Categories
мэдээ цаг-үе

Ч.Өлзийсайхан: Монголын улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу 10 орныхтой ижил байна

Монгол Улсын их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Өлзийсайхантай ярилцлаа.

-МУИС-ийн багш нар судалгаа хийгээд манай улсын улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орныхтой адил байна гэж дүгнэсэн. Ямар үзүүлэлтээр ингэж дүгнэж байгаа вэ?

-МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрдэмтэн багш нар дэлхийн хамгийн баян болон ядуу орны улс төрийн тогтолцоонд дүгнэлт хийсэн. Судалгааны явцад манай улс төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орныхтой ижил байгаа нь анзаарагдлаа. Манай төрийн бодлого яагаад ард түмний талд гарахгүй байна вэ, яагаад хөгжил дэвшилд хөтлөхгүй байна вэ зэрэг асуудлын учир шалтгааныг судлаач бүр өөр өөрийн өнцгөөс олж харахыг хичээдэг. Улс төрд манлайлж байгаа хүмүүсийн чадвараас уу, элит бүлэглэлийн амиа хичээсэн байдлаас уу, эсвэл ард түмний улс төрийн соёлоос болж байна уу гэх мэтээр янз бүрийн талаас нь л харж байна. Ер нь бол улс төрийн тогтолцоог харьцуулан авч үзэх явдал бол улс төрийн шинжлэх ухаанд өргөн хийгддэг судалгаа. Харин хамгийн ядуу, хамгийн баян орнуудын улс төрийн тогтолцоог сонгож улсынхаа төрийн тогтолцоотой харьцуулсан судалгааг өнөө хэр хийгээгүй байсан. Төрийн бодлогын хувьд анализ хийх нь улс төр судлаач бүрийн л хийж байдаг ажил. Үндсэн ажлаа хийх явцад аяндаа энэ асуудал руу орсон. Жишээ нь, улс төр судлалд либерал, консерватив, социал демократ гэх мэт үзлүүдийн онцлог, түүхэнд хэрэгжиж ирсэн байдал манай улсын онцлогт тохирох уу гэдгийг судалдаг. Тэгэхээр манай төрийн тогтолцоо дэлхийн хамгийн ядуу орнуудын тогтолцоотой адилхан гэдэг нь яах аргагүй үнэн. Яахав зарим нэг ялгаа байх нь байгаа. Гэхдээ л ерөнхий байдлаараа их төстэй.

-Улс төрийн тогтолцоо сайтай улс орнууд ямар байдаг вэ. Манайх яг юугаараа ингэж доогуур үнэлэгдэж байна вэ?

-Дэлхий дээр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Катар, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Норвеги, Сингапур, АНУ, Швейцарь, Нидерланд, Ирланд, Австри зэрэг улс эхний аравт жагсаж байгаа. Эдгээр улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 91-39 мянган ам.доллар. Дээрх улсыг харахаар талаас илүү нь эзэн хаантай, тэдгээр нь удам угсаагаараа улс орон ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж эзний ёсоор улс орноо удирдаж байдаг. Заримд нь хааныхаа эрх мэдлийг Үндсэн хуулиар тодорхой хэмжээгээр хязгаарласан, зарим нь хэмжээгүй эрхт хаант засаглалтай орон. Хаанд нь хэн нэг бизнесмэн, үндэстэн дамнасан корпораци хахууль өгч өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулна гэх ойлголтгүй болтлоо хөгжсөн тогтолцоотой. Нөгөө нэг хэсэг баян улс нь хоёр танхимтай парламенттай, дээд танхим нь хууль тогтоох доод танхимаа хянаж байдаг. Швейцарь гэхэд хоёр танхимтай мөртлөө ард нийтийн санал асуулгаар хуулийг өөрчлөх, батлуулах боломжтой. Ерөөсөө улс төрийн тогтолцоо нь ийм байгаа юм. Гэхдээ заавал ардчилсан системтэй улс баян байгаад байгаа хэрэг биш. Катар, Арабын нэгдсэн Эмитарад өнөөдрийн бидний ардчилал гэж яриад байдаг зүйл байхгүй. Сонгуулийн эрхийг хязгаарласан, улс төрийн бодлогыг шүүмжлэх эрхгүй байдаг. Сингапур гэхэд хөгжлийн өндөрлөгт хүрэхдээ авторитари буюу улс төр судлалын үүднээс бол дарангуйлал бүхий улс төрийн системээр дамжин хөгжсөн байдаг. Юутай ч энэ улсууд нэг бол эзэнтэй, нэг бол парламентын гишүүддээ авлига өгч шийдвэр гаргуулж чадахгүй хэмжээнд хүрсэн олон парламентын гишүүнтэй байгаа нь үнэн.

Манай улсын тухайд 1992 онд Үндсэн хуулиа батлах үедээ бид өөрсдөө ийм сонголт хийсэн үү, эсвэл гадны нөлөөллөөр ийм хууль баталчихав уу гэдгийг судалж байна. Тухайн үед гадныхнаас зөвлөгөө их авсан нь үнэн. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлыг өнөөдрийн хэмжүүрээр шүүмжлэх нь буруу байх. Бид ардчилсан төр засгийг эмхлэн байгуулах гэж нэгэнт шийдсэн учраас туршлага, зөвлөгөө хэрэгтэй байсан. Харин улс орныхоо хэтийг, өнө удаан хугацааны хөгжил дэвшлийг урьдчилан харж чадаагүй нь монголчууд бидний буруу. Одоо ч гэсэн бид манайх жижиг улс учраас ийм, тийм бодлоготой байх ёстой гэж ярьцгаадаг. Гэтэл улс орон том жижгээсээ үл хамааран аюулгүй оршин тогтнох, өөрсдийн хөгжил дэвшлийг баталгаатай хангах бодлогыг зөв сонгох гэсэн адилхан зорилготой байдаг шүү дээ.

-Улс төрийн буруу тогтолцоотой, манайхтай ижил түвшинд үнэлэгдэж байгаа ямар улсууд байна вэ?

-Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн улсуудыг тэргүүлж байгаа улс болон хамгийн хүчирхэг том эдийн засагтай улс орнуудын төрийн тогтолцоотой манай улсынх адилгүй. Бүр ойр гээд хэлчихээр зүйлгүй байдаг. АНУ, Хятад, Япон, Герман, Франц, Их Британи, Энэтхэг, Бразил, Итали, Канад улсууд бас л хаантай эсвэл хоёр танхимтай, олон гишүүдтэй парламенттай учраас лоббид өртөх магадлал багатай нь анзаарагддаг. Газар нутгийн хувьд манайхаас том ч байна, жижиг ч улс байна. Гэхдээ л биднээс өөр, хариуцах эзэнтэй, авлигад өртөх магадлалыг багасгасан тогтолцоотой. Харин Монгол Улсын сонгож авсан төрийн тогтолцоо нь дэлхийн хамгийн ядуу 10 орны наймтай нь тун адилхан байгаа. Энэ 10 улсын хоёр нь буюу Буркина Фасо, Бурунди хоёр нийгмийн хямралт байдалтай байж, байж саяхнаас л шилжилтийн үеийн засаг төрөө байгуулж байгаа улс. Хаа очиж тэр хоёр улс нь хоёр танхимтай парламенттай тогтолцоог авсан юм билээ. Үр дүн нь ямар байхыг одоогоор хэлэхэд хэцүү ч, ямартай ч хяналтын тогтолцоог бий болгох чиглэлд зөв алхам хийсэн нь харагдаж байна.

-Харин бусад орнуудын тухайд?

-Харин Конго, Нигери, Мозамбек, Чад, Либери, Сьерра Леон, Төв Африкийн БНУ, Гвиней зэрэг хамгийн ядуу орнууд буюу нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийн улс орны сүүлийг мушгиж байгаа. Тэд манай улсын төрийн тогтолцоотой адилхан нэг танхимтай парламенттай. Тэр нь цөөхөн хүнтэй, парламентын гишүүдийн шийдвэр гаргах хэмжээний хүмүүсийг худалдан авчихаж болохуйц тоотой харагдаж байна. Эдгээр улс байгалийн баялаг ихтэй мөртлөө ард түмэн нь урт удаан хугацаанд ядуу дорой амьдардаг, авлигад идэгдчихсэн, гадаад өр зээлийн хэмжээ нь их гэхчилэн байдлыг нь авч үзвэл манай улсын өнөөдөр болон ирээдүйтэй төстэй дүр төрх харагдаад байгаа юм. Манай улс эдгээр улстай төстэй тогтолцоогоор явж байгаа нь судлаачдын анхаарлыг татаж, санааг зовоож байна. Ашигт малтмалын тухайд баримталж буй бодлого, хуулийн заалтууд, ард түмний өнөөгийн амьдрал, гадаад өрийн хэмжээ зэрэг асуудал анхаарал татахгүй байхын аргагүй. Өрийн тухайд ядуу дорой улс дундаас өрнөөсөө арайхийж салсан нь хөгжлийн замд илүү хурдан гарч ирдэг. Манайхны яриад байгаа шиг нэг өр шинээр авч нөгөөгөө дардаг нь улам хүнд байдалд шилжиж байгаа нь анзаарагдаж байна. Уг нь улс төрийн эдийн засгийн сонгодог төлөөлөгчид өрх гэрийн хувьд ойлгомжтой бодлоготой, төрийн бодлого адилхан явагдах ёстой гэж үзсэн байдаг юм билээ. Манай улстөрчид эсрэгээр нь яваад байдаг. Улс орны эдийн засаг улам муудаад, өөрсдийнх нь амьжиргаа дэлхийн баячуудын түвшинд хүрч байгаа нь яалт ч үгүй буруу тогтолцоотой холбоотой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *