Авьяаслаг шог зураач Должингийн Далайдээрх сэрүүн тунгалаг ахуйдаа нэгэн эрхэмтэй танилцуулсан нь зохиолч, сэтгүүлч Аргалчин овгийн Аюурзанын Моломжамц байлаа. Тэрбээр, надад “Сэрүүн дэнжийн намар” номоо оюуны мэлмийд өргөн барив. Бид хоёр ингэж номоор бие биенээ нээлцсэн билээ. Дөч орчим бэсрэг өгүүллэгээс бүрдсэн түүхий сүүний бяслаг шиг чамбай бүтээл нь яг л “Дэл цахирын тошлой” шиг амтлаг агаад шүүслэг, шимүүстэйг хэлээд яахав. Би ч бас хэр баргийн бүтээлд нүд, хөл алдаж, сэтгэлийн уургаа тавиад туучих насны эр биш сэн. Бид бараг ойролцоо оны төлүүд болохоор хорвоотой танилцсан он цаг, ертөнцөөс хутгасан аяга, шанаганы хэмжээ төсөөтэй байсанд хамаг нууц орших ажгуу. “Сэрүүн дэнжийн намар” номын хуудсуудыг гэтэлж суухуйд газрын аль гаваас ийм сүрхий бичдэг өгүүллэгийн мастер гараад ирэв ээ хэмээн сэтгэлдээ хашгирсан бөлгөө. Тэнгэр бууралтах намрын эхээр нүүгээд одсон айлуудын гэрийн буурин дээр үлдсэн уйтгар гуниг, энд тэнд харагдах ганц нэг өнчин товч, гадас сугалж нүхийг нь булсан ором, шаазангийн хагархайг эвлүүлэх гэж оролдсон бага насны минь бүдгэрсэн зам, тулгалж үлдээсэн тортогтой гурван чандмань, хойтон ирэх эзнээ хүлээх мэт чимээгүйхэн хэвтэх аарцны мөлгөр чулуу, өнчин шон дээр нэвсийн суугаад унгалдах хэсүүлч бор элээ, хэрэгт дурлан догонцон дэгдэх алаг шаазгай, эзгүй зэлний халцарсан газарт шаагилдах улаан хошуут турлиахны сүрэг, хоосорсон лонхноо исгэрэх намрын салхины анир энэхүү номын хуудас бүхнээс гэрэлтэн харагдаж, анирдан сонсогдохуй дор насны намар санчиганд буусныг сая л нэг ухаарах мэт ээ. Энэ бүхнийг урлан бүтээгч энэ Моломжамц бээр яагаад ийнхүү чимээ аниргүй өдий хүртэл туурвиж бичсэн атлаа Монголын утга зохиолд дөрөөн чимээ ханхийлгээгүй юм бол гэж нэлээд бодсоны эцэст нэгэн тааварт хүрлээ. Монголын тууж, өгүүллэгийн их дархан, Алтайн сүмбэр хөх оргилуудын нэг Санжийн Пүрэв энэ хоёр нэг голын үр сад болохоор нутгийн ахын нэр сүрийг болгоон, ичингүйрч явсан хэрэг болж таарлаа. Хоёр аймгийн нутгийг дамнаж хөндөлсөн, Хүйс, Шаргын говийг шахан цуварч, тэртээх Тост, Нэмэх, Гурвансайхан уулыг хараачлан бурантаглах Дарвийн цэнхэр нурууны Майханы голд манцуйндаа тарвалзаж өссөн зохиолчид юм билээ. Тиймийн учир Санжийн Пүрэв баавай алаглан харагдах Алтайгаа зорих болгондоо тоонот нэгтэй, торгон мэдрэмжтэй дүүгээ баруун сугандаа бат хавчуулж, байнга бараа болгон хиад өргөмжлөн дагуулдаг байжээ. Энэ хоёр алаглан харагдах Алтайдаа чухам хэдэн удаа ирж буцсаныг Хонгор толгой, Ямбатын тал, Дарвийн нуруу л мэдэх биз.
А.Моломжамц зохиолч нэгэнтээ: “Баавай бид хоёр нэг голын хүмүүс гэж би бардамнан ярих дуртай байлаа. Эрхэм ах маань Дарвийн цэнхэр нуруундаа дэндүү хайртай байсан юм. Тэрээр намайг “морь баригчаар” Алтайн замд олонтоо дуудаж, тэр бүхэнд хийморь заяатай, хоймор суудалтай явж байснаа дурсахад сэтгэлд өег байдаг юм” хэмээн дурссан байх юм билээ. Энэ бол сэтгэлийн өнчрөлийн нэгэн талст биз ээ.
А.Моломжамцын өгүүллэгүүд нь амьдралын гярхай философитой, хүн байгалийн шүтэлцээг хурууны хээ мэт ширхэглэн имэрч мэдэрсэн сэрэлтэй, тэр дундаа Алтайн зүлгэмэл хөх өвгөдийн духны үрчлээнд нуугдах цөлх ухаан, Нямаадаа нялхрах сэтгэлийн хайлан, Балзангаамаа, Юндэндэгд, Цэцэгсүрэнгээ зүрхэн тольтынхоо хаа нэгтээ нуусан болор санаашрал, үр садаа хайрласан эцэг хүний өег сэтгэлийн тайвшрал, хүн хүнээ хайрлах нинжин сэтгэлийн их симфони найрслын нүргээн цөм багтсан байх агаад базаад зангидвал бадамлан дүрэлзэх авьяасын галаар өрдсөн бүтэн сэтгэлийн дуулал ажээ. Тэрбээр, Алтайн хөх салхи, угалзан шуурга, мөндөр шамарга, ширүүн бороонд нүдүүлэн залуу халуун насны он жилүүдээ үдэхдээ олон бүтээлээ туурвиж, олон зохиолын санаагаа бодол сэтгэлдээ ургуулан буйлуулж явсан байж таарна.Эмчийн чагнуур өвөртлөн, эмийн манхаг ганзагалаад хүн ардынхаа эрүүл энхийн төлөө сар өдрүүдийг эвхэж явах ахуйдаа эмээлээ дэрлэн, тохмоо дэвсэн, дээлээ өрөөлдөж, Алтайн гүн хөх тэнгэрийн оддыг ажиж, сэтгэлийнхээ толионд гэрэлтэх алсын оддын тохиол, дохиог онгод авьяасаараа хүлээн авч, цаасан дээр цалгиулж асгалгүй буулгасан нь үнэн ажээ. Тэр саяхан “Дэл цахирын тошлой” хэмээх 108 эрхиний бөөртэй дөрвөн мөрт шүлгийн түүврээрээ намайг дайллаа. Би ямар яруу найраг мэдэх биш. Ажиглаад байхад Японы хайку шүлэг шувууны мөртэй төстэй гэдэг шиг Моломжамцын дөрвөн мөртүүд ухааруулж гэгээрүүлэх афоризмын шинжтэй, тошлой хэмээх ховор хөөрхөн жимс лугаа амтлаг агаад сонирхолтой ном болжээ. Энэ бичгийн хүмүүний ном зохиолын нэр нь хүртэл яруу найраг шиг сонсогдоно. Тэрбээр “Будрах цасны гэгээ”, “Тэнгэрийн агаар”, “Аглагт хамт одъё”, “Үзүүр хадны зэрэглээ”, “Сэрүүн дэнжийн намар”, “Миний эрх замбуулин” зэрэг өгүүллэгийн түүврүүд хэвлүүлжээ. “Тэнгэрийн агаар” гэдэг нь эртний гүн ухааны дууны нэр бөгөөд Хубилай хааны ордонд дуулагдаж байсан гэдэг.
Моломжамц мөн “Цэнхэр нутаг”1,2, “Дарвийн сургууль”, “Энэрэхүйн эгшиглэн”, “Зөөлөн эгшиглэн”, “Бадрангуй эгшиглэн”, “Бүүвэй эгшиглэн”, “Цэнхэр нутгийн эгшиглэн”, “Энхийн улаач”, “Сэтгэлийн огторгуй” зэрэг нийтлэлийн номууд бичиж хэвлүүлсний дээр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн 100 жилийн ойн хүрээнд гаргасан “Монголын шилдэг нийтлэл” цувралын Анагаах ухааны сэтгүүл зүйн 77 дахь ботийг бусдын хамт бичиж хэвлүүлсэн ажээ. Чимээгүйхэн туурвисаар суудаг их л даруухан бөгөөд хөдөлмөрч хүн юм. Монголын уран зохиолын бүтээл туурвилд чин сэтгэлээсээ ханддаг тэрбээр ГовьАлтайгаар овоглосон зохиолчдын намтар, шилмэл уран бүтээлийг эмхэтгэн цэгцэлж, “Тэнгэрийн мөнгөн Алтай” гэдэг зузаан ботийг өөрийн санаачилга сэдлээр бүтээн хэвлүүлсэн нь одоо эрэл суралтай ном болжээ. Төрийн хошой шагналт, эрдэмтэн зохиолч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн хуримын бүтээлийг цэгцлэн эмхэтгэж, “Сайхан хайр” нэртэйгээр хэвлүүлсэн нь бас л сонирхолтой ном болжээ. Өмнө нь нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн мэндэлсэний өндөр ойгоор “Алтайн хөх салхи” гэдэг ном бүтээсэн нь М.Цэдэндоржийг шинээр нээхэд тус болохуйц дорвилог бүтээл болсон туршлагатай юм билээ.
А.Моломжамц Монголын зохиолч, яруу найрагчдын ард түмний дунд хоногшсон шилдэг сайхан өгүүллэг, шүлэг яруу найргийг сонгон эмхэтгэж, “Гэрэлт шүлгүүд”, “Гэгээн өгүүллэгүүд” гэсэн хоёр боть бүтээл бэлэн болгосон ч сайн юманд садаа мундахгүй гэгчээр бусдын бүтээлээр ашиг хийх гэж байна гэсэн хардлага, сэрдлэгийн улмаас түр саатаад байгаа боловч удахгүй уншигч олныхоо гар дээр тавина гэдэгт итгэж байна. Зохиол бичээд амьдралаа дээшлүүлсэн нь Л.Түдэв, Ж.Пүрэв, Д.Мягмар гэсэн явган шог, хошин яриа байдаг юм. Энэ ч гэхдээ эргэлзээтэй зүйл.
А.Моломжамц номоо хэвлүүлэхдээ мань мэт шиг дэвтэрлэхгүй, хатуу хавтастай, хавчуургатай, ар, өвөрт нь тэмдэглээ санамж бичих хуудастай, цэг таслалын ч алдаа мадаггүй хэвлүүлдэг нь чухамхүү зохиол бүтээлдээ чин сэтгэл гаргаж, хариуцлагатай, нягт нямбай ханддаг нь мэдэгддэг юм.
Тэрбээр хөдөө хөхөрч, гадаа гандалгүй эрт хот хороо бараадаж, Зохиолчдын хороогоор холхиж, зохиолчидтой шадарлаж, шарыг нь тайлж, тэднийг хормойдож явсан бол эдүгээ цээжний морьдын тоосон дунд лавтайяа давхиж явах ажнай юм л даа. Гэвч тэр ийм зам сонгоогүй ажээ. Ингээд би номын садан, мэргэн анд эрхэм нөхрийнхөө тухай төгсгөсөн сургууль, хашиж явсан алба, зүүсэн одон медаль, бизнес амжилтыг нь үл тоон, Алтайн сүрлэг их уулсын суга жалганаас садран буух уулын үер, гол усны цовхчоотой зүйрлэхээс татгалзан, харин зүүн Монголын Ганга нуурын дэргэдэх байгаль эхийн дууч, мөнхөд бургилан, чимээгүйхэн оргилох Дагшин таван булагтай адилтган бичсэний утга учир минь энэ бөлгөө. Таалал хотлоор орших болтугай.
МЗЭ-ийн шагналт, шог зохиолч Шаарийбуугийн ГАЛСАНБААТАР