Монгол Улсын Засгийн газар 2018 онд үндсэн төлбөр 2.6 их наяд, хүүгийн төлбөр 1.2 их наяд төгрөг буюу нийт 3.8 их наяд төгрөг төлөх шаардлагатай юм. Үүнээс зургадугаар сард хамгийн өндөр ачаалалтай, 753.3 тэрбум төгрөгийн гадаад, дотоод өрийг хуваарийн дагуу төлж барагдуулав. Энэ нь дээрх нийт өрийн 20 хувь нь юм. Засгийн газар дээрх өрийг төлөхдөө төсөв , санхүүгийн үр ашигтай , оновчтой удирдлагыг хэрэгжүүлж арилжааны нөхцөлтэй өндөр хүүтэй өр, зээл тавихгүйгээр амжилттай шийдэж чадлаа гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр мэдэгдлээ.
Нийтдээ энэ сард урьдчилсан гүйцэтгэлээр 753.3 тэрбум төгрөгийн өр төлбөрийг төлж байгаа нь цагаар тооцвол Засгийн газар бүтэн сарын турш цаг тутамд нэг тэрбум төгрөгийн өр төлжээ. Ийнхүү 2017 оны эцэст 22.7 их наяд төгрөг байсан Монгол Улсын Засгийн газрын өр 2018 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 21.1 их наяд төгрөг болж буурлаа. Мөн 500 сая ам.долларын “Чингис” болон “Дим Сам” бондын төлбөрүүдийг бүрэн барагдуулав.