Categories
мэдээ нийгэм

Ч.Номин: Соёлын салбарын ажилчдын цалинг энэ онд багтаан боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр соёлын салбарын ажилчин, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэрийн талаар Соёлын сайд Ч.Номин мэдээлэв.

“Соёлын салбарт ажиллаж буй 3,002 хүнд таван жил тутам, зургаан сартай дүйцэх тэтгэмж олгоно”

Тэрбээр “Соёлын тухай хууль 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд зааснаар төвөөс алслагдмал газар байрлаж буй соёлын байгууллагын ажилчин, албан хаагчид таван жил тутам зургаан сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох талаар тусгасан байдаг.

Энэ заалтыг соёлын салбарт хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас өнөөдөр баталлаа. Улсын хэмжээнд соёлын салбарын нийт 452 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагын 432 нь хөдөө орон нутагт байдаг.

Тэгвэл дээрх шийдвэр хэрэгжсэнээр соёлын салбарт ажиллаж буй 4,470 албан хаагчдаас 3,002 хүнд таван жил тутам, зургаан сартай дүйцэх тэтгэмж олгохоор болж байна. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй соёлын салбарын ажилчдын 70 хувь нь нэг удаагийн тэтгэмж авах боломжтой. Ийм шийдвэр өнөөдрийн хуралдаанаар гарлаа” гэв.

Үргэлжлүүлэн “Соёлын салбарт ажиллаж байгаа ажилчин, албан хаагчдын цалин хөлсний асуудал байнга яригддаг. Тэдний үндсэн цалин бусад төрийн байгууллагын ажилчдаас доогуур байна. Энэ бол сүүлийн 20 гаруй жил соёлын салбарт бугшсан асуудал. Тусдаа яамгүй байснаас үүдэлтэй.

Өнөөдөр соёлын салбарын ажилчдын цалин 570,000-995,000 төгрөгийн хооронд байгаа. Өөрөөр хэлбэл, 452 байгууллагын 6,245 ажилчин ийм хэмжээний цалин авч байна. Тэд дунджаар 760,000 төгрөгийн цалин авдаг. Энэ нь бусад төрийн байгууллага болон боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалингаас 6-25 хувь бага.

Соёлын яам байгуулагдсан цагаас хойш салбарынхаа ажилчдын цалин хөлсийг 25 хувь нэмэгдүүлсэн. Гэсэн ч цалин хөлс бага хэвээр байна.

Соёлын салбарын ажилчдын төлөөллүүдтэй уулзаж, ярилцахад дараах хэд хэдэн асуудлыг хэлсэн. Тухайлбал,

  • Цалин хөлс нь бусад төрийн салбарын ажилчдаас доогуур байна.
  • Авч буй цалин нь амьжиргааны түвшинд хүрэлцдэггүй.
  • Бидний онцлог нөхцөлийг ойлгож, үндсэн цалин, урамшууллыг тааруулж, тохируулж, инфляцтай уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх саналыг хэлсэн.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд ХНХЯ, Сангийн Яамтай хамтарч 123 удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийснээр өнөөдөр тодорхой шийдэлд хүрч байна.

Тодруулбал, соёлын салбарын ажилчдын цалин хөлсийг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцүүлнэ. Үүнийг энэ онд багтааж шийдвэрлэнэ. Цалин хөлсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цалингийн сүлжээ, нэгдсэн системийг бодож зохицуулахыг үүрэг болгосон.

Энэ ондоо багтаан соёлын салбарын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай дүйцэн орж ирэхээр байна” хэмээн соёлын салбарт хэрэгжүүлэх шийдвэрийг танилцуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *