Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд Монгол цэргийн жавхаа уралдаан эхлэх гэж байна

Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ – аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах арга хэмжээ, ”Монгол цэргийн жавхаа’’ үзүүлэх тоглолт, “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийн үйл ажиллагааг өнөөдөр Чингисийн талбайд иргэдэд нээлттэй зохион байгуулна. Энэ үеэр Москва хотод болсон Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүн цэргийн жагсаалын тоглолт үзүүлэх юм.

2013 оны анхны “Монгол цэргийн жавхаа” уралдаанд Улаанбаатар цэргийн хүрээний 27, 2014 оны уралдаанд 30 анги, байгууллага оролцсон нь уралдааны хамрах хүрээ, ач холбогдол нэмэгдэж байгааг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын жагсаалч ажиллагаа, алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл дээшилж, 2 жилийн хугацаанд уралдаанд амжилттай оролцсон 6 ангийн захирагчийг орон сууцаар шагнаж, урамшуулсан.

Энэ жилийн хувьд:
Тэргүүн байр – “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги” өргөмжлөл, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Дэд байр – “Өргөмжлөл”, орон сууц биеийн тамирын иж бүрдэл
Гутгаар байр – “Өргөмжлөл”, орон сууц, биеийн тамирын иж бүрдэл
Тусгай шагнал – “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, биеийн тамирын иж бүрдлээр тус тус шагнаж урамшуулна. Шагналын орон сууцыг анги байгууллагын Захирагч нарт олгох бөгөөд өмнөх жилүүдийн уралдаанд байр эзэлж орон сууц авч байсан бол штабын даргад олгох юм.

“Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны энэ жилийн онцлог нь Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу уралдаанд Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Зэвсэгт хүчний 016 дугаар анги, тус аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Алтангадас” одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангиудыг оролцуулсан. Мөн уралдааныг дүгнэхдээ 2013 онд цэргийн ажиллагааны жагсаалч байдал, 2014 онд цэргийн анги байгууллагуудын тохижилт эрүүл аюулгүй байдлыг харгалзан дүгнэж байсан бол энэ жил Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт, алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг сайжруулах, цэргийн албан хаагчдын бие бялдрын стандартыг мөрдүүлэх чиглэл рүү анхаарч, дүгнэсэн.

Уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр шат 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 04 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл болж, уралдааны шалгаруулалтын ажлын хэсэг Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах нийт анги, байгууллагуудыг дүгнэж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулсан. Уралдааны анхан шатны шалгаруулалтад цэргийн анги, байгууллагууд нийт 923,5 сая төгрөгийн тохижилтын ажлыг хийж, цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг дээшлүүлжээ.

Хоёр дугаар шатны шалгаруулалт 5 дугаар сарын 11, 12 – ны өдөр болсон бөгөөд цэргийн жагсаалын ажиллагаа, бие бялдарын стандарт, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин гэсэн 2 үндсэн үзүүлэлтээр Зэвсэгт хүчний 016, 150, 353, 084, 311, 326 дугаар анги, Хилийн цэргийн 0151, 0164, 0252 дугаар ангиудыг дүгнэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *