Categories
мэдээ цаг-үе

Чойн Хүрэл агсны хүү Түвшин: Аавынхаа “Гэрлэж амжаагүй явна” кинонд нь дуртай

“Гэрлэж амжаагүй явна” киноны Гансүх инженер, “Анхны алхам”-ын Болд зэрэг дүрээрээ олны сэтгэлд хоногшсон нэрт жүжигчин Чойн Хүрэл агсны хүү Х.Түвшинтэй ярилцсанаа хүргэе.

-Та ах дүү хэдүүлээ вэ?

-Миний аав арван хүүхэдтэй айлын хамгийн ууган нь. Харин би аавынхаа бага хүү. Манай том ах Х.Тулга, эгчийг Х.Уянга гэдэг.

-Ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол?

-Ах хувиараа бизнес эрхэлдэг. Эгч “Бүсгүйчүүд” гээд вэб сайтыг ажиллуулдаг. Миний хувьд жүжигчин мэргэжилтэй. Одоо уран бүтээлийн ажилтай л их ойр явдаг даа.

-Багадаа аавынхаа ажлаар очдог байв уу?

-Аав Кино үйлдвэрийн орчуулгын киноны ангид байсныг санадаг юм. Намайг ажил дээрээ дагуулаад очно. Том кино хийдэг заалны гадна орос бичигтэй улаан, ногоон гэрэл байдаг байлаа. Улаан нь зогс бичлэг хийж байна гэсэн утгатай л байсан байх. Хүлээж байгаад ногоон гэрэл асангуут л гүйгээд орно. Ногоон гэрэл асвал л ордог юм гээд заагаад өгчихсөн хэрэг. Сургуульд орохоос ч өмнөх явдал шүү дээ. Ээж Хилийн цэргийн ансамбльд ажилладаг байсан. Багадаа аав, ээж хоёрын ажлын газар л өссөн дөө.

Кино үйлдвэрт аавын өрөөгөөр орно. Одоо бодоход 600-гийн студи дотор тайзаа засцгаагаад зэрэг олон гэрэл асаагаад л ажилладаг байсан. Их л том студи байсан нэг захаас нөгөө захад нь хүрэх гэж ядарна шүү дээ. Студийн ханыг дагасан төмөр шат байлаа. Аваарын шат л байсан байх. Түүний дээр гараад суучихдаг байлаа. Тэгээд л хүмүүсийн хийж байгаа юмыг нь хараад л сууж байдаг байсан.

-Аав тань ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг байсан бэ?

-Аав их олон хүнтэй нөхөрлөдөг байсан даа. Хүн болгон л сайн хүн, сайн жүжигчин гэдэг. Найз нөхдийг нь дутуу орхивол муухай юм болов уу гэж бодож байна. Кино үйлдвэрийн орчуулгын кино ангийнхан гэж байдаг. Аав тэр ангид хамаарагддаг байсан. Тэр ангийн хүмүүс бүгдээрээ л найзалж байсан байх. Миний санаж байгаагаар Г.Равдан гуай их найз байсан. Олон л ах нар байсан даа. Хамт кинонд явж байсан хүмүүс нь их ирнэ. Хүүхдийн театрт хамт удаан ажилласан болохоор ардын жүжигчин А.Очирбат гуайтай найзалдаг байсан. Аав насаар олон дүү шүү дээ, уг нь.

-Ч.Хүрэл агсныг харцаараа их юм өгүүлдэг чадварлаг жүжигчин байсан гэлцдэг. Ер нь “Анхны алхам”-ын Болдын дүр үггүй инээмсэглэл, харц хоёроор л дагнасан мөртлөө тун их зүйл харуулдаг даа?

-Тийм шүү. Аавынхаа тоглосон кинонуудыг үзэх дуртай. Гэхдээ би жүжигчний мэргэжлээр сурсан л болохоос яг жүжигчин болж чадаагүй л байна. Тэгэхээр би аавыг тийм ийм гэж ярих нь утгагүй байх. Зүгээр анзаараад байхад маш энгийн тоглолттой. Дүрдээ их нэвчиж өгдөг юм болов уу гэсэн бодол байдаг. Хүмүүс ч аавыг маш их ухааны тоглолттой, энгийн тоглолттой, уран чадвар талдаа гайхамшигтай хүн гэж ярихыг олон сонссон.

-Ж.Бунтар найруулагч “Гэрлэж амжаагүй явна” кинондоо их сайхан биетэй, хаанаасаа ч сайхан харагддаг болохоор нь яам руу орж байгаа, хонгилоор явж байгаа дүрсүүдийг биеийг нь бүтнээр нь оруулж авсан гэлцдэг юм билээ?

-Их өндөр хүн байсан шүү дээ. Том биетэй бараг 190 см байсан байх шүү. Сүүлд нас нь яваад жаахан бөгтийсөн болохоос залуу насандаа их сайхан хүн байсан гэсэн. Чив чимээгүй. Дуугүй л сууж байдаг. Ер нь өөрөө тийм их энгийн хүн байхгүй юу. Орилж хашгичсан үйлдэл хэзээ ч гаргаж байгаагүй. Хүн амьтанд уурлаж уцаарлаж байхыг нь би харж байсангүй ээ. Их л намдуу хүн байсан даа. Хэлэх гэсэн зүйлээ ч цөөхөн үгээр яг л хэлдэг. Их боддог байсан юм шиг санагддаг.

-Монгол кино юу?

-Ямар ч хамаагүй кино гарсан үзээд л суучихна. Гэхдээ өөрийнхөө хуучны жүжигчидтэй хамтарч ажилла­сан Монгол кинонуудаа аав үздэггүй байсан. Нэг удаа асуухад “Уйлах гээд байдаг юм аа” л гэж байсан. Тэр хүмүүсийнхээ киног үзэж чадахгүй солиод өөр юм үзээд байдаг байсан. Их юм бодож суудаг байсан болохоор тэр юм уу. Өөрөө болохоор “Газар шороо” киноны Ганхуягийн хэсгээс цааш үзэж чаддаггүй юм” гэдэг. Харин өөр гадаад кинонуудыг үзээд сууж байхад нь асуувал “Гоё хийсэн кино юмаа” эсвэл “Тэр жүжигчин нь ингэж байна” гэж л хэлнэ. Ер нь надтай ч тэр, ах, дүү, аав, ээжтэйгээ ч яриад байдаггүй хүн.

-Кинонууд дээрээ ч яриа багатай шүү?

-Дүр төрх, хэв шинжээсээ шалтгаалаад кинон дээр тиймэрхүү хэсгүүдэд сонгогдсон байх магадлалтай л даа. Гэхдээ “Алтан шонхор” кинон дээр Айсангаа мэргэн гээд том отгийн ноёны дүрд тоглодог. Их өндөр нүүр амаа зангидсан айхтар хурц хүний дүр шүү дээ. Тоглоод л гаргасан. Хүн болгон ам сайтай байсан. Жүжигчний өөрийнх нь уран чадвар байх л даа.

-Тайзны уран бүтээлд их тоглосон байдаг?

-Өөрөө ярьж байсан юм. Хэдээс хэдэн оны хооронд гэлээ дээ сайн санахгүй байна. Лавтай таваас зургаан жил Хүүхэд залуучуудын театрт тавигдсан бүх жүжгийн гол дүрд аав тоглосон байдаг юм билээ. Ардын жүжигчин А.Очирбат гуай, аав тэгээд нэг эмэгтэй хүний нэр хэлж байсан. Ийм гурван жүжигчин тодорхой хугацаанд тоглогдсон бүх жүжгийн гол дүрийг авч гарч байсан гэж өөрөө ярьж байсан.

-Ч.Хүрэл агсны ээж, аав манай хүү их эрх байсан гэж ярилцлага өгсөн байдаг. Хүүхдүүдээ ер нь хэр эрхлүүлдэг хүн байв?

-Аав, ээж гэдэг хүмүүс хүүхдийг хөгширсөн хойно нь ч хүүхэд хэвээр нь хардаг гэдэг. Тэр үүднээс өвөө, эмээ ярьсан болов уу. Би аавыг өвөө, эмээ хоёрт эрхлээд байсныг мэдэхгүй. Намайг бол ямар ч байсан тийм их эрхлүүлээд байсан юм байхгүй. Манай аав намайг багадаа их л сахилгагүй байсан гэж ярьдаг байлаа. Гэхдээ л авна гэсэн зүйлээ авах гээд, ах зах хүний өөдөөс олон долоон юм яриад байдаг хүн би биш. Аав ч тийм хүн байгаагүй. Ааваас авсан суурь хүмүүжил гэж байна. Яахав хааяа өвөө, эмээ дээр очоод цай хоол хийлгээд сайхан тааваараа сууж байдаг байсан.

-Хүмүүс гавьяатын энтэй жүжигчин гэдэг?

-Аав “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгийг Соёлын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдэг байхад нь авсан” гэж байсан. Олон хүн тэгж хэлдэг. Гавьяатыг аав авахыг хүсдэг байсан эсэхийг нь би хэлж мэдэхгүй юм. Өөрөө гавьяа шагналын хойноос хөөцөлддөг хүн байгаагүй. Гэхдээ уран бүтээлч хүн шүү дээ. Уран бүтээлч хүнийг энэ хэмжээний уран бүтээлч шүү гэж тодорхойлж байгаа тодорхойлолт нь цол тэмдэг. Тиймээс аав гавьяат гэдэг цол тэмдгийг авчих юмсан гэсэн бодол байсан болов уу гэж би боддог. Гэхдээ авах гэж хойноос нь хөөцөлдөөгүй байх. Өнгөрснөөс нь хойш жил гаруйн дараа билүү дээ. Ард түмний гавьяат гэдэг цол өгч байсан. Түүнийг нь өвөө бид хоёр тайзан дээр гарч авч байлаа. Дээрээс нь гавьяат гэдэг цол хэргэмийг албан байгууллага тодорхойлдог. Тэгээд Хүүхэд залуучуудын театр татан буугдсан. Кино үйлдвэр ч байхгүй болсон гээд явсаар байгаад гавьяат цол аваагүй дээ. Түүнээс биш Хүүхэд залуучуудын театр, Кино үйлдвэр одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан бол гавьяат битгий хэл цол хүртэх эрхтэй хүн. Би түүн дээр бат итгэлтэй байдаг. Хүмүүсийн ярьдаг шиг би аавыгаа гавьяат авсан бол гэж боддоггүй. Гавьяат авсан аваагүй тэр хүн гавьяатай л хүн. Бусдыг нь үгүйсгэж байгаа юм биш л дээ. Маш олон том том уран бүтээлчид байна шүү дээ. Тэр дунд л миний аав өөрийнхөө хийх ёстой ажлыг хийгээд л явж байсан хүн. Тэгж л бодож байна. Би аавыгаа яг л байх ёстой байрандаа байсан юм болов уу гэж боддог. Хийх ёстой юмаа л хийсэн байх. Түүнээс биш олны дундаас тодрох гэж оролдоогүй. Дүү нарын сайхан ах, сайхан айлын эцэг, сайхан л эр хүн явсан даа.

-Урлагийн замыг сонгосон талаараа ярьж байв уу?

-Сүхбаатарын Дарьгангын хүн шүү дээ. Аав арван жил төгсөөд л хотод ирсэн гэдэг. Аав их сайхан дуулдаг байж л дээ. Урлагийн сургуульд орно гээд явахад нь дуучин болох болов уу гэж гэрийнхэн нь бодож байсан гэсэн. Гэтэл сургуульдаа шалгалт өгчихөөд “Жүжигчин болсоон” гэчихсэн гэртээ орж ирсэн гэж эмээ ярьж байсан. Өөрийнх нь яриагаар бол УБИС-ийг төгсөөд томилолт авахад нь Драмын театр, Хүүхэд залуучуудын театрын алинд нь орох уу гэж асуусан байгаа юм. Тэгээд Хүүхэд залуучуудын театрт оръё гээд орсон гэдэг.

-Таны ээж хэн гэдэг хүн байна?

-Манай ээж Л.Эрдэнэчимэг гэж хүн бий. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ёочин тоглодог байсан. Одоо Польшид амьдардаг. “Гэрлэж амжаа­гүй явна” киног хийгдээд дуусч байхад би ээжийн гэдсэнд нь байсан юм гэнэ лээ. Би тэр кинонд нь илүү дуртай.

-Танай гэр бүлд урлагийн хүн олон уу?

-Аавын доод талын эрэгтэй дүүгийнх нь том банди нь жүжигчин Батушка буюу Баттулга юм. “Буруу эргэлт” кинонд тоглосноор нь сайн мэдэх байх. Аавын нэг эмэгтэй дүү Оюунбилэг эгч Соёлын коллежийн багш хийж байна. Аавын дүү Хүрэлбат сийлбэрчин хүн байдаг.

-Ер нь их өндөр хүмүүс үү?

-Янз бүр дээ. Түмээ ах өндөрдөө орно. Баттулга ер нь өндөр шүү. Аав ер нь дүү нар, хамаатнуудаасаа гоц өндөр хүн байсан юм.

-Та өөрөө жүжигчин хүн. Аавын нөлөө байсан уу?

-Зөвлөсөн юм байхгүй л дээ. Намайг арван жил төгсөхөд аав “Чи хамгийн бага хүү юм чинь аавынхаа мэргэжлийг өвлөөд авчихвал зүгээр дээ” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Түүнээс биш яг урлагийн хүн бол барь гэсэн юм байхгүй. Би өөрөө л шийдсэн. Ингээд 2005 онд “Зохиомж” дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж байлаа.

-Охиноо ийм уяхан хүн жүжигчин болдоггүй юм гээд жүжигчин болгоогүй гэдэг нь үнэн үү?

-Би сайн хэлж мэдэхгүй байна. Аав тэгж бодсон байх. Өөрөө урлагийн хүн болохоор урлагийн хүн ер нь ямар явах ёстой вэ гэдэг талаасаа мэдэгдэхүүн байсан байх л даа. Эмэгтэй хүнийг жүжигчин болгоод хэрэггүй гэж бодсон уу, мэдэхгүй. Тэгж хэлсэн гэсэн яриаг сонсож байсан. Уянга эгчийг “Хүүхэд томрох лүд юмаа” гэдэг кинонд тоглуулж байсан.

-Танд юу хэлж захидаг байсан бэ?

-Надад нэг удаа “Чи уран бүтээлч, жүжигчин хүн болох гэж байгаа бол эхлээд жүжигчин хүн ямар байх ёстой вэ гэдгийг сурдаг юм шүү” гэж байсныг нь тод санаж байна. Намайг “Би Хүрэлийн хүүхэд байна” гээд цаашаагаа галзуураад явчихвал хүүхдээ тийм өвчтэй, солиотой амьтан болгохгүй юмсан гэсэн үүднээс тэр үгийг хэлсэн болов уу гэж боддог. Тиймээс ч би хүн амьтны наагуур цаагуур гүйгээд дүр авах гээд байдаггүй. Тэртэй тэргүй найруулагч хүн олж хараад сонговол тэр л биз. Жүжигчин хүний хүүхэд гэхээрээ заавал жүжигчин байх ёсгүй. Уран бүтээлч хүн байя гэсэн бодол надад бий. Сургуулиа төгсөөд Драмын театрт дагалдан жүжигчнээр зургаан сар ажиллаад дараа нь Биндэр найруулагчийн туслахаар 2009, 2010 онд хоёр жил явсан. Нэг хэсэг хөндийрч байгаад өнгөрсөн жилээс уран бүтээлийн ажил руу дөхөж байна даа. Бүр доороос нь эхэлж янз бүрийн юмыг нь хийе гэж боддог. Цаашдаа найруулагч болох бодол бий.

Ж.Баярсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *