Categories
энтертаймент-ертөнц

​”Чөлөөт хос” мюзикл жүжиг дахин тавигдана

Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжиг дахин тавигдах нь. Жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулжээ. Гол дүрд Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, Г.Дөлгөөн-Аюуш нар тоглох юм байна. Уг жүжиг энэ сарын 27, 28-нд хоёрхон удаа тоглогдох аж. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “Чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно.

Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ мэдэхээ болиод хий л шанална. Эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдын адил уйлж унжин, нөхрөө гуйж, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч чадах аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов.

Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлох гэж оролдсон ч бүх зүйл оройтсон байна. Энэ бүхний учрыг “Чөлөөт хос” жүжиг танд тайлах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *