Categories
мэдээ улс-төр

​Ч.Содномцэрэн: М.Оюунсайханы нэрийг жагсаалтаас хассан

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сая мэдээлэл хийхдээ “1,912,901 сонгогч байна гэсэн мэдээллийг Улсын бүртгэл статистикийн газраас СЕХ-нд ирүүлсэн. Сонгогчдын саналын хуудсыг 100 хувь хэвлэж тойргуудад хүргүүлсэн байгаа. Гэтэл Улсын бүртгэл статистикийн газраас 84000 сонгогчийг түр хасаж тэмдэглэгээ хийсэн. 18000 сонгогч шилжилт хийлгээд байна. Нийтдээ 100 гаруй мянган сонгогчийн асуудал байна. Энэ нь саналын хуудас хэвлэх тоонд ороогүй. Хэд хэдэн аймгаас саналын хуудас дутах шинжтэй байна гэсэн мэдээлэл ирсэн. Зарим хэсэг дээр 10, зарим дээр нь 25, 30 гэх зэрэг саналын хуудас дутаж байна гэсэн. Үүнийг нь СЕХ яаралтай шийдвэр гаргаж аймаг сумдын сонгуулийн хороодод чиглэл өгсөн. Дутагдсан саналын хуудсыг хэвлэж тараах ажлыг аймаг, сумдын сонгуулийн хороод зохион байгуулж байна. Дөнгөж сая санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэсэн мэдээлэл ирлээ” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай гурван хүсэл гомдол СЕХ-нд ирсэн. Гурвууланг нь өнөөдрийн өдрийн хурлаар авч хэлэлцээд СЕХ шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, 28-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Оюунсайхан сонгуулийн сурталчилгаа хийхдээ шашны холбогдолтой авиа дуу, зураг хэвлэж нэвтрүүлэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж шүүхээс тогтоогдсон. Өөрөө шүүхэд давж заалдахгүй, би торгуулийнхаа мөнгийг төлсөн гэсэн бичиг СЕХ-нд ирүүлсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийг үндэслээд СЕХ Оюунсайханыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, 14-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болорчулууны талаар гомдол ирсэн. Дорнод аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 6-р сарын 23-ны өдрийн 268-р шийдвэрээр тогтоогдсон байсан. СЕХ-нд давж заалдана, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу давж заалдах, гомдол гаргах хугацаа дуусаагүй байгаа учраас СЕХ энэ асуудлыг хойшлуулсан. Гуравдугаарт, 49-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Оюунхоролын шадар туслах Энхзаяа нь Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 24-нд хэлэлцэн, хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдэг шийдвэр гаргасан байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг н.Энхзаяа нь гар дээрээ аваагүй байна, Давж заалдах хугацаа дуусаагүй байна гэж үзсэн учраас Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг нэр дэвшигч Х.Болорчулууны нэгэн адил хойшлуулсан” гэлээ.