Categories
мэдээ цаг-үе

Ч.Өлзийсайхан: Үндсэн хуулиа баримталбал одоогийн УИХ хүчинтэй эсэхийг нь заавал ярих хэрэгтэй болж байна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-Үндсэн хуулийн Цэцээс жагсаалтаар сонгогдохыг хууль бус гэж үзчихлээ. Үүнээс үүдээд манай улс төрд ойлгомжгүй асуудлууд гарч ирж байна. Та үүнд судлаач хүний хувьд ямар тайлбар хийх вэ?

-2012 оны тавдугаар сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдааны 03 тоот тушаал гарсан юм. Уг тогтоолд 28, 48 гэдэг энэ хувилбарыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн. Зөрчөөгүй гэдгийг маш олон янзаар тайлбарласан. Жишээ нь, үндэсний эв нэгдлийг хангасан байна, шууд сонгох эрхийг зөрчөөгүй байна, тэгш эрхийг зөрчөөгүй байна, өмнөх хувилбаруудыг илүү боловсронгуй, сайн болгожээ гэж маш олон янзаар давуу талыг нь хэлсэн. Хэн нэгнээр дамжуулалгүй, өөрөө сонгож байгаа нь шууд. Тиймээс шууд сонгоогүй гэж маргах үндэслэл байхгүй гэж тайлбарласан юм. Тэгтэл дөрвөн жилийн дараа энэ сарын 22-нд энэ бүхнээ яг эсрэгээр нь тайлбарлачихсан. Үндсэн хуулийн Цэц маш хариуцлагагүй гэдэг нь, Цэц нэг асуудлыг хоёр өөрөөр тайлбарласнаас харагдаж байна.

Тэгэхээр аль нэг нь л зөв байж таарна. Үндсэн хуулийн Цэцэд хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй хүмүүсийг л орууллаа гэж УИХ баталж байгаа шүү дээ. Дутагдалтай тал гэвэл Үндсэн хуулийн Цэцэд хуульч хүмүүс байдгаас биш Үндсэн хуульд заагдсан улс төрийн өндөр мэргэшилтэй хүн байдаггүй. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ их учир дутагдалтай шийдвэр нь өөрөө Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуульд заасан хэм хэмжээ, шаардлагын дагуу байгуулаагүйтэй холбоотой гэж би хувьдаа дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, улс төр судлалын докторууд бүгд хараад “Энэ Үндсэн хуулийг зөрчсөн байна” гэж хэлж байхад Цэцэд дандаа хуульчид сууж байгаа учир “Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэдэг сонин юм хийж байгаа юм.

-Цэцээр ийм шийдвэр гаргуулсан нь захиалгатай ажиллагаа гэж хардах үндэслэл бий юу?

-Бүгд болж буй үйл явдлын цаад нарийн учрыг мэдэж байгаа болохоор аль нь зөв бэ гэдгийг ойлгож байгаа. Энэ удаагийнхыг захиалгаар хийчихлээ гэж ойлгож байна. Үүнд аюул байгаа.

Мажоритар хувилбараар тэр тусмаа жижгэрүүлсэн тойргоор явуулчих юм бол нийт сонгогчдын 30 орчим хувийн саналыг авсан хүн сонгогдоод гараад ирдэг юм. Энэ нь манай сонгууль явуулсан бүх практикаар нотлогдож байгаа. Тэгтэл сонгууль бүр дээр цаана нь 60 орчим хувийн санал гээгдэж байсан. Энэ нь шууд гэдгийг тайлбарлах гэж ядаад байгаа тэр зүйлээс ч их хор уршгийг нийгэмд дагуулаад байгаа. Мажоритар хувилбараар сонгууль явуулсны хамгийн хэцүү үр дагавар бол 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал байхгүй юу. Нийт хүмүүсийн дийлэнх нь АН-ыг дэмжээд, МАХН буюу одоогийн МАН-ыг дэмжээгүй байхад МАХН яагаад гараад ирчихэв ээ гэдгээс болж мөргөлдөөн гарсан байхгүй юу. Дэлхий нийтийн улс орнууд пропорциональ хандлагыг илүү оновчтой гэж тийш явж байхад манайх маш их ухралт хийсэн. Ийм л үйл явдал болчихлоо. Цэцийн энэ сарын 22-нд гаргасан шийдвэр бол маш хариуцлагагүй шийдвэр болсон. Үндсэн хуулийн Цэцийн гишүүд энэ хоёр шийдвэрийнхээ аль нэгэн дээр нь хариуцлага хүлээх хэмжээнд хүрч ирж байна. 2012 оны шийдвэр нь худлаа байсан юм бол тийм чадамжгүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүд яагаад тэр ажлыг хийж байна вэ. Төрийг буруу зохион байгуулуулсныхаа төлөө хариуцлага хүлээж огцрох ёстой. Яагаад дөрвөн жилийн өмнө гаргасан шийдвэрээсээ 180 градус эргэсэн өөр шийдвэр гаргачихав аа. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, Үндсэн хуулийг манаж чадсангүй гэдэг үүднээс Цэцийн гишүүд дахиад хариуцлага хүлээ. Аль ч хувилбарыг нь авч үзсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүд хариуцлага хүлээх болж байгаа юм.

