зургаан хувийн хүүтэй мөнгө зээлээд байхаар энэ хооронд сэргэлэн хүн төрийн баруун гараас нь аваад зүүн гарт өгчихнө биз дээ. Төр өөрөө гурван хувийн алдагдал хүлээж байгаа юм. Арай ч ийм зүйлийг санаатай зохион байгуулалттай хийгээгүй байх гэж найдаж байна. Хүүгийн арбитраж 2012 оны Засгийн газар, Монголбанкны хамгийн том алдаа. Тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал бага хүүтэй ипотек, ААН-үүд рүү үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд баахан мөнгө хэвлээд өгчихсөн. Ингээд мөнгөө буцааж Төв банк 12-15 хувийн татаад байхаар тэр мөнгө угаагдчихаж байгаа юм. Үр дүнд нь цөөн хэдэн банк, цөөн хэдэн хүмүүс хожоод улс хохироод байна. 2012 оны Төв банкны бодлогын алдааг битгий давтаач ээ гэж хэлмээр байгаа юм. Давтахгүй ганцхан нөхцөл нь Төв банк үнэт цаасны хүүгээ буулгах юм.

-Монголбанкны дахин санхүүжүүлэх зээлд хоёр их наяд төгрөгийг зарцуулахаар хөтөлбөрт туссан байна лээ. Дахин санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зөв үү?

-Харин ч дахин санжүүжилт рүү илүү мөнгө тусгах ёстой. Дахин санхүүжилт рүү төр заавал мөнгө гаргах албагүй. Төв банк үнэт цаасны хүүг бууруулахад банкууд өөрсдөө эх үүсвэрээрээ энэ зах зээл рүү ороод явчихна. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсан гол зүйл чинь ердөө Төв банкны үнэт цаас. Үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрын дунд эдийн засаг эргэлдэж байж нэг нь бараатай, нөгөө нь мөнгөтэй байна. Энэ хоёрын дунд гуравдагч хүн гарч ирээд хооронд нь дамжих ёстой бүх мөнгийг татаад явчихаар борлуулалт, худалдан авалт байхгүй болно. Өнөөдрийн байдал ердөө энэ. Эдийн засагт эргэлдэж байх ёстой мөнгийг Төв банк инфляци гэдэг нэрийдлээр аваад байгаа юм. Зүйрлэвэл төр баруун гараараа зодож байснаа зүүн гараараа аргадах гээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *