Categories
мэдээ нийгэм

Ч.Отгочулуу: Хэрэггүй барилга барихын оронд тэтгэврийг нэмэх хэрэгтэй

Ардчилсан намын төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Эрх баригч нам амлалтаа мартаад байгаа учир бид хамтдаа сануулах нь зүйтэй. МАН анх тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмнэ гэсэн амлалт өгсөн. Гэвч тоо баримт их өөр байна. Инфляц албан ёсоор 15 хувь, албан бусаар 60-70 хувьтай байгаа. Гэтэл тэтгэвэр үүнтэй уялдаж өсөхгүй байгаа юм.

Өнгөрсөн онд 353 мянган иргэн нийт 1.8 их наяд төгрөгийн тэтгэвэр авдаг байжээ. Энэ тоо төдийлөн өсөхөөргүй харагдаж байна. Өндөр настнуудын сард авч байгаа тэтгэврийн хэмжээний худалдан авах чадвар эрс буурсан.

2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартой тэнцдэг байв. Тэгвэл өнөөдөр 150 ам.доллар болж буурсан байна. Өөрөөр хэлбэл худалдан авах чадвар нь 20 хувиар унасан. 2016 онд тэтгэврийн мөнгөөрөө 50 кг мах авдаг байсан бол одоо 30 кг мах ч авч хүрэхгүй. Зөвхөн махаар илэрхийлэхэд өндөр насны тэтгэвэр авагчдын худалдан авах чадвар 40 хувиар буурсан байна.

Тэтгэврийг нэмэх боломж бий юу гэж асуух байх. Энэ онд зургаан их наяд төгрөгөөр барилга, байгууламж барина гэсэн төсвийг баталсан. Тэтгэврийн нийт мөнгөнөөс гурав дахин их мөнгө. Олон хэрэггүй бүтээн байгуулалт байгаа. Зарим сумын төвд хоёр дахь соёлын ордонг барьж байна. Энэ нь зардал нэмэх учир хувьчлах нь зүйтэй. Үүний оронд өндөр насны тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Дундаж тэтгэвэр 380 мянга орчим төгрөг. Энэ мөнгөөр яаж амьдрах вэ бодоод үзээрэй.

Эрх баригчид тэтгэврийг инфляцтай уялдуулж нэмнэ гэж амласан. Улсын төсөв гурав дахин, хөшөөнд очиж буй мөнгө гурваас дөрөв дахин өссөн. Харамсалтай нь тэтгэвэр 30-40 хувиар унасан байна гэдгийг сануулъя” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *