Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Малчид маань ноолуураа 10-20 мянган төгрөгөөр ахиу өгчихөөсэй гэсэн бодолтой байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Та нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөг гаргана гэдэг мэдэгдлийг хийсэн. Гэтэл өнөөдөр Говь-Алтайд нэг кг ноолуур 20 мянга, Баян-Өлгийд 25 мянга бол Сүхбаатарт 100 мянган төгрөгийн ханштай байгаа юм. Энэ цаг үеийн асуудлаас ярилцлагаа эхэлье?

-Бид ноолуурын дундаж үнэ 100 мянган төгрөг байх бололцоотой гэдэг тооцоо гаргасан. Ноолуур бэлтгэлийн ажил дөнгөж эхэлж байна. Энэ жилийн хувьд онцлогтой байна. Хамгийн гол нь ноолуурын зах зээл дээр өрсөлдөгч, гадны худалдан авагчид орж ирээгүй байна. Дотоодын үйлдвэрүүд ноолуураа бэлтгэж эхлээгүй, санхүүгийн асуудалтай байгаа. Тиймээс зах зээлийн бодит үнэ тогтчихсон гэж хэлэхэд эрт. Зүүн гурван аймгаас ноолуур бэлдэж байгаа энэ явцаас харах юм бол стандартын шаардлага хангасан сайн чанарын ноолуурыг кг-ыг нь 105 мянган төгрөгөөр авч байгаа. Энэ ажил дөнгөж эхэлж байна. Дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүд банкнаас зээлээ аваад энэ ажлыг цааш нь үргэлжлүүлээд явах бололцоотой.

-Ноолуурын суурь үнэ дээр 20 мянган төгрөгийн нэмэгдэл өгнө гэсэн шийдвэрийг Их хурлаас гаргалаа. Энэ схемийг хэрхэн харж байна?

-Энэ шийдвэрийг дагаад зүүн гурван аймагт эхлүүлсэн бидний схем үндсээрээ өөрчлөгдчихлөө. Бид арилжааны банкны хөнгөлөлттэй зээлээр ноолуур бэлтгэх схем гаргаад зүүн гурван аймагт эхлээд явж байсан. Одоо 200 тэрбум төгрөгийг кг ноолуур тутамд урамшуулал болгож өгөхөөр болж байна. Суурь үнэ дээр нэмэх нь 20 мянган төгрөг гэдэг схем тогтоосон. Одоо суурь үнэ хэд байх вэ гэдгийг тодорхойлох асуудал гарч ирсэн. Суурь үнийг төрөөс тогтоож болохгүй юм шиг байна. Дундаж үнэ зарласны төлөө яам үнэ тогтоож болохгүй гэсэн шүүмжлэл яваад байгаа. Тиймээс одоо аль болохоор зах зээлдээ ойр, ард иргэддээ ойр аймгууд нь тогтоог гэж хувьдаа бодож байна. Шинэ журмыг хэрэгжүүлэх дүрэм журам тодорхой болоогүй. Тодорхой болчихвол орон нутагт суурь үнээ тогтоогоод дотоодын бэлтгэн нийлүүлэгчид малчдаас ноолуураа авах ёстой. Малчнаас ноолуур авсан тухай гэрээ байгуулж таарах байх. Би малчин Доржоос 15 кг ноолуурыг ийм үнээр авсан гээд 80 хувийг нь үйлдвэр өөрөө төлөх байх. Үлдэж байгаа 20 хувийг дараа нь төсвөөс нөхөж өгөх асуудал гарна. Схем бол тэгж л ойлгогдож байна.

-Хөдөөгүүр явж байхад малчид ноолуураа ядаж 60-70 мянган төгрөгөөр өгчих юмсан гэж ярьж байна л даа?

-Ноолуур үнэт баялаг. Борлуулах гэж яарах хэрэггүй байгаа юм.

Тэртэй тэргүй зах зээлийн ханш тогтоно. Урд хөршийн үнэ ханш бидний яриад байгаагаас хэд дахин дээгүүр байгаа. Бид яаран дааран бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг унагах хэрэггүй гэж бодож байна. Үүнийхээ төлөө шүүмжлүүлсэн. Малчид маань ноолуураа 10-20 мянган төгрөгөөр ахиу өгчихөөсэй гэсэн бодолтой байна. Дотоодын зарим үйлдвэрлэгчид 20 мянган төгрөгөөр авъя гэж байгаа биз дээ. Ноолуур ийм үнэ цэнэгүй бүтээгдэхүүн биш шүү дээ.

-Та Сүхбаатар аймгаас олон жил сонгогдож гарсан улстөрч. Сүхбаатар дахь улс төрийн нөхцөл байдал хэр байна. Ганцхан Сүхбаатар болон зүүн гурван аймгийн ноолуурыг 105 мянган төгрөгөөр авна гэдэг улс төрийн өнцгөөрөө сонгууль дөхсөн энэ үед хэт бүдүүлэг, хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл гэж харагдаж байгаа. Та өөрөө ХААХҮ-ийн сайд хүн. Зөвхөн зүүн аймагт ийм үнэтэй зарах гээд байгаа нь танд асуудал үүсгээд байгаа юм биш үү. Сүхбаатар аймгийнханд бол сайхан л байгаа байх?

-Яагаад зүүн аймгийн ноолуур үнэтэй байдаг вэ. Нэгдүгээрт, эрт самнадаг, хоёрдугаарт, чанар сайн. Нэг кг бохир ноолуураас гарах цэвэр бүтээгдэхүүний хэмжээ нь 65 хувь шүү дээ. Төвийн болон баруун аймгийн нэг кг бохир ноолуураас гарах цэвэр бүтээгдэхүүний хэмжээ 50 хувь байдаг. Тэгэхээр ижилхэн үнэтэй байж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Өмнөх жилүүдэд ийм л байсан. Энэ жилийн хувьд ч тэр ноолуур зүүн аймгуудаасаа л эхэлж гарч байна. Баруун аймгуудын зарим газар ноолуур самнаж эхлээгүй байгаа. Тэгэхээр чанар болон цаг хугацааны хувьд ингээд таарчихлаа. Эхний ээлжинд дотоодын үйлдвэрлэгчдэдээ сайн чанарын ноолуураа авах бололцоог нь хангах үүднээс зүүн талаас нь эхэлж байна. Цаанаа ийм л агуулгатай юм. Түүнээс сонгогдсон тойрогтой энэ огт хамаагүй. Ийм л байсан. Цаашдаа ч ийм л байна.

-Таныг Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийн өмнөөс малчдаас уучлалт гуйж, тэр байтугай огцрох ёстой гэдэг зүйлс ч яригдаж байна. Ноолуураар ярьсан таны мэдэгдэл огцрох шалтгаан тань мөн үү?

-Ноолуурын үнийг өндөр байлгая гэж хэлсэн нь буруу юм уу. Малчин хүн бүтэн жилийн турш нэг ямааг маллаад, нэг ямаанаас хэчнээн төгрөгийн орлого олдог гэж бодож байна. 100 мянган төгрөгөөр ноолуураа борлууллаа гэж бодоход манай монгол ямаанаас үсрээд 200-250 грамм ноолуур л гарна. Бүтэн жилийн туршид ямаа маллаад олж байгаа орлого нь тэгэхээр 25 мянган төгрөг л байна. Тэгэхээр ноолуурыг 100 мянган төгрөг байлгая гэж хэлэхээр яагаад болохгүй гэж.

-Ийм л зүйл яригдаад байна л даа?

-Тэр чинь улс төр байхгүй юу. Улаан сайд 100 мянган төгрөг гэж зарладаг нь буруу байлаа гэж яриад байгаа. Хэрвээ би зарлаагүй бол яах уу. Буянгийн Жаргалсайхан 20 мянган төгрөг гэж зарлаад байгаа биз дээ. Малчдад хүнд тусна шүү дээ. Өнөөдөр кг ноолуурыг 20 мянган төгрөгөөр авъя гэвэл мэдээж өгөхгүй. Маргааш нь 30 мянган төгрөгөөр авъя гэвэл өгнө шүү дээ. Үүнээс сэргийлэхийн тулд дундаж ханш гаргасан. Гаргахдаа нөөц, дэлхийн зах зээлийн үнийн уналтын багцаа, өмнөх жилүүдийн хүрсэн түвшинг харна. 100 мянган төгрөг бол 30 хувийн нөөцтэйгөөр зарлаж байгаа үнэ. Дэлхийн ноолуурын бэлтгэлийн ажил хоёр сарын дундаас эхэлсэн. Одоо яг ид явж байна. Дөнгөж ноолуур бэлтгэл эхэлж байх үед буюу гуравдугаар сарын 18-нд зарласан ханш. Тэр үед нэг хэсэг ноолуур унаж байгаад сүүлийн хоёр долоо хоногийн дундаж мэдээгээр үзэхэд Хятадын зах зээл дээр ноолуурын үнэ унахаа больчихлоо. Яагаад гэвэл үйлдвэрлэл жигдрээд эхэллээ. Одоо Хятадын ноолуурын үнэ өсөх хандлагатай болоод ирлээ. Тэгэхээр миний яриад байгаа тэр үнэ өшөө дээшээ явахаар байна. Дэлхийн ноолуурын 50 хувийг Хятад бэлддэг. 40 хувийг бид бэлддэг. Тэгэхээр бид нар тодорхой нөлөөтэй оролцох ёстой. Тийм учраас төр дундаж ханшийг зарлаж бодлогоо гаргах ёстой гэж үзэж байгаа юм. Ноолуур бол монголчууд бидний бахархал. Япон, Солонгосын стратегийн бүтээгдэхүүн бол цагаан будаа. Тэд цагаан будааныхаа үнийг унагадаггүй. Унах гээд байвал татаас өгдөг. Энэ агуулгаар нь ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгье гэж байгаа нь эдийн засгийн агуулгын хувьд байж болох арга. Гэхдээ ноолуурынхаа үнийг 20 мянга болгож унагачихаад 20 мянган төгрөгийн урамшуулал өгвөл эдийн засгийн хувьд утгагүй. Харин 100 мянга дээрээ бариад 20 мянган төгрөгөө өгч байгаа бол болж байна.

-Та бүхэн ноолуурын дундаж үнийг 100 мянган төгрөг байж болох юм байна гэдэг дундаж үнийг зарласан. Өнөөдөр БНХАУ-ын ноолуурын үнэ хэд байна вэ?

-Хэбэй мужийн үнэ 120-140 мянган төгрөг, зарим мужид нь 160 мянга хүрч байна. Дэлхийн ноолуурын үнийг тодорхойлдог Шнэйдэр группийн үнийг аваад үзэхэд өнөөдөр 200 мянган төгрөг байна. Тэгэхэд бид нар яагаад ноолуурынхаа үнийг зориудаар унагаах ёстой юм. Тийм байж болохгүй биз дээ. Нэг талаас малчдаа бод. Ноолуур Монгол Улсад стратегийн бүтээгдэхүүн гэж зарласан хоёрхон бүтээгдэхүүний нэг. Үнэ ханшынх нь багцааг Үндсэн хуулиараа төр тодорхойлж, нийгмийг зохицуулах ёстой. 100 мянган төгрөг тэнгэрт хадчихсан үнэ биш.

-Их хурлын тогтоолоор та бүхний схем өөрчлөгдсөн. Тиймээс ноолуурын ажил бүр анхан шатнаасаа эхэлнэ гэсэн үг үү?

-Тийм. Эхлээд орон нутагт ноолуурын үнийг тогтоох ёстой. Орон нутагтаа тогтоно гэдэг ноолуур авна гэсэн хүн дээр тогтоно гэсэн үг биш. Нэг талаас малчин, нөгөө талаас худалдаж авах гэж байгаа хүн хэлцэлд орох ёстой. Дээрээс нь төр үүнийг баталгаажуулах ёстой. Яагаад гэвэл тэр хоёрын тохироод авчихсан үнэ дээр урамшуулал өгөх гэж байна шүү дээ. Тиймээс одоо тохиролцоонууд анхан шатнаасаа хийгдэхээр болж байна.

-Нэлээд цаг орох юм байна?

-Яг зөв олж харлаа. Хугацаа хэрэгтэй байхгүй юу. Ийм үед яараад хэрэггүй гэж дахиад хэлье. Яаран дааран замын хүнд биш, төрийн оролцоотой наймаанд орвол малчдад ашигтай. Малчид маань бага зэрэг яарсан. Яарах нэг шалтгаан нь зээлээ төл гэж банкууд шахаж эхэлсэн. Зээл өгөхдөө гуравдугаар сард танай ноолуур гардаг юм чинь дөрөвдүгээр сард зээлээ төлөх гэрээ байгуулъя гэдэг. Тэгээд л малчид нэг талаасаа зээлэндээ шахагдаад, нөгөө талаас зах зээлийн үнэ нь тогтоогүй учраас хэцүү байсан. Тэгээд Монголбанк болон бусад банкуудтай бид нар ажилласан. Банкнууд маш сайхан шийдвэр гаргалаа. Малчдын зээлийг нэг жилээр төлөлтийг нь хойшлуулчихлаа. Одоо малчдад зээлээ төл гэдэг дарамт байхгүй болчихсон. Одоо малчид ноолуураа хадгалж байгаад үнэ хүргээд намар оюутан хүүхдүүд явах үед борлуулбал сургалтын төлбөрийн үед хэдэн төгрөгтэй болно. Тэрнээс яг одоо борлуулах гээд давчдаад байх шаардлагагүй юм.

-Та Сүхбаатар аймгаас нэр дэвших үү?

-Нам мэднэ. Манай нам зохион байгуулалттай, сахилга дэг журамтай нам. Нам даалгавар өгөөд яваа гэвэл мэдлээ гүйцэтгэе гээд л явна. Одоо та болно оо сууж бай гэвэл ойлголоо гээд сууна. Намын шийдвэр тавдугаар сарын 10-даас гарах байх.

-Таныг оролцуулаад улс төр дэх ахмад таван гишүүнийг сольё, залуу цусаар сэлбэе гэдэг зүйл яригддаг. Та хэдийн улс төрд байх шалтгаан юу вэ?

-Манай ахмад гишүүд төрийн бодлого үйл ажиллагааны ой санамжийг тээж яваа үнэт капитал гэж бодож, хүндэтгэлтэй ханддаг. Бусад улс орнуудад ч ийм байгаа. Айл өрхөд ч ийм байдаг. Өвөөгөө нас өндөр боллоо гээд ад үзээд байдаггүй биз дээ. Манай ахмад гишүүд төрийн ой санамжийг агуулж, өнөөдрийг хүртэл цаг үетэйгээ мөр зэрэгцээд явж байна. Тиймээс ингэж хандах нь учир дутагдалтай. Урт хугацаанд үйл явцыг ажиглаж, туулж, ирсэн туршлага дээрээ суурилаад дүгнэлт хийхэд асуудалд арай өөр хандана. Яагаад гэвэл зах зээлийн эдийн засаг эхэлснээс хойш төр засагт зүтгэсэн хүмүүс шүү дээ. Өмнө нь ямар байсан, юу нь болохгүй байсныг мэднэ. Өнөөдөр ямар байгаа, юу нь онож, юу нь онохгүй байгааг мөн мэдэж байна. Цаашдаа яах вэ гэдгийг төсөөлнө. Тийм учраас төрийн үнэтэй капитал.

Ноолуурын талаар өнөөдөр их маргалдаж байна. Ноолуурын асуудал зөвхөн өнөөдөр ч яригдаж байгаа асуудал биш. 1996 онд Засгийн газрын 39 дүгээр тогтоолоор ноолуурын үнэ цэнийг өсгөх асуудлыг шийдэж байсан юм. Үүнээс хойш олон удаагийн тогтоол шийдвэрүүд гарсан. Яаж 30 мянган төгрөг болгох вэ гэж Засгийн газар дээр яригдаж байсан. Тэр үеийн Засгийн газрын шийдвэрүүдийг сөхөөд харвал миний гарын үсэгтэй гарсан байдаг юм. Түүнээс хойш өнөөдрийн энэ түвшинд хүрсэн. Энэ бүгдийн мэдээлэл нь бидэнд байгаа. Давуу, сул талуудыг нь туулаад үзчихсэн учраас ерөнхий ханыг нь гадарлаж байна шүү дээ. Манай ахмад гишүүд энэ төрийн ой санамж шүү. Ийм капиталыг бий болгохын тулд төр засаг их мөнгө зардаг юм. Их олон шалгуур дундуур орж гарч төлөвшиж, хүлээн зөвшөөрөгддөг юм. Тийм учраас сайн дурын асуудал шиг хандаж болохгүй.

-Та Монголын эдийн засгийг хүндрэлтэй, хүндрэлгүй аль ч цаг үед Сангийн сайын сэнтийд байсан. Дөрвөн ч удаа сангийн сайд хийсэн байх. Коронавирусийн эдийн засгийн хүндрэлийг хэрхэн харж байгаа вэ. Найм, есдүгээр сараас нөхцөл байдал бүр ч хүндрэхээр байна шүү дээ?

-Янз бүрийн сорилтуудтай бид тулж байсан. Энэ удаагийн коронавирусийн цар тахал бол урьд өмнө нь төсөөлж байгаагүй үйл явдал боллоо. Дэлхий дахин ч ингэж харж байгаа. Дэлхийн II дайнаас хойш ийм нөхцөл үүсээгүй гэж ярьж байгаа биз дээ. Энэ маш амаргүй нөхцөл байдал. Олон ч зүйлийг ухааруулж байна. Нөгөө талдаа олон зүйл өөрчлөгдөх юм шиг байна.

-Жишээ нь?

-Бидний өнөөдрийг хүртэл бодож, итгэж, үнэмшиж явсан хандлага, үйл явц их өөрчлөгдөх юм байна. Маш энгийнээр ярихад улс орон бүр өөрөө өөрийгөө аваад явах чадвартай болох ёстой юм байна. Нөгөө даяаршаад, нэг нэгнийхээ дутууг нөхөж, бусдаасаа авч хэрэглээд явдаг дундын гал тогоо байхгүй болох юм шиг байна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө аюулгүй байдлыг хангахаас эхлэх нь. Ялангуяа хүнсэн дээр. Өнөөдөр дэлхийн тэргүүлэх эдийн засагтай том улс орнууд хүнсний асуудалд орж байна. Үе үе хүнсний хомсдол бий болж байна. Тэрнээс үүсэх сөрөг үр дагаврууд гарч байна. Өнөөдөр бид хүнсний хомсдолд хараахан ороогүй. Байгаа нөөц, бий болгох чадавхаа тооцоод хэлэхэд үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дээр энэ ондоо хүндрэл бэрхшээл тохиолдохгүй. Өнгөрсөн жил ийм сорилт тулгараагүй байхад махан дээр хүнд асуудалд орсон. Яасан гэхээр систем маань өөрөө болохгүй байсан. Нэгдүгээрт, үйлдвэрлэлээ зохион байгуулж байгаа арга нь, нөөц бэлдээгүй. Дээрээс нь гадны нөлөө орчихсон. Тийм учраас дотоодын зах зээл маш эмзэг байсан. Энэ жилийн хувьд тийм байдал гарахгүй байна. Яваад үзвэл сонголт байна. Үнэ боломжийн түвшинд татагдаж байгаа. Яагаад гэвэл бид хямд махны нийлүүлэлтийг байнга нэмэгдүүлж байгаа учраас зах зээл дээр орж ирж байгаа махны үнэ ханшийн түвшин тогтоход эерэг нөлөө үзүүлж байна. Бидэнд хангалттай нөөц байгаа учраас Улаанбаатар хотод өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. 27 цэгт махыг бөөнөөр нь, тооноор нь томсгож нөөцийн махыг худалдана. Тиймээс энэ үед Ерөнхий сайд “Монгол хүний хувьд мах, гурил хоёр чухал шүү” гээд л байнга хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилийн хувьд энэ дээр санаа зовохгүй байх нөхцөлийг бид нар бүрдүүлж чадсан. Цаашдаа ч ийм байхын төлөө ажиллана.

-Монгол Улс ардчиллын 30 жилийн түүхэндээ эдийн засаг ингэж царцсан хүнд сорилттой тулж байв уу. Та нийгэм солигдсон үе буюу 1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан учраас асууж байгаа юм аа?

-Хүндрэл байсан. Ялангуяа социалист эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн хоёр жилийн хугацаанд эдийн засаг маш хүнд байдалд орсон шүү дээ. Ер нь хөгжлийн түвшингээсээ арван жилээр ухарсан. Улс орны аюулгүйн болоод валютын нөөц хомсдоод байхгүй болсон юм. Хүнсний хомсдолд орсон. Тэгээд байгаа жаахан бараагаа картаар хувааж байлаа. Сард нэг өрхөд хоёр шил архи, тал цай гэдэг ч юм уу. Ингэж давж байсан юм. Өнөөдөр ийм нөхцөл байхгүй байна. Ийм байдал руу хэрхэн оруулахгүй байх вэ гэдэг байна.

Тэр үед би үндэсний хөгжлийн газрын дарга байсан. Нэг жилийн дотор картын системийг хална гэдэг бодлогыг Засгийн газар Их хуралд оруулж байхад олон хүн эргэлзэж байсан. Яг нэг жилийн дараа 1993 оны наймдугаар сарын 1-нээс картын системийг халж байлаа. Тэр үед гал бариад үзчихсэн учраас одоогийн эдийн засгийн асуудлыг шийдэх боломжтой бөгөөд арга зам нь ямар байх вэ гэдгийг эрж хайх боломжтой гэж үзэж байгаа юм. Ер нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш би эдийн засгийн төв байгууллагад ажилласан. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн түүхийг судалж, эрдмийн ажил хийлээ. Тиймээс сүүлийн 50 жилийн эдийн засгийн хөгжлийн үйл явцыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт хийсэн. Ийм л хүн. Би 1976 онд төрд ажиллаж эхэлсэн. Тэр үед эдийн засаг төлөвлөлт, урамшууллын системтэй байсан. Дараа нь шинэ аж ахуй механизмын систем рүү шилжсэн. Дараа нь төрийн сангийн нэгдсэн тогтолцоо руу шилжиж байлаа. Энэ шилжилтийг 2000-2002 онд гардаж хийсэн. Тийм учраас сүүлийн 40 жилийн үйл явцын гэрч, 50 жилийн үйл явцын судалгааг хийсэн ийм мэдээлэл надад байгаа юм.

-Ер нь энэ хямралын гарц нь юу вэ?

-Гарах гарц бол өөрийнхөө дотоод нөөц бололцоог бүрэн дайчлах. Одоо хэн нэгэн рүү хандаж, найдаж, хүлээгээд хэрэггүй. Гаднаас юм авчихна, тусламжаар ирчихнэ гэж хүлээгээд хэрэггүй. Өөрийнхөө боломжийг дайчил. Ингэхийн тулд хүн амын наад захын хэрэглээний 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо хийх хэрэгтэй. Мах, гурил, сүү, цагаан будаа, ургамлын тос, элсэн чихэр, хүнсний ногоо гэх мэт хүн амын наад захын чухал бүтээгдэхүүнүүдийг өөрсдөө баталгаатай үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Өөрийгөө бүрэн хангадаг. Ингэх нөөц бололцоо бий. Бидэнд сайхан газар нутаг байна. Нөгөө талдаа дотооддоо хангачих юм бол экспортлох боломж байна. 70 сая мал, нэг сая 560 мянган км.квадрат нутаг байна. Тийм учраас одоо дотоод нөөц бололцоогоо дайчилж, өөрөө өөрийгөө хангах, бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломж бий. Монгол Улсын эдийн засаг хоёр тулгууртай болох хэрэгтэй. Одоо зөвхөн уул уурхайг шүтсэн байдлаар явж ирлээ. Шилжилтийн хүндрэлтэй үед амь тариа мөн үү, мөн. Гэхдээ мөнхийн амь тариатай байж болохгүй шүү дээ. Уул уурхайн баялаг шавхагдана, дуусна. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Налайхын уурхай хэчнээн сайхан уурхай байлаа. Нөөц нь дуусаад одоо юу болж байна. Уул уурхай бол ийм.

Хоёр дахь багана нь хөдөө аж ахуй. Энэ мал, энэ газар жил бүр нөхөн төлжинө. Энэ жил ноолуураа аваад борлууллаа, ирэх жил дахиад л ургачихна. Тиймээс эдийн засгийн тулгуур салбар бол хөдөө аж ахуйн салбар гэдгээ хүлээн зөвшөөрч эдийн засгийн найдвартай хоёр баганын нэг болгох хэрэгтэй. Ингэхийн тулд шийдэх асуудал олон байна. Хамгийн наад зах нь малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Бэлчээрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Ийм өргөн газар нутагтай ч бэлчээр хүрэхгүй байна гэж яриад байгаа шүү дээ. Энэ асуудлуудаа шийдэх ёстой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *