Categories
мэдээ нийгэм

“Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлт боллоо

Монголын хүүхдийн оюун санааны үндэс, үгийн урлагийн эрдэнэсийн санг
бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион
байгуулсан үлгэр зохиох уралдаанд шалгарсан үлгэрүүдийг эмхэтгэн
бүтээсэн “Чингисийн билиг сургаалт үлгэр” номын нээлт өнөөдөр
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Уг номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын хүүхдийн
соёлын сан, “Аргун” монгол контент үйлдвэрлэгч хамтран хэвлүүлсэн байна.
Төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Ж.Дашдондогийн санаачилгаар энэ ажил
төсөл болон хэрэгжжээ.

“Чингисийн билиг сургаалт үлгэр” ном нь зөвхөн уншаад зогсохгүй орчин
үеийн дэвшилтэт технологи, ухаалаг утастай хослуулан ашиглах олон ид
шидтэйгээр бүтээгджээ. Тухайлбал, хүүхдүүд ухаалаг утсыг номтойгоо
хослуулан номынхоо нүүр хавтсан дээр 3D байдлаар монгол гэрийг барих
аргачлалыг сурах юм. Мөн арын хавтсан дээрээс “Чоно ба долоон ишиг”
хүүхэлдэйн жүжгийг бүрэн эхээр нь видео хэлбэрээр үзэх боломжтой.

Бичиг үсэг хараахан сураагүй байгаа балчир хүүхдүүд гар утсаа ном
руугаа чиглүүлэн үлгэрийн аудио хэлбэрийг сонсох боломжтой. Арын хуудсан
дээр үлгэрийн баатруудаа будаж болно.

Ийнхүү “Чингисийн билиг сургаалт үлгэр” нь уншдаг, ярьдаг, сонсдог, үздэг, буддаг ном болсон байна.

Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй нар оролцлоо. Ёслолыг нээж Монгол
Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ивээл дор их эзэн Чингис хааны билиг сургаалд үндэслэсэн хүүхдэд
зориулсан үлгэр зохиох уралдаан зарласныг та бүгд мэдэж байгаа.

Тус уралдаанд үлгэр зохиож идэвхтэй оролцсон бүх хүмүүсийг энэ
танхимд өнөөдөр бид урьсан. Та бүхэн өнөөдөр Төрийнхөө ордонд хүрэлцэн
ирсэнд их баяртай байна. Үлгэр зохиох уралдаанд хот, хөдөөнөөс 9-90
насны нийт 75 хүний 100 гаруй бүтээл ирсэн. Бид шүүгчдийн зөвлөл
байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулаад 21 зохиогчийн 23 бүтээлээр
шилдэг үлгэрийн номыг бүтээж, өчигдөр шөнө хэвлэлтээс авч, өнөөдөр бэлэн
болгож та бүхний гарт хүргэж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан энэ үеэр
хэлсэн үгэндээ “Хүрэлцэж ирсэн та бүгдийн энэ өдрийн түмэн амгаланг эрж
мэндчилж байна.

Монголчууд бид удахгүй цагаан сарын шинийн нэгнээ угтан золгож, төрт
ёсны сайхан уламжлал, нүдэлчдийн тээж ирсэн энэ сайхан баяраа тэмдэглэх
гэж байна. Энэ сайхан баярын босгон дээр Их эзэн Чингис хааны сургаалын
дор бүтээгдсэн үлгэрийн цомгийг нээж байгаадаа туйлын баяртай байна.

Өвөг дээдэс маань үр ач нартаа зуун зууныг дамжуулан, мянга мянган
үлгэр өгүүлж ирсэн. Бид хүүхэд байхдаа нутгийн настан буурлуудаас, эмээ
өвөөгөөсөө, аав ээжээсээ ам дамжсан олон домог, үлгэр, туулийг сонсож,
түүгээр хүмүүжиж, байгаль, цаг уурын хүнд бэрхшээл, нүүдлийн соёл
иргэншил, ахуйтайгаа холбоотой эртний баатарлаг туульс, Чингис хаан,
Гэсэр, Жангарын баатарлаг түүхийг сонсож хүмүүжсэн.

Тэр үеийн телевизээр “Үлгэрийн танхим”, “Боролдойн цаг” зэрэг
нэвтрүүлгийг бидний болоод бидний доод үеийнхэн сонсож, хүсч хүлээж
ирсэн. Ийм цаг үеийг бид туулж ирсэн. Үлгэр сонссон хүүхдийн хүмүүжил
зөв чиг хандлагатай болдог. Үлгэрийнхээ хүрээнд хүүхдийн ухаан тэлж,
түүнийг баяжуулан ярьж, эмээ өвөө, аав ээжийнхээ ярьсан үлгэрийг
бусдадаа ярьдаг, ийм түүхтэй.

Монголчуудын оюуны чадамж дэлхийд гайхагдаж байгаагийн нэг суурь нь
бид аман түүх, үлгэр, домог туулийг цээжээр мэддэг, цээжилдгийн үр шим
байдаг болов уу гэж бодож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас үлгэр тууль хийгээд ер нь
биет болон биет бус соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлөх, өвлүүлэх,
сурвалжлах, сурталчлахад ихээхэн анхаарч ирсэн. Энэ ажлын нэг жишээ нь
Монголын хүүхдийн оюун санааны үндэс болохуйц, үгийн урлагийн эрдэнэсийн
сан бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион
байгуулсан “Чингисийн билиг” сургаалд үндэслэн үлгэр зохиох уралдаанд
шалгарсан шилдэг бүтээлүүдээр туурвисан “Чингисийн билиг сургаалт үлгэр”
номын нээлтийг хийж байгаа үйл явдал юм.

Энэхүү уралдаанд 9-90 насны 70 орчим хүн оролцож, 100 гаруй бүтээл
ирүүлснээс мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн зөвлөл ажиллаж,
шалгарсан үлгэрүүдийг мэргэжлийн түвшинд засч сайжруулах, номын эх
болгон бэлтгэх ажлыг гүйцэтгэсэн. Энэ бол бас амаргүй, нэлээд төвөг
бэрхшээлтэй, олон хүний хүч хөдөлмөр, оюун санааны үр дүнд бүрэлдсэн
ажил байлаа.

Энэ дашрамд “Чингисийн билиг” төслийг санаачлагч, өнгөрсөн онд Төрийн
соёрхол хүртсэн, Соёлын Гавьяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог
гуай үнэхээр сэтгэл зүрхнээсээ ажилласан. Тийм учраас хүүхдийн зохиолч,
Төрийн соёрхолт Ж.Дашдондог гуайдаа талархал илэрхийлье.

Их хааны суу билгийн ивээлд бүтсэн монгол үлгэрийн цоморлиг ийнхүү
анх удаа хэвлэлтээс гарч өнөөдөр бид нээлтийг нь хийж байна. Энэ ажил
цааш цаашаа өргөжиж, улам олон билиг сургаал гарч, өнөөдрийн орчин
цагийн электрон хөгжил, бусад зүйлтэй нийцэж, мянга мянган хүүхдийн
сэтгэл зүрхэнд хүрч, энэ үлгэрт гарсан баатруудынхаа жишээгээр манай
хойч үе өсч бойжиж, хүмүүжиж явна гэдэгт итгэлтэй байна.

Үүн дээр суурилаад энд оролцож байгаа хүмүүс маань хүүхдийн зохиол,
хүүхдийн чиглэлтэй, хүүхдийн хүмүүжил рүү хандсан үлгэр домгийг илүү
олон туурвиасай. Орчин цагт электрон тоглоомд донтох, компьютерт өвчлөх
зэрэг олон бэрхшээл биднйиг тойроогүй, дайрч байгаа энэ үед номд
шимтэж, номд дурладаг, үлгэрт саатдаг ийм хойч үеэ хүмүүжүүлэхэд та
бүхний маань оролцоо их өргөн дэлгэр байгаасай гэж хүсч байна. Ингээд
энэ арга хэмжээнд хүрэлцэж ирсэн та бүгдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газрын өмнөөс баяр хүргэж, амжилт хүсч байна. Баярлалаа” гэв.

Үүний дараа уралдаанд оролцсон зохиогчид, шалгарсан шилдэг бүтээлийн
зохиогчдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл, Ерөнхийлөгчийн Тамгын
газрын даргын батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд нар
гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын
даргын батламжийг “Авшиг, шившиг хоёрын үлгэр”-ийг зохиогч Зоригт,
“Алтан сургаалт гүнж” үлгэрийг зохиогч В.Амархүү, “Алтан үст үнэг”
үлгэрийг зохиогч сурагч Сүндэрмаа, “Ариун үйлст хүүгийн үлгэр”- ийг
зохиогч Цэрэнлхам, “Ачлал тусын хариу” үлгэрийг зохиогч Аззаяа нарын
зэрэг олон хүн гардан авсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *