Categories
мэдээ нийгэм

Ченжүүд: Ам.долларын ханш аажмаар бууж байгаа нь одоогоор иргэдийн амьдралд нөлөөлөхгүй DNN.mn

“Найман шарга” валют арилжааны зах өдрийн 14:00 цагт хөл хөдөлгөөн багатай, зарим лангуунууд нь хаалттай байлаа. Хаа нэг хүмүүс орж ирэх ч төд удалгүй гарч одно. Валютын ханшийн мэдээллийг энд тэнд хадсан төрөл бүрийн самбар харагдана. Иргэд голдуу юань солиулахаар ирдэг аж.

Замын баруун талд байрлах “Валют арилжаа” гэсэн хаягтай арилжааны цэг рүү орвол ченж эмэгтэй “Ам.долларын ханш ер нь буурч байна. Цаашдаа хэрхэхийг мэдэхгүй юм. Гэхдээ өсөх болов уу л гэж бодож байна. Уг нь төгрөгөө ам.доллар болгосны дараа ханш өсчихвөл хэрэгтэй дээ. Тэгээд ч ам.долларын ханш унаад шальдаггүй юм” гэв

Голлох валют болох ам.доллар  энэ оны хоёрдугаар сарын 1-ны байдлаар 3510 төгрөг байсан бол өнөөдөр (2023.04.25) 3482 төгрөг болж буурсан байна.   Өмнөх жилийн энэ үетэй харьцуулбал ихээхэн өөрчлөгдсөн харагдана. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард ам доллар 2854 төгрөг, евро 3235 төгрөг байсан бол юань 448 төгрөгтэй тэнцэж байжээ. 

Тус төвийн ченж А.Мандах “Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос буурч эхэлсэн. Харин юанийн ханш өнгөрсөн нэгдүгээр сараас өсөлттэй хэвээр байгаа. Өчигдрөөс эхлэн ам.доллар 3500 төгрөгөөс буусан бол, юанийн ханш 510-520 төгрөгийн хооронд байна. Ам.долларын ханш аажмаар бууж байгаа нь одоогоор иргэдийн амьдралд нөлөөлөхгүй нэг, хоёр сарын дараагаас л мэдэгдэж эхэлдэг” гэв

Иргэн Н.Батмөнхөөс валютын ханшийн талаар лавлахад “Би сүүлийн 3 жил ам.доллар солиулсан. Өмнөх жилтэй харьцуулахад ханш буурсан харагдаж байна. Манайхан ханш сулрах үед нь шагшаад байдаг ч том зургаар нь харвал ихэнх тохиолдолд огцом өссөн байдагв гэв

“Найман шарга” валют арилжааны төвийн гадна “Ам.доллар байна, юань байна. Юу солих вэ” гэсэн ганц, хоёр ченж эргэлдэнэ. Урт хар үстэй ахимаг насны эмэгтэй хуруу зузаан 20 мянгатын дэвсгэртийг тоолон юаниар солиулж байгаа харагдана. Авах, зарахтай холбоотой ерөнхий зүйлийг хоорондоо ярилцана.

Түүнчлэн арилжаачдаас юань арай хямдаар авах талаар яриа хөөрөө хийсэн хүмүүс нэлээд олон харагдлаа. Валютын ханшийн талаар арилжаа эрхлэгчдээс тодруулахад ихэнх нь мэдээлэл өгөхөөс татгалзав.

Д.БАТТОГТОХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *