УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган завсарлалаа.
Төсвийн тодотголтой холбоотойгоор цалинг бууруулах асуудал дэмжлэг хүлээсний зэрэгцээ нефтийн бүтээгдэхүүний үнийг улсын хэмжээнд жигд тогтоох санаачлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт гаргаад байна. Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ нефтийн бүтээгдэхүүний ОАТ-ыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн юм.
Тэрээр саналаа ийн тайлбарлав. “АИ- 92 шатахууны үнэ ОХУ-д 1100 төгрөгийн үнэтэй байхад, Улаанбаатар хотод 1660 төгрөгийн үнэтэй байна. Харин төвөөс алслагдах тусам үнэ улам өсч Дорнод 1880 төгрөг, Ховд аймагт 2100 төгрөгийн үнэтэй байна. Сүүлийн нэг жилд 1 тн шатахууны хилийн үнэ 1380 ам.доллараас- 580 ам.доллар болтол хямдарсан. Нефть импортлогч компаниуд 5-8 хувийн ашигтай ажиллаж ирсэн бол өнөөдөр 13 хувийн ийн ашигтай ажиллаж байна. Ийм учраас Засгийн газар нефтийн ОАТ-ыг нэмэхийн оронд шатахууны компаниудтайгаа тохирч 13 хувийн ашгийг 6.5 хувь болгож бууруулаад литр тутамд 200 төгрөг хямдруулж тэр зөрүүгээр алслагдсан бүсийн шатахууны үнийг Улаанбаатар хоттой ижил түвшинд тогтоох боломж байна. Ингэж эдийн засгийн хямралтай үед ард иргэддээ суурь үнийг нь хямдруулах замаар боломж олгоё. Үүнийг судлаач” гэсэн юм.
Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагаас үргэлжилж, Өршөөлийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Эл асуудлыг өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр албан ёсоор дуусаад байгаа.