Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Монголбанк ам.долларын ханшид тойруу замаар нөлөөлөөд байна

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Монгол банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл гоёчилсон, худлаа мэдээлэлтэй гэж та сая хэллээ. Жишээ нь, юуг гоёчилсон байна?

-Хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн гэсэн байна. Үүн шиг худлаа юм байхгүй. Хөрөнгө оруулагчид харин ч үргэсэн. Муу нэртэй, луу данстай Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг эс тооцвол өөр гялайж гялтайх зүйл алга. Оюу толгой л төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж байгаа. Улсын зээлжих зэрэглэл сайжирлаа гэх юм. Гэтэл зээлжих зэрэглэлийг хэн унагалаа. Н.Баяртсайхан ерөнхийлөгч ажлаа авсныхаа дараа маш хариуцлагагүй мэдэгдэл хийсэн шүү дээ.

-Валютын нөөц хасах руу орсон гэж мэдэгдсэнийг нь хэлээд байна уу?

-Яг тийм. Энгийнээр жишээлье. Өртэй хүн байлаа гэж бодъё. Урт хугацааны өрөө хэлэх нэг хэрэг. Богино хугацааны өрөө ярих өөр хэрэг. Тухайн үед Н.Баяртсайхан өмнөх ерөнхийлөгчөө харлуулахын тулд урт хугацааны өрийг нэг дор төлчих юм шиг ярьж, хасах 400 сая ам.долларын нөөцтэй байна гэж хэлсэн. Гэтэл Монголбанкны албан ёсны статистикт 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй гэсэн тоо дурайж байсан шүү дээ. Ямар ч айл өрх зээлийн эргэн төлөлтөөрөө л санхүүгийн чадавхиа хэлдэг. Түүнээс биш урт хугацаанд төлөх бүх өрийнхөө хэмжээг хэлээд яриад суудаггүй. Ингэж хийтэй мэдэгдэл хийснээс болж ам.долларын ханш маш богино хугацаанд 500 төгрөгөөр цойлсон. Үр нөлөөнд нь манай улсын зээлжих зэрэглэл богинохон хугацаанд хоёр шат буусан. Энэ алдаа нь азаар нүүрсний үнийн сэргэлтээр засагдсан. Түүнээс зээлжих зэрэглэл сайжирсан нь төв банкны гавьяа биш.

-Ер нь төв банкны ерөнхийлөгч ингэж мэдэгдэл нэртэй урт зүйл бичээд бараг бүх сонин хэвлэлээр цацдаг ийм жишиг олон улсад бий юу?

-Ер нь ямарваа нэг мэдэгдлийг гүтгэсэн ч юм уу, эсвэл нэр хүндэд нь халдсан хүмүүст эсэргүүцлээ илэрхийлэх маягаар гаргадаг гэж би хувьдаа ойлгодог. Гэтэл төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэл тайлбар шинжтэй юм билээ. Ерөнхийд нь уншихад алдаа гаргаснаа далдуур хүлээн зөвшөөрч, зарим алдаа нь засагдаж байгаа юм байна гэхээр. Гэхдээ энэ урт тайлбар гэх үү, учирлал гэх үү энэ юманд нь хоорондоо зөрүүтэй, утгын хувьд авцалдаагүй, орооцолдсон зүйл их байна. Жишээ нь, бодлогын хүүг буулгасан л гээд байна. Алдаатай мэдэгдэл хийснийхээ дараа бодлогын хүүг огцом өсгөж байсан нь бодитой болсон үйл явдал шүү дээ. Тэр нь эргээд хэвийн байдалд орж байгаагаас өөр зүйлгүй. Гэхдээ саяхан бас бодлогын хүүгээ өсгөсөн. Бодлогын хүү нэг нэгжээр өсөөд удаагүй байхад, би буулгасан гэхээр логикийн зөрчилтэй байгаа биз. Цаашид ч өсгөх байх. Энэ мэдэгдлээс сэтгэгдэл эмзэглүүлсэн нэг зүйл анзаарагдлаа.

-Юу тэр вэ?

-Өөр том алдаа гаргаж байгаагаа огт харахгүй байна л даа. Энэ мэдэгдэл гэгчийнхээ зорилгыг “Хэрэгжүүлж буй бодлогоо бодитоор тайлбарлах” гэсэн байна лээ. Эдийн засаг өсөлттэй гэж онцлоод энэ өсөлтөд бодлого боловсруулагчдын бодлогын арга хэмжээ чухал нөлөөтэйг хэлсэн байна. Эдийн засагч хүний хувьд хэлэхэд би энэ мэдэгдлээс бодитой тайлбар олж харсангүй. Төв банкны Ерөнхийлөгч маань бурууг бусад руу тохсон, хариуцлагаас бултсан шинжтэй юм яриад байгаагийн цаана бодит эдийн засагт яг юу болоод байгааг одоо болтол олж хараагүй, оношоо одоо болтол зөв хийгээгүй байна даа гэхээр харагдаж байна.

-Төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдлээс анзаарахад олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд манай улсыг магтсан, төсвийн сахилга бат сайжирсан гэсэн утгатай өгүүлбэрүүд харагдсан. Энэ мэт эерэг хандлага бас байгаа юм биш үү?

-Тийм утгатай өгүүлбэр харагдсан. Гэхдээ Монголбанк хүний өмнөөс өөрөөр хэлбэл гадаадын мэргэжлийн байгууллагын өмнөөс бас хамаагүй ингэж худлаа хэлж болохгүй. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудын мэдэгдлүүдийг англи хэлтэй хүмүүс уншчих хэрэгтэй. Зэс, нүүрсний үнэ сэргэсэн учраас сайжирсан гэсэн утгатай өгүүлбэр л бий. 2019 онд асар өндөр алдагдалтай, гадаад өрөөс санхүүжсэн төсвийн хууль батлагдахад төв банк чимээгүй байсан. Төсвийн сахилга бат сайжирсан гэдэг худлаа. Монголбанкны бодлого зөв байсан учраас гадаад тал зөв үнэллээ гэсэн утгатай өгүүлбэрт нь ч толгой дохиход хэцүү. Яг нарийндаа төв банк үнэлгээг өөрөө унагасан, нүүрсний үнэ сэргээд, дээр нь ОУВС-ын хөтөлбөрийн дам нөлөөгөөр зээлжих зэрэглэл сайжирч байна.

-Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдэгдэлдээ онцолсон зээлийн хүүг бууруулна гэсэн байр суурь лав олон хүний анхаарлыг татсан байх. Тийм боломж бий юу?

-Эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулна гээд байх юм. Гэтэл бодлогын хүүгээ өсгөчихсөн шүү дээ. Монголбанкны албан ёсны статистикаас харахад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл эрс өссөн байна лээ. Банкуудын байдал хүнд байгаа гэсэн үг. Ийм байтал арилжааны банкны үзүүлэлт сайжраад зээл гаралт маш сайн болсон гэж яриад байх юм. Мөн арилжааны банкны эх үүсвэрийг төгрөг рүү шилжүүлсэн гэсэн байна. Манайх шиг нээлттэй эдийн засагт арилжааны банкууд хүссэн хүсээгүй долларын харилцаанд ордог. Тэгэхээр энэ долларын хомсдолоос үүсэх эрсдлийг арилжааны банкуудад үүрүүлээд байдлыг улам хурцатгаж байгаагаа зөвтгөж тайлбарласан нь банк санхүүгийн ойлголт муу гэдгийг нь харуулж байна гэхээр. 2019 оны мөнгөний бодлогод зээлийг хумих бодлого явуулна гэчихсэн. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ “Зээл сайжирч байгаа. Энэ бол миний ажлын үр дүн” гэж яриад суух юм. Батлагдсан бодлого, хэлж суугаа үг нь зөрж байгаагийн нэг тод жишээ л дээ. Төв банкны тэргүүн “дотоод эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтыг даах уу” гэсэн асуултыг өөртөө тавьжээ. Энэ бол буруу асуулт. Төлбөрийн тэнцлийн хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалттай илүү хамаарна. Дотоод эрэлт өсөөд худалдан авах чадвар сайжирч байвал гадны хөрөнгө оруулагчид илүү ихээр орж ирж болох юм. Гэтэл хэрэглээг хумина гээд байгаа. Оюу толгой болон том төслүүд дээр Монголбанк тодорхой байр суурь илэрхийлдэггүй. Харин ч эсрэгээрээ Оюу толгойн оруулж ирсэн валютыг худалдаж авдаг гэж газрын дарга нь хэлсэн гэсэн. Хэрэв энэ үнэн бол хуульд нийцсэн алхам биш. Монголбанк яагаад Оюу толгойтой шууд арилжаанд орох замаар доллар худалдаж аваад суугааг би хувьдаа ойлгохгүй байгаа. Төв банк аж ахуйн нэгжүүдтэй шууд арилжаа хийх нь одоогоор хуулийн хувьд боломжгүй гэж ойлгодог. Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдэгдэлд өөр нэг нэг инээдтэй тайлбар бий. Валютын нөөц 3.4 тэрбум хүрсэн нь түүхэн дээд амжилт гэсэн хэрнээ 2012 оны эцэст дөрвөн тэрбум давсан гэсэн байна. Жаахан хүүхдүүд бие биенийхээ дээр гарах гэж өрсөлдөж байгаа юм шиг барьцсан маягтай зүйл ярих нь төв банкны ерөнхийлөгчид хэтэрхий жижигдэнэ.

-Гэхдээ өмнөх дөрвөн тэрбум гаруй долларын нөөцийн дийлэнх нь Чингис бондын мөнгө байсан гэсэн тайлбар харагдсан. Тэр утгаар нь өнөөгийн нөөцөө түүхэн дээд амжилт гэж тодотгосон юм болов уу?

-Өнөөдөр байгаа 3.4 тэрбум доллар ч ялгаагүй шүү дээ. Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр орж ирж буй санхүүжилт бий. Санхүүжилт гэсэн гоё нэртэй болохоос биш угтаа өр шүү дээ. Хоёрдугаарт, алтны худалдан авалт байгаа. Алтны худалдан авалт дээр бас том алдаа гараад байна. Алт худалдаж авахдаа мөнгө нийлүүлдэг. Мөнгөө нийлүүлэхдээ төв банкны үнэт цаасаар худалдаж авдаг. Жилд 500 тэрбум төгрөг ямар ч баталгаагүйгээр мөнгө хэвлэх хэлбэрээр арилжааны банкуудад очиж байгаа. Арилжааны банкуудад жилд 500 тэрбум төгрөг сул оччихоор долларт байршаад байна. Өөрөөр хэлбэл орох хөрөнгө оруулалт үгүй учраас төгрөгийн илүүдэл үүсч, улмаар долларт байршиж буй гэсэн үг. Ийм маягаар төв банк долларын ханшийг тойруу замаар өсгөөд байна. Оюу толгойн долларыг худалдаж аваад хариуд нь мөн л төгрөг хэвлээд байна гэсэн үг. Валютын нөөцийг өсгөлөө гэж яриад суугаа. Гэсэн хэр нь бодлогын хүү 11 хувь болоод өсчихсөн. Тэгэхээр валютын нөөцийн бодит зардал нь 11 хувь болоод өсчихөж байна. Энэ бол том алдаа. Монгол Улсын эргэлтэд байгаа нийт хөрөнгийн 23 хувийг эргэлтээс буцааж татаад байна л даа. Хүү төлөөд байна гэсэн үг. Нөгөө талаас аж ахуйн нэгж, иргэдэд очих зээл багасч байгаагийн илрэл. Өөрөөр хэлбэл эдийн засаг мөнгөөр хатаж эхлэхээр байна. Манай экспорт жилээс жилд өсч байгаа нь үнэн. 2013-2014 онд нүүрсээ зараад 300 гаруйхан сая ам.доллар олдог байсан бол өнөөдөр гурван тэрбумаар хэмжигдээд эхэлчихлээ. Зэс гэхэд л хоёр тэрбумаас буухаа больсон. Ийм үед төв банк ханшийг 700 төгрөгөөр алдсан. Гэтэл зэс, нүүрсний үнэ унасан, нефтийн үнэ 120 ам.доллар байхад ханшийг барьж, бензиний үнийг тогтворжуулж болоод байсан. Одоо шатахууны үнээ ч алдчихлаа. Бензин дээр жишээ нь муулуулаад байдаг Ардчилсан засгийн үед доллараар илэрхийлэгдэх бензиний жижиглэнгийн үнийг хоёр дахин бууруулж чадсан.

-Төв банк тэрбум гаруй долларыг ногоон валютын ханшийг тогтворжуулахад зарцуулсан гэж байгаа. Ханш тогтворжвол тогтворжихоор том тоо баймаар юм…?

-Ийм их доллар зарсан хэр нь төгрөг суларсан хэвээр байгаа нь яалт ч үгүй Монголбанкны бодлогын алдаа. Экспорт өндөр, нефтийн үнэ буурсан, ОУВС-гаас таван тэрбум ам.доллар өр бүхий хөтөлбөртэй байхад долларын ханшаа алдсан нь бодлогын алдаатай л холбоотой. Одоо нүүрс рүү, улс төр руу бурууг нь чихэж байна. Зах зээлд оролцогчдын хүлээлт гэх мэт хийсвэр зүйлээс өө, шалтгаан эрж байна. Энэ бол яах аргагүй төв банкны бодлоготой холбоотой алдаа.

-Засгийн газраас хамаарах асуудал их байгаа гэсэн утга төв банкны ерөнхийлөгчийн мэдэгдэлд байна. Үнэхээр ийм шалтгаан байгаа юм биш үү?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг тат, нүүрсний экспортыг дэмж гэх мэт захиалгыг гүйцэтгэх засаглалд өгсөн байна лээ. Яг үнэндээ төв банк цэвэр бодлогын алдаа гаргаснаа далд утгаар хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Нүүрс, зэсийн үнэ өссөн, сангийн хөтөлбөрт хамрагдсан хэрнээ ханшаа тавиад туучихсан нь хүлээлтийг удирдаж чадаагүйтэй холбоотой. Мэдэгдлээс нь харахад төв банк өнөөг хүртэл асуудлаа зөв барьж аваагүй гэсэн дүгнэлт хийхээс аргагүй байна. Ийм орооцолдсон, учир шалтгааны зөрчилтэй мэдэгдэл хийж байгаа нь өөрөө асуудал. Монголбанкны ажлаа хийхгүй явааг харуулж байгаа хэрэг л дээ. Бас нэг зүйлийг онцлоход Монголбанкны бодлого гэж байхгүй. Төрийн мөнгөний бодлого гэж л бий. Төрийн мөнгөний бодлогыг шүүмжилсэн эдийн засагчдыг Монголбанкинд ажилладаг газар хэлтсийн дарга нар жиргээ гэх мэт олон нийтийн сүлжээгээр дамжуулан гутаан доромжлох нь хэрээс хэтэрлээ. Уг нь төрийн мөнгө бодлого түүнтэй холбоотой мэдээлэл бол олон нийтийн өмч. Н.Баяртсайханы өмч болоод хувийнх нь асуудал огт биш. Иргэнийхээ хардах эрхийг эдлээд төрийн мөнгөний бодлогод шүүмжлэлтэй хандсан хүн бүрийг твиттер, фэйсбүүк гэх мэт сошиал сүлжээгээр дайрч доромжилж байна. Би танай сониноор дамжуулан Н.Баяртсайхан ерөнхийлөгчид “Ингэж сошиал багийн ард нуугдаж дайралт дарамт үзүүлж суухаа боль, зүгээр л өмнөх алдаагаа засчих л даа. Алдааг чинь хэлсэн хүмүүсийн үгийг эрүүл саруул ухаанаар хүлээж ав. Бодлогын том алдаа хийж байгаа чинь үнэн шүү” гэж хэлмээр байна. Наад зах нь алтыг төв банк биш арилжааны банк худалдаж авдаг болгочих хэрэгтэй. Тэгвэл Гадаад валютын албан нөөц ч өснө. Дээр нь арилжааны банкуудад байгаа мөнгө жамаараа алт болж өндөр өртөгтэй стерилизаци хийх шаардлагагүй. Төв банкны үнэт цаас болон арилжааны банкуудтай хийсэн арилжаа олон их наяд болж хуримтлагдаж байна гэж сонссон. Энэ талаар мэдээлэл хомс байна. Мөнгөний нийлүүлэлт ч эрс өслөө. Валютын нөөцтэй харьцуулахад хамаагүй их төгрөгийн илүүдэл үүсч байна. Энэ хуримтлалыг систем шингээж дийлэхгүй зад үсэрвэл яах вэ? Маш том эрсдэл байна.

-Төв банкинд алт худалдаж авах зайлшгүй шалтгаан байдаг уу. Таны хэлсэнчлэн арилжааны банкууд алт худалдаж авбал ямар давуу тал үүсэх вэ?

-Та бид хоёр түрүүн арилжааны банкуудад байгаа сул мөнгөний тухай ярьсан. Тэр сул мөнгөөрөө төв банкны үнэт цаас худалдаж авахын оронд алт авдаг болно. Арилжааны банкинд байгаа алт тэртэй тэргүй гадаад валютын нөөцөд ороод явна. Энэ мэтчилэн эрүүл саруул зөв замаар ханшаа алдахгүйгээр гадаад валютын нөөцөө өсгөх хэрэгтэй.

-Монголбанкнаас гадаад валютын нөөцийг таван тэрбумд хүргэнэ, валютын сангийн шаардлага учраас ингэхээс өөр аргагүй гэж тайлбарлаж байгаа. Энэ мессэж долларын ханшийн өсөлтөд нөлөөлөх шалтгаан мөн үү?

-Мөн байлгүй яахав. Ингэж тоо зарлах нь илүүц. Үнэхээр сангийн зүгээс тэгж шаардсан бол харамсалтай. Энэ бол маш буруу дохио. Зах зээлээс доллар худалдаж авна шүү, интервенц хийхгүй гэсэн үг. Өөрсдөө тийм дохио өгч ханш алдчихаад өөр бусад руу алдаагаа чихээд сууж таарахгүй л дээ. Монголбанк захиалгатай төлбөртэй мэдэгдэл, бодит байдлыг гоёчилсон мэдэгдэл хэт их гаргаж байна. Тэрний оронд Засгийн газартайгаа хэл амаа олоод ажилла л даа. Засгийн газар үнэт цаасаа гаргахаа больсон. Хөрөнгө оруулалт бенч маркгүй болчихсон. Харанхуйд далайд төөрсөн хөлөг онгоцыг хадан цохио мөргүүлэхгүйн тулд гэрэлт цамхаг байдаг. Гэтэл өнөөдөр тийм үүрэг гүйцэтгэх гэрэлт цамхагийг унтраачихаад байна. Үүнээс гадна төв банкны үнэт цаасны борлуулалт хэрээс хэтэрлээ. Үүний 11 хувь нь хүүгийн төлбөр буюу алдагдал болоод явна. Харамсалтай нь Монголбанк алдаагаа засахын оронд алдааг нь шүүмжилсэн хүмүүсийг социализмын үе шиг цензурдэж, амыг нь хаах гэж оролдоод байна л даа.

-Компани, иргэд байгаа ам.доллараа хав дарчихаад суугаа нь долларын хомсдолд нөлөөлөх эрсдэл үүсгэсэн гэсэн таамаглал байна. Хэр ортой таамаг вэ?

-Төв банкны ерөнхийлөгч сая гаргасан мэдэгдэлдээ өөрөө хэлчихсэн шүү дээ. Иргэд аж ахуйн нэгжийн итгэл суларснаас сүүлийн хоёр сарын хугацаанд гадаад валютын харилцах хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өссөн гэж. Зөвхөн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 240 сая ам.доллараар нэмэгдсэн гэчихлээ. Уг нь Монголбанк импортлогчдоо дэмжиж валютаар хангах үүрэгтэй. Тэгж чадахгүй болохоороо амь амиа бодоорой гэсэн хандлага гаргаад сууж байна. Мөн спекуляци их байна гэх зэргээр хувийн хэвшлийг буруутгах гэж оролдож. Үнэндээ алдааг өөрөөсөө хайх хэрэгтэй. Төв банк хүлээлтийг удирдаж чадахгүй байна.

-Одоо тэгээд засаг юу хийж, төв банк ямар гарц гаргалгаа хайх ёстой юм бол?

-Нэгэнт олны итгэлийг хүлээж чадахгүй байна гэдгээ мэдэгдлээрээ “нотолсон” Монголбанкны удирдлага солигдож байж шинэ хүлээлт бий болох байх. Хоёрдугаарт, Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Тэгэхгүйгээр худлаа эх оронч царайлаад суувал эдийн засагт ирэх өр төлөөс нь маш өндөр гарах гээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *