Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн бүх ЕБС-ийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна DNN.mn

“Эрүүл Монгол хөдөлгөөн”-ний хүрээнд Чингэлтэй дүүргийн бүх ЕБС-ийн сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болжээ. Энэ талаар холбогдох алба хаагчид мэдээлэл өглөө.

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн төвд өргөтгөл хийх шаардлагатай. Тиймээс гаднын тусламжаар төсөл хэрэгжүүлэхээр, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлж байна. Тэр дундаа “Шүд” төслийг онцолж байна. Энэ хөтөлбөр олон жилийн өмнө хэрэгжиж байсан. Гэхдээ жигд, тогтвортой биш байна. Тиймээс иргэн, ААН-ийн оролцоог хангах хэрэгтэй байна. Бидний хийх ажил цөм эрүүл мэнд, боловсрол гэх цэг дээр уулзаж байна. Өнөөдрийн уулзалтад сургууль цэцэрлэгийн удирдлагууд ч мөн оролцлоо. Ерөнхийдөө нийслэл хотын хэмжээнд эмнэлгийн хүртээмж сайн хэдий ч улсын хэмжээнд тэр дундаа хөдөө орон нутаг, 330 сумдад шүдний эмч, эмнэлгийн байгууллагын хүртээмж сул байгаа юм. Энэ хүрээнд уг асуудлыг чухалчлан авч үзэж байна. Угтаа хүн өөрийн эрүүл мэндийг зөвхөн өөрөө л хариуцна. Харин хүүхдийн эрүүл мэндийг аав ээж, асран хамгаалагчид нь хянах асуудал. Эрүүл мэндийн боловсролын асуудлыг дахин давтан тавьж буй нь Ковидын дараах үеийн бидний олж авсан сургамжаас үүдэлтэй. Ковидын дараах шинэ үе рүү шилжиж байгаа учраас тайвширч болохгүй. Мөн өнөөдрийн уулзалтаар энэ онд Чингэлтэй дүүрэгт ямар, ямар ажил хийх талаар ярилцлаа” гэв.

Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав “Эрсдэлт хүчин зүйлийн судалгаагаар, Монгол Улсын хүн амын дотор 3.9 хувь нь л ямар нэг өвчин эмгэг тусах эрсдэлгүй байна гэж гарсан. Тэгэхээр үлдсэн хувь нь, ямар нэг байдлаар, тодорхой хэсэг хугацааны дараа ямар нэг өвчинд өртөх эрсдэлтэй байна. Тэгэхээр энэ улс оронд хэн ажиллаж, амьдарч, хөдөлмөр эрлэх вэ гэдэг нь асуудалтай болчихсон байна. Энэ эрдсэлийн хамгийн чухал нь хоол хүнстэй холбоотой. Монгол Улс ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль баталсан. Үдийн цай хөтөлбөр маш буруу хэрэгжээд, төрийн мөнгийг бизнес болгосон. Учир нь үдийн цайг хэрэгжүүлэх тогтолцоо манайд байгаагүй. Үүний сөрөг нөлөө өнөө хэр нь арилахгүй байна. Уг нь үдийн хоол хөтөлбөрийг зөв хэрэгжүүлж чадвал нэн чухал ач холбогдолтой” гэв.

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан “Эрүүл монгол хүн хөдөлгөөн” ард иргэд хэрхэн эрүүл байх вэ, өвдөхөөс өмнө сэргийлдэг эрүүл үеийг гаргаж ирэх вэ гэх зорилготой бодлого. ЕБС-д олгогдож буй эрүүл мэндийн боловсрол хэрхэн зөв олгогдож байна. Хүүхдүүд эрүүл амьдрах, аж төрөх тал дээр түлхүү анхаарал хандуулж байна. Цаашид ЕБС-иудын эрүүл мэндийн боловсролыг яаж бусад улсын жишгийн дагуу, өгөөжтэй байдлаар зохион байгуулах вэ гэдэг дээр анхаарал хандуулж байна. Мөн биеийн тамирын хичээлүүд хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж чадаж байна уу гэдэг дээр үнэлгээ, судалгаа хийж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *