Categories
мэдээ нийгэм

Чингисийн ИРИДИУМ ураг

-МОНОФЕЛЬЕТОН-

Сайн байцгаана уу, үзэгчдээ… яагаад алга ташихгүй байна? Алгаа ташаарай… нэг хоёрын гурваа… баярлалаа. Намайг алга ташин угтсан үзэгч та нартаа баярлалаа.

…Та бүхэндээ монгол үндэсний хөгжмийн “Чингис хааны иридиум ураг” хамтлагийг танилцуулж байгаадаа баяртай байна.

…Шинэ тутам байгуулагдаад удаагүй байгаа энэ хамтлаг анхны өдрөөсөө эхлэн алдар цуугаа мандуулж, дэлхийн чихийг дэлдийлгэж ирснийг дурсан санахад таатай байна.

Тус хамтлагийн хамт олон БНХАУ-ын Шилийн гол аймгийн Сайхан туг гацааны улаан асарт болсон бүх нийтийн тойруулга дээр түрийвчээ суйлуулсан монголчуудын паян, Эрээн хотын Даажу бааранд гадаадын иргэд мөнгөө төлөхгүй гэснээс үүдсэн будлиан, Улан-Үдэ хотод паспортоо алдаад цагаан хуудсаар хил нэвтэрсэн залуусын талаарх консулуудын хэлэлцээ зэрэг олон улсын чанартай үйл явдлуудад оролцон “Монгол Улсынхаа нэрийг дуурсгажээ”.

Тус хамтлагийнхан хэдхэн хоногийн дараа “Дэлхийг хүний мөнгөөр тойрох” аз сорьсон аянд гарч, төрүүлж өсгөсөн эх орныхоо алдрыг ертөнцийн чихнээ дуурсгах гэж байгаа билээ.

Ийнхүү Монголдоо төдийгүй дэлхийд танигдаад байгаа тус хамтлаг зөвхөн монгол ардын, үндэсний хөгжмийн зэмсгээр хөгжимдөн, зөвхөн монгол ардын дуу дуулдгаараа онцлог… алга ташаарай… баярлалаа.

…Энэ хамтлагийн онцлог хамгийн том бахархал нь юу вэ үзэгч та нар таах гээд үз дээ?

Энэ хамтлагт зөвхөн Чингис хааны алтан ургийн хунтайж хан хөвүүд багтдаг юмаа, ура.

За ингээд та бүхэнд тус хамтлагаа танилцуулъя.

Та бүхэн морин хуураа мэднэ. Эгэл морин хуурыг алгасъя… баярлалаа.

Харин энэ удаа монгол үндэсний хөгжим морин контрбасс буюу тарган морин хуурыг толилуулъя.

Мэдээж ардын хөгжим учраас өөрийн домогтой. Эртээ урьд цагт Хөхөө Намжил гэж нэгэн сайн эр байж гэнээ. Тэрээр Зүүнбаянгийн дивизэд эр цэргийн алба хааж байгаад нэгэн эмэгтэйд сэтгэлтэй болжээ. Цэргээс халагдаж төрсөн нутагтаа харихад сэтгэлтэй бүсгүй нь нэгэн сайхан морь бэлэглээд “намайг санавал энэ мориор ирээрэй” гэжээ. Гар утсаа байг гэхэд хэдэн нэгж бэлэглэх нь ч яасан юм бэ???

Хөхөө Намжил хайртай хүүхэндээ мэссэж бичихийн оронд байн байн морио унаж давхисаар… морь нь стресст орж, хүнд хэлбэрийн невроз гэсэн оноштойгоор нас барсан байна. Ингээд хайрт морио дурсан нэгэн бэсрэгхэн хөгжим зохион бүтээж, түүнийгээ морин хуур гэж нэрлэсэн байна. Морин хуур ингэж бүтээсэн түүхтэй.

Гэтэл айл аймгийн улс Намжилыг шоолж, чиний наад жижигхэн хөгжмийг харахаар зуданд турж үхсэн мал санагдаад нойр хулжаад байна гэжээ. Тэгэхээр Намжил сайхан борлог морио тээр жил мах бэлтгэлд тушаадаг ч юм уу гээд овьёосоор тэжээхэд учиргүй таргалсан үеийг санан байж тарган морин хуур хэмээх контрбассыг урласан түүхтэй.

Ура aа нөхөд өө, алгаа ташаарай монгол үндэсний хөгжим “морин контрбасс” буюу тарган морин хуур.

…Одоо та бүхэнд “Чингис хааны иридиум ураг” хамтлагийн тарган морин хуурчин Улаантугтуг танилцуулъя..Улагаантугту… Чингис хааны алтан ураг, 18 дахь үеийн хунтайж Улаантугту… ура… үнэхээрийн омогшожээнаа…

Одоо та бүхэндээ тус хамтлагийн морин гитар ба түүний домог түүхийг толилуулъя.

…Эртээ урьд цагт Хөхөө Намжил гэж нэгэн сайн эр байж гэнэ. Тэрээр Зүүнбаянгийн дивизэд эр цэргийн алба хөөж байгаад нэгэн эмэгтэйд сэтгэлтэй болжээ. Цэргээс халагдаж төрсөн нутагтаа харихад сэтгэлтэй бүсгүй нь нэгэн сайхан морь бэлэглээд “намайг санавал энэ мориор ирээрэй” гэжээ. Гар утсаа байг гэхэд хэдэн нэгж бэлэглэх нь ч яасан юм бэ???

Хөхөө Намжил хайртай хүүхэндээ мэссэж бичихийн оронд байн байн морио унаж давхисаар… морь нь стресст орж, хүнд хэлбэрийн невроз гэсэн оноштойгоор нас барсан байна.

Гутаж гуньсан Хөхөө Намжил мориныхоо ясаар нэгэн чавхдаст хөгжим урлаж түүндээ Жалам хар, Ганди мод-ыг оруулах зэргээр хайрт морио санагалзах болжээ.

Найруулагчаа, пивоны реклам, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын рекламны роликийг түлхээрэй… баярлалаа.

Хөхөө Намжилд нутгийн нэгэн ухаант буурал “Чи наад хөгжимдөө арга билиг, инь янь” зэргийг тусгууштай гэжээ.

Хөхөө Намжил дорхноо тэр санааг тусган гитараа хоёр хуваан бүдүүн дуутай азарган гитар, нарийн дуутай гүү гитар урласан түүхтэй.

Чингис хааны аян дайны үеэр монгол цэргүүдийн барьж явсан монгол морин гитар Барууны хамтлагуудын анхаарлыг их татжээ. Ингээд барууныхан гитартай болсон ба ба тэдэнд гүү азарга байхгүй болохоор соло, басс хэмээн нэрлэх болсон байна.

Дашрамд дуулгахад Монголын гитарыг өөрсдийнхөө нэр дээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн испаничуудтай бид заргалдах бодолтой байгаа.

Соёл боловсролын сайдаа!! Таныг энд алхайн суух хойгуур чинь Монголын хамаг хөгжмийн зэмсэг харийнхны оюуны өмч болоод дууслаа шүү гэдгийг хатуу хэлмээр байна.

Одоо хөгжимчдөө үргэлжлүүлэн танилцуулъя… алга ташаарай.

Морин азарга гитарчин Мухомед ибн Авдуллах… Чингис хааны 14 дэх удам, угсаа залгамжлах хунтайж Мухамэд ибн Авдуллаах ура ааа… алга ташаарай… Чингис акбар… аминь

Морин гүү гитарчин Майкл… Чингис хааны 14 дэх үеийн угсаа залгамжлах хунтайж. Майкл Грэнжэрфорд… ура. Чингис халилуяаа ааа… омээнь

Хамгийн сүүлд та нарт монгол үндэсний хөгжим, Хөхөө Намжилын талийгаач морины ширээр хийсэн морин бөмбөр… чөмгөөр хийсэн морин кларнет… мөгөөрсөн хоолойгоор нь хийсэн морин саксфон танилцуулъя…

…түүнчлэн Хөхөө Намжил хайртай мориныхоо эрүүл урт шүднүүдийнх нь завсраар хорхойтсон хар шүдийг чигжин даруулыг нь хийсэн монгол үндэсний моринфорьтепионо байна… алга аа ташаарай…

Одоо үзэгч та нар нэг зүйлийн учрыг олох гэж тэсэн ядан хүлээж байгаа байх аа. Энэ бол мэдээж хамтлагийнхны өмссөн монгол үндэсний хувцас.

Хамтлагийн ахлагч, Хараа голын уугуул тариаланч Ивановын Дайчинхүүгийн жишээн дээр тайлбарлая. Ура… алга аа ташиж, хөлөө дэвсээрэй…

Дайчинхүүгийн өмсөж байгаа энэ эвэртэй малгай бол монгол үндэсний сарлаг малгай. Өвөг дээдэс маань IQ өндөртэй нэгнээ сарлаг толгойтой, сарлаг толгойлсон гэхчлэн магтаж ирсэн билээ. Ивановын Дайчинхүү энэ малгайгаа IQ өндөртэй сарлагийн эврийг духтай нь хөрөөдөн аваад шөрмөсөөр нь сагалдарга хийжээ.

Үзэгчдээ, сарлаг толгой, сарлаг малгай хоёрт баяр хүргэж алга ташицгаая?

Дайчинхүүгийн монгол үндэсний тэмээн тавхай гутлыг сонирхъё. Ухаант өвөг дээдэс маань тэмээний хөлийг тэр чигээр нь туламлан өвчөөд үндэсний саламандраар хийж ирснийг сэргээн өмсчээ.

Хамтлагийн ахлагчийн нөмөрсөн бүтэн ухнын арьсан хэвнэгийн цаанаас цухуйх цамцны өнгийг тодорхойлж ядаж байгаа байх аа. Аргагүй ээ.

Эх түүхээ эргэн санацгаая. Бөртэ үжин хадамд гарч явахдаа Есүхэйд булаагддаг гэдгийг Нууц товчоогоо уншсан хэн боловч мэднэ ээ. Тэр үед Бөртэ цамцаа тайлаад авааль нөхөртөө бэлэглэхдээ “Энэ цамцыг угаалгүй хадгалаад үнэрийг минь үнэртэж яв” хэмээн захидагсан. Амраг сэтгэлдээ үнэнчийн илэрхийлэл болгож дотуур хувцсаа үл угаах ёсон ийнхүү үүссэн билээ.

Хамтлагийн ахлагч энэ цамцаа дурласан бүсгүйчүүлдээ үнэнчийн баталгаа болгон хорин найман жил угаалгүй өмсч, үнэрээ үнэрлэн таашааж яваа билээ… Үзэгчдээ урагшаа дөхөөд үнэрлээрэй… ай үнэнч хайрын үнэр яасан ч ариухан бүгчим юм бэ дээ??? Алгаа ташаарай.

2010 оны тавдугаар сарын 19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *