Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 12.40 цагт УИХ-ын сонгуулийн 56 тойргийн 3 дугаар хэсгийн (НИТХ-ын сонгуулийн 34 дүгээр тойрог) санал авах байранд саналаа өглөө. Санал авах тус байр нь Удирдлагын академид байрлаж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ”Нар хур тэгширсэн зуны энэ сайхан өдөр монголчууд бид Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонгуулиа өгч, ирэх дөрвөн жилийнхээ өнгийг тодорхойлж, төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлж байна.
Нам, эвслүүд хуулийн дагуу сонгуулийн кампанит ажлаа амжилттай явуулж дуусгалаа. Ард иргэдийн минь сонголт мэргэн байх болтугай. Ирэх дөрвөн жилд Монгол орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж хэллээ.
Санал авах энэ байранд 2202 сонгогч санал өгөхөөс 12 цагийн байдлаар 22,4 хувь буюу 500 орчим сонгогч саналаа өгөөд байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.