Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгчийн сонгуульд МАН дангаараа оролцох шийдвэр гаргасан

МАН-ынхан хэвлэлийн хурал хийж өчигдөр болсон наймдугаар бага хурлынхаа талаар мэдээллээ. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Өчигдөр МАН-аас наймдугаар бага хурлаа хийж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ тодрууллаа. Бага хурал олон хэвлэл мэдээлэлд ил тод явагдсан. Бага хуралд хоёр хүн орж нэр дэвшсэн.

Олон нийтийн дунд судалгаа явуулсны дүнд гарч ирсэн таван нэр дэвшигчийг оруулж нэр дэвшүүлсэн. Үүнд МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, өмнө нь МАН-ын даргаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар нэр дэвшсэн. Удирдах зөвлөлийн хурал дээр Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар энэ удаагийн Ерөнхйилөгчийн сонгуульд нэр дэвших бодолгүй байгаагаа хэлж, нэрээ татсан байгаа. Ингээд М.Энхболд, Ц.Нямдорж нар өрсөлдсөн. Намын дарга М.Энхболд 85,7 хувиар ялалт байгуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо” гэж мэдэгдлээ.

Мэдээлэл хийсний дараа хэвлэлийнхэн асуулт асуув.

-Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-тай хамтарч оролцох уу?

Д.Амарбаясгалан: -Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгууль болох цаг үед Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, МАХН-тай хамтарч ажиллах, эвсэл болох гэх мэт асуудлаар ярилцаж байсан. Тэр үед МАН хангалттай хэмжээнд буулт хийх маягтай, 70/30 харьцаагаар тохирох санал оруулсан. Тухайн үед МАХН-ын даргын шаардлагыг хүлээж авах боломжгүй болж, МАН дангаараа сонгуульд орсон. Түүнээс цааш хамтарч ажиллах асуудал ярьсан зүйл байхгүй. Яг өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарч ажиллах хүсэл байхгүй гэдэг нь харагдсан учраас гэрээ хэлэлцээр хийгээгүй байгаа. МАН дангаараа оролцох шийдвэрээ өчигдөр гаргаад, нэр дэвшигчээ тодруулсан.

-Намын дарга, УИХ-ын даргаар хэн томилогдох бол?

-Эхлээд бид сонгуульдаа амжилттай оролцох нь чухал. Түүний дараа намын дарга, УИХ-ын даргын асуудлыг ярилцана.

Мөн МАН-ын наймдугаар Бага хурлыг удирдан явуулсан Ч.Хүрэлбаатар “Сүүлийн найман жил манай нам ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед бид зөв хүнээ нэр дэвшүүлэх нь улс орны ирээдүйд ихээхэн ач тустай юм. Нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулж, оруулах ёстой. Ирэх дөрвөн жилд МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ямар бодлого барьвж, юу хийх бэ гэдэг дээр бид онц ихээр анхааран ажиллаж байна” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *