Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр зарлаж болзошгүй тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар холбогдох газраас лавлахад “Тодорхойгүй байгаа” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гаригт Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхий сайдын асуудлыг даваа гаригт намын бүлгүүдээр ярьж, мягмар гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Гэвч өнөөдрийн байдлаар МАН-ын Удирдах зөвлөл саналаа нэгтгэж, түүний дараа бүлгээ хуралдуулахаар болоод байгаа бол МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн тухай хэлэлцэнэ гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү илэрхийлээд буй. Үүгээр бол өнөөдөртөө багтаж УИХ-ын чуулган хуралдана гэж хэлэхэд амаргүй байна. Харин намын бүлгүүд нэгдсэн саналд хүрсэн нөхцөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах боломжтой. Гэвч УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан хуваариар өнөөдөр аль ч байнгын хороо хуралдах тов гаргаагүй байгаа юм.