Categories
мэдээ улс-төр

Ч.Сайханбилэг: Шилэн дансны хууль сайн хэрэгжиж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар илтгэл тавьсан. Өнгөрсөн хугацаанд шилэн дансны вэб сайтад давхардсан тоогоор 166000 гаруй иргэн хандаж, 2 сая гаруй мэдээлэ авсан байна. Мөн төрийн бүх шатны 5600 гаруй байгууллага хамрагдаж байгаа гэдгийг онцоллоо.

Дараа нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

21 аймгаас 15 нь шилэн дансаа хөтөлдөггүй юм байна. Энэ аймгуудад ямар арга хэмжээ авсан юм бэ. Хуулийг хэрэгжүүлэх талаар ийм арга хэмжээ авлаа гэдгээ хэлээч?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Шинэ хууль анх удаа хэрэгжиж байгаа. Хэрэгжүүлэх явцад тодорхой хэмжээний алдаа гарч байхыг үгүйсгэхгүй. Шилэн дансны хэрэгжилтийн гуравдугаар улирлын тайланг одоо авч хэлэлцэнэ. Хангалтгүй хэрэгжүүлж байгаа гурван аймгийн Засаг дарга, гурван яамны асуудлыг авч үзэж, торгуулийн арга хэмжээ авна. Ерөнхий сайд хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэж яриад байна. Тийм биш ээ. Ерөнхий сайд өөрөө удирдаад, манлайлаад явж байгаа. Бид програм хангамжийн хувьд шинээр хийсэн. Энэ програм хангамжийг сайжруулах зүйл бий.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

Шилэн данс хөтлөхгүй байхын тулд 5-аас доош сая төгрөгөөр гүйлгээ хийгээд байх шиг байна. Үүнд аудитын шалтгалт хийх үү. Хэрвээ нэг байгууллага дээр олон удаагийн гүйлгээ байвал шилэн данс хөтлөхгүй байхын тулд хэрэглэж байгаа арга, заль болж хувирна шүү дээ. Тэгээд шилэн дансыг хөтлөөгүй гээд 15 аймгийн нэр яваад байна. Дандаа АН-ын удирдлагатай аймгууд байгаа. Цалин хассан гээд жижигхэн зүйл яриад байна. Үүний цаана маш олон саяын авлигын асуудал ч явж байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр цалин хасаад өнгөрч болохгүй. Шилэн дансаа удирдахгүй байгаа аймгуудын зардлаас 30 хувийг нь хасъя гэх ч юм уу. Маш тодорхой хариуцлага тооцмоор байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Аймгуудын шилэн дансны хэрэгжилтийг ярихад аль аймгийн засаг дарга нь аль намын хүн байна вэ гэдэг нь 37 дугаар асуудал. Бүгдийг нь жагсааж байгаад хамгийн муу ажилласан гурван аймгийн Засаг даргад цалинг нь хассан. Үүний дараа нөхцөл байдал сайжрахгүй бол ажлаас нь халах л заалттай. Эхний шатны арга хэмжээгаа авч байгаа. Энэ маань өөрөө дохио болж байна.

Мөн энэ үеэр гишүүд Ерөнхий сайд өөрөө шилэн дансаа хөтлөхгүй байна хэмээн шүүмжилсэн. Харин энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ерөнхий сайд өөрөө ямар ч гүйлгээ, төлбөрийн баримт дээр гарын үсэг зурдаггүй. Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар энэ асуудлыг хариуцаж байгаа. Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго энэ талаар мэдээлэл өг” гэсэн юм.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго: Ерөнхий сайдын төсвийн багцаас сард хоёр удаа л гүйлгээ гардаг. Энэ нь Ерөнхий сайдын цалин. Тэр бол 5 сая байтугай 2 сая ч хүрэхгүй. Төрийн айлчлал зэрэг асуудал төрийн нууцтай холбоотой учраас шилэн дансны мэдээлэлд оруулдаггүй.

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

15 хүн гээд, тэрний 3-ыг нь арга хэмжээ авсан гээд байна. Хэнд нь хариуцлага тооцоод, хэнийх нь толгойг илээд байгаа юм. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчилдэг биз дээ. Ерөнхий сайд та уурлаж, бухимдах хэрэггүй. Засгийн газрынхаа нөөц сангийн мэдээллийг яагаад оруулдаггүй юм. Тэрнийгээ оруулаад, мэдээлэх л ёстой.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Тлейхан гишүүн ойлгохыг хүсэхгүй байна уу, эсвэл үнэхээр ойлгохгүй байна уу. Аймгуудын асуудлыг С.Баярцогт сайд дахиад хариулж өг.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт:

Засгийн газрын нөөцтэй холбоотой саналуудыг би маш ойлгомжтой тайлбарласан. Засгийн газрын нөөц сан зарлагынхаа статусаар багцлаад, нэг батлагддаг. Хэрэгжилт нь ямар төсвийн ерөнхийлөн захирагч дээр асуудал нь шийдэгдэж байгаа. Дундговь, Завхан, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарын цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан. Үүнийг авахдаа ямар үндэслэл гаргасан бэ гэхээр шилэн дансанд байршуулаагүй байгаа мэдээллүүдийг аудит, авлигалтай тэмцэх газар, дотоод хяналт шалгалтын мэдээллийн дагуу анх удаа арга хэмжээ авсан. Энэ дагуу хамгийн их зөрчилтэй гурван аймаг дээр арга хэмжээ авсан. Энд ямар нэгэн намын асуудал байхгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *