Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийн хэмжээ 290 тэрбумд хүрчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2014 оны Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийж дуусган гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Хэлэлцүүлгийн шатанд хөндөгдсөн маргаан дагуулсан асуудал нь “авлигажсан” гэх обьектын хөрөнгө оруулалтын зардал яагаад өссөн, зардал өссөн байтал яагаад Төсвийн байнгын хороо ажлын хэсгийн саналыг дэмжиж оруулж ирэв гэсэн асуудал хөндөгдөв.
Мөн УИХ-ын гишүүд урсгал зардлаа танаж, хөрөнгө оруулалтын ажлаа энэ онд багтаан хийх боломжийг УИХ бүрдүүлэх ёстой. Ингэхгүй бол хөрөнгө оруулалтгүйгээс барилгын ажил нь явахаа больсон олон ажил цалгардаж, хэнд ч хэрэггүй обьект болж хувирна хэмээн гишүүд шүүмжиллээ. Түүнчлэн эл асуудлыг шийдэж өгөөгүй цагт банкин дахь чанаргүй зээлийн хэмжээ өснө гэсэн тайлбарыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга өгөв.
Түүний тайлбарласнаар өнгөрсөн онд чанаргүй зээлийн хэмжээ 110 тэрбум төгрөг байсан бол одоо 290 тэрбум төгрөг болж өсчээ. Нийт 290 тэрбум төгрөгтэй тэнцэх чанаргүй зээлийн 90 тэрбум нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг авсан компаниудад хамаарч буй аж. Тэдгээр компаниуд арилжааны банкнаас зээл аваад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг эхлүүлчихсэн байдаг, гэтэл улсын төсвөөс хөрөнгө нь орж ирдэггүй. Ажил нь дуусах болоогүй байдаг, дээр нь валютын ханшийн өсөлтөөс болж эрсдэл хүлээсэн байдаг. Тиймээс 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр “царцаагдсан” обьектуудын хөрөнгө оруулалтын зардлыг УИХ шийдээд өгөх нь зөв юм. Ийм арга хэмжээ авахгүй бол банкны салбараа ч эрсдэлд оруулна” гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Дутуу баригдсан барилгуудыг гүйцээж барих хөрөнгө оруулалтын зардлыг УИХ шийдэж өгөх ёстой. Энэ асуудлыг УИХ үүнээс өмнө шийдэх бүрэн бололцоо байсан. Засгийн газар шаардлагагүй шинэ барилгын хөрөнгө оруулалтын зардлыг олноор оруулж ирж, батлуулсан. Шинэ сум төслийн хүрээнд нэг суманд 5 тэрбум, 16 суманд 80 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Түүний оронд барьж дуусгах шаардлагатай эмнэлэг, сургуулийн хөрөнгө оруулалтын зардлыг шийдэх ёстой байсан. Тэр тусмаа Засгийн газар өөрийнхөө юманд хандаж байгаа шиг хандсан бол компаниуд өр зээлэнд баригдаж, дампуурахгүй байх бололцоо байсан. Энэ бүхний хариуцлагыг Засгийн газрын гишүүд хариуцах ёстой. Том толгойтой Засгийн газар ингэж л ажилладаг юм байна гэдэг загварыг харуулж байна” гэж шүүмжилсэн юм.
Харин Сангийн сайд Ч.Улаан “Урсгал зардал, төсвийн хөрөнгө оруулалт хоёрыг УИХ нэмээд байвал амьдрал зогсоход ойрхон байгаа. Эдийн засаг маш хүнд байгаа, ядаж л орлого, зарлагаа ойртуулах хэрэгтэй байна” гэдгийг энэ үеэр тодотгож хэллээ.
Ийнхүү УИХ 2014 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар дараагийн асуудал буюу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.