Чингэлтэй дүүргийн 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай ашиглалтад орж, өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Баянмөнх, БТСУХ-ны дарга, гавъяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Дэлхийн хоккейн холбооны Азийг хөгжүүлэх төлөөлөгч, ОУХМ А.Мэргэн тэргүүтэй зочид, өсвөрийн шигшээ багийн тамирчид болон иргэд оролцлоо.
Үйл ажиллагааг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас бичигдэж, Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, өвлийн спортоор хичээллэхэд таатай орчин, нөхцөлийг бүрдүүлсэн 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн гулгуур, хоккейн талбай ашиглалтад орлоо. Энэхүү талбай нээлтээ хийснээр өвлийн спортын төрлүүдийг сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой бөгөөд хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох зорилготой юм. Одоо бидний өмнө энэхүү талбайг жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулах, зуны улиралд ч мөсийг хайлуулахгүй хүйтнээр нь хадгалах чухал ажил үлдэж байна. Ингээд Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын үүд хаалга дүүргийн болоод нийслэлийн иргэдэд үргэлж нээлттэй байх болно” хэмээн онцоллоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан юм. Энэхүү спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай, Засаг даргын дэргэдэх өсвөрийн 15 шигшээ баг хичээллэх юм. Өглөө 07.00-22.00 цаг хүртэл ард иргэдэд нээлттэй байх юм.