“Universе best songs”-ын оролцогч Ч.Очгэрэл саяхан нээлтээ хийсэн “Содура” киноны гол дүрд тоглосон билээ. Тэрээр “Мартагдашгүй намар” киног дахин бүтээхэд Туулын дүрд тоглож байсан юм. Ингээд Ч.Очгэрэлтэй ярилцлаа.
–Та “Universe Best Songs” наадамд оролцож өөрийгөө дуулж чаддагаа нотолсон бол одоо гурван ч киноны гол дүрийг бүтээчихлээ. Өөрийнхөө талаар танилцуулахгүй юу. Ямар сургууль төгссөн билээ?
-Би урлагийн гэр бүлд өсөөгүй ч багаасаа урлагт хайртай охин байсан юм. Дунд сургуулиа төгсөөд урлагийн чиглэлээр суралцана гэж бодож байсан ч ээжийнхээ үгэнд ороод МУИС-д Олон Улсын Харилцааны анги төгссөн. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоор бага зэрэг ганцаардаж уйтгарлах мэдрэмж эмэгтэй хүнд төрдөг байх. Би анхны охиноо төрүүлээд удаагүй хоёр дахь хүүхдээ олсон. Хоёр хүүхэд гаргасны дараа “Universe Best Songs” наадам намайг сэргээж миний ганцаардлыг тайлах юм шиг санагдсан. Тэгээд л найзтай болъё, дуулах чадвараа сориод үзье гэж бодсон юм л даа. Тухайн үед би гуравдугаар шат хүртэл явчихаад тэмцээнээ орхисон. Харин дараа нь надад UBS телевизээс “Мартагдашгүй намар” кинонд тоглооч гэсэн урилга ирсэн. Тэгээд анхны кинондоо Туул хэмээх охины дүрийг бүтээсэн. Харин дараа жил нь “UBS” телевиз “Содура” хэмээх кинонд тоглочихоод байна. Нэг ёсондоо хүүхэд ахуй насныхаа мөрөөдлийг биелүүлсэн.
–Кино зураг авалтын үеэр хөл хүнд байсан гэсэн гол дүрийн Содура бас давхар биетэй байх аа?
-Киноны гол дүр Содура бол хөл хүнд бүсгүйн дүр л дээ. Зураг авалтын дундуур би хүүхэдтэй болсноо мэдсэн. Киноны маань дүр надад шинэ хүн дуудаж өгсөн юм болов уу гэж боддог. Би шинэ хүнээ цэвэр агаарт, гайхалтай байгальд бойжуулж байгаад ирсэн шүү.
–Хөвсгөлийн тайгад дөрвөн улирал кино зураг авахуулахад ямар санагдаж байв?
-Би хотын унаган охин. Ер нь хөдөө сайн дасч өгдөггүй юм. Хөвсгөлд ч гэсэн хэцүүхэн л байсан. Амьдралын хэвшил гэнэт өөрчлөгдөхөөр олон бэрхшээл тулгарч байсан. Онгон байгальд уусах, байгальтай шууд харьцах, дүрийнхээ хувцас хэрэгсэлтэй унтах нь надад хэцүү байсан. Уул нуруу, ус нуурыг анх хараад яасан сайхан юм бэ гэж хэлж чадаагүй. Гэхдээ хүн тэндээ аажим аажмаар дасан дурладаг юм билээ. Байгалийн гайхалтай гоо үзэмж, төгс бүрдлийг мэдэрч харж чаддаг болсон. Дараа дахин харах бүрт нөгөө гоё сайхан мэдрэмж л төрөөд байдаг юм билээ. Би өөрөө шүлэг жаахан оролддог болохоор нуурыг ширтэж байгаад хэдэн мөрт бичсэн шүү.
-“Содура” кинонд тоглосны дараах сэтгэгдлээ хуваалцаач?
-Би гайхалтай уран бүтээлч найз нөхөд, ах эгчтэй болсон. Киноны туршид надад зааж зөвлөж, мэргэжлийн бөгөөд хувь хүний хувьд тусалж дэмжиж байсан бүх кино багийнхандаа талархаж байгаа. Энэ кинонд тоглосны ачаар би ирээдүйд үр хүүхдүүддээ үзүүлэх бүтээл, ярих түүхтэй болсон доо. Насаараа дурсах дурсамжтай болсон гэдэг маань сайхан байна.
–Та амьдралд юугаар гэрэлтэж мөн дутагдаж байна?
-Байнгын хүүхдүүд шуугилдаастай гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар би цалгиж байна. Харин өөртөө гаргах цаг заваар дутагдаж байна. Жишээ нь эмэгтэй хүнд найзуудтайгаа уулзаж, юм ярилцаж суух цаг сэтгэл санааны байдалд шууд нөлөөлдөг. Тэгэхээр одоогоор эмэгтэй найзуудтайгаа уулзаж ярилцах цаг заваар дутагдаж байна. Гэхдээ хүүхдүүд томроод ирэхээр нөхөж болох зүйл л дээ.
–Ханийнхаа тухай яриач?
-Нөхөр бид хоёр 2007 оноос хойш үерхсэн. Одоо гэрлээд таван жил болж байна. Ямар ч үед хамт байж, урам хайрладаг хань минь дэргэд байгаа болохоор бүхнийг туулна гэдэгтээ итгэл дүүрэн байдаг юм. Бас “цуварч уурлаж, цугтаа инээж бай” гэдэг үг гэр бүлийн амьдралд хамгийн чухал дүрэм байх учиртай гэж боддог.
–Та нөхөрлөлийн хувьд хүн танихдаа хэр сайн бэ?
-Би хэнтэй ч найзалсан дандаа сайн сайхан талуудыг нь олоод харчихдаг юм. Гэхдээ энэ нь хүн таньж байна гэсэн үг биш л дээ. Ямартай ч хүнээс сайн сайхныг нь олж харахаар надад амар байдаг юм. Би тэр хүний тухай муу муухай юм санаж өөрийгөө зовоохгүй шүү дээ. Нэг найз маань намайг гомдоолоо, худлаа үнэн юм ярилаа гэхэд би дотроо тухайн хүний хийж байсан сайн сайхан үйлдлүүдийг нь бодоод тайвширчихдаг юм.
–Хүүхдүүдээ ямар арга барилаар хүмүүжүүлж байгаа вэ?
-Би хүүхдүүдтэйгээ аль болох найз шиг ойр дотно байхыг хичээдэг. Тэд маань тун удахгүй сургуульд элсэж нийгмийн харилцаанд орж эхэлнэ шүү дээ. Тэр үед яаж сургах вэ гэдгийг нухацтай бодож байгаа. Ямартай ч хүүхдүүдийг нийгмээс тусгаарлаж, хайрлаж байгаа нь энэ гээд амьдралын хар бараанаас хэтэрхий хол байлгахыг манай гэр бүл сайн гэж боддоггүй. Зовлон, жаргалыг амтлахгүй өсвөл ирээдүйн амьдралдаа алдах эрсдэл ихсэх байх. Ер нь байнгын аз жаргалтай байна гэдэг гунигтай хэрэг. Бид хоёр удахгүй том охиноо сургуульд явуулах гэж байна.
Манай нийгэм сургуулиар жишээлэхэд зарим нь амьдралаас тасарсан их үнэтэй. Харин бусдад нь хүүхдүүд нэг ширээнд гурав дөрвөөрөө суудаг байх жишээтэй. Ийм том ялгаа зааг гарчихсан байхад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжилд онцгой анхаарах хэрэгтэй.