-Цэцийн гаргасан дүгнэлт нь Сонгуулийн тухай хуулийн ганцхан заалтад хамаатай гээд байгаа. Тэр заалтыг нь л өөрчлөөд сонгуулиа явуулдгаараа явуулах юм уу. Эсвэл сонгуулийг хойшлуулж болзошгүй байна уу?

-МАНАН гэдэг энэ хоёр том намын дэргэд Үндсэн хууль гэдэг бол зүгээр цаас юм байна. Тэгж л харагдаж байна. Тэд яаж л бол яаж өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа юм. Ерөөсөө энд ард түмний санаа бодлыг зөв тусгая. Аль болох зөвшилцөл, зохицолд хүрье гэдэг тэр санаа нь байхгүй. Яаж бид мөнгөө цуглуулсан билээ, мөнгөтэй бидэнд аль нь тохиромжтой байна вэ гэдэг тийм л сонголтыг хийчихлээ. Тийм учраас эд нар маш хурдан хугацаанд үүнийгээ баталгаажуулах гэж зүтгэж байна. Энэ сонгуулийн системийг авснаар баян, мөнгөтэй хүмүүс, тэдний хүүхдүүд ногоон гэрлээр гарч ирэх боломжтой. Ямар ч эрдэмтэн, судлаач, эмэгтэй хүн, шинэ хүн гарч ирэх боломж байхгүй хувилбар. Нөгөө баячууд гучин хэдэн хувийн саналыг нь аваад 60 хэдэн хувийн саналыг хаяад л яваад байхад мөнгөтэй хүн ялна. Энэ хоёр нам нийгмийг дахин мөргөлдөөнд хүргэж байж л мажоритар хувилбар нь солигдож магадгүй. Мажоритар хувилбарын муу тал нь юу вэ гэхээр манай улсын 25 жилийн түүх байгаа юм. Монгол Улс хөгжиж чадаагүй. Монголын баялаг дандаа өөр хүмүүсийн гарт очсон. Эсвэл олигархи эсвэл гадны хүмүүсийн гарт орсон. Мөнгөтэй хүмүүс гарч ирж бүхнийг өөрсдийнхөө төлөө ашигласнаас л болж эдийн засгийн ийм хортой үр дагаварт хүрээд байгаа юм. Тийм учраас дэлхий нийтийн чиг хандлага ямар байна вэ. Тэр хандлага руу явах ёстой.

-Тэгэхээр сонгуулийг ер нь хойшлуулж мэдэхээр байна гэж үү?

-Сонгуулийг хойшлуулахын төлөө л эд нар ажиллаж байгаа шүү дээ. Сонгууль хойшлуулахын ач холбогдол нь юу байна вэ гэхээр нэгдүгээрт, хугацаа хожиж авна. Хоёр намын рейтинг айхавтар доошоо уначихсан, эдийн засгийг сөхрүүлчихсэн болохоор энэ хооронд зээл ч юм уу, ямар нэгэн хиймэл аргаар богино хугацаанд өндөр болгох гэж байгаа байж магадгүй. Хоёрдугаарт, АСЕМ гэдэг зүйлээр тархи угааж байгаад гарч ирэх гэж ч байж магад. Монголыг их ардчилсан улс боллоо, дэлхий нийтийн хэмжээнд сайхан болно гэж хүмүүсийн толгойг эргүүлээд гараад ирэх ийм л бодлого барьж байна. Түүнээс биш Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд энэ ямар ч ач холбогдолгүй.

-Жагсаалтыг хууль бус гэж үзсэн юм чинь 2012 онд бүрэлдсэн УИХ, түүний гаргасан бүхий л хууль тогтоомж, эрхзүйн баримт бичиг бас хууль бус болж таарч байна уу?

-Үндсэн хуулийн 66.4-т яг тийм заалт байгаа. Уг заалтад “Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно” гэж байгаа байхгүй юу. Цэц пропорциональ нь Үндсэн хууль зөрчлөө гэж үзчихлээ. Тэгж ярьж байгаа болохоор үүгээр гарч ирсэн УИХ-ын бүх зарлиг, хууль, тогтоомж хүчингүй болно гэж Үндсэн хуульд заачихсан байж байна шүү дээ. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гармагцаа хүчин төгөлдөр болдог байхгүй юу. Өмнөхийг нь С.Бямбацогт гишүүний яриад байгаа шиг буцааж хэрэглэхгүй гэж тооцъё. Тэгэх юм бол одоо энэ УИХ нь чадамжтай юм уу, үгүй юм уу. Хуульчид ингэж яриад байна, нэгэнт төр ингээд явчихсан юм чинь үүнийгээ цааш нь хэрэгжүүлээд явна гэсэн сонин тайлбарууд өгөөд байна л даа. Тэгвэл хэн нэгэн зориудаар, хууль бусаар Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх мэдлийг авчихъя. Зөвхөн өөрсдөдөө зориулж энэ хугацаанд хууль бус гэдгийг нь мэдсээр байж шийдвэр гаргая. Тэрийг нь дөрвөн жилийн дараагаар Үндсэн хуулийг зөрчсөн гэдгийг мэдье, тэр Монгол Улсад ямар ч ашиггүй байсан гэж бодъё. Тэр бүгдийг нь “Өө хууль ингээд явчихсан юм уу” гэх юм уу гэдэг асуудал гарна биз дээ. Хэрэв Үндсэн хуулиа барих юм бол хүчингүй. Гэхдээ хуульчид янз бүрээр тайлбарлаж болдог л юм байна. Үүнийг нь яах вэ, ингээд авчихъя гэж болдог л юм байна. Гэвч тэр бүгд нь Үндсэн хуулийг зөрчсөн, Үндсэн хуулийн цагаан дээр хараар бичсэн хоёр заалт байгаа. Нэг нь 66.4 заалт. Нөгөө нь 67 дугаар зүйлд “Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж заасан. Үүгээр бол одоогийн УИХ хүчинтэй юу, үгүй юу гэдгийг заавал ярих хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Хуульчид үүнийг янз бүрээр тайлбарладаг.

-Цэцэд гомдол гаргасан иргэн Ц.Намсрай 2014 оноос эхэлж уг асуудлаар Цэцэд хандсан ч хүлээж аваагүй юм билээ?

-Гомдол гаргасан энэ хоёр хүн Монгол Улсад ямар их хор уршиг тарьж байгаагаа ойлгохгүйгээр ийм сонин юм хийчихлээ дээ гэж бодож байна. Хийсэн л бол хийсэн шүү дээ. Галт тэрэг аль хэдийнэ хөдөлдгөөрөө хөдлөөд, Монгол төр буруу замаараа явдаг чиглэл рүүгээ л болчихлоо. Олигархиудаас сална гэж байхгүй болчихлоо. Хэзээ салах юм, бүү мэд. Салахгүй болчихлоо л доо. МАНАН-гаас ч салахгүй.

-Жирийн иргэд одоо тэгээд УИХ тарах юм уу, сонгууль хойшлогдох болж байна уу гээд олон асуултын хариултыг хайж байна?

-Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлая л даа. Одоо нийгэмд хамгийн их хэрэгцээтэй, нийгмийн олонхыг төлөөлж чадах тэр хүмүүс хөрөнгө мөнгө, янз бүрийн юмыг хуурамч аргаар гартаа цуглуулаагүй учраас зүйрлэвэл Эксель машинтай хүмүүс шиг байна. Төрийн эрх мэдлийг ашиглаад маш их мөнгө цуглуулчихсан хүмүүс маш их чадалтай хурдны машинтай байна. Ард түмнээр юу хийлгэх гээд байна вэ гэхээр “Уралдаан эхэллээ шүү” гэдэг дохиог л өгүүлэх гээд байна. Тэгэхээр олигархиуд л энэ уралдаанд түрүүлнэ. Ард түмний төлөө зүтгэх хүмүүс хэзээ ч ялж чадахааргүй түвшинд очлоо. Хурдны машинаараа барианд түрүүлж ирсэн нөгөө том олигархиуд хэзээ ч ард түмэнд ашигтай шийдвэрийг гаргахгүй. Тэд энэ системийг байнга нь л энэ хэвээр нь байлгасаар л байна.

-Үүнтэй зэрэгцээд сонгуулийг ерөөсөө хамаг ажлаа ардаа хийчихсэн, идэш уушаа бэлдчихсэн, өвөлжилтийн бэлтгэлээ хэдийнэ хангачихсан 11, 12 дугаар сард явуулдаг болъё гэсэн хувилбарыг яриад эхэлчихлээ?

-Монголчуудын хамгийн их завтай байдаг цаг нь зун юм биш үү. Бүгд л амарч зугаалаад яваад өгчихдөг. Ер нь монголчуудад ажилгүй үе гэж хэзээ байсан юм. Амьдрахын тулд таван чөлөөгүй, өдөр шөнөгүй ажиллаж байна шүү дээ. Шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл таксины жолооч нар амьдралын төлөө явж л байна. Монголчуудад ажилгүй цаг гэж байхгүй, үргэлж тэд ажиллаж байгаа. Хамгийн гол нь төрийн бодлого буруу байгаагаас хичнээн хөдөлмөрлөөд ч үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс хүнийг ажилтай, ажилгүй гэж ярих нь худлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *