Categories
мэдээ улс-төр

Чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит бус чуулган үдээс өмнө хуралдаж түр завсарлаад үдээс хойш 15:30 цагаас үргэлжлэн хуралдаж байна. Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Дараагийн хэлэлцэх асуудлаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Оюутны сургалтын төлбөрийн зээлийг зогсоосон. Ингэснээр гадаадад суралцаж байсан оюутнуудын тэтгэлэг зогсож байгаа юу?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Гадаадад тэтгэлгээр сурч байгаа оюутнуудад үргэлжлүүлэн олгоно. Харин шинээр тэтгэлэгт хамрагдах хүсэлт хүлээж авахгүй.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ “Сайн” хөтөлбөрүүдэд хэдэн төгрөг төлөвлөөд, хэдийг зарцуулсан юм бэ. Ямар эх үүсвэрээс энэхүү санхүүжүүлэлт гарсан юм бэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор “Cайн” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Энэ дагуу Засгийн газар бонд гаргаж банкинд арилжаалсан. Банк цааш нь Төвбанкинд арилжаалж эдгээр хөтөлбөрүүдийн эх үүсвэрийг босгосон байдаг. Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын төсийн тухай хуулийг зөрчсөн байдаг. Нийтдээ 553.8 тэрбум төгрөгийг “Сайн” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Хөтөлбөр тус бүрээр нь ажлын хэсэг тайлбар өгөх байх.
УИХ-ын гишүүн Лүндээжанцан: Эдийн засгийн хүндрэлээс гарах хоёр зам байдаг гэнэ. Нэг нь “Стэнд бай”, нөгөө нь өр, зээлээ үргэлжлүүлэн авах. Манай улс олон улсын зах зээл дээрээс зээл авах боломж байхгүй байх. Ойр гэдгээр нь урд, хойд хоёр хөрш рүүгээ харах байлгүй. Харин тэр “Стэнд бай” хөтөлбөрийг оруулаад ирвэл дотоодод тулгамдаад байгаа асуудлыг ойлгодоггүй юм. Жишээ нь цэцэрлэг сургууль дутагдаад байна гэхээр тэр Олон улсын валютын сангийнхан чинь ойлгохгүй. Мөн шүүгчдийн цалинг хасах талаар төсвийн тодотголд орсон байна. Ер нь энэ бүх шийдвэрүүдээ сайн судалж, ажлын хэсэг гаргаж ажиллахыг зөвлөж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан “Сайн” нэртэй дөрвөн хөтөлбөрийг зогсоосон. Тухайлбал, “Сайн малчин” хөтөлбөрт 145.4 тэрбум төгрөг, “Сайн хашаа” хөтөлбөрт 0.1 тэрбум төгрөг, “Сайн хувьцаа” хөтөлбөрт 408.3 тэрбум төгрөгийг өнөөдрийн байдлаар зарцуулсан байна. Нийтдээ 553.8 тэрбум төгрөгийн Монголбанк гүйлгээнд гаргачихсан байна.Цаашдаа төр Засаг нь өөрөө төгрөгийг үнэгүйдүүлдэг, төгрөгийн ханшийг унагаадаг ийм бодлогыг дахин явуулахгүй гэж шийдвэрлэсэн.
Хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *