Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгыг барих шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлж байв.
Музейн барилга найман давхар бөгөөд үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж буй.
- Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан
- Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур
- Тавдугаар давхарт Их Монгол
- Зургаадугаар давхарт Эзэнт улс
- Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын
- Наймдугаар давхарт Монгол бахархлын гэсэн үзмэрийн зургаан танхимтай.
Тус музейд түүх, соёлын 10,400 орчим дурсгал дэлгэнэ. Үүнээс найман хувь нь хосгүй үнэт дурсгал байх аж.
Үзмэрүүдийг Япон, Англи, Хятад гэх мэт олон хэлээр тайлбарлах юм. Харуул хамгаалалтын тухайд бүрэн автоматажсан байгаа. Музейн барилгад тавигдсан бүхий л зүйл нь археологийн дурсгалд дүрслэгдсэн, тэмдэглэгдсэн зүйлс бийг музейн захирал С.Чулуун онцолж байсан юм.
Уг музейг барихад 2020 оны төсвийн тодотголд 53,066.5 сая, 2021 оны төсөвт 14.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 67,864.7 сая төгрөг тусгаж байв.