Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанхуяг: Бие минь харьд байгаа ч сэтгэл минь Монголдоо шүү

Монгол Улсын гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуягтай цахимаар холбогдож ярилцлаа.


-Та одоо хаана, ямар ажлаар явж байна вэ?

-Би хэд хоногийн өмнө Японы Токио хотоос Нью-Йоркт ирчихээд байна.

Тэнд Олон улсын тэмцээний шүүгчээр ажилласан юм. Тэр тэмцээнд 220 гаруй оролцогчидтой есөн орны бүжигчид, залуу, өсвөр үеийн балетчид цугласан.

-Та АНУ-д ер нь суурин байгаад байх шиг байна. Хамгийн сүүлд Монголд хэзээ ирсэн бэ?

-Манай гэр бүл Нью-Йоркт суурин байгаа. Сүүлд Монголд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Цөмөөхэй” балетаа тоглож дараа нь хоёрдугаар сард Олон улсын тэмцээнийхээ бэлтгэл ажлаар Монголдоо очсон. Ер нь байнга тасралтгүй холбоотой ажилладаг болохоор бие минь харьд байгаа ч сэтгэл минь Монголдоо шүү дээ .

-АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа хэвээрээ байх нь ээ?

-“Бостон балет”-д үндсэн бүжигчнээр ажиллахгүй байгаа. Харин олон улсад аялан тоглох менежментийн тал дээр бол харилцаатай ажилладаг.

Одоо Нью-Йоркт “Сирио Коллектив” гээд өөрсдийн байгуулсан компанидаа их цаг зарцуулж байна. Яваандаа олон улс, тэр дундаа Ази тивтэй ойрхон ажиллах төлөвлөгөө байгаа. Мэдээж Америкийн талтай байнга ажил, амьдралын холбоотой явна л даа.

-Та сая олон улсын тэмцээний бэлтгэл гэж ярилаа. Хэзээ болох тэмцээн юм. Бэлтгэл ажил нь хэр яваа вэ?

-Энэ тэмцээн маш өргөн утга агуулгатай. Том тэмцээн манай эх оронд болох гээд байна. Манайд дэлхийн урлаг болох балетын урлаг хөгжөөд 60 гаруй жил болохдоо олон сайхан уран бүтээлчид энэ урлагт бие, сэтгэлээ зориулан, зориулсаар байгаа билээ.

Иймд манай улс нэгэнт хөгжчихсөн энэ сайхан урлагаараа дамжуулан эх орноо олон нийтэд сурталчилах, мэргэжлийн үүднээс асар олон давуу тал олж авах гээд энэ тэмцээний ач холбогдлыг яривал их урт жагсаалт болно шүү. Ирэх сарын 30-наас зургадугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод уг тэмцээн маань болно.

-Одоогоор хичнээн орны балетчид оролцохоо илэрхийлээд байна вэ?

-Эл тэмцээн маш чухал өнцгөөс бидний ирээдүйн үнэлэмжийг дэлхий дахинд харуулна гэдгийг л маш сайн ойлгож дор бүрнээ хариуцлагатай гүйцэтгэл сайтай ажиллах нь тэмцээний зохион байгуулагчид болон манай хамт олноос хамаарч байна.

Тэмцээн болно гэснээс хойш олон улсын балетын ирээдүй болсон залуу уран бүтээлчид сонирхох, гайхах зэрэгцэн хүлээн авч байна. Зарим монголчууд ч ийм том тэмцээн эх оронд нь зохиогдох гэж байгааг дуулаад гайхаж байна шүү. Одоогоор Хятад, Орос, Солонгос, Куба, Сингапур, Япон, Казахстан, Герман, Филиппин зэрэг орны балетчид оролцохоо илэрхийлээд байна. Оролцогчдыг дагаад энэ урлагт дуртай сонирхдог үзэгчдээс эхлүүлээд мэргэжлийн олон хүн ирэх хандлагатай байгаа. Жишээлэхэд, Сингапураас 7-9 оролцогч орох байх, түүнийг дагалдан 14 хүн хамгийн багадаа ирнэ. Тэдэн дунд эх орондоо их зүйл бүтээсэн хүндтэй алдартай хүмүүс багтаж байгаа гэхээр та бүхэнд бас энэ тэмцээний ач холбогдол эхнээсээ харагдаж байгаа байх. Мөн Хятад улсаас их сургууль, Шанхайн Балетын төв, Урлагийн яамны өндөр албан тушаалтнууд ирнэ. Энэ мэтээр маш олон ажил бидний хэлдгээр хөшигний ард өдөр шөнөгүй үргэлжилж байна даа.

Бид тэмцээнийхээ бэлтгэлийг эртнээс базаасан. Энд нэг зүйл дурдахад, манайд болох олон улсын балетын тэмцээний өмнө БСШУ-ы сайдын ивээл дор хоёр дахь удаагаа зохиогдох гэж буй өсвөр, залуучуудын 6-18 насны хооронд болох балетын тэмцээн бий. Түүнд оролцоод хоёрдугаар шатандаа тэнцсэн 12 наснаас дээш оролцогчид маань олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм. Олон улсын тэмцээнд оролцсон Монголын шилдэг оролцогчдоос дараа дараагийн олон улсын тэмцээнд оролцох урилга хүлээн авна гээд шаталсан боломжууд нээгдэнэ гэсэн үг л дээ. Шанхайд ирэх наймдугаар сард Олон улсын балетын тэмцээн болно. Тэр тэмцээнд оролцоход зардлыг нь 100 хувь даах юм. Ингэхээр энэ тэмцээн маань дэлхийд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн байгаа.

-Өмнө нь манайд ийм том хэмжээний, өргөн цар хүрээтэй балетын уралдаан болж байсан уу?

-Үгүй, анх удаа болно. Манай агентлагийн Эрдэнэбат захиралтай анх энэ тэмцээний талаар ярьж эхэлснээс хойш олон хүн сайхан хүлээн авсан. Харьяа яамны сайд Цогзолмаа дэмжиж, бүр Ерөнхий сайдад уламжлан танилцуулсан. Энэ удаад Олон улсын тэмцээнийхээ Удирдах зөвлөлийг байгуулан, тэмцээний хороо гэж шинээр гаргах юм. Мөн Монгол Улсад Балетын сургууль жинхэнэ утгаараа асар өндөр зэрэглэлд байх талаар хэлэлцэх арга хэмжээнүүд ч болно.

Балетын сургууль бол бидний ирээдүй хойч үед үгүйлэгдээд байгаа зүйл. Би олон улсын тэмцээнд оролцох гээд зардал хайгаад бөөн юм болдог байлаа. Зардлаа олж очоод өрсөлдөж байхдаа гадны бүжигчдийг хараад “Энэ тэмцээн эх оронд минь болж байсан бол ямар гоё угтан авч байх байсан бол доо” ч гэж бодогдоно. Өвдөж байхад ганцаараа байх хэцүү, шүүгчдийг хараад би Монгол гэсэн шиг бүхнийг тэвчээд тайзан дээр гардаг байлаа. За тэгээд хамт олон, гэр бүл, ах эгч нар хажууд байх шиг сайхан зүйл хаа байх вэ дээ. Дэмжигчидтэйгээ ямар хамт гадагшаа бөөнөөрөө явж чадах биш. Энэ үүднээсээ манайд болох олон улсын тэмцээнийг боломж гэж би харж байгаа.

-Та хэзээ эх орондоо ирэх вэ?

-Тэмцээнийхээ ажлаа бодвол одоо ч яваад очмоор байна. Гэхдээ энд төлөвлөсөн ажлуудаа дуусгаад тэмцээн болохоос хэд хоногийн өмнө очно. ДБЭТ, болон Яамны газрын дарга Сэргэлэн, Нийслэлийн Соёл урлагийн газрын хамт олон, Соёл урлагийн агентлаг, Монголын Балетын Хөгжил сан, Монгол Улсын консерватор, Соёл урлагийн их Сургууль, Засгийн газар гээд холбогдох хүмүүс, ажлын хэсгийн хамт олон, мөн сайн дурын ажилтан залуус гээд бид олон улсын тэмцээнийг анх удаа хийхэд бэлэн болсон байгаа. Мэдээж эхнийх алдаа оноо, боломж, ойлгох, ойлгохгүй зүйл их л гарч байгаа ч бид үүнийг хийснээрээ дараа дараагийн ажилдаа туршлага хуримтлуулна гэж найдаж байна.

-Монгол сонгодог урлагийн театртай гэхээр гайхдаг цаг хэдийнtэ өнгөрсөн. Монголд дэлхийн шилдэг найман балетчины нэг байдаг гэхээр зарим үзэгч итгэдэггүй?

-Би бол ардын авьяастны өлгий Ховд аймгаас төрсөн Ардын биелээч Дугараагийн хүү Алтанхуяг. Дотооддоо балетаар бэлтгэгдэн гарсан анхны ангийн төгсөгч. Багаасаа аавыгаа даган урлагт дуртай болсон хүүхэд. Хэрвээ балетчин болоогүй бол ардын бүжигчин байх байсан. Балет дэлхийн өнцөг булан бүрт хөгжиж байна. Бүжгээр бол балет нь дэлхийн хэл гэж ойлгож болно. Бид хэлгүй бол хөлгүй гэдэг. Бүжиг бол бидний амьдралын баяр баясал гунигаа илэрхийлдэг сэтгэлийн хэллэг, үүнийг дэлхий дахинаар, урлагаар дамжуулан хоорондоо холбогдож байгаа илэрхийлэл гэж ойлгоцгоодог. Иймээс бид дэлхийн энэ хэлийг мэдэж, шинэ үг бүрийг нь үр хүүхдүүддээ сургаж байх юмсан. Энэ их урлагийг зөв хурдацтай хөгжүүлэх л хэрэгтэй байна даа.

Би мундаг биш ээ, бас л сурах гээд мэдэхгүй зүйл ихтэй хүн энд байна.

-Хүн өнгөрсөн үеийн үргэлжлэл. Энэ урлагт хөтөлсөн эрхэм хүмүүс, багш нарынхаа тухай дурсвал?

-Энэ урлагт хөтөлсөн аав маань, сурах гэж тэвдэж явахад минь тусалсан ах, дүү төрөл төрөгсөд, анд найзууд, ачит багш нар, сургууль, театрын хамт олон, гадна дотны гэлтгүй сэтгэл гаргасан хүмүүсийн ачийг хийж буй үйлээрээ хариулж хойч үеийнхэндээ мөн тэдэнтэй адил тус хүргэж ухаан зарж явах юмсан гэж дотроо бясалган явдгаа илэрхийлье. Их урлагийг анх эх оронд минь хөгжүүлэхэд зориулсан тэр их сэтгэлд нь бишрэн Монголд болох гэж буй Олон Улсын Балетын анхдугаар уралдааныг ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва гуайн нэрэмжит болгож байгаад баяртай байна. Та бүхэн бултаараа дэмжин оролцоорой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